Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/160

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч Н.Улсболд,

шүүгдэгч А.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Эт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 03108 0068 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа авто засварын ажил эрхэлж байгаа, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .......... дүүргийн .......... дүгээр хороо, ............ гудамжны ........... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Боржигон овогт Алгаагийн Э /РД:............./,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч А.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, ............. тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч Г.Гэрэлцэцэгийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 34 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч А.Э.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн оролцсон болно.

2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч А.Э нь хохирогч Г.Гэрэлцэцэгтэй хамтын амьдралтай, дундаасаа 1 хүүхэдтэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогдсон.

Мөн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, ............. тоот гэртээ шүүгдэгч А.Э нь согтуугаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Гэрэлцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.  

Энэ нь хохирогч Г.Гэрэлцэцэгийн “...2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ...нөхөр гэнэт “архи авч ирж өг” гэж хэлэхээр нь би дэлгүүр гарч архи авч ирэх гээд гарсан боловч манай ойр байдаг дэлгүүр тусгай зөвшөөрөл байхгүй гээд архи зарахгүй байсан. Тэгээд би буцаж гэртээ ороод нөхөртөө урд дэлгүүр архи зарахгүй байна гэж хэлсэн чинь манай нөхөр “чи санаатай надад худлаа хэлж архи авчирч өгсөнгүй” гэж хэлээд уурлаад өөрөө гарч яваад нэг шил архи авчраад архиа ууж дуусгасан. ... Би архинаас уугаагүй. Нөхөр архиа ууж дуусгаад намайг дуудлагаар архи авчирч өг гэж хэлэхээр нь би “одоо болно, унтаж амар” гээд архийг нь авч өгөөгүй. Э согтсон байсан ба “би гадуур өөр эмэгтэйтэй унтсан” гэж надад хэлэхээр нь би согтуу байгаа юм чинь гээд нөхрийг тоолгүй орхиод зурагтын урд очоод сандал дээр суугаад утсаараа оролдож байсан чинь Э миний хажууд ирээд “чи намайг манай найз нөхдөөс холдууллаа” гэж хэлэхээр нь би юм дугаралгүй сууж байсан чинь санаа муутай хүүхэн утсан дээрээ бичиж авч байна” гэж хэлээд намайг сандлаас татаж унагаад доороо хийж байгаад миний толгой руу хоёр гараараа нэлээн хэдэн удаа ээлжлээд цохчхоод, бие засах гээд гарсан. Энэ үед цаг шөнийн 00 цаг 25 минут болж байсан ба би 102 дугаарын утсанд өөрийн ............. дугаараас дуудлага өгсөн. Тэгсэн нөхөр бие засчхаад буцаж орж ирээд намайг гэрийн зүүн талд орны хажууд зогсож байхад хойш гэдрэгээ дараад “чи яасан овоо юм” гэж хэлээд миний толгой, шанаа, эрүү, чих рүү гараараа нэлээд хэдэн удаа цохиод намайг ор руу луу чирч аваачаад намайг орон дээр дээш харуулж хэвтүүлээд дахиад толгой руу цохиод байснаа миний хамар руу толгойгоороо 3 удаа мөргөөд дахиж уруул хэсэг рүү толгойгоороо нэг удаа мөргөөд гараараа нэг удаа цохисон. Тэгээд орноос босгож ирэнгүүтээ буцааж хэвтүүлээд дарж байгаад гарынхаа шуугаар намайг боохоор нь би Эын үснээс нь зулгаасан. Тэгээд боож байгаад болиод орноос босгож ирээд миний хөл рүү хөлөөрөө өвдөглөөд намайг буцааж ор руу түлхэж унагаад дахиад толгой руу гараараа цохиж авангуут би зодуулснаасаа болж орилсон чинь дуугүй бай гээд миний амыг гараараа дарж аваад байсан ба удалгүй цагдаа ирээд миний утас руу залгаад миний утас нэлээн хэдэн удаа дугарсан боловч нөхрийг миний утсыг эвдчих байх гээд утсаа авч чадаагүй байж байгаад арай гэж утсаа аваад цагдаад гэрийнхээ хаягийг хэлж өгсөн чинь манай нөхөр Э чи цагдаа дуудсан байна. Би цагдааг чинь тосож авна гээд гараад явсан...2021 оны 02 дугаар сард цагаан сараар Архангай аймагт золголт хийгээд явж байхад нэг удаа зодож байсан, би цагдаад мэдэгдэж байгаагүй. 2021 оны 6 дугаар сарын 02-нд миний утсыг эвдчихээд намайг 2-3 удаа цохиж аваад цагдаа дуудаад эрүүлжүүлээд, 100.000 төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авч байсан. 2021 оны 7 дугаар сарын 27-нд намайг зодоод миний зүүн талын хавиргыг гэмтээсэн би цагдаагийн байгууллагад бүртгүүлэлгүй өнгөрсөн...” гэсэн мэдүүлэг /хх29-30/, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх5/, Цагдаагийн байгууллагын АСАП сангийн дэлгэрэнгүй хуулга /хх91-100/, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага, мэдээлэл өгч байсан талаарх лавлагааны хуудас /хх102/,  шүүгдэгч А.Эын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 11875 дугаар дүгнэлтээр “Г.Гэрэлцэцэгийн биед тархины доргилт, хамар, дээд, доод уруул, эрүүний баруун доод хэсэгт цус хуралт, эрүүний зүүн булан хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлүүдийн үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй гэжээ. /хх38-39/

4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийн нүүрэн тус газарт цохисон олон удаагийн үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” нь хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд буюу “...хамтран амьдрагч...” нь тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэр бүлийн хүчирхийлэл гэж ойлгохоор заажээ.

Шүүгдэгч А.Э нь согтуугаар архи нэхэж хамтран амьдрагчаа өөрийн дарамт, эрхшээлд байлгах зорилготойгоор зодож, агсам согтуу тавьсан, мөн 2021 оны 6 дугаар сард цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр Зөрчлийн тухай хуулиар торгуулсан нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд түүний үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэж үзэх үндэслэлтэй байна.

6. Гэр бүлийн хүчирхийлэл нь гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж, хохирогч нар цагдаагийн байгууллагад тэр бүр мэдэгдэлгүй дарагдуулан өнгөрүүлдэг шинжтэй байдаг ба энэ тохиолдолд хохирогч гэр бүлийн хүчирхийлэлд тогтмол өртөж байгаа эсэхийг бодитой тогтоогоогүйг улсын яллагч хяналтын хүрээнд анхаарвал зохино.

7. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч А.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

8. Хохирогч Г.Гэрэлцэцэг нь хэрэгт хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэг байдлаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй байна. 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

9. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй холбоотой тайлбар хэлээгүй болно.

10. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч А.Э нь согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ архи авч өгсөнгүй гэж удаан хугацаанд зориуд зодсон үйл баримт тогтоогдсон тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Тиймээс шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

11. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуугаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн биед учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

12. Иймд шүүхээс гэмт хэргийн шинжийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч А.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Алгаагийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эт 400 /дөрвөн зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР