Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
Хэргийн индекс | 188/2022/0216/Э |
Дугаар | 2022/ШЦТ/230 |
Огноо | 2022-02-22 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/230
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,
улсын яллагч Р.Мягмардорж,
хохирогч С.Ганцэцэг,
шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Мягмардоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Дд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 0038 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ........... дүүргийн .......... дүгээр хороо, ........... тоотод оршин суух, урьд:
- 2000 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 343 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял,
- 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг, мөн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар тус тус шийтгэж нийт 3 жилийн хугацаагаар хорих ял,
- 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан,
Дарви овогт Гүржавын Д /РД:................./,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, ......................... тоотод хамтран амьдрагч С.Ганцэцэгийг цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн үргэлжилсэн үйлдлээр 9 настай бага насны хүүхэд болох төрсөн хүү Д.Далайцэрэнг “ээжийгээ өмөөрсөн” гэх шалтгаанаар түүнийг цохиж зодсон буюу хоёр хүний эрүүл мэндэд, хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 94 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Г.Д.
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн оролцсон бол, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.
2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч Г.Д, хохирогч С.Ганцэцэг нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дундаасаа 2 хүүхэдтэй болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна.
3. Г.Д, С.Ганцэцэг нар нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, ......................... тоот гэртээ хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Улмаар архинаас болж маргалдан шүүгдэгч Г.Д нь хохирогч С.Ганцэцэгийн үснээс зулгааж, нүүр рүү нь гараараа цохиж, хөлөөрөө бие хэсэг рүү нь өшиглөж, толгойгоор нь хана, цонхны тавцан зэргийг мөргүүлж зодсон. Энэ үед эхийгээ өмөөрч болиулахаар оролдсон өөрийн төрсөн хүү 9 настай Д.Далайцэрэнгийн хоёр чихнээс өргөж унагаан толгой руу нь хөлөөрөө өшиглөж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогч С.Ганцэцэгийн “...2021 оны 12 дугаар сарын 08-ны орой 17 цагаас хойш л би нөхөр Дгийн хамтаар гэрийн ойролцоо байдаг хүнсний дэлгүүрээс 0,5 литрийн Стандарт архи аваад гэртээ хариад нөхөр бид хоёр хувааж уусан юмаа. Тэгтэл манай нөхөр чи ямар их архи уудаг юм бэ далжийчхаад хурдан согтоод байх юм гэснээс болж би нөхөр Дтэй маргалдсан. Тэгтэл Д миний нүүр, толгой гар руу гараараа олон удаа цохиж, хөлөөрөө бие рүү зөндөө өшиглөсөн. Бас миний үснээс зулгаагаад духаар хана болон цонхны тавцанг мөргүүлж духны баруун хэсгийг хагалж цус гаргасан. Тэгтэл манай хүү Далайцэрэн намайг өмөөрөөд миний урдуур ороход Д миний хүү Далайцэрэнгийн хоёр чихнээс хоёр гараараа өргөж дээшээ сэгсрээд газар шидээд толгой дээр нь хөлөөрөө гишгэж байгаад нөгөө хөлөөрөө дух руу нь өшиглөсөн...намайг 3-4 жилийн өмнө үснээс зулгаагаад зодож байсан тухайн үед цагдаад дуудлага өгөөд гомдолгүй гээд өнгөрч байсан. Өөр бусдаар намайг зодсон зүйл байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх10-11/,
Насанд хүрээгүй хохирогч Д.Далайцэрэнгийн “...2021 оны 12 дугаар сарын 08-ны орой харанхуй байсан. Яг хэдэн цаг болж байсныг мэдэхгүй. Аав, ээж хоёр архи уусан. Тэгтэл аав, ээжийг хэт их архи уулаа гэж уурлаад аав, ээжийн үснээс зулгаагаад тоглоомын өрөө рүү шидсэн. Тэгээд унтлагын өрөө рүү чирч оруулаад нүүр рүү нь гараараа цохисон. Бас өшиглөөд байсан. Тэгээд ээжийн толгойгоор цонх руу мөргүүлж толгойг нь хагалсан. Би ээжийг өмөөрөөд урдуур нь орсон чинь аав миний хоёр чихнээс хоёр гараараа барьж аваад дээшээ өргөж сэгсрээд газар унагаагаад миний толгой дээр хөлөөрөө дэвсээд нөгөө хөлөөрөө дух руу өшиглөсөн. Тэгээд аав намайг галаа түл гээд загнаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх17/,
гэрч Ж.Баялагмаагийн “...2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 129 дүгээр сургуульд ажил дээрээ өглөө ирэхэд 4б бүлгийн анги удирдсан багш Дэлгэрцэцэг надтай уулзаад манай ангийн Далайцэрэн гэдэг хүүхэд нүүр ам нь хавдаад хөхөрсөн, чи нь урагдаж цус гарсан байдалтай ирлээ гэхээр нь уулзаж ярилцахад аав, ээж хоёр нь согтуу ирээд ээжийг нь аав нь зодоод байхаар нь ээжийгээ өмөөрч салгах гэхэд аав Д нь зодож ийм байдалтай болгосон талаар хэлсэн одоо хамгаалах байранд байгаа...” мэдүүлэг /хх24-26/,
гэрч Ч.Дэлгэрцэцэгийн “...өглөө 8 цагт хичээл орох гэж байхад манай ангийн Д.Далайцэрэн гэх хүүхдийн нүд нь хөхөрсөн байдалтай байхаар нь би ганцааранг нь дагуулж гараад юу болсон талаар асуухад манай аав, ээж хоёр архи уугаад манай аав намайг зодсон гэж хэлсэн, энэ талаар нийгмийн ажилтан Баялагмаад хэлсэн, өмнө нь зодуулсан байдалтай ирж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх28/,
шүүгдэгч Г.Дгийн яллагдагчаар өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр эхнэртэйгээ хамт 0,5 литрийн Стандарт нэртэй архи хувааж ууж байгаад тасраад маргааш нь гэртээ сэрсэн. Тухайн өдөр юу болсон талаар санахгүй байна. 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүү Далайцэрэн хичээлдээ явсан ба сургууль дээр нь очсоны дараа нийгмийн ажилтан нь хүүгийн биед гэмтэл учирсан байна гээд цагдаад хандсан байсан ба би эхнэрээсээ юу болсон талаар асуухад манай эхнэр Ганцэцэг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр согтуу архи уусан байх үедээ намайг эхнэр хүүхдээ зодож биед нь гэмтэл шарх учруулсан гэж хэлсэн. Би хийсэн үйлдэлдээ маш гэмшиж байна. Би өмнө эхнэрээ цохиж зодож байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх49-50/, хохирогч нарын эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн 161, 252 дугаар дүгнэлтүүд, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 161 дугаар дүгнэлтээр С.Ганцэцэгийн биед “духанд зүсэгдсэн шарх, баруун нүдний дээд зовхи, хамрын нуруу, баруун хацарт зулгаралт, цээж, зүүн бугалга, зүүн шуу, баруун тохой, зүүн шилбэнд цус хуралт тогтоогдлоо. Духанд зүсэгдсэн шарх нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахыг тогтоосон /хх31-32/ ба уг гэмтэл нь шүүгдэгч Г.Дгийн гэм буруугийн санаатай хохирогчийн нүүр рүү цохин, бие хэсэг рүү өшиглөж, толгойгоор хана мөргүүлсэн үйлдлийн улмаас учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.
4. Мөн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 252 дугаар дүгнэлтээр Д.Далайцэрэнгийн биед “баруун, зүүн чихний ар нугалаасанд урагдсан шарх, цус хуралт, зулгаралт, баруун чамархайн хуйх, хамрын нуруу, эрүүнд зулгаралт, баруун мөр, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахыг тогтоосон /хх38-39/ байх ба уг гэмтлийг шүүгдэгч Г.Д нь гэм буруугийн санаатай хэлбэрээр насанд хүрээгүй хохирогчийн чихнээс өргөж газарт унагаан өшиглөсөн үйлдлийн улмаас учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.
5. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” нь хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд буюу “...хамтран амьдрагч...” нь тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэр бүлийн хүчирхийлэл гэж ойлгохоор заажээ.
Шүүгдэгчийн хувьд архидан согтуурч гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэрээ зодсон, мөн эхийгээ өмөөрлөө гэж гэмт үйлдлээ үргэлжлүүлэн төрсөн хүү болох бага насны хүүхдийг зодсон байх тул гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
6. Түүнчлэн хохирогч Д.Далайцэрэнг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж зодсон, гэмт хэргийг 2 хүний эсрэг үйлдсэн үйлдлийг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарч байгааг дурдах нь зүйтэй.
7. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Г.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хоёр хүний эрүүл мэндэд, хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
8. Хохирогч С.Ганцэцэг, мөн насанд хүрээгүй хохирогч Д.Далайцэрэнгийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон боловч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
9. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт “... хүүхэд гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага ...нь хүүхдийн эрх зөрчигдсөн гэж үзвэл хуульд заасан журмын дагуу төрийн байгууллагад гомдол, хүсэлт, шүүхэд нэхэмжлэл, холбогдох албан тушаалтан, хуулийн этгээдэд хүсэлт, шаардлага гаргаж болно” гэж заасны дагуу хүчирхийлэлд өртсөн хүүхдийн эрхийг хамгаалан холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэх нь зүйтэй байна.
Үүнтэй холбоотойгоор шүүхийн шийдвэрийн хувийг Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст хүргүүлэх нь зөв байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
10. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргасан.
11. Шүүгдэгч Г.Дгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
12. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуугаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байдал, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалтай эсэхийг тал бүрээс нь харгалзан үзлээ
13. Шүүгдэгч Г.Дгийн биеийн эрүүл мэндийн байдлын хувьд мөрний сүлжээний эмгэг оношоор хөдөлмөрийн чадвар алдалтыг 69 хувиар тогтоосон /хх114/ нөхцөл байдал тогтоогдож байна.
14. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд оногдуулж болохгүй талаар заасан ба шүүгдэгч Г.Дг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гэж үзэхээргүй байна.
Учир нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/152, А/366 дугаар тушаалаар батлагдсан “Хүнд өвчтэй хоригдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх” журмын 2 дахь хэсгийн 2.1.19-д зааснаар ялтан хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар алдсан тохиолдолд тухайн хүний эдлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлөхөөр зохицуулжээ.
15. Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, хөдөлмөр эрхэлдэггүй, дээр дурдсан эрүүл мэндийн нөхцөл байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч Г.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
16. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гүржавын Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дд 360 /гурван зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Гэр бүлийн хүчирхийлэлд бага насны хүүхэд өртсөнтэй холбоотойгоор шүүхийн шийдвэрийн хувийг Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст хүргүүлсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР