Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/238

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Анхцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.От холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 00000 1711 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, удирдлагын менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн ............... дугаар хороо, ................. гудамж, ............. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

            Боржгон овогт Дашпэлжээгийн О /РД:................./,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн автомашины зам дээр Т.Отгоншагайг “өр ширээ дуусга” гэх шалтгаанаар нүүр рүү нь гараараа цохих, мөн бие рүү нь өшиглөж зодон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1199 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Д.О.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн оролцсон болно.

2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ар гүнтийн автомашины зам дээр тус хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Н.Гүрбазар болон хохирогч Т.Отгоншагай нар нь хоорондын төлбөр тооцоотой холбоотой маргалдсан. Шүүгдэгч Д.О согтуугаар тус маргааны дундуур орж хохирогч Т.Отгоншагайг “өр ширээ дуусга” гэж маргалдан улмаар түүний нүүр лүү нь гараараа цохиж, мөн өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.   

Энэ нь хохирогч Т.Отгоншагайн “...Би 2019 оны 6 сарын 25-ны өдөр эхнэрийн эгч болор Сэлэнгээр дамжуулан Bongo-3, Porter-2 загварын машин Гүрбазар гэх хүнээс авсан юм. Тэгээд Bongo-3 мөнгийг зараад Гүрбазарт өгсөн. Харин Porter-2 загварын машиныг Гүрбазараас 10.500.000 төгрөг аваад 9.500.000 төгрөгийг түүнд өгсөн. Үлдсэн 1.000.000 төгрөгийг нь Гүрбазар ах тэгж байгаад өгчихгүй юу гэж хэлж байсан. Энэ өдрөөс хойш бид хоёр дахиж холбогдоогүй явсаар энэ 6 сарын 22-ны өдөр гэрт ирээд явсан. Тэр үед Гүрбазар ах хэлэхдээ дүү боломж чинь олдвол мөнгө хийчхээрэй гэж хэлсэн. Тэрнээс хойш нэг холбогдоод ах аа нөгөө машины үлдэгдэл мөнгө 1.000.000 төгрөгөө хийчихье гэж хэлэхэд үгүй ээ тийм юм байхгүй, 2.500.000 төгрөг хий гэж хэлсэн. Тэгэхээр нь “үгүй ээ ахаа арай ч дээ тийм юм байхгүй. Анх ярьснаараа хийнэ гэж хэлсэн. Тэгсэн Гүрбазар тэгвэл би машин тэргээ буцааж авна гэж хэлсэн. Энэ өдрөөс хойш дахиж уулзалгүй байж байгаад 2021 оны 10 дугаар сарын 28-ны орой 11 цагийн үед манай хойд талын айлын эгч залгаад өдөр чиний машин зүгээр байсан биз дээ. Ачигч машин ирээд машиныг чинь ачаад авч явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ар гүнт рүү эргэдэг уулзвар дээр миний машиныг ачигч машин чирээд явж байсан. Би шууд буцаж эргээд гүйцэж түрүүлээд зогсоосон чинь ачигч машины жолооч ахаа би биш ээ, эзэн нь хойно яваа шүү дээ гэж хэлсэн. Ачигчтай юм яриад зогсож байтал миний машины гэрлээс утаа гараад шатаж байсан. Машины копудаа сөхөөд асаж байсан юмыг гараараа унтрааж байтал гэнэт Гүрбазар хажуугаас орж ирээд хоолой боогоод толгой руу 2-3 удаа цохисон. Хажуугаар нь нэг согтуу нөхөр уруул сэт цохисон. Тэр хоёртой зууралдаад замын хажуу руу унасан. Намайг унаад босоод ирэхэд салтаа саам, шилбэ рүү өшиглөөд байсан. Тэр хооронд ачигч машины залуу бууж ирээд салгасан...” гэсэн мэдүүлэг /хх8-9/, дахин мэдүүлсэн “...намайг зодох үед утасны дэлгэц гэмтсэн байсан, би дэлгэцээ 200.000 төгрөгөөр засуулсан баримт нь байгаа...” гэсэн мэдүүлэг /хх12/,       

Гэрч Н.Гүрбазарын “...Отгоншагай бид хоёр ярилцаж байгаад цаашлаад хэрүүл үүсэж бие биеийнхээ куртикний энгэрээс зуурч бас бие биеэ түлхсэн. Тэгээд байж байтал миний хамт явж байсан О болон Отгоншагай 2 хэрэлдэж мөн адил зууралдаж бие биеэ түлхэх зэргийн контакт үүссэн. Төд удалгүй хэрүүл маргаан дуусаж би машинаа аваад өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны ............ тоотын хашаанд аваачин тус цагаан өнгийн портерыг байрлуулсан боловч 2021 оны 10 дугаар сарын 29-ний өглөө 13 цагийн орчим очиход цагаан өнгийн портер байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх20-21/,

Гэрч Б.Алтангэрэлийн “...Портер машиныг ачаад Ар гүнт рүү эргэх гээд явж байхад приус-30 загварын машинтай залуу ирээд энэ машиныг хаанаас ачсан юм гэж асуухад Батсүмбэрээс ачаад явж байна аа гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу гэрчилгээ нь ачуулсан хүний нэр дээр байдаг юм аа. Ямар зэвүүн пизда вэ жоохон мөнгөний өглөгтэй байгаа юм. Тэрнийхээ хариуд авчиж байгаа юм байхдаа гэж хэлж байсан. Намайг тэр приус-30-тай залуутай юм яриад зогсож байхад хойноос ачуулсан эзэн нь хүрээд ирсэн. Тэгээд машины эзэн гэх өндөр залуу тэр приус 30-тай ирсэн залуутай заамдалцаад байхаар нь би салгах гэж оролдсон. Тэгсэн тэр өндөр залуугийн машинд сууж явсан согтуу залуу машинаасаа бууж ирээд машиныг нь өг, өр ширээ дуусгаач ээ гэж хэлээд байсан. Тэр хоёр залууг заамдалцаж байхад машинд сууж байсан согтуу залуу тэр туранхай залууг зодож цохиод өшиглөөд байсан. Би тэр хэдийг салгачхаад зогсож байхад тэр өндөр залуу ах нь өөрсдөө учраа олчихно чи аваад явж бай ямар ч асуудал байхгүй гэж хэлээд намайг явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх27/,

шүүгдэгч Д.Оын яллагдагчаар өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр би өөрийн хуурай ах Гүрбазартай хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны цаана байх Төв аймгийн Батсүмбэр сум орсон. Тэгээд Гүрбазар нь урьд нь зарсан байсан машинаа буцааж авахаар болсон. Уг машиныг ачаад ирэх замд Отгоншагай нь машин ачсан байсан ачигчийг зогсоогоод урд зогсож байсан. Гэтэл Гүрбазар ах буугаад Т.Отгоншагайтай маргалдсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир буугаад Отгоншагайг 1 удаа эрүү шүд хэсэг рүү нь цохисон. Тэгээд тэнд машин ачиж байсан залуучууд бид хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлэг /хх46-47/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10650 дугаар дүгнэлтээр Т.Отгоншагайн биед “дээд уруулд шарх, дээд үүдэн зүүн 2, 3-р шүдний сулрал, хүзүү, зүүн тохой, баруун гарын 4, 5-р хуруу, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг болсон  гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэжээ. /хх33-34/

4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийн нүүрэн тус газарт цохисон, мөн өшиглөсөн үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Хэрэгт авагдсан баримтаар хохирогч Т.Отгоншагайтай тус хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Н.Гүрбазар эхэлж муудалцан барьцалдаж авсан, мөн хохирогчийг цохисон байх боловч тухайн үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учраагүй болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн шүүгдэгч Д.О нь Н.Гүрбазартай урьдаас хохирогчийг бүлэглэн зодох талаар тохиролцсон зүйлгүй, тухайн үед согтуугаар маргалдаж байгаа хүмүүсийн дундуур орж хохирогчийн биед халдсан гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Түүнчлэн Н.Гүрбазарын  хохирогч Т.Отгоншагайн биед халдсан үйлдэлд Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэхээр холбогдох баримтыг шилжүүлсэн нь хэрэгт авагджээ. /хх107/

6. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

7. Шүүгдэгч Д.О нь хохирогч Т.Отгоншагайд баримтаар нэхэмжилсэн 270.000 төгрөгийг төлсөн /хх106/ байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

8. Хохирогч Т.Отгоншагай нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримт гаргаж хэрэгт хавсаргуулаагүй байх ба эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

9. Улсын яллагчаас шүүгдэгч Д.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

10. Шүүгдэгч Д.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, баримтын хүрээнд хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

11. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуугаар хохирогчийг бусдад төлөх төлбөрөө төл гэж маралдан биед нь халдсан, хохирогчийн биед учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

12. Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч Д.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дашпэлжээгийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг  3 /гурав/ сарын  хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч Т.Отгоншагай нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР