| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2022/0271/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/279 |
| Огноо | 2022-03-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/279
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,
улсын яллагч Н.Ундрах,
хохирогч Ш.П,
шүүгдэгч Ц.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Лид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00036 0058 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Цээл суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .............. дүүргийн ........... дугаар хороо, ............... тоотод оршин суух, урьд:
- Сүхбаатар аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 193 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Ц.Лийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 2.160.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн,
Харнууд овогт Цэдэнхүүгийн Л /РД:................../,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Залуус хорооллын 6 дугаар орцонд Ш.Птэй маргалдаж улмаар нүүр рүү нь түлхэхдээ нүдийг нь хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 89 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Ц.Л.
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Ц.Л нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, 6 дугаар орцонд хохирогч Ш.Пг “таксины мөнгө илүү нэхсэн” гэх шалтгаанаар түүнтэй маргаан үүсгэж, улмаар хохирогчийн нүүр рүү түлхэхдээ нүд рүү хатгаж хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь хохирогчийн “...2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо Залуус хорооллын урд замаас нэг согтуу залууг аваад 4 дүгээр Цахилгаан станцаар яармагийн гүүр нарны замаар явж Богд ар хороолол орон тэндээс найз гэх залуу Буяа гэх хүнийг авсан. Эргээд хоёулаа машинд архиа уусан. Ингээд тэр хоёр залуу согтуу Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо Залуус хороололд буухдаа нийт 28км гарсан байсан 20.000 төгрөг өгөөд зайл гээд зугтаахаар нь араас нь залуус хорооллын 6 дугаар орц руу орохоор нь араас нь хамт орж үлдэгдэл мөнгөө өгөхийг шаардсан ч хэл амаар доромжилж зайл чамд болно гэж зугтсан. Ингээд цахилгаан шатанд ороход нь хориг тавихад цахилгаан шатнаас буугаад орцны үүд рүү явахдаа эргэж харж нүд рүү минь хатгасан. Яг ямар зүйлээр хатгасан мэдэгдээгүй ч маш их өвдөж тэр дороо нулимс гаран харахаа больсон...” гэсэн мэдүүлэг /хх9-10/, дахин мэдүүлсэн “...Миний нүд одоо хөшиг татчихсан юм шиг заримдаа бүрэлзээд байгаа. Нүдний эмч цаашид сайжирч муудахыг мэдэхгүй байна гэж байсан. Би тухайн асуудлаас болж 800.000 гаран төгрөгийн хохирол учирсан байна. Эхний ээлжид баримтаар гаргаж өгсөн хохирлоо нэхэмжилж байна....” гэсэн мэдүүлэг /хх13-14/,
Гэрч П.Аюушийн “...Би Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, Залуус хорооллын 6 дугаар орцны үйлчлэгчээр ажилладаг хүн байгаа юм. 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 14 цаг 30 минутын орчимд өөрийн хариуцсан орцонд ажиллаж байхад гаднаас хоёр согтуу залуу нэг хөгшин ахтай хамт орж ирээд тэр хөгшин ах нь үйлчлүүлсэн мөнгөө өг гээд хэрэлдээд байх шиг байсан. Тэр согтуу залуу нь би чамд 20.000 төгрөгөөс өөр илүү мөнгө өгч чадахгүй гээд байх шиг байсан. Тэгээд хоорондоо таталцаж түлхэлцээд удаагүй байж байхад тэр хөгшин ах гэнэт миний нүд сохолчих шиг боллоо гээд тэгээд цагдаа дууд гээд гүйгээд байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хх17-18/,
Гэрч Д.Баянаагийн “...Залуус хороолол ороод буух үед таксины жолоочтой Л мөнгөнөөсөө болоод маргалдаад эхэлсэн. Тэгээд удалгүй Л тэр ахтай маргалдаж байгаад нэмж мөнгө өгч байгаа харагдсан. Миний харснаар хоорондоо барилцаж аваад түлхэлцээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх25-26/,
Дуудлагын лавлагааны хуудаст авагдсан “согтуу хүн таксины мөнгө өгөхгүй өрөөсөн нүд рүү хатгачихлаа” гэсэн бүртгэл /хх02/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...сэжигтэй этгээд баруун гараараа хохирогчийн нүүрэн тус газарт хүрч байгаа байгаа хэсгийг харуулав...” гэж тусгасан /хх45-51/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн “хохирогчийн нүүр лүү түлхсэнээс хохирол учирсан” гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
3. Тус хэрэгт хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан эсэхийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 135 дугаар дүгнэлтэд Ш.Пгийн биед “зүүн нүдний салстын цус хуралт, эвэрлэгийн шарх” бүхий эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан гэж тогтоосон /хх29-30/, мөн нэмэлт материалаар хийсэн нэмэлт шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 91 дугаар дүгнэлтэд өмнөх дүгнэлтээ бататган тодорхойлсон байна. /хх37-39/.
Иймд шүүгчийн хохирогчийн нүүр лүү түлхсэн санаатай үйлдлээс шалтгаалан хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.
4. Мөн дээрх нэмэлт шинжилгээ хийсэн дүгнэлтэд хохирогч Ш.Пгийн хамрын баруун хажуу хана хуучин хугаралтай, хамрын таславч бага зэрэг мурий хуучин гэмтэлтэй гэж тодорхойлсон байна. Энэхүү гэмтэлтэй холбоотой хохирогч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ урьд ийм гэмтэл авч байгаагүй тухайн үед шүүгдэгчид нүүрэн тус газраа цохиулснаас үүссэн гэмтэл гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, 2021.12.20-ны өдрийн дүрс оношилгооны хариу илгээх бичиг /хх40/ зэргээс хуучин гэмтэлтэй байсан нь тогтоогдож байна.
5. Түүнчлэн хохирогч Ш.П нь эхний удаа мэдүүлэг өгөхдөө нүд рүү нь хатгасан тухай мэдүүлсэн, мөн гэмт хэргийн талаарх дуудлага өгөхдөө нүд рүү хатгасан гэж дуудлага өгсөн, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд шүүгдэгч хохирогчийг цохиж байгаа үйлдэл тусгагдаагүй болохыг тэмдэглэж байна.
Тиймээс хохирогчийн 2 дахь удаагийн болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “тухайн үедээ шүүгдэгч дух хэсэг рүү 2-3 удаа цохисон” гэж эхний мэдүүлэгтээ мэдүүлээгүй үйл баримтыг мэдүүлсэн нь холбогдох бусад баримтаар тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно. Мөн хохирогчийн биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтэд зөвхөн нүдний салстад гэмтэл үүссэн тодорхойлсон бусад байдлаар нүүр хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсээгүй байгааг тодруулж байна.
6. Иймд улсын яллагч хэргийн нөхцөл байдлыг зөв тогтоосон байх тул гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ц.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
7. Шүүгдэгч Ц.Л нь эрүүгийн хариуцлагын хуралдаан үргэлжлүүлэн явуулахаас өмнө хохирогч Ш.Пгийн баримтаар нэхэмжилсэн 444.100 төгрөгийг хохирогчид төлсөн нь талуудын тайлбар болон шүүхэд гаргасан баримтаар тогтоогдож байна. Тиймээс шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
8. Харин гэмт хэргийн улмаас хохирогчийн эмзэг эрхтэн болох нүдэнд гэмтэл учирсан нь тогтоогдсон ба хохирогч шүүх хуралдаанд нүдний хараанд өөрчлөл орж байгаа, цаашид нүдэндээ эмчилгээ хийлгэнэ гэж тайлбарласан байдлыг харгалзан хохирогч Ш.Пд гэм хорын хохирлыг холбогдох баримтыг бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
9. Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Лид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
10. Шүүгдэгч нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
11. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
12. Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч хохирогчид хохирол төлсөн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч Ц.Лид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж /яллах дүгнэлтийн хавсралтад диск дэх бичлэг гарахгүй байгаа гэснийг дурдан/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цэдэнхүүгийн Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Лид 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Ш.П нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг холбогдох баримтыг бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР