Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/333

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч Б.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Ст холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 0163 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт ......... дүүргийн ......... дугаар хороо, ............. тоотод оршин суух, урьд

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар 10 хоногийн хорих ялаар,

- Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 434 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 520 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

- Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 441 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан,

Харчин овогт Нямдоржийн С /РД:.............../,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Н.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, ..................... тоотод Н.Баатарсүрэнтэй маргалдаж улмаар толгой хэсэг рүү нь заазуураар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 158 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Н.С.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдаж байна.

2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Н.С нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, ..................... тоотод хохирогч Н.Баатарсүрэнтэй маргалдаж, улмаар түүний толгой хэсэг рүү заазуураар цохиж хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогчийн “...Тухайн үед Пүрэвдариймаагийн гэрт С нь манай аав халхын шоронгийн атаман Сэмбээгийн Нэргүй гэж хүн байсан чи таних уу гэж асуухаар нь би танихгүй юм байна гэж хэлсэн чинь чи муу яахаараа таньдаггүй юм. Чамайг таньдаг болгоноо гээд агсарч байгаад Пүрэвдариймаагийн гэрт байсан заазуур хутга шүүрч аваад миний толгой хэсэгт 2 удаа цохиод авсан. Тэгэхээр нь би толгойгоо гараараа хамгаалсан чинь миний гарын хуруу хэсэгт бас 2 удаа цохисон....” гэсэн мэдүүлэг /хх13/,

Хэрэг учрал болох үед хамт байсан гэрч О.Пүрэвдариймаагийн “...Н.Баатарсүрэн, Н.Саа хоёр хоорондоо муудалцаж байснаа гал тогооны шургуулгад байсан заазуурыг Н.Саа аваад Н.Баатарсүрэнгийн толгойн тус хэсэг рүү нь хоёр удаа цохисон. Тэгтэл Н.Баатарсүрэнгийн толгойноос их хэмжээний цус гарсан байсан. Тэгээд С.Эрдэнэчимэг гэрээс гараад явсан бөгөөд түүний араас Н.Баатарсүрэн мөн адил гараад явсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх19-20/, гэрч С.Эрдэнэчимэгийн “...Саа манай аав шоронгийн атаман байсан гэсэн чинь би мэдэхгүй юм байна гээд хоорондоо маргалдаад байсан Тэгээд Баатарсүрэн би бол чамайг ална шүү гэхэд Саа чи намайг алдаг хэн бэ гээд босож ирээд хаанаас авсан талаар хараагүй төмөр иштэй заазуур гаргаж ирээд Баатарсүрэнгийн духнаас цус гараад эхлэхээр нь би гарч зугтаагаад ойролцоох дэлгүүрийн худалдагчийн гар утаснаас дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх16-17/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.  

3. Шүүх эмнэлгийн 1042 дугаар дүгнэлтээр /хх24-25/ хохирогч Н.Баатарсүрэнгийн биед “зулайн хуйх, баруун хацар, баруун, зүүн сарвуу, баруун шилбэнд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт” бүхий эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан болохыг тогтоосон ба энэхүү хохирлыг шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

 4. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Н.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

5. Хохирогч Н.Баатарсүрэн нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ. Харин хохирогчийн хувьд өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг холбогдох баримтыг бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.  

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

6. Улсын яллагчаас шүүгдэгч Н.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

7. Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ шүүгдэгч нь хувиараа барилга дээр ажилладаг, одоо барилгын ажил идэвхэждэг үе ирж байгаа тул түүнд 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө гэжээ.

8. Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Н.Сын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

9. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуугаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

10. Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжтой гэж дүгнэн зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч Н.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг оршин суух газраас явахыг хориглох буюу Баянгол дүүргийн 12 хорооны 20-01-00 тоотоос явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг заазуурыг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Нямдоржийн Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сыг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ст Баянгол дүүргийн 12 хорооны ............ тоотоос явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хохирогч Н.Баатарсүрэн нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг холбогдох баримтыг бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг заазуурыг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР