Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/334

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч Ж.Отгончимэг,

шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Отгончимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Сд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 0243 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Говь” ресторанд тогооч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт ............. дүүргийн .......... дүгээр хороо, .............. дугаар гудамж, ........... тоотод оршин суух, урьд:

З овогт Ды С/РД:............./,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Снь 2021 оны 12 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, .......................... тоотод Д.Мын толгой, нүүр хэсэг рүү цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 199 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Д.С.

 1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь хохирогчийн цохисон, гэхдээ түүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол өөрийнх нь цохилтоос үүсээгүй гэж мэтгэлцэж оролцсон болно.

2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Д.Снь 2021 оны 12 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, .......................... тоотод төрсөн эцэг Б.Дарханыг зодсон гэж андууран хохирогч Д.Мын нүүр, толгой хэсэг рүү цохиж зодон хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогчийн “...2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр найзуудтайгаа шинэ жил Тэнгис кино театрын хажууд тэмдэглээд 23 цагийн орчимд найз Мөнхбатыг хүрч ирээд авсан. Тэгээд Мөнхбат бид 2 такси бариад харих гэж байтал манай нутгийн ах Отгонбаатар над руу залгаад манайд хүрээд ир гэхээр нь ...тэр гэрч очсон. ...Отгонбаатар ах бид 2 Соёрхол нэртэй 0,75 литрийн архи 1 шилийг уугаад байж байтал Дархан лам ах намайг гэрээс зайл гээд хэл амаар доромжлоод байсан чинь Отгонбаатар ах намайг өмөөрөөд тэр Дархан ламын нүүр рүү нь гараараа нэг удаа алгадсан. Тэгсэн чинь тэр Дархан лам ах гэрээс гараад явсан чинь удалгүй буцаж 2 залуу дагуулж ирээд намайг галын хажууд арагшаа хараад сууж байсан чинь араас нэг мод барьсан залуу нь миний ар толгой хэсэг рүү модоор нэг удаа цохиход нь би газар унаад хэсэг ухаан алдсан байсан. Тэгээд нэг сэрсэн чинь миний толгойноос цус гарсан байсан....” гэсэн мэдүүлэг /хх8-9/, дахин мэдүүлсэн “...тэр үед би юугаар цохиулснаа мэдэхгүй байна. Ямар ч байсан гаднаас орж ирсэн шар үстэй залуу миний араас цохих шиг болсон тэгээд би газар унасан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх12-13/,

Гэрч М.Мөнхбатын “...Дархан лам ах Отгоо ах руу уурлаад чи миний гэрт байдаг юм байж яагаад над руу томроод байгаа юм бэ ...  та нар манай гэрээс зайл гэхээр нь Отгоо ах Дархан лам ах руу уурлаад нүүр рүү 1 удаа алгадсан чинь Дархан лам ах гэрээс гараад явсан. ...нойлоос гараад гэрт орсон чинь шар үстэй залуу мод барьсан Отгоо ахыг цохих гээд харин манай найз М газар унасан ухаангүй байдалтай байсан. ...Тэр шар үстэй залуу та нар яагаад манай аавыг зодож байгаа юм бэ гэхээр нь би танай аавыг манай найз М зодоогүй, харин Отгоо ах цохисон шүү дээ гэсэн чинь шар үстэй залуу тэр хамаагүй гэхээр нь М дээр очсон чинь Мын толгойноос цус гарсан ухаан балартсан хэвтэж байхаар нь би хэн Мыг цохисон юм бэ гэсэн чинь шар үстэй залуугийн ах нь бололтой махлаг залуу шар үстэй залуу чи энэ залууг цохисон юм уу гэсэн чинь шар үстэй залуу дугарахгүй зогсоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх19-20/,

Гэрч Б.Дарханы “...манай хүү Сманай аавын гэрт яагаад агсам согтуу тавиад байна гээд гэрт согтуу ирсэн намхан залуутай манай хүү Смаргалдаад хоорондоо зодолдсон, Соос өөр хүнтэй цохиж, зодолдоогүй...” гэсэн мэдүүлэг /хх22-23/,

Гэрч Д.Хишигжаргалын “...манай нөхөр Мын нүүр ам нь цус болчихсон хавдаж хөхөрсөн байхаар нь юу болсон талаар асуухад ...найз Мөнхбат нь эрүүл байсан болохоор надад танай нөхөр таньдаг айлдаа очоод зодуулчихлаа тэр айлын хүүхдүүд таны нөхрийг зодсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх15/,

хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн “...би тэр намхан залууг гараараа 2-3 удаа цохисон...” гэсэн /хх73/ мэдүүлгээр тус тус нотлогдож байна.  

3. Хохирогч Д.Мын биед “зүүн нүдний гадна дээд хэсэг, баруун чамархайд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэг, хамар, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хамар, баруун чихний дэлбэнд зулгаралт” бүхий эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь шүүх эмнэлгийн 1297 дугаар дүгнэлтээр /хх32-33/ тогтоогдсон байна.

4. Шүүгдэгч Д.Снь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...хохирогч Д.Мыг 2-3 удаа цохисон, гэхдээ түүний эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтлийг би учруулаагүй, манайхаас явсны дараа ийм болсон байх...” гэдэг утгаар мэдүүлсэн нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр няцаагдаж байна.

5. Тодруулбал, гэрч М.Мөнхбат хохирогчийг зодуулсан даруйдаа толгойноос нь цус гарсан, ухаан балартсан байдалтай байсан тухай тодорхой мэдүүлсэн, гэрч Б.Дархан, Д.Ёндонцээян нар мөн шүүгдэгч нь хохирогчийг зодолдсон, өөр хүнтэй зодолдсон зүйл болоогүй талаар мэдүүлсэн, мөн шүүгдэгчийг тухайн үед “шар” үстэй байсныг гэрч нар мэдүүлсэн тул шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдлээс шалтгаалан хохирогчид дээрх хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон гэж дүгнэв.

6. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

7. Хохирогч Д.М нь эрүүл мэндэд хохирол учирсантай холбоотой баримт гаргаж өгөөгүй, мөн тэрээр гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ. Хохирогчийн хувьд гомдол саналгүй гэж хохирол нэхэмжлээгүй нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрхийг нь хязгаарлахгүй болно.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгч Д.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжээр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

9. Шүүгдэгч Д.Снь урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Шүүгдэгчийн хувьд хохирогчийн архидан согтууран агсам тавьж, төрсөн эцгийг нь зодсон гэх боловч хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр хохирогч Д.М нь шүүгдэгчийн эцэг Б.Дарханы биед халдсан нөхцөл байдал тогтоогдоогүй тул хохирогчийн буруутай үйлдлээс шалтгаалсан гэж үзээгүй болно.

11. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд төрсөн эцгийгээ бусдад зодуулсан, мөн гэрт архидан согтуурлаа гэх шалтгаанаар бусдын биед халдсан нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

12. Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хөдөлмөр байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч Д.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дарханы Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сд 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг  3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР