Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2014/0188

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН МАГАДЛАЛ

2014 оны 05 сарын 01 өдөр                    Дугаар 188                                          Улаанбаатар хот

 

 


К” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, Ч.Э нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 124 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “К” ХХК- ийн нэхэмжпэлтэй Гаалийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжпэгч “К” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Засгийн газраас үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар эдийн засгаа хөгжүүлэх, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх, Монгол хүнийг хөгжүүлэх зорилгоор жижиг, дунд үйлдвэрийг дэмжих нь хөгжлийн гол бодлого болгон тодорхойлж, ийм үйлдвэрлэлийг явуулах иргэн, аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх, ингэхдээ татварын бодлогоор дэмжихээр шийдвэрлэсэн юм. Энэ бодлогынхоо дагуу Засгийн газрын 2012 оны 193 дугаар тогтоолоор гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх гадаад улсаас импортлох жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтын тоног төхөөрөмж, түүний сэлбэг хэрэгслийн жагсаалтыг батлан гаргасан билээ. Тухайлбал, Засгийн газрын 2012 оны 193 дугаар тогтоолын хавсралтын 28-д БТКУС-ын 8474.10.00 кодтой чулуу, шохойн чулуу, гөлтгөнө, шавар, керамик, хайрга, бутлах, нунтаглах машин, тээрэм, түүний сэлбэгийг гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр заасан байна.

Иймд, манай компани БНСУ болон БНХАУ-аас 400 мм диаметртэй 12 метрийн урттай 57 ширхэг, 6 метрийн урттай 12 ширхэг элс хайрга бутлах, шигших, угаах машины шугамын полиэтилен хоолой, түүний отвод 5 ширхэгийг Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг хайрганы үйлдвэртээ сэлбэгийн зориулалтаар оруулж ирсэн бөгөөд уг сэлбэг нь Засгийн газрын 2012 оны 193 дугаар тогтоолын хавсралтын 28-д заасан БТКУС-ын 8474.10.00 кодтой чулуу, шохойн чулуу, гөлтгөнө, шавар, керамик, хайрга, бутлах, нунтаглах машин, тээрэм гэсэнд хамаарч гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх ёстой юм.

Гэтэл Гаалийн ерөнхий газар, түүний харьяа Замын-Үүдийн Гаалийн газар нь Засгийн газрын 2012 оны 193 дугаар тогтоолд "хоолой" гэсэн үг алга гэж тайлбарлан манай компанийн оруулж ирсэн БНСУ болон БНХАУ-аас эдгээр элс хайрга шигших, ялгах, зэрэглэх, бутлах, ангилах, угаах машины полиэтилен шугам хоолойг гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөс татгалзан, зохих шийдвэрээ гаргахгүй байна.

Засгийн газрын 2012 оны 193 дугаар тогтоолд өөрт нь "... гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх импортлох жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтын тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалт" гэж зааж, улмаар жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нэг бүрчлэн нэрлэсэн боловч харин сэлбэг хэрэгслийг уг жагсаалтад "элс, хайрга угаах үйлдвэрийн хоолой, боолт, холбоос" гэх мэтчилэнгээр нэг бүрчлэн заах боломжгүй тул шууд "сэлбэг хэрэгсэл" гэж заасан байгаа юм. Манай компанийн импортлосон элс, хайрга шигших, ялгах, зэрэглэх, бутлах, ангилах, угаах үйлдвэрлэлийн зориулалтын төхөөрөмж сэлбэгүүд нь 2012 оны 193 дугаар тогтоолд хамаарагдах ёстой гэдэг нь Барилга, хот байгуулалтын яамны 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 6/4098 дугаартай албан бичгээр нотлогдож байгаа юм.

Гэтэл Гаалийн ерөнхий газар, түүний байцаагч нар нь "хоолой" гэсэн нэр байхгүй гэсэн үндэслэл гарган татварын чөлөөлөлтөнд хамрагдах уг сэлбэгийг зохих татвараас чөлөөлөх шийдвэрээ гаргахаас татгалзаж байгаа нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа болно. Эдгээр тоног төхөөрөмж нь Монгол Улсын хилээр 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр орж ирсэн бөгөөд Замын-Үүдийн гаалийн хяналтаар гаалийн татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан төлөхийг шаардаж маргаан үүссэнээс Замын-Үүдийн гаалийн хяналтын /Э-Транс ложистик ХХК- ийн талбай/ талбайд буулгаж битүүмжлэгдсэн байгаа юм.

Манай компани нь 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 131 дугаартай албан бичгээр Гаалийн ерөнхий газарт хандан энэхүү асуудлаа шийдвэрлүүлэхийг хүссэн боловч хариу өгөхгүй байгаа тул шүүхэд ийнхүү хандсан болно.

Иймд манай компанийн импортлосон элс, хайрга шигших, ялгах, зэрэглэх, бутлах, ангилах, угаах үйлдвэрийн сэлбэг, хэрэгслийг Засгийн газрын 2012 оны 193

 

дугаар тогтоолоор баталсан Гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалт"-ын дагуу гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхгүй байгаа Гаалийн ерөнхий газрын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, уг сэлбэг, хэрэгслийг гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх шийдвэрээ гаргахыг тус газарт даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: "К" ХХК нь БНХАУ-ын "К" ХХК-тай гэрээ байгуулж, полиэтилен материалаар хийгдсэн хоолойг оруулж иржээ. Энэ нь "БТКУС-д үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт"-нд 3917-д заасан "Хуванцар гуурс, хоолой, шланг, тэдгээрийн холбоос" ангиллын 3917.21.00 "этилений полимерийн" гэсэн дэд хэсэгт хамаарч байна. Энэ хоолой нь "чулуу бутлан ангилах үйлдвэрийн зориулалттай сэлбэг хэрэгсэл" биш, олон зориулалттай, аль ч салбарт ашиглаж болох хоолой юм. Үүнийг нэхэмжлэгчийн "400 мм-ийн ган труба хоолойнуудыг удаан элэгддэг полиэтилений трубагаар бүхэлд нь сольж байгаа" гэснээр нотолж байгаа болно.

Нэгэнт чулуу бутлан ангилах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хэсэг болж анхнаасаа үйлдвэрлээгүй хоолойг зөвхөн Засгийн газрын тогтоолд нэр заан дурдсан тохиолдолд л хөнгөлөлт чөлөөлөлтөд хамруулах боломжтой. Өөрөөр хэлбэл, чулуу бутлан ангилах үйлдвэрийн зориулалтын хоолой нь ган хоолой байх бөгөөд "К" ХХК нь өмнө энэхүү ган хоолойг хөнгөлөлт чөлөөлөлтөд хамааруулан оруулж ирсэн байна. Харин одоо оруулж ирээд байгаа хуванцар хоолой нь тогтоолд нэр заагдаагүй, нөгөө талаар тухайн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн салшгүй хэсэг биш байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 124 дүгээр шийдвэрээр, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн /2009 оны 7 дугаар сарын 16-ний өдрийн/ 1 дүгээр зүйлийг баримтлан нэхэмжпэгч "К" ХХК-ийн нэхэмжпэлийг бүхэлд нь хангаж, "К" ХХК-ийн импортлосон элс, хайрга шигших, ялгах, зэрэглэх, бутлах, ангилах, угаах үйлдвэрийн сэлбэг, хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхгүй байгаа Гаалийн ерөнхий газрын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, "К" ХХК-ийн импортлосон элс, хайрга шигших, ялгах, зэрэглэх, бутлах, ангилах, угаах үйлдвэрийн сэлбэг, хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх шийдвэрээ гаргахыг Гаалийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх "К" ХХК-ийн нэхэмжпэлтэй, Гаалийн ерөнхий газарт холбогдох элс, хайрга

 

шигших, угаах үйлдвэрийн сэлбэг хэрэгсэлд гааль, НӨАТ ногдуулсныг хууль бус болохыг тогтоолгох тухай захиргааны хэргийг 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд гаргасан 124 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Шүүх асуудлыг хэлэлцээд шийдвэрийн үндэслэх хэсэгтээ "үйлдвэрийн тохөөрөмжид суурилуулсан үед сэлбэгийн зориулалтаар ашигласныг тогтоох боломжтой /Өөрөөр хэлбэл, төхөөрөмжид суурилуулснаар 8474.10 ангилалд хамааруулах/ хоолойг байрлуулаагүй үед ердийн хоолой гэж үзэх /үйлдвэрийн төхөөрөмжтэй холбоогүй үед 3917.21, 3917.40-т тус тус хамрагдана/..." гэсэн дүгнэлт хийсэн нь алдаатай гэж үзэж байгаа юм.

у

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангахгүи орхихоор шийдвэрлэж өгнө үү гэжээ. .

Хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх "К" ХХК-ийн нэхэмжпэлтэй, Гаалийн ерөнхий газарт холбогдох элс, хайрга шигших, угаах үйлдвэрийн сэлбэг хэрэгсэлд гааль, НӨАТ ногдуулсныг хууль бус болохыг тогтоолгох тухай захиргааны хэргийг 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд гаргасан 124 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Тус компанийн оруулж ирсэн полиэтилен хоолойг гаалийн байгууллага барааг тодорхойлох кодлох уялдуулсан системд заасан ангиллаар 3917.21, холбох хэрэгслийг 3917.40 кодод хамааруулан ангилж, гааль, НӨАТ-ыг тус тус төлүүлэхээр шийдвэрлэсэн. "К" ХХК нь энэ ангиллыг эс зөвшөөрч, тухайн барааг Засгийн газрын 2012 оны 193 дугаар тогтоолын хавсралтын 23, 24-д заасны дагуу угаах, шигших машины сэлбэг гэж үзэж 8474.10 ангилалд хамааруулах ёстой гэж маргасан юм. Маргааны утгаас үзэхэд энд гаалийн байгууллагын гаргасан ангилал хуульд нийцсэн эсэх, нийцээгүй бол ямар үндэслэл байгааг л тогтоолгох асуудал байгаа нь ойлгомжтой.

Шүүх энэ асуудлыг хэлэлцээд тухайн хоолой нь элс, хайрга шигших, угаах машины сэлбэг гэж үзэж БТКУС-ын ангиллаар 8474.10-т хамаарна гэсэн мөртлеө үүнийхээ үндэслэлийг шүүхийн шийдвэрт тайлбарласангүй. Харин ч асуудлыг улам будлиантуулж, шийдвэрийн үндэслэх хэсэгтээ "үйлдвэрийн төхөөрөмжид суурилуулсан үед сэлбэгийн зориулалтаар ашигласныг тогтоох боломжтой /өөрөөр хэлбэл, төхөөрөмжид суурилуулснаар 8474.10 ангилалд хамааруулах/, хоолойг байрлуулаагүй үед ердийн хоолой гэж үзэх /үйлдвэрийн төхөөрөмжтэй холбоогүй үед 3917.21, 3917,40- т тус тус хамрагдана/..." гэсэн хачирхалтай дүгнэлт хийжээ. Тухайн хоолой хилээр орж ирэхдээ, өөрөөр хэлбэл, үйлдвэрийн төхөөрөмжид суурилуулагдахаасаа өмнө, шүүхийн ангиллаар "ердийн хоолой" гэсэнд хамаарч байхдаа саатуулагдсан тул гаалийн байгууллагын ангилал зөв гэж үзэхээр.

 

Цаашлаад хэрэв ... "К" ХХК нь /хоолойг/ Кын үйлдвэрт сэлбэгээр ашиглаагүй, өөр зориулалтаар ашигласан нь тогтоогдвол гаалийн болон НӨАТ-ыг нөхөн төлүүлэх ... боломж байгаа" гэсэн нь Кын үйлдвэрт хэрэглээгүй л бол 3917.21, 3917.40-өөр ангилчихгүй юу гэсэнтэй агаар нэг, өөрийгөө үгүйсгэсэн сонин үндэслэл заажээ. Уг нь шүүх тухайн хоолой нь нэг бол ийм ийм хууль, хэм хэмжээ тогтоосон актын тэддүгээр зүйлд заасны дагуу 8474.10 ангилалд хамаарна, эсхүл 3917 ангилалд хамаарна гээд хэлчих нь зүйтэй байжээ.

Ямар ч тохиолдолд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс нэг л дүгнэлт хийж болно. Тухайлбал, тэр хоолой нь зөвхөн үйлдвэрийн тоног төхөөрөмжид цав хийтэл угсрагдсан тэр үеэс л "сэлбэг" гэсэн хүндэт хэргэмийг хүртэж, 8474 ангилалд хамаарах эрх нь үүсч, гааль, НӨАТ-аас чөлөөлөгдөх боломжтой болох, угсрагдаагүй тохиолдолд бол "ердийн хоолой" хэмээн доош жийгдэн, 3917 ангилалд хамаарах юм байна. Энэ хоолой өнөөг хүртэл үйлдвэрийн төхөөрөмжид угсрагдаагүй, гаалийн агуулахад хадгалагдаж байгааг анхааралдаа авбал, энэ хүртэл гаалийн байгууллагын үйлдэл үнэнхүү хуульд нийцсэн байдлаар явжээ. Тэгвэл шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан, уг хоолойг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөхгүй байгаа гаалийн байгууллагын эс үйлдэхүйг "хууль бус болохыг тогтоох..." гэсэн нь чухам юуг хэлээд байгааг тайлахад бүр ч хүнд болж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг илт үндэслэл муутай гарсан гэдэг үндэслэлээр хүчингүй болгож, гаалийн байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцсэнийг тогтоож, нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “К” ХХК нь “Манай компанийн импортлосон элс, хайрга бутлах, шигших, угаах машины сэлбэг нь Засгийн газрын 2012 оны 193 дугаар тогтоолд заасан БТКУС-ийн 8474.10.00-д хамаарах тул гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөнө” гэж,

хариуцагч нь ““К” ХХК-ийн оруулж ирсэн полиэтилен материалаар хийгдсэн хоолой нь БТКУС-ийн 3917.21.00-д хамаарна. Уг хоолой нь чулууг бутлан ангилах үйлдвэрийн зориулалттай машины сэлбэг хэрэгсэл биш учир Засгийн газрын 2012 оны 193 дугаар тогтоолд хамаарч гаалийн татвараас чөлөөлөгдөхгүй” гэж маргажээ.

Нэхэмжпэгч “К” ХХК-ийн БНХАУ-аас импортолж, гаальд мэдүүлсэн элс, хайрга, бутлах, шигших, угаах зориулалттай машины шугам хоолой гэх бараа нь Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хууль болон Засгийн газрын 2012 оны 193 дугаар тогтоолоор гаалийн албан татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтад ороогүй, гаалийн албан татвараас чөлөөлөгдөх үндэслэлгүй байхад анхан шатны шүүх хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэж, үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Тодруулбал,

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хуулийн 1-д “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж ажпын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортоор оруулж байгаа жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлөхөөр, 2-т “энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Засгийн газар батална” гэж хуульчилжээ.

Мөн хуулийг хэрэгжүүлэх зорилгоор гарсан Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 193 дугаар тогтоолоор гаалийн албан татвар болон нэмэгдсзн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг баталсан байх ба уг жагсаалтын, гурав. Барилгын үйлдвэрлэл, 23. Барилгын материалын үйлдвэр гэсний 27. 8474.10.00-д “Элс, хайрга, шигших, ялгах, зэрэглэх, ангилах, угаах машин” гэж заасан байна.

Дээрх хууль болон Засгийн газрын 2012 оны 193 дугаар тогтоолд БТКУС-ийн ангиллын 8474.10.00-д заасан “Элс, хайрга, шигших, ялгах, зэрэглэх, ангилах, угаах машин”-ыг л гаалийн албан татвараас чөлөөлөхөөр заажээ.

Өөрөөр хэлбэл, хуульд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор элс, хайрга, шигших, ялгах, зэрэглэх, ангилах, угаах зориулалттай машиныг гаалийн албан татвараас чөлөөлөхөөр заасан, харин уг машины сэлбэг хэрэгсэл нь гаалийн албан татвараас чөлөөлөгдөх сэлбэг хэрэгслийн жагсаалтад ороогүй байна.

Дээрх тогтоолд гаалийн албан татвараас чөлөөлөгдөх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг аль алийг нь ялган нэрлэж заасан байх тул “К” ХХК-ийн импортоор оруулж ирсэн, БТКУС-ийн 27-д заасан зориулалт бүхий машины сэлбэг гэх полиэтилен материалаар хийгдсэн хоолойг гаалийн албан татвараас чөлөөлөх үндэсгүй байна.

Түүнчлэн, хэрэгт нотлох баримтаар авагдсан, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, Үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 55-57 тал/ зэргээр нэхэмжпэгч “К” ХХК-ийн импортолсон бараа нь полиэтилен хоолой бөгөөд Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн тодорхойлолт /хх-ийн 52 тал/-оор уг хоолой нь БТКУС-ийн 3917.21.00, холбох хэрэгсэл нь 3917.40.00 кодод ангилагдах нь тогтоогджээ.

Ийм байтал анхан шатны шүүх "... Засгийн газрын 2012 оны 193 дугаар тогтоолоор гаалийн албан татвараас чөлөөлөгдөх тоног төхөөрөмжийг жагсаасан жагсаалтыг баталсан боловч “сэлбэг, хэрэгсэл”-ийн нэрийг жагсааж гаргаагүй байна, ...

 

уг полиэтилен хоолойг сэлбэг гэж үзэх нь зүйтэй” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжпэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “К” ХХК-ийн нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 124 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд заасныг баримтлан нэхэмжпэгч “К” ХХК-ийн “Тус компанийн импортолсон чулуу бутлах үйлдвэрийн сэлбэг, хэрэгслийг Засгийн газрын 2012 оны 139 дугаар тогтоолоор баталсан “Гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалт”-ын дагуу гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхгүй байгаа Гаалийн ерөнхий газрын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, уг сэлбэг, хэрэгслийг гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх шийдвэрээ гаргахыг Гаалийн ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжпэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.