Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 48

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ  
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Анхбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн
Шүүгдэгч: Д.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  98 дугаар зүйлийн  98.1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Балжин овогт Даржаагийн Бат-Эрдэнэд холбогдох 201620000093 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1980 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн. 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Зүүнхангай сумын Жаргалант багт оршин суух, 2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 4 сарын баривчлах ял шийтгэгдэж байсан, Улсаас авсан гавьяа шагналгүй, Балжин овогт Даржаагийн Бат-Эрдэнэ. /РД: ОЕ80092610/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай сумын Жаргалант багийн нутаг "Ар завсар" гэх газарт иргэн С.Нямсүрэнг зодож баруун хөлийг нь хугалж биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:                                                                                                                
1. Хохирогч С.Нямсүрэнгийн  мөрдөн байцаалтад өгсөн: Би Увс аймгийн Зүүнхангай сумын байгаль хамгаалагч ажилтай. 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр би хөдөөгийн багийн өрхүүдээр гал түймрээс урьдчилан сэргийлэх санамж, сэрэмжлүүлэг Зүүнхангай сумын сэтгүүл зэргийг тараахаар Жаргалант багийн засаг дарга М.Ганболдтой хамт явсан бөгөөд М.Ганболд багийн айлуудаар орж иргэдтэй уулзана гэж байсан. Тухайн өдөр 15-16 цагийн орчимд Жаргалант багийн нутаг Ар завсар гэх газарт Гимаахүү гэдэг айлд очсон. Тухайн айлд Гимаахүү ганцаараа байсан бөгөөд М.Ганболд бид хоёрыг очоод удаагүй байж байтал манай сумын Даланбулаг багийн Засаг дарга О.Сүхбат болон Баянгол багийн харьяат Д.Бат-Эрдэнэ, Ц.Эрдэнэбаяр нар ирсэн. О.Сүхбат, Эрдэнэбаяр нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байх шиг байсан. Харин Бат-Эрдэнэ архи уусан байдалтай бага зэрэг согтуу байсан. Тэр гурвыг ирсэний дараа Гимаахүү 0.5 литрийн ерөөл архи 1 шилийг гаргаж ирээд бид нарт өгсөн. Тэгээд бид нар тэр архийг уугаад сууж байтал Бат-Эрдэнэ Та урд нь хэсгийн төлөөлөгч Цэвэгмэдийг дагуулж ирж намайг шалгаж байсан. Та намайг гахайнд явсан гэж хэсгийн төлөөлөгч Цэвэгмэдэд хэлсэн байсан. Хоёулаа гараад уулзья гэж хэлсэн. Тэгээд Бат-Эрдэнэ бид хоёр гэрээс гарсан. Бид хоёрын араас Эрдэнэбаяр, Сүхбат нар гарч ирсэн. Гэрээс гарсаны дараа Д.Бат-Эрдэнэ Та намайг цагдаагаар шалгуулсан. Нэг нутгийн хүн байж намайг барьж өгөх гэсэн. Танд намайг гахай агнасан гэж хэн хэлэв. Тэр хэлсэн эзнээ надад хэлчих гэж уурлахаар нь би Чамайг гахай агнасан бол хэсгийн төлөөлөгчид хэлнэ ш дээ. Бид нар хийх ёстой ажлаа л хийж явсан гэж хэлэхэд Д.Бат-Эрдэнэ миний хувцасны баруун талын мөрний хэсгээс барьж байгаад зүүн хөлөөрөө миний баруун хөлний гуяны гадна хэсэгрүү өшиглөөд газарт унагаасан. Би газарт уначихаад буцаад босох гэтэл миний баруун хөл гишгэж болохгүй өвдөж байсан ба би Миний хөлийг хугалчихлаа гишгэж болохгүй байна гэхэд Бат-Эрдэнэ Ийм амархан хугарна гэж юу байдаг юм битгий баашлаад бай гэж хэлээд тэнд хэвтэж байсан малын шийрний чөмөгний хуучин ясыг аваад миний толгойны орой хэсэгрүү болон духны хэсэгрүү 4 удаа цохисон. Тэгж байтал Эрдэнэбаяр, Сүхбат нар салгасан. Д.Бат-Эрдэнэ нь эмчилгээний болон унааны зардалд 3.000.000 төгрөг бэлнээр өгсөн гэх мэдүүлэг / хх-ийн 11-12-р тал /,
2. Гэрч Ц.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 04 дүгээр сарын 26-ны орой 20 цагийн үед би гэртээ байж байтал манай Зүүнхангай сумын эрүүл мэндийн төвийн эх баригч эмч Батцэцэг надруу залгаад Нямсүрэн гэдэг хүн гэмтсэн байдалтай гэртээ байна та ирээд биеийг нь үзээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд би Нямсүрэн ахын биеийг үзээд толгойн оройн хэсэгт 2 оёдол тавьж, духны хэсгийн шархыг цэвэрлэж, ариутгаж, өвчин намдаах, цус тогтоох эмчилгээ хийгээд баруун хөлний гэмтсэн хэсэгт гипс тавьж боогоод Улаангом сумын Нэгдсэн эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гэдэг зөвлөгөө өгсөн юм гэх мэдүүлэг / хх-ийн 16-р тал /,

3. Гэрч М.Ганболдын мөрдөн байцаалтад өгсөн:  2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Нямсүрэн ах хөдөөгүүр хамт явах уу гэхээр нь зөвшөөрсөн. Бид хоёр тэдний гэрт байхдаа 0.5 литерийн Ерөөл нэртэй архи 1 шилийг хувааж уусан. Тухайн архийг Нямсүрэн ах бид 2 тэнцүүхэн уусан бөгөөд 14 цагийн үед Жаргалант багруу явсан. Тухайн үед С.Нямсүрэн ахын биед ил харагдах шарх сорви, бэртэл гэмтэл байгаагүй юм. Бид 2 замдаа 3-4 айлаар ороод 16 цагийн орчимд Жаргалант багийн нутаг Ар завсар гэх газарт Гимаахүү гэдэг айлд очсон. Бид 2 тэдний гэрт ороод удаагүй байж байтал Бат-Эрдэнэ, Эрдэнэбаяр, О.Сүхбат нар хүрч ирсэн. Бат-Эрдэнэ, Эрдэнэбаяр, Сүхбат нар бага зэрэг архи уусан байсан. Бид нар мэндээ мэдэлцээд цай уугаад сууж байтал Гимаахүү эгч 0.5 литерийн Ерөөл нэртэй архи 1 шилийг гаргаж ирж өгсөн. Тухайн архийг нь бид нар хуваагаад ууж байтал Бат-Эрдэнэ Нямсүрэн ахад хандаж Та өмнө нь сумын хэсгийн төлөөлөгчийг дагуулж манайд ирж байсан. Та намайг гахай алсан гэж хэсгийн төлөөлөгчид хэлж дагуулж ирсэн байсан. Хоёулаа гараад уулзачихья гэж хэлсэн бөгөөд Нямсүрэн ах Би ажлаа хийж явсан юм гэж хэлээд Бат-Эрдэнэ Нямсүрэн нар гэрээс гарсан. Тэр хоёрын араас Эрдэнэбаяр, Сүхбат нар гараад явсан бөгөөд би Гимаахүү эгчтэй юм яриад гэрт үлдсэн. Гимаахүү эгч бид хоёр юм яриад сууж байтал гадна Нямсүрэн Миний хөл гэмтчихлээ гэж орилоход нь би гэрээс гарахад Нямсүрэн ах гэрийн гадна газарт хэвтэж байсан. Нямсүрэн ах Бат-Эрдэнэ миний хөлрүү өшиглөөд гэмтээчихлээ. Миний баруун хөл гуяны хэсгээрээ өвдөөд гишгэж болохгүй байна гэж хэлж байсан. Нямсүрэн ахын духны дээд хэсэгт нь бага зэрэг шалбарсан байсан бөгөөд биед нь ил харагдах өөр ямар нэгэн шарх сорви гэмтэл бэртэл байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/

4. Гэрч О.Сүхбатын мөрдөн байцаалтад өгсөн: Бат-Эрдэнэ, Эрдэнэбаяр нарын дунд суугаад Гимаахүү эгчийн гэрт очиход тэдний гэрт Гимаахүү эгч, Нямсүрэн ах, Ганболд нар байсан. Бид нарыг очсоны дараа Гимаахүү эгч 0.5 литерийн Ерөөл нэртэй архи 1 шилийг гаргаж ирж өгсөн. Тухайн архийг уугаад сууж байтал Бат-Эрдэнэ Та цагдаа дагуулж ирж намайг бариулсан та нэг нутгийн хүн байж хүний үнэргүй зан гаргасан гэж Нямсүрэн ахад үг хаясан бөгөөд Нямсүрэн ах Тэр чинь миний ажил гэж хэлж маргасан. Тэгээд Бат-Эрдэнэ, Нямсүрэн нар Гимаахүү эгчийн гэрээс түрүүлээд гарахад Эрдэнэбаяр бид хоёр араас нь гарахад Бат-Эрдэнэ Нямсүрэн ахын мөрөн дээрээс нь барьж байгаад баруун талын хөл рүү нь 1 удаа өшиглөсөн ба Нямсүрэн ах тэр дороо газарт унасан. Нямсүрэн ах газарт уначихаад Миний хөл гэмтчихлээ босож гишгэж болохгүй байна гэж орилж байсан. Тэр үед Бат-Эрдэнэ газарт хэвтэж байсан малын шийрний ясыг аваад Нямсүрэн ахын толгойны орой хэсэг рүү 2-3 удаа цохиод Таны хөл ийм амархан хугарна гэж юу байдаг юм бэ битгий худлаа баашлаад бай гэж хэлж байсан. Эрдэнэбаяр бид хоёр тэр дороо Бат-Эрдэнийг салгаж холдуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р тал/
5. Гэрч Ц.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтад өгсөн:  Тухайн архийг Бат-Эрдэнэ, Эрдэнэбаяр, Ганболд, Нямсүрэн бид нар уугаад сууж байтал Бат-Эрдэнэ Чи намайг гахай алсан гэж цагдаа дуудсан байсан. Нэг нутгийн хүн байж хүний үнэргүй зан гаргасан гэж Нямсүрэн ахад үг хаясан бөгөөд Нямсүрэн ах Би цагдаа дуудаагүй чи наад үгээ хэлдэг газраа хэл надад гахайны асуудал хамаагүй би мод шалгадаг хүн, гэж хэлж маргасан. Тэгээд Бат-Эрдэнэ, Нямсүрэн нар гэрээс түрүүлээд гарсан бөгөөд араас нь Сүхбат бид хоёр гарсан. Гэрийн гадна гарсаны дараа Бат-Эрдэнэ нь Нямсүрэн ахад хандаж Та нэг нутгийн хүн байж хүний үнэргүй зан гаргасан гэж хэлээд Нямсүрэн ахын мөрөн дээрээс нь барьж байгаад баруун талын хөлрүү нь 1 удаа өшиглөсөн ба Нямсүрэн ах тэр дороо газарт унасан. Нямсүрэн ах газарт уначихаад Миний хөл хугарчихлаа босож гишгэж болохгүй байна гэж орилж байсан. Тэр үед Бат-Эрдэнэ газарт хэвтэж байсан малын шийрний ясыг аваад Нямсүрэн ахын толгойны орой хэсэг рүү 2-3 удаа цохиод Таны хөл ийм амархан хугарна гэж юу байдаг юм бэ битгий худлаа  маяглаад бай гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/

    6. Увс аймгийн шүүүхийн шинжилгээний албаны 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 200  дугаартай  Шинжээч эмчийн:  Үзүүлэгч С.Нямсүрэнгийн биед гэмтэл учирсан. Баруун талын дунд чөмөгний яс булууны доод хэсгээр хөндлөн хугарсан зөрөөтэй, толгойн оройн хэсгийн хуйханд язарсан шарх, хацар, нүүрний хэсэгт өнгөц зулгаралт зэрэг гэмтлүүд үүссэн байна. Дээрх гэмтэл нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд өөрийнх нь тайлбарлаж байгаагаар учирсан байх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно гэх дүгнэлт /хх-ийн 31-р тал /, 
    7. Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримтууд / хх-ийн 47, 51, 56, 58, 60, 63-67-р тал/,
    8. Д.Бат-Эрдэнэ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 45-р тал /,  
    9. Хохирогч С.Нямсүрэнгийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гаргаж өгсөн Д.Бат-Эрдэнэ нь эмчилгээний зардал 3.000.000 төгрөг гаргаж өгсөн нь үнэн болно. Одоо нэхэмжлэх зүйлгүй байхгүй гэх тодорхойлолт /хх-ийн 71-р тал/

10. Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн: Би надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Хохирогч С.Нямсүрэнд хохиролд 3.000.000 төгрөг өгч хохиролыг бүрэн барагдуулсан. Цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна. Энэ хэрэгт хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

          Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлэн дүгнэхэд: Балжин овогт Даржаагийн Бат-Эрдэнэ нь 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай сумын Жаргалант багийн нутаг Ар завсар гэх газарт хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн иргэн С.Нямсүрэнг зодож баруун хөлийг нь хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэгт  үйлдсэн болох нь хохирогч С.Нямсүрэн, гэрч Ц.Эрдэнэчимэг, М.Ганболд, О.Сүхбат, Ц.Эрдэнэбаяр нарын мэдүүлэг, 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 200 дугаартай  шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил гараагүй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь  Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дүгээр зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт 4 сар баривчлах ял шийтгүүлж  2005 оны 10 дугаар сарын 22-нд ялаа эдэлж дуусгасан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д  заасан ял байдалд тооцох 5 жилийн хугацаа өнгөрч ялгүйд тооцогдож байгаа тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
              Шүүгдэгч  Д.Бат-Эрдэнэ нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
                 Шүүх ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55  дугаар зүйлийн  55.1.1-д...анх удаа  хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3-д гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, 55.1.9-д  үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн  гэсэн хөнгөрүүлэх, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэсэн хүндрүүлэх  нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзсэн болно.
                

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283-ийн 283.1,  284-ийн 284.1,  294-296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн 297.1- 297.5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Балжин овогт Даржаагийн Бат-Эрдэнийг  бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  98 дугаар зүйлийн  98.1 дэхь  хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.Бат-Эрдэнэд  1 /нэг/ жил хорих ял  шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5- д зааснаар шүүгдэгч Д.Бат-Эрдэнэд оногдуулсан 1 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүйг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Бат-Эрдэнэд оногдуулсан 1 жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/  жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч Д.Бат-Эрдэнэд өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан,  хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах ба улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.ГАНСҮХ