Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 1279

 

Л.Одонтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/00600 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Одонтуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Сандэй” ХХК-д холбогдох

 

Худалдаа үйлчилгээний зориулалттай талбайн үнийн зөрүүд 28 057 860 төгрөг, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсний алдангид 36 300 000 төгрөг гаргуулах, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Алданги 19 549 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Одонтуяа нь “Сандэй” ХХК-тай 2012 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 12/07/33 тоот “Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”- г байгуулж, “Peace tower” худалдаа үйлчилгээний барилгаас 27.83 м.кв талбайг, м.кв-ыг нь 4 014 000 төгрөгөөр тооцон, нийт 111 709 620 төгрөгийн төлбөрийг бүрэн шилжүүлж, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2202012742 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээ гарсан. Гэтэл талбайн хэмжээ захиалсан хэмжээнээс дутуу талаар хүмүүс ярилцах болсон тул өөрийн өмчлөлд шилжүүлж авсан талбайг “Тоонто гранд” ХХК-аар хэмжилт хийлгэж, дүгнэлт гаргуулахад нийт талбайн хэмжээ нь 20.84 м.кв байсан. Өөрөөр хэлбэл, гэрээнд заасан 27.83 м.кв гэх хэмжээнээс 6.99 м.кв-аар дутуу байх ба 28 057 860 төгрөгийг илүү төлсөн байна. Мөн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тул үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэний алданги 36 300 000 төгрөг, нийт 64 357 860 төгрөг гаргуулж, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Сандэй” ХХК болон Л.Болормаа нарын хооронд хийгдсэн 12/07/07 тоот гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Учир нь гэрээ байгуулах, гарын үсэг зурах итгэмжлэлийг Л.Болормаад олгоогүй. Зөвхөн шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгосон. “Сандэй” ХХК-иас үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсний алдангид 32 872 749 төгрөг гаргуулах, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сандэй” ХХК нь иргэн Л.Одонтуяатай 2012 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн “Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулсан. Гэрээнд зааснаар нийтийн эзэмшлийн талбайн хамт 27.83 м.кв талбайг шилжүүлэн өгч, нэхэмжлэгч нь 111 709 620 төгрөгийг төлсөн 2012 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 12/07/33 тоот гэрээг 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шинэчлэн байгуулсан. Үүний дагуу өмчлөх эрхийн гэрчилгээг Л.Одонтуяагийн нэр дээр гаргажөгсөн. Л.Одонтуяагаас олгосон итгэмжлэл Л.Болормаад байсан тул Л.Болормаатай шинэчилсэн гэрээг байгуулсан. Энэ гэрээгээр алданги төлөх заалтыг хассан ба Л.Одонтуяа, Л.Болормаа, “Сандэй” ХХК-ийн хооронд харилцан тохиролцож байж хийсэн хүчин төгөлдөр гэрээ юм. Иймд нэхэмжлэгчийн алдангид 36 300 000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн тухайн үед хөрөнгө оруулагч нь талбайг хүлээн авахдаа нийтийн эзэмшлийн талбайн хамт гэдгийг мэдэж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн Л.Одонтуяа манай компанитай 2012 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд баригдаж байсан Peace tower барилгаас 5 давхарт 526 тоот үйлчилгээний талбайг худалдан авахаар Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын 12/07/33 тоот гэрээг байгуулсан. Гэрээний 1.1-т заасан нөхцөлийн дагуу 27.83 мкв талбайн нийт үнэ 111 709 620 төгрөг байх ба гэрээний 2.1-т зааснаар үнийн дүнгийн 65 хувь буюу 72 611 253 төгрөгийг 2012 оны 7 дугаар сарын 06-нд төлж, гэрээний 2.2 дахь хэсэгт зааснаар үлдэгдэл 39 098 367 төгрөгийг барилга ашиглалтанд орох үед төлж барагдуулах, гэрээний 2.3 дээрх төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгч талд төлөх үүргийг Л.Одонтуяа хүлээсэн байна. Гэтэл Л.Одонтуяа нь дээрх барилга ашиглалтанд ороход төлбөрөө төлөлгүй түүний эх Л.Болормаагаас 2014 оны 11 дүгээр сарын 06-нд 39 099 000 төгрөгийг хугацаа хэтрүүлэн төлсөн. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Л.Одонтуяагаас 19 549 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “Сандэй” ХХК-тай байгуулсан 2012 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 12/07/33 тоот гэрээ хийсэн гэрээний долоод нэмэлт тодотгол дээр 2012 оны 3 дугаар улиралд ашиглалтанд багтаан оруулна гэсэн боловч энэ хугацаа бүтэн жилээр алдагдсан. Тиймээс энэ алданги тооцох хууль зүйн үндэслэлгүй. Учир нь сөрөг нэхэмжлэлд 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн гэрээний дагуу алданги тооцох ёстой гэж бичсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээнд 2012 оны 3 дугаар улиралд ашиглалтанд оруулна хугацаа хэтэрсэн тохиолдолд захиалагчид алданги тооцохоор тусгасан байгаа ба энэ асуудлаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар хэлэлцэгдэж- байгаа. Иймд сөрөг нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4, 236 дугаар зүйлийн 236.6-д зааснаар хариуцагч “Сандэй” ХХК-иас 28 057 860 төгрөг, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсний алдангид 22 341 төгрөг, нийт 28 080 201 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Одонтуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 404 910 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “Сандэй” ХХК-иас үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсний алдангид 32 872 749 төгрөг гаргуулах, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа Л.Одонтуяа татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Л.Одонтуяад холбогдуулан 19 549 500 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч Л.Одонтуяагийн 707 950 төгрөг, хариуцагч “Сандэй” ХХК-ийн 255 697 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Сандэй” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 298 351 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Одонтуяад олгож шийдвэрлэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Л.Одонтуяа нь хариуцагч “Сандэй” ХХК-д холбогдуулан гэрээнд зааснаас дутуу хэмжээ бүхий худалдаа, үйлчилгээний талбайн зөрүү үнэд 28 057 860 төгрөг, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсний алдангид 36 300 000 төгрөг нийт 64 357.860 төгрөг гаргуулах, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсний алдангид 32 872 749 төгрөг гаргуулах, Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагаасаа татгалзсан байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг төлбөрөө хугацаандаа төлөөгүй тул алданги 19 549 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Талуудын хооронд 2012 оны 7 дугаар сарын 07-ны өдөр “Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулагдаж, гүйцэтгэгч нь захиалагчид оффис, үйлчилгээний зориулалттай 27.83 м.кв талбайг 2012 оны 3 дугаар улиралд хүлээлгэн өгөх, уг хугацааг 60 хоногоос илүү хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 20 хувиас 0.1 хувьтай тэнцэх алданги төлөх, захиалагч нь ажлын хөлсөнд 111 709 620 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх, төлбөр төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тус тус харилцан тохиролцсоныг шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ. /хэргийн 31-33 дугаар тал/

           

            Учир нь хариуцагчийн өөрийн зураг төсөл, хөрөнгийн дагуу барьж эхлэсэн барилгын оффис, үйлчилгээний зориулалттай талбайгаас нэхэмжлэгч нь нэгж үнийг НӨАТ орсон дүнгээр 4 014 000 төгрөгөөр тооцон 27.83 м.вт талбайг /нийтийн эзэмшлийн талбайн хамт/ нийт 111 709 620 төгрөгөөр авахаар тохиролцсон байгаа нь нэхэмжлэгч өөрөө уг барилгыг захиалан бариулах зорилготойгоор Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан гэж үзэх нөхцөл болохгүй юм.

 

Дээрх гэрээний 3.1-т “гүйцэтгэгч нь барилгын 5 давхрын 526 тоот 27.83 м.кв талбайг иж бүрэн, чанар сайтай барьж 2012 оны 3 дугаар улиралд багтаан Хөрөнгө  оруулагчид хүлээлгэн өгнө” гэж тохиролцсон боловч гүйцэтгэгч нь дээрх хугацаанд уг барилгыг ашиглалтанд оруулаагүй болох нь Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 01/51/2013 тоот акт, зохигчдын тайлбараар тогтоогджээ. /хэргийн 31-32, 33-36 дугаар тал/

 

Хариуцагч “Сандэй” ХХК нь дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Л.Одонтуяад 27.83 м.кв /нийтийн эзэмшилийн талбайн хамт/ оффис, үйлчилгээний зориулалттай талбайг хүлээлгэж өгөх үүрэгтэйгээс 6.99 м.кв дутуу буюу гэрээний үүргээ зөрчиж 20.84 м.кв талбайг шилжүүлсэн болох нь “Тоонто Гранд” ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 173 тоот, Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 298/01 тоот дүгнэлтүүдээр тогтоогдож байх ба дээрх дүгнэлтүүдэд нэхэмжлэгч Л.Одонтуяагийн өмчлөлийн 20.84 м.кв талбайд нийтийн эзэмшлийн талбай ороогүй гэжээ. Гэрээгээр тохиролцсон хэмжээний талбайг нэхэмжлэгч хүлээн аваагүй гэж шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байгаа тохиолдолд, гэрээний зүйлийг бүрэн хүлээлгэн өгсөн гэдгийг өөрөө нотлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь дээрх 20.84 м.кв талбайгаас гадна нийтийн эзэмшлийн хэдэн м.кв талбайг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдоогүй буюу гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа тайлбар, түүний үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу нотлох баримтаар нотлож чадаагүй байна.

/хэргийн 4-7, 66, 184-185 дугаар тал/

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан ба хариуцагч хууль болон гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан 6 жилийн хугацаанд нэхэмжлэгч нь хариуцагчаас дутуу талбайн зөрүү үнийг шаардах эрхтэй байна.

Харин хариуцагч “Сандэй” ХХК нь барилга ашиглалтад ороход төлбөрөө гэрээнд заасан хугацаа хэтрүүлж төлсөн гэсэн үндэслэлээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алданги нэхэмжилсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд барилгыг ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй болон гэрээний 2.2 дахь хэсэгт заасан үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгч хэдийд хариуцагчид төлөх хугацааг тодорхой тохиролцоогүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайханы давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/00600 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайханы гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 554 098 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ЗОЛЗАЯА

 

                                              ШҮҮГЧИД                              Ш.ОЮУНХАНД     

 

                                                                                             С.ЭНХТӨР