Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/337

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч Д.Ширэндэв,

шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ширэндэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Бт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 0230 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ........... дүүргийн ........ дүгээр хороо, .................. байрны ............. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Х овогт Чын Б /РД:............../,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Шинэ авто худалдааны төв-ийн хашаанд үйл ажиллагаа явуулдаг “................” үйлчилгээний төвийн В1 давхрын “................” нэртэй биллиард болон баарны ВИП өрөөнд буюу нийтэд үйлчилгээ үзүүлэх зориулалттай олон нийтийн газарт ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 160 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Ч.Б.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Ч.Б нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шинэ авто худалдааны төвийн хашаанд үйл ажиллагаа явуулдаг “................” үйлчилгээний төвийн В1 давхарт “................” нэртэй биллиард/баарны үйлчилгээний төрлөөр тусгай зөвшөөрөлтэйгөөр /1хх43/ үйл ажиллагаа явуулдаг. Уг газрын  ВИП өрөөндөө 2022 оны 01 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө хөзөр ашиглан тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь гэрч Г.Энхболдын “...Б ах 17 цагийн орчим ирээд амралтын өрөөнд найзуудтайгаа юм яриад суугаад байсан. Би наана нь хүмүүст үйлчлээд том заалаа хариуцаж байсан. Тэр өдөр хүн дунд зэргийн ачаалалтай байсан ба амралтын өрөөнд 19 цагийн үед ороход ширээн дээр хасаа тавьчихсан Б ах хэсэг хүмүүстэй покер тоглож байсан. Хүний тоог нь мэдэхгүй байна. Зарим хүмүүс нь орж гараад байсан болохоор би ус ундаа оруулж өгсөн юм. Ачаалал бага байсан тул 22 цагтаа хаалгаа бариад том заалаа хаачхаад амралтын өрөөнд ороход дуусаагүй байна жоохон сунгах нь байна цэвэрлэгээгээ хийгээд байж бай гэхээр нь ажлаа хийгээд байж байтал энгийн хувцастай цагдаа нар ороод ирсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-22/,

Гэрч Ш.Гансүхийн “...Бид нар нэг хүний 100.000 төгрөг болгоод хожсон нь тэрийгээ авахаар тоглодог. Хэн нь ямар нэгэн байдлаар ашиг олох зорилгоор тоглоом зохион байгуулж дундаас нь ашиг олох гэж тоглодоггүй. Яг хожсон нь цугларсан мөнгөө авдаг тийм тоглоом байгаа юм...” гэсэн мэдүүлэг /1хх-26-27/,

Гэрч П.Дагвасамбуугийн “...Б, Гансүх болон бусад зүс таних 5-6 хүний хамт байж байгаад Б, Гансүх, Баагий гээд бид 4 хөзрөөр покер гэдэг тоглоом тоглосон юм. Тоглохдоо хасаа ашиглаж хүний 100.000 төгрөг бооцоонд тавьсан ба бооцооны мөнгийг Б барьж байгаад тоглосон. Тэгээд тоглоод удаагүй байж байтал цагдаа нар орж ирээд тэгээд мөрийтэй тоглосон гээд цагдаа дээр авчирсан...” гэсэн мэдүүлэг /1хх29-30/,

Гэрч Б.Баттулгын “...Тэгээд 1 хасааг 500-5000 төгрөгөөр үнэлж, Баас бэлэн мөнгөөр 100.000 орчим төгрөгөөр худалдаж аваад тоглосон, бусад хүмүүс хасаагаа миний харснаар бэлэн мөнгөөр авч байсан. Бид нар Бт өрөөний хөлсөнд хожсон хожил болгоноос 5 хувийг өгч байсан...” гэсэн мэдүүлэг /1хх32/,

Гэрч Б.Энх-Амарын “...2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 20 цагийн орчим над руу Дагвасамбуу залгаад шинэ 22 товчооны авто худалдааны төвийн биллиардын газар хүрээд ир гэхээр нь яваад очсон чинь амралтын өрөөн дотор 4-үүлээ хасаатай покер тоглочихсон сууж байхаар нь дуусахыг нь хүлээгээд сууж байтал цагдаа нар ороод ирсэн...” гэсэн мэдүүлэг /1хх38/ хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-4-11/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх151-154/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.  

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” бол гэмт хэрэгт тооцохоор харин Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом тоглосон бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан.

4. Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд заасан дээрх гэмт хэрэг болон зөрчлийн шинжийг авч үзвэл олон нийтийн газарт ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом тоглох нь зөрчил, харин олон нийтийн газарт ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом тоглуулах буюу зохион байгуулах нь гэмт хэрэгт хамаарахаар ялгаатай хуульчилсан.

5. Хэрэгт авагдсан дээрх гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөгчийн эд зүйлд үзлэг хийсэн, эд мөрийн баримтаар хураан авсан баримт зэргээр хөзөр /хасааг мөнгөөр үнэлэн/ ашиглан мөрийтэй тоглоом тоглосон, ийнхүү тоглохдоо шүүгдэгч Ч.Бын хариуцан ажиллуулдаг олон нийтийн газарт буюу баар/биллиардын газрын тусгай /вип/ өрөөнд тоглосон нь тогтоогдсон.

6. Мөн гэрч Б.Баттулгын мэдүүлэгт дурдсанаар тухайн газарт мөрийтэй тоглоом тоглосны хариуд тухайн газрын эзэн Ч.Бт зохих хувийг өгөхөөр тохирч тоглосон гэсэн байх ба шүүгдэгч энэхүү нөхцөл байдлыг үгүйсгээгүй юм.

7. “Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом” гэдэгт ашиг хонжоо олох зорилготой үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог бүхий л тоглоом хамаардаг ба тус гэмт хэргийн объектив тал нь олон нийтийн газарт хориглосон мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан шинжтэй байдаг. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн хувьд өөрийн эзэмшлийн баар/биллиардын үйл ажиллагаа явуулах зориулалттай газарт бусдыг мөрийтэй тоглох боломжоор ханган тоглуулж, мөн үйл ажиллагаанаас тодорхой хэмжээний ашиг, хувь олж буй байдал нь хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.  

8. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар олон нийтийн газар ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

9. Гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

10. Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжээр торгох ял оногдуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 812.180 төгрөгийг улсын орлого болгуулах дүгнэлт, санал гаргасан.

11. Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Ч.Бын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

12. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

13. Шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, хувиараа хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч Ч.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Хавтаст хэргийн материал, хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг ... улсын орлого болгох болон энэ зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т заасан ажиллагааны журмыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор хамтран батална. Прокурор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, хэргийг хэрэгсэхгүй болгосон бол хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, эд мөрийн баримт, гэмт үйлдлийн замаар олсон орлого, түүнтэй адилтган үзэх бусад эд зүйлийг хууль ёсны эзэмшигчид нь олгох, эсхүл улсын орлого болгуулахаар шүүхэд санал гаргаж шийдвэрлүүлнэ...” гэж,

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт 812.180 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

15. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг диск, 1 ширхэг флаш дискийг хэрэгт хавсаргаж, 924 ширхэг хасаа, 10 хайрцаг хөзрийг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Чулуунбаатарын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар олон нийтийн газар ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бт 800 нэгж буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг  3 /гурав/ сарын  хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт 812.180 /найман зуун арван хоёр мянга, нэг зуун ная/ төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар улсын төсөвт шилжүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг диск, хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг флаш дискийг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, 924 ширхэг хасаа, 10 хайрцаг хөзрийг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР