Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/356

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч Б.Энхбат /томилолтоор/,

шүүгдэгч Б.М, Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Соёлмаагаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М, Н.Д нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2102 00561 0031 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа бүжгийн багш хийдэг, ам бүл 5, эх, ах, дүү нарын хамт ............. аймгийн ........ дүгээр баг, ........ дүгээр хорооллын ........ дугаар байр, ........... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Боржигон овогт Бгийн М /РД:.............../,

2. Монгол Улсын иргэн, 1996 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа бүжгийн багш хийдэг, ам бүл 8, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт .............. аймгийн ........ дугаар баг, ......... дугаар хороолол, ........... дүгээр байрны ....... тоотод оршин суух, урьд:

- Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн,

Боржигон овогт Нын Д /РД:................/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М, Н.Д нар нь 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-уул аймгаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай өвс гэх нэршилтэй нийт 170,4 грамм цэвэр жинтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

Улмаар шүүгдэгч нар 2021 оны  11 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Дархан-Уул аймгаас .................. улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд дайгдан Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны пост хүртэл зорчин ирэхдээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай өвс гэх нэршилтэй нийт 170,4 грамм цэвэр жинтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар цүнхэндээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 63 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Б.М, Н.Д нар.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.М, Н.Д нар нь 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгаас өвс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, улмаар Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот явах замдаа тухайн мансууруулах үйлчилгээтэй “өвс”-ийг тус хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Ц.Тэлмэн, О.Төгстөгөлдөр, Н.Намсрай нарт санал болгон хамтдаа хэрэглэсэн, мөн бодисыг цүнхэндээ хадгалан .................. улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн багажид хийн Улаанбаатар хот руу орж ирэх үедээ Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баруун турууны цагдаагийн пост дээр цагдаагийн эрх бүхий албан хаагчид саатуулагдсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь цагдаагийн дэд ахлагч М.Тэмүүжиний 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн илтгэх хуудас /1хх3/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд “...уг тээврийн хэрэгслийн багажийг онгойлгож үзэхэд тээврийн хэрэгслийн ард талын багажид 2 ширхэг хар саарал өнгийн үүргэвч байх ба уг хар өнгийн үүргэвчинд цагаан өнгийн гялгар уутанд өвс мэт зүйл байсныг үзлэгээр хураан авсан...” гэж тусгаж, гэрэл зургийн үзүүлэлтийг хэрэгт хавсаргасан. /1хх4-8/,

- Мөн 2021  оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авч, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгахад: Б.М, Н.Д, Ц.Тэлмэн, О.Төгстөгөлдөр, Н.Намсрай нараас тус тус “марихуан” гэсэн бодис илэрснийг урьдчилсан байдлаар зааж байна гэсэн тэмдэглэл бүхий биед үзлэг хийсэн, тэдгээрийн биеэс биологийн дээж авах зөвшөөрөл олгосон прокурорын тогтоол, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг хэрэгт хавсаргажээ. /1хх13-34/,

- Гэрч Б.Тэлмэний “...Улаанбаатар хот руу гарах гэтэл танил дүү Төгстөгөлдөр хамт явж болох уу гээд найз Намсрайн хамт ирсэн. Дархан-Уул аймгийн нэгдсэн зар группт зар байрлуулсан чинь чөлөөт бүжиг бүжиглэдэг Д гэх залуу хамт явъя гэхээр нь зөвшөөрсөн чинь нэг найзтайгаа ирээд бид 5-уулаа болоод гарсан. Улаанбаатар хот руу орох гээд 22-ын товчоон дээр байж байтал цагдаа нар шалгахад Дий цүнх болон бас нэг хүний цүнхнээс ууттай нунтаг зүйл гарсан, тэр нь Дтэй хамт явсан хүнийх байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /1хх53-54/,

- насанд хүрээгүй гэрч О.Төгстөгөлдөрийн /17 настай/ “...Дархан хотоос гараад 20 гаран км орчим яваад бие засахаар болж машин зогссон. Буцаад машиндаа орж суухад Д ах ууттай өвс гаргаж ирэхэд М ах тэр хоёр уг өвсийг мөнгөлөг тугалган цаасан дээр тавиад доороос асаагуураар халаа шатаагаад гарсан утааг цаас хуйлж байгаад утааг нь сороод байсан. Тэгээд сонирхоод би 2 удаа сорсон, машинд байсан хүмүүс бүгд сонирхоод дамжуулж сороод байсан... Цагдаа зогсоогоод шалгахад Дий цүнх, бас Мн гэх хар цүнхнээс хоёроос өвч гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг /1хх79-80/,

- насанд хүрээгүй гэрч Н.Намсрайн /17 настай/ “...Хонгор сум өнгөрөөд зогсоход Д ахын найз М нь хэдүүлээ лэйс хэрэглэж үзэх үү гээд цүнхнээсээ нунтаг өвс гаргаж ирээд мөнгөлөг цаас дээр тавиад доороос нь асаагуураар халааж байгаад гарсан утааг нь цаас хуйлж байгаад сорсон. Машинд байсан хүмүүс 2-3 дуу сорж хэрэглэсэн. ...цагдаа шалгахад М ах өөрийн үүрч явсан хар өнгийн цүнхээ миний цүнх биш гээд байсан...сүүлд сонсож байхад Д ахын цүнхнээс бас жоохон өвс гарсан гэж байсан...Д, М ах хоёр хоорондоо нөгөөх чинь байгаа биз дээ гэх зэргээр ярьж байсан... би урьд өмнө ийм зүйл огт хэрэглэж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /1хх86-87/,

- Н.Д гэж хаягласан, Б.М гэж хаягласан, Ц.Тэлмэн гэж хаягласан, Н.Намсрай, О.Төгстөгөлдөр гэж хаягласан шээсэнд тус тус тетрагидроканнабинол илрэв, НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай" конвенцын жагсаалтад багтдаг гэсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн дүгнэлтүүд /1хх110-111, 115-116, 120-121, 125-126, 130-131/,  мөн эд мөрийн баримтаар хураан өвс мэт зүйлд хийсэн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5506 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх103-105/ зэргээр тус тус нотлогдож байна.  

3. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад "мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис" гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, "Мансууруулах эмийн тухай" 1961 оны НҮБ-ын Конвенци, "Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай" 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгохоор заасан.

4. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд шүүгдэгч нарын цүнхнээс гарч ирж хураагдсан, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон гялгар ууттай өвс мэт зүйлд шинжилгээ хийсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн шинжээчийн 5506 дугаар дүгнэлтээр “...тээврийн хэрэгслээс хураан авсан цагаан өнгийн гялгар уутанд хийсэн 205 гр жинтэй өвс мэт зүйлс гэж хаяглагдсан цагаан өнгийн гялгар уутанд хийж битүүмжилсэн 170,4 гр жинтэй өвс мэт зүйлд делта-9 тетрагдроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илрэв. Делта-9 тетрагдроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol нь НҮБ-ийн 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг...” гэж тодорхойлжээ.  /хх103-105/.

5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн, бусдад өгсөн, олж авсан, хадгалсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор, харин худалдаалах зорилгоор үйлдсэн бол гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд хамааруулахаар заасан буюу шүүгдэгч нар нь хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан үйлдэл тогтоогдож байна.

6. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нарын хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодис олж авсан, хадгалсан үйлдэлд худалдаалах зорилготой байсан гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, прокуророос гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо худалдаалах зорилгогүйгээр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан.

8. Шүүгдэгч нарын хувьд гэм буруугийн санаатай хэлбэрээр, хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг олж авсан, цүнхэндээ хадгалан авч явж байсан байх бөгөөд гэмт хэргийг үйлдэхэд санаатай нэгдэж, бүлэглэн үйлдсэн гэж дүгнэсэн нь хуулийг зөв хэрэглэжээ.

9. Мөн шүүгдэгч Б.М, Н.Д нараас авсан шээсний дээжид хийсэн шинжилгээнд тухайн “дельта-9 тетрагидроканнабинол” бодис илэрсэн болох нь шинжээчийн 5508, 5510 дугаар дүгнэлтүүдээр тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.

10. Тиймээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.М, Н.Д нарыг бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

11. Тус хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Ц.Тэлмэн, О.Төгстөгөлдөр, Н.Намсрай нарын сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн зөрчлийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар холбогдох баримтын хамт харьяаллын дагуу шилжүүлсэн баримтыг хэрэгт хавсаргасныг дурдаж байна. /2хх11/

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

12. Гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

13. Улсын яллагчаас шүүгдэгч Б.М, Н.Д нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч нараас тээврийн хэрэгслийн үнэ болох 17.453.660 төгрөгийг гаргуулж улсын орлого болгуулах дүгнэлт гаргасан.

14. Шүүгдэгч нар нь хууль бусаар сэтгэцэд нөлөөт бодисыг олж аван, хадгалж байсан үйлдэл нь урьдаас төлөвлөсөн шинжтэй үйлдэл тул тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй, харин 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 заалтад заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

15. Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч нар нь хууль бусаар олж авсан сэтгэцэд нөлөөт бодисоо хэрэглэхдээ хамт явсан насанд хүрээгүй 2 хүн болон тээврийн хэрэгсэл жолоодож явсан хүнд санал болгон хэрэглүүлсэн, гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэмт хэргийн олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

16. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт үйлдэлд хамаарах буюу тэр дундаа залуу үеийн эрүүл мэнд, хүмүүжил, оюун санаанд хортойгоор нөлөөлдөг учраас энэ төрлийн гэмт хэргийг нийгмийн хор аюулын шинж ихтэйд тооцон үздэг. Шүүгдэгч нарын хувьд дээр дурдсанаар тухайн бодисыг бусдад санал болгон хэрэглүүлж буй үйлдэл нь энэ төрлийн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ихэсгэж байгааг дурдах нь зүйтэй.

17. Шүүгдэгч Н.Д, Б.М нарын хувьд урьд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, мөн сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж байдалгүй /1хх153, 158/ байх боловч тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдыг уруу татаж буй байдлыг харгалзан үзэж тэдгээрт хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй дүгнэлээ.

18. Иймд шүүгдэгч Н.Д, Б.М нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, холбогдсон гэмт хэргийн ангиллын хувьд хөнгөн, хувийн байдлын хувьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаагүй, сэтгэцэд нөлөөт бодисын төрөл зэргийг харгалзан тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуульд заасан хорих ялын доод хэмжээ болох 1 жилийн хугацаагаар тус тус хорих ял оногдуулж, хувийн байдлыг нь харгалзан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

19. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын харьяа Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа MINISO гэсэн хаяг бүхий үүргэвчтэй цүнх 1 ширхэг, PLAY BOY гэсэн бичиглэлтэй бэлгэвч 1 ширхэг, цэнхэр өнгийн L гэсэн бичиглэлтэй 1 ширхэг бэлгэвч, ягаан өнгийн жижиг савтай санитол 1 ширхэг, цагаан өнгийн металл зүүлт 1 ширхэг, Ципринол 500 гэсэн эм 1 ширхэг, Кенадол гэсэн бичиглэлтэй эм 2 ширхэг, хуванцар гонзгой ногоон өнгийн тагтай сав 1 ширхэг, цагаан өнгийн гялгар ууттай, түүн дотор шар өнгийн гялгар ууттай 176,2 грамм өвс зэргийг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэв.

20. Улсын яллагчаас шүүгдэгч нарыг сэтгэцэд нөлөөт бодисыг тээврийн хэрэгсэлд хадгалсан буюу гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан гэж дүгнэн, Ц.Тэлмэний эзэмшлийн тээврийн хэрэгслийн үнийг гаргуулан улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч Н.Д, Б.М нар нь Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу танилынхаа тээврийн хэрэгсэлд сууж зорчсон, тухайн сэтгэцэд нөлөөт бодисыг тус тусын цүнхэндээ хадгалж байсан үйл баримтын тогтоогдсон тул тэдгээрийг гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзэх үндэслэлгүй юм.  

21. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бгийн М, Нын Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Н.Д нарт тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын харьяа Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа MINISO гэсэн хаяг бүхий үүргэвчтэй цүнх 1 ширхэг, PLAY BOY гэсэн бичиглэлтэй бэлгэвч 1 ширхэг, цэнхэр өнгийн L гэсэн бичиглэлтэй 1 ширхэг бэлгэвч, ягаан өнгийн жижиг савтай санитол 1 ширхэг, цагаан өнгийн металл зүүлт 1 ширхэг, Ципринол 500 гэсэн эм 1 ширхэг, Кенадол гэсэн бичиглэлтэй эм 2 ширхэг, хуванцар гонзгой ногоон өнгийн тагтай сав 1 ширхэг, цагаан өнгийн гялгар ууттай, түүн дотор шар өнгийн гялгар ууттай 176,2 грамм өвс зэргийг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.М, Н.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн тэдгээрийг цагдан хорьсугай.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М, Н.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР