| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 240/2017/0157/и |
| Дугаар | 306 |
| Огноо | 2017-08-28 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 306
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн *******,
Хариуцагч: “*******” ХХК,
568.975.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, хариуцагчийн өмгөөлөгч В.Жавхланбаяр, нарийн бичгийн дарга Н.Одгариг нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өмнөговь аймгийн хэмжээнд 1000 айлын орон сууц барих төслийн хүрээнд Номгон суманд “48 айлын орон сууц барих төсөл”-ийн ажил гүйцэтгэх ӨМ/2014/Т-02 дугаартай гэрээг “*******” ХХК-тай 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу нээлттэй тендер сонгон шалгаруулан “*******” ХХК-тай гэрээ байгуулсан болно. Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч компанийн санал болгосон ажлын төсвийн үнийн дүнгийн 50 хувийг урьдчилан өгч орон нутагт барилга угсралтын ажлыг гүйцэтгэх боломжийг тус компанид олгосон юм. Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу захиалагч нь гүйцэтгэгч талд урьдчилгаа 750.000.000 төгрөгийн санхүүжилтийг төлөх, гүйцэтгэгч тал нь 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор 16 айлын орон сууцыг, 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд 32 айлын орон сууцыг тус тус барьж ашиглалтанд оруулах гэрээний урьдчилгаа болгон өгсөн санхүүжилтийг 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр эргэн төлөх нөхцөлтэйгээр байгуулсан юм. Гэрээний дагуу “*******” ХХК-д урьдчилгаа төлбөрийг 2014 оны 05 дугаар сарын 22-нд 750.000.000 төгрөг шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл тухайн орон сууцны барилга угсралтын ажлыг дуусгаагүй байна. 2015 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан санхүүжилтийг эргэн төлөх хугацааг 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр болгон өөрчилсөн. Тухайн нэмэлт гэрээний 2.1.2-д 1 ... барилгыг хугацаандаа гүйцэтгээгүй санхүүжилтийг бүрэн эргэн төлөөгүй тохиолдолд нийт санхүүжилтийн 10 хувьтай тэнцэх торгуулийг 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төлөх” нэмэлт үүргийг гүйцэтгэгч тал хүлээсэн байна. 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэрээнд өөрчлөлт оруулан санхүүжилт төлж дуусах өдрийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл болгон өөрчлөлт оруулсан болно. 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дахин гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан төлбөр төлөх хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр болгон өөрчлөлт оруулсан юм. Гэрээнд заасан хугацаа дуусгавар болсон боловч барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгээгүй, санхүүжилт төлбөрөөс 232.750.000 төгрөгийг төлж үлдэгдэл 517.250.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл буцаан төлөөгүй байна. Хариуцагч компаниас 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний 2 дугаар заалтын 2.1.2-т заасны дагуу санхүүжилтийн 10 хувьтай тэнцэх 51.725.000 төгрөгийн торгуулийг үндсэн төлбөрийн хамт хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Иймд “*******” ХХК-иас гэрээний санхүүжилт 517.250.000 төгрөг, торгууль 51.725.000 төгрөг нийт 568.975.000 төгрөгийг гаргуулж төрийн байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д төсвийн байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул манай байгууллагын нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөговь аймгийн хэмжээнд 1000 айлын орон сууц барих төслийн хүрээнд Номгом суманд 48 айлын орон сууц барих төслийн ажил гүйцэтгэх гэрээг Өмнөговь аймаг ӨМ/2014/Т-02 дугаартай “*******” ХХК-тай 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан гэрээгээр гүйцэтгэгч “*******” ХХК-нд санал болгосон ажлын төслийн үнийн дүнгийн 50 хувь болох 750.000.000 төгрөгийг урьдчилан өгч орон нутагт барилга угсралтын ажил гүйцэтгэх ажиллагааг “*******” ХХК-нд даалгасан байдаг. “*******” ХХК-нь 48 айлын орон сууцыг 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 01-ны өдөр хүртэл 16 айлын орон сууцыг барьж дуусгаж ашиглалтад оруулах мөн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нийт 32 айлын орон сууц барьж дуусгаж ашиглалтад оруулах гэрээний нөхцөлтэй байсан. Өмнөговь аймгийн ******* буюу захиалагч нь гэрээнд хүлээсэн үүрэг буюу санхүүжтилт нь төслийн хүрээнд урьдчилгаа 750.000.000 төгрөгийг шилжүүлж өгсөн байдаг. “*******” ХХК авсан санхүүжилтээ 2015 оны 03 сарын 02-ны өдөр эргэн төлөх үндэслэлтэйгээр гэрээ байгуулсан байдаг. 2015 оны 03 сарын 02-ны өдөр болоход “*******” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу санхүүжилтийг эргэн төлөөгүй учраас “*******” ХХК гаргасан хүсэлтийг үндэслэн 2015 оны 3 сарын 22-ны өдөр гэрээнд өөрчлөлт оруулан санхүүжилтийн эргэн төлөх хугацааг 2015 оны 04 сарын 15-ны өдөр болгон өөрчилсөн ийм байдлаар “*******” ХХК 3 удаа хүсэлт гаргаж тухай бүрт санхүүжилтийг эргэн төлөх хугацааг сунгаж шийдвэрлэж байсан. “*******” ХХК нийт олгосон санхүүжилтийн эргэн төлсөн байдагаас үлдэгдэл 517.250.000 төгрөгийг 2017 оны 05 сарын 22-ны өдрийг хүртэл төлөөгүй байсаны улмаас манайх нэхэмжлэл гаргах үндэслэл болсон нийт 568.975.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Аюурзана шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай “*******” ХХК нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу нээлттэй тендер сонгон шалгаруултанд шалгарч Өмнөговь аймгийн Номгон суманд “48 айлын орон сууц барих төсөл”-ийн ажил гүйцэтгэх ӨМ/2014/Т-02 дугаартай гэрээг аймгийн Засаг даргын тамга газрын дарга Б.Түвшинбаяртай 2014 оны 05-р сарын 16-ны өдөр байгуулсан. Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 2.1 дэх хэсэпг заасны дагуу захиалагч талаас орон сууцны өртгийн 50 хувь болох 750,000,000 төгрөгийн санхүүлжилтыг 2014 оны 05-р сарын 22-ны өдөр шилжүүлсэн. Манай компани гэрээнд заасан барилга угсралтын ажлыг гүйцэтгэж дуусгасан бөгөөд оршин суугчид байрандаа ороод эхэлсэн байгаа. Түүнчлэн гэрээний талууд харилцан тохирч нийт 3 удаа гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд хамгийн сүүлд 2016 оны 07 сарын 01-ний өдөр байгуулсан гэрээнд санхүүжилтийн эргэн төлөх хугацааг “2016 оны 11-р сарын 25-ны өдөр” болгон өөрчлөлт оруулсан. Манай компани нийт олгосон санхүүжилтээс 232,750,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөр болох 517,250,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулах болно. Харин торгууль болох 51,750,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Засгийн газраас малчдад 8 хувийн хүүтэй ипотекийн зээл олгохоор хэлэлцэж байсан боловч малчдад ипотекийн 8 хувийн хүүтэй зээлийг олгохгүйгээр шийдвэрлэсэн. Манай компанийн хувьд зорилтот зах зээл нь малчдад руу чиглэсэн бөгөөд орон сууцаа тэдэнд худалдан борлуулна гэж үзэж байсан ч Засгийн газраас малчдад ипотекийн 8 хувийн хүүтэй зээлийг олгохгүйгээр шийдвэрлэсэн нь хүндрэл учруулаад байна. Тус компани нь өөрийн хөрөнгөөр малчдад ипотекийн 8 хувийн хүүтэй зээлийг олгож байгаа бөгөөд эдгээр нөхцөл байдлаас үүдэн санхүүжилтийн эргэн төлөлт удаашралтай байна. “*******” ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 517,250,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч талаас дээрх үнийн дүнг хүлээн зөвшөөрч эвлэрэх боломжтой гэж үзвэл эвлэрлийн гэрээ байгуулах өдөр 100,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 417,250,000 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлж барагдуулах саналтай байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “*******” ХХК нь төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуульд заасаны дагуу сонгон шалгаруулалтанд тэнцээд Өмнөговь аймгийн Номгон суманд 48 айлын орон сууц барих төслийн ажил гүйцэтгэх ӨМ/2014/Т-02 дугаартай гэрээг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргатай 2014 оны 05 сарын 16-ны өдөр гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 2.1 дэх хэсэгт заасны дагуу захиалагч талаас орон сууцны урьдчилгаа 50 хувь болох 750.000.000 төгрөгийг манай талд шилжүүлсэн. Энэ шилжүүлсэн төгрөгийг манай компанийн зүгээс барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэхүү шилжүүүлсэн санхүүжилтийн эргэн төлөх хугацааг манай компанийн зүгээс санал , хүсэлт гаргаад эргэн төлөх хуагцааг 3 удаа өөрчлөлт оруулсан. Энэ эргэн төлөлтийг манай компаний зүгээс 232,750,000 төгрөгийг Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газарт шилжүүлсэн үлдэгдэл 517,250,000 төгрөгийг манай компанийн зүгээс маргахгүй байгаа буцааж эргэн төлнө. Харин торгууль болох 51.725.000 төгрөгийг манай компанийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна яагаад гэвэл манай компанийн зүгээс баригдаж байсан барилга нь малчдад зориулагдсан байсан. Тухайн үед Засгийн газраас малчдад 8 хувийн хүүтэй ипотекийн зээл олгох асуудлыг хэлэлцэж байсан. Хэрвээ малчдад энэ зээлийг олгох юм бол манай байрны борлуулалт явагдах байсан үүнтэй холбоотойгоор манай компанийн борлуулалт удаашрасны улмаас манайх эргэн төлөлтөө хийж чадахгүй асуудал үүссэн гэв.
Харуицагчийн өмгөөлөгч В.Жавхланбаяр шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Өмнөговь аймгийн ******* нийт 568.975.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 2014 оны 05 сарын 16-ны өдөр байгуулсан гэрээ нь Номгон суманд 48 айлын орон сууц барьж ашиглалтанд оруулах гэрээ байгуулан санхүүжилт олгосон байдаг. Одоогоор ашиглалтанд орсон байр нь 8 айлын орон сууц болон 16 айлын орон сууц ашиглалтанд орсон байгаа. Гэхдээ 2015 оны гэрээнд өөрчлөлт орсон байдаг. Өмнөговь аймгийн Номгон сум нь өөрөө иргэд багатай мөн хүн амын нягтрашил бага гэсэн үүднээс өөрчлөлт ороод талууд харилцан тохиролцоод Даланзадгад сумын төв дээр 50 айлын орон сууц барих ажил эхэлсэн тэр санхүүжилтээрээ эхэлсэн 50 айлын орон сууцыг ашиглалтад оруулан, улсын комисс хүлээн авсан. Талууд 2016 оны 04 сарын 22-ны өдөр энэ гэрээгээ бас харилцан тохиролцсон байдаг. ӨМ/2014/Т-02 гэрээнд өөрчлөлт оруулах нь гэж байгаад Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 50 айлын орон сууц ашиглалтанд оруулах тухай гэрээ байдаг. “*******” ХХК-тай анх байгуулсан ӨМ/2014/Т-02 гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн байгаа. Гэрээний явцад Номгон суманд 48 айлын орон сууц гэж байсан боловч талууд харилцан тохиролцоод Номгон суманд 16 айлын орон сууц, Даланзадгад суманд 50 айлын орон сууц барихаар болж өөрчлөгдсөн байдаг. Энэ зүйлийг Өмнөговь аймгийн Засаг дарга өөрөө мэдэж байгаа. Энэ нэхэмжлэлдээ огт дурьдаагуй байна. Тэгэхлээр Номгон суманд 16 айлын орон сууц, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 50 айлын орон сууцыг манай кампани хугацаандаа ашиглалтад оруулсан байдаг мөн улсын комисс хүлээж авсан. 2015 оны 10 сард ашиглалтад орсон боловч, бэлэн мөнгөөр авах иргэд байхгүй. Мөн 8 хувийн зээлд хамрагдах шалгаруулалтыг иргэд хангаж чадахгүй байгаагаас шалтгаалаад Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газарт эргэн төлөх санхүүжилтийн ажил удааширч байгаа. Энэ зүйл дээр “*******” ХХК-ийн буруутай үйлдлээс болоод санхүүжилт эргэн төлөх хугацаа удаашраад байгаа асуудал биш юм. Өмнөговь аймгийн ******* нь өөрөө бас бодолцох хэрэгтэй хэрвээ иргэд 8 хувийн зээлд хамрагдаад борлуулалт хийгдэх юм бол манай компани тухай бүрт нь санхүүжилтийг эргэн төлөх боломж байгаа гэвч тийм боломж байхгүйгээс болоод одоо хүртэл санхүүжилт удааширсан асуудал үүсээд байна. Энэ зүйлийг харилцан бодож үзээд алданги торгуулийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл /хх-1-2/, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2-586 дугаартай итгэмжлэл /хх-3/, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/, Өмнөговь аймгийн хэмжээнд 1000 айлын орон сууц барих төслийн хүрээнд Номгон суманд хэрэгжих “48 айлын орон сууц барих төсөл”-ийг гүйцэтгэх ажлын гэрээ /хх-5-8/, нэхэмжлэх /хх-9/, Өмнөговь СТХэлтэс их засвар, санхүүжилтийн мэдэгдэл /хх-10/, Өмнөговь аймгийн хэмжээнд 1000 айлын орон сууц барих төслийн хүрээнд Даланзадгад суманд хэрэгжих “50 айлын орон сууц барих төсөл”-ийг гүйцэтгэх ажлын ӨМ/2014/Т-02 дугаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ /хх11/, Өмнөговь аймгийн хэмжээнд 1000 айлын орон сууц барих төслийн хүрээнд Даланзадгад суманд хэрэгжих “48 айлын орон сууц барих төсөл”-ийг гүйцэтгэх ажлын ӨМ/2014/Т-02 дугаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ /хх-12/, Өмнөговь аймгийн хэмжээнд 1000 айлын орон сууц барих төслийн хүрээнд Даланзадгад суманд хэрэгжих “50 айлын орон сууц барих төсөл”-ийг гүйцэтгэх ажлын ӨМ/2014/Т-02 дугаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ /хх-13/, ******* ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 16 дугаартай итгэмжлэл /хх-15/, 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 19 дугаартай итгэмжлэл /хх-20/, 20 дугаартай хариу тайлбар /хх-21/, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаартай итгэмжлэл /хх-28/ зэргийг шинжлэн судлаад Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 42 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, ******* ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 36 дугаартай итгэмжлэл, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2-1263 дугаартай албан бичиг, Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн актын хуулбар, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдриййн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар нь “*******” ХХКомпанид холбогдуулж 568.975.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид нь 2014 оны 05 сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн хэмжээнд 1000 айлын орон сууц барих төслийн хүрээнд Номгон суманд “48 айлын орон сууц барих төсөл”-ийн ажил гүйцэтгэх ӨМ/2014/Т-02 дугаартай гэрээг 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулжээ.
Гэрээгээр төслийг гүйцэтгэгч тал нь барилгыг барьж байгуулан ашиглалтанд оруулж иргэдэд худалдах, шилжүүлэх, төслийн санхүүжилтийг эргэн төвлөрүүлэх үүргийг хүлээж, төслийн захиалагч тал нь гэрээний дагуу төслийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр төслийн санхүүжилтийг олгох үүрэг хүлээхээр харилцан тохиролцож, орон сууцны нийт өртгийн 50 хувь болох 750.000.000 төгрөгийг захиалагч тал гүйцэтгэгч талд санхүүжилтээр олгосон болох нь Өмнөговь аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэсийн 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн баримт, (01)-60 /ОНТөсөв/ дугаартай санхүүжилтийн мэдэгдэл /хх-10/ нотлогдож байх бөгөөд талууд энэ талаар маргахгүй байна.
Улмаар гэрээний талууд харилцан тохиролцож 2015 оны 03 дугаар сарын 21-ний өдөр, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрүүдэд гэрээний хугацааг сунгажээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан “ Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч “*******” ХХК нь “... торгууль болох 51,750,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Засгийн газраас малчдад 8 хувийн хүүтэй ипотекийн зээл олгохоор хэлэлцэж байсан боловч малчдад ипотекийн 8 хувийн хүүтэй зээлийг олгохгүйгээр шийдвэрлэсэн. Манай компанийн хувьд зорилтот зах зээл нь малчдад руу чиглэсэн бөгөөд орон сууцаа тэдэнд худалдан борлуулна гэж үзэж байсан ч Засгийн газраас малчдад ипотекийн 8 хувийн хүүтэй зээлийг олгохгүйгээр шийдвэрлэсэн нь хүндрэл учруулаад байна. Тус компани нь өөрийн хөрөнгөөр малчдад ипотекийн 8 хувийн хүүтэй зээлийг олгож байгаа бөгөөд эдгээр нөхцөл байдлаас үүдэн санхүүжилтийн эргэн төлөлт удаашралтай байна... “ гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2 дахь хэсэгт “ Үүрэг үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй “, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт “ үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ” гэж зааснаар гэрээний талууд харилцан тохиролцож үндсэн гэрээний хугацааг сунгаж, санхүүжилтийг эргэн төлөх хугацаа олгосон атал гүйцэтгэгч тал үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагч “*******” ХХКомпаниас гэрээний санхүүжилт 517.250.000 төгрөг, торгууль 51.725.000 төгрөг нийт 568.975.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Шүүх Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2-586 дугаартай итгэмжлэл /хх-3/, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/, Өмнөговь аймгийн хэмжээнд 1000 айлын орон сууц барих төслийн хүрээнд Номгон суманд хэрэгжих “48 айлын орон сууц барих төсөл”-ийг гүйцэтгэх ажлын гэрээ /хх-5-8/, нэхэмжлэх /хх-9/, Өмнөговь СТХэлтэс их засвар, санхүүжилтийн мэдэгдэл /хх-10/, Өмнөговь аймгийн хэмжээнд 1000 айлын орон сууц барих төслийн хүрээнд Даланзадгад суманд хэрэгжих “50 айлын орон сууц барих төсөл”-ийг гүйцэтгэх ажлын ӨМ/2014/Т-02 дугаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ /хх11/, Өмнөговь аймгийн хэмжээнд 1000 айлын орон сууц барих төслийн хүрээнд Даланзадгад суманд хэрэгжих “48 айлын орон сууц барих төсөл”-ийг гүйцэтгэх ажлын ӨМ/2014/Т-02 дугаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ /хх-12/, Өмнөговь аймгийн хэмжээнд 1000 айлын орон сууц барих төслийн хүрээнд Даланзадгад суманд хэрэгжих “50 айлын орон сууц барих төсөл”-ийг гүйцэтгэх ажлын ӨМ/2014/Т-02 дугаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ /хх-13/, ******* ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 16 дугаартай итгэмжлэл /хх-15/, 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 19 дугаартай итгэмжлэл /хх-20/, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаартай итгэмжлэл /хх-28/, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдриййн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг нотлох баримт нь хэрэгт хамааралтай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаж, нотариатаар гэрчлэгдсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэсэн болно.
Харин Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2-1263 дугаартай албан бичиг, Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн актын хуулбар зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй нотлох баримт болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “*******” ХХК-иас 568.975.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газарт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамж 3.002.825 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 3.002.825 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР