Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/362

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч Н.Улсболд,

шүүгдэгч С.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Мт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00479 0322 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1956 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр Булган аймагт төрсөн, 66 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, геологич мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр, зээ охины хамт .......... дүүргийн ......... дугаар хороо, ............. дугаар байр, ........ тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ........... аймгийн ............ тоотод оршин суух, урьд

- Дорноговь аймгийн сум дундын шүүхийн 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 4 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

- Дорноговь аймгийн сум дундын эрүүгийн хэргийн 1-р шүүхийн 1997 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 149 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 139 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялын хугацаа дуусаж суллагдсан,

Халиун овогт Сын М /РД:.................../,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч С.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ............... дүүргийн ........... дугаар хороо, .......... дугаар байрны .......... тоотод өөрийн төрсөн дүү С.Эын толгой хэсэгт архины шилээр цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 256 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч С.М.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдаж байна.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч С.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, ...................... тоотод өөрийн төрсөн дүү С.Этай маргалдан түүний толгой хэсэгт архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Энэ нь хохирогч С.Эын “...Манай ах М Замын-Үүдэд амьдардаг. 2022 оны 01 сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд бид хоёр нэг шил архи аваад манай гэрт ярилцаад ууж байтал манай ах М ...би бяр чадалтай хүн гээд уурлаад байсан. Ах архи уучихсан аягүй бол хутга шөвгөөр хүн амьтан гэмтээж магадгүй юм байна гэж бодоод хутгыг нь аваад орцны жижүүрт өгсөн. Тэгтэл жижүүр цагдаа дуудсан байсан. Тэгээд би буцаж гэр лүү ортол ах намайг цагдаад дуудлаа гэж уурлаад миний толгой руу архины шилээр нэг удаа цохисон. Тэр үед архины шил нь хагарсан. Би гэртээ өөрөөрөө эдгэсэн. Надад гомдол санал байхгүй, ах надаас уучлалт гуйж эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх19-20/,

- 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх4/,

- Гэрч Б.Буяндэлгэрийн /эргүүлийн офицер/ “...Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо ...................... тоотод “хоёр өвгөн зодолдоод байна” гэх дуудлага мэдээллийг очиж шалгахад гэр нь эмх замбараагүй болчихсон байсан. Тухайн үед хохирогч гэх Э гэж хүний толгой, хөмсөг хэсгээс нь цус гараад нүүр ам, хувцас нь цус болсон байсан. Юу болсон талаар асуухад ах намайг цохисон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх22-23/,

- шүүгдэгч С.Мын гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...би тухайн үед байсан 0,33 граммын архины шилээр толгой хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгтэл Эын толгой хэсгээс цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх49/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна. 

3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1740 дугаар шинжилгээний дүгнэлтэд “С.Эын биед дух, зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо болон хурц ир ирмэг бүхий зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх33-34/,

4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр архины шилээр толгойн тус газарт цохисон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

6. Хохирогч С.Э нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

7. Улсын яллагчаас шүүгдэгч С.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

8. Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч С.Мын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

9. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуугаар хохирогчийг архины шилээр цохисон, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд 66 настай, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

10. Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, өндөр настны тэтгэвэрт байдаг зэргийг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч С.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

11. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сосоржавын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мт 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг  4 /дөрөв/ сарын  хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР