| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2022/0346/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/363 |
| Огноо | 2022-03-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.Отгончимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/363
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,
улсын яллагч Ж.Отгончимэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.М,
шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Отгончимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Бод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00077 0223 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт ............. дүүргийн ......... дүгээр хороо, .............. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
З овогт Ций Б /РД:................/,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, ............... тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Л.Бын толгой, нүүр, нүд хэсэг рүү нь гараараа цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 187 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Ц.Б.
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч Ц.Б нь хохирогч Л.Б нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Улмаар 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, ............... тоот гэртээ хамтдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн архинаас болж маргалдан шүүгдэгч Ц.Б нь Л.Бын толгой, нүүр хэсэг рүү нь гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, улмаар хохирогч Л.Б нь спиртийн цочмог хордлогоор 2021 оны 12 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө нас барсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мгийн “...2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 12 дугаар сарын 04-ний шилжих шөнө үүрээр 05 цаг 30 минутын орчим над руу манай төрсөн эгч Сэржмядаг залгаад дүү Б нас барчихсан байна аа, сая нөхөр Б надад хэллээ гэж хэлсэн. Тэрийг сонсоод би шууд гэрт нь очсон. Намайг очиход цагдаагийн алба хаагч нар ирчихсэн үзлэг хийж байна гэж хэлсэн. Манай дүү Лонжидын Б нь Б гэдэг хүнтэй хамтран амьдраад 7 орчим жил болж байгаа юм. ...Ер нь архи уухаараа манай дүү Бод гар хүрчихдэг хэд хэдэн удаа эрүүлжүүлэгдэж байсан удаатай...” гэсэн мэдүүлэг /хх19/,
Дахин мэдүүлсэн “...Хамгийн сүүлд зодсон асуудлын хувьд 12 дугаар сарын 01-ний өдөр тэр хоёрын гэрт очиход манай дүү галаа түлээд сууж байсан ба 2 нүд нь хөхөрчихсөн байхаар нь яасан юм гээд асуутал өчигдөр намайг Б зодсон гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх20/,
шүүгдэгч Ц.Бын яллагдагчаар өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр амь хохирогч Л.Б нь надаас архи нэхээд агсам тавиад байхаар нь би 2 нүднийх нь дунд нь баруун гараараа 1 удаа, толгойных нь зүүн тал руу гараараа 1 удаа хүчтэй цохисон. Тэгээд баруун гарынх нь шуунаас нь гараараа атгаад орон дээр хэвтүүлээд унтуулсан. Удалгүй бид хоёр эвлэрээд тэрнээс хойш дахиад ууцгаасан. Бид хоёр ихэвчлэн Монгол стандарт гэдэг архи уудаг юм. Хамгийн сүүлд 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 2 шил 0,75 литрийн Монгол стандарт гэдэг архи ууж дуусаад унтацгаасан. Тухайн үед их согтолттой байсан болохоор хэдэн цагт унтсаныг санахгүй байна. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө үүрээр 5 цагийн орчим сэрэхэд би хүүтэй зүүн талын орон дээр сэрсэн. Харин манай эхнэр гэрийн баруун талын орон дээр баруун тийшээ хана руу харчихсан унтаж байхаар нь хүүгээ авч бай би гал түлээдэхье гэж хэлээд гараас нь татах гэтэл гар нь хөрчихсөн хүйтэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх86-88/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн 11 дугаар дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх4-8/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх9-10/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
3. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 11 дугаар дүгнэлтэд “талийгаач Л.Бын биед зүүн чамархайн хуйхан доор, чамархайн булчинд цус хуралт, дух, хоёр нүдний дээд, доод зовхи, баруун шуу, шилбэ, зүүн шилбэ, дух, зүүн шанаа, хүзүүнд хуучин зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүдийг авснаас хойш идэвхтэй хөдөлгөөн хийх боломжтой. Зүүн чамархайн хуйхан доор, чамархайн булчин, дух, хоёр нүдний дээд, доод зовхи, баруун шуу, шилбэ, зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дух, зүүн шанаа, хүзүүнд хуучин зулгаралт гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Шүүх химийн шинжилгээгээр цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Цусанд 5.8 промилль спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь спиртийн цочмог хордлогын улмаас олон эрхтний дутагдалд орж нас баржээ. 2021.12.04-ний 11 цаг 25 минутад нас бараад 16-18 цаг болсон байна. Талийгаач нь эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байна. Талийгаач Л.Б нь В /III/ бүлгийн цустай байна.” гэж тодорхойлжээ. /хх32-36/
4. Амь хохирогч Л.Бын биед “зүүн чамархайн хуйхан доор, чамархайн булчинд цус хуралт, дух, хоёр нүдний дээд, доод зовхи, баруун шуу, шилбэ, зүүн шилбэ, дух, зүүн шанаа, хүзүүнд хуучин зулгаралт гэмтэл” тогтоогдсон байх ба уг гэмтлийг шүүгдэгч Ц.Б гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийг зодож, цохисон үйлдлийн улмаас учирсан гэж үзэх үндэслэлтэй байна. Харин хохирогчийн амь нас хохирсон нь шүүгдэгчийн зодож цохисон үйлдэлтэй хамааралгүй, архины цочмог хордлогоос болсон нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
5. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” нь хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд буюу “...хамтран амьдрагч...” нь тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэр бүлийн хүчирхийлэл гэж ойлгохоор заасан.
Шүүгдэгчийн хувьд архидан согтуурч гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэрээ зодсон, мөн урьд өмнө нь зодож цохиж байсан нь хууль ёсны төлөөлөгчийн болон шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлгээр тогтоогдсон ба гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
6. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.М нь шүүх хуралдаанд гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
8. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргасан.
9. Шүүгдэгч Ц.Бын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
10. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд байнга архидан согтуурдаг, хохирогчийн биед халдан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг нь харгалзан үзлээ.
11. Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, бага насны хүүхдээ хардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй нөхцөл байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч Ц.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
14. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй.”, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт “... хүүхэд гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага ...нь хүүхдийн эрх зөрчигдсөн гэж үзвэл хуульд заасан журмын дагуу төрийн байгууллагад гомдол, хүсэлт, шүүхэд нэхэмжлэл, холбогдох албан тушаалтан, хуулийн этгээдэд хүсэлт, шаардлага гаргаж болно” гэж заасан. Дээр дурдсанаар бага насны хүүхэд болох Бын Ирмүүний хажууд түүний төрсөн эцэг нь байнга архидан согтуурдаг нөхцөл байдал тогтоогдсон тул цаашид хүүхдийн эрх зөрчигдөж байгаа эсэхэд анхаарал хандуулан ажиллах шаардлагатай байна. Үүнтэй холбоотойгоор шүүхийн шийдвэрийн хувийг Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст хүргүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Циений Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бод 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэрийн хувийг Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР