Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/406

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Х.Нарангуа,

шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Нарангуагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Нд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 0233 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Зуун мод суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Мон лаа 3-8а тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Б овогт Бын Н /РД:............../,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, .................... тоот гэртээ хамтран амьдрагч Ц.Эыг хардалтын улмаас зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 116 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Б.Н.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн оролцсон болно.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, .................... тоот гэртээ хамтран амьдрагч Ц.Эыг бусадтай хардаж, улмаар түүнийг шанагаар толгой руу нь цохиж, гараараа толгой, гар зэрэг рүү нь цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.  

Энэ нь хохирогч Ц.Эын “...Н согтчихоод чи ер нь ажил дээрээ ямар залуучуудтай яваад байна гэж хэлэхээр нь юу яриад байгаа юм. Дуугүй бай би унтмаар байна гэж хэлтэл манай нөхөр ус ууж байсан төмөр шанагатай усаараа миний толгойн баруун хойд хэсэгт нэг удаа цохиод авахаар нь гараараа хаатал миний зүүн гарын алганы ард хэсэг болон хоёр гар, толгой руу 3-4 удаа цохиод байхаар нь явлаа гэж хэлээд нэг хашаанд хамт амьдардаг хадам дүү Түвшинтөрийн гэр рүү яваад ортол ганцаараа байж байхаар нь гар утсаа өгч бай ах чинь зодоод байна гэж хэлээд гар утсыг нь аваад өөрийнхөө төрсөн эгч Лхагважаргал руу 99209506 гэсэн дугаар руу нь залгаж намайг гэртээ авчих нөхөр зодоод байна гэж хэлтэл за гэж хэлээд утсаа салгатал манай нөхөр гаднаас орж ирээд баруун гараараа зүүн нүд рүү нэг удаа хүчтэй цохиод автал Түвшинтөр хажуугаас салгаж болиулаад ахыгаа аваад гарахаар нь цагдаа дуудлаа гэхэд тэр чигтээ манай нөхөр зугтаагаад явчихсан...” гэсэн мэдүүлэг /хх11/,

шүүгдэгч Б.Нийн яллагдагчаар өгсөн “...согтчихсон байж байгаад байж байгаад эхнэр Ц.Этай хэрүүл маргаан хийж байсан, яг юунаас болж хэрэлдэж маргалдсанаа сайн санахгүй байгаа. Тухайн үед миний санаж байгаагаар баруун гараараа эхнэр Ц.Эын нүүр болон толгой хэсэгт 3-4 удаа цохитол эхнэр гараараа хаахаар нь нэмээд 2 удаа цохиод автал эхнэр гэрээс гарч яваад манай дүү Түвшинтөрийн гэр рүү яваад орчихоор нь араас нь дагаж ороод зүүн нүд хэсэгт нь баруун гараараа нэг удаа цохитол Түвшинтөр хажуугаас салгаж намайг болиултал эхнэр цагдаа дуудлаа гэж хэлэхээр нь гарч зугтаагаад хэсэг гадуур явж байгаад буцаж орой гэртээ очиж унтсан юм...” гэсэн мэдүүлэг /хх52-53/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн 1672 дугаар дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх1/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1672 дугаар дүгнэлтээр Ц.Эын биед “зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алим, зүүн сарвуунд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахыг тогтоожээ. /хх20-21/

Шүүгдэгч Б.Нийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийг зодож, цохисон үйлдлээс шалтгаалан хохирогчийн эрүүл мэндэд дээрх гэмтэл учирсан үндэслэл тогтоогдож байна.

4. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” нь хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд буюу “...хамтран амьдрагч...” нь тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэр бүлийн хүчирхийлэл гэж ойлгохоор заасан.

5. Шүүгдэгчийн хувьд согтуугаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэрээ зодсон, мөн 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр биед нь халдаж зодсон үндэслэлээр Зөрчлийн тухай хуулиар торгуулж /хх42/ байсан байх ба улсын яллагчаас гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

6. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

7. Хохирогч Ц.Э нь хохирлын талаарх баримт гаргаж өгч хэрэгт хавсаргуулаагүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргасан.

9. Шүүгдэгч Б.Нийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч хэдийгээр урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх боловч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зориуд эхнэрээ зодсон шинжтэй байх тул түүний үйлдлийг тохиолдлын шинжтэй анх удаагийн нөхцөл байдал гэж үзэхгүй болно.  

10. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ

11. Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй нөхцөл байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бын Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР