Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/407

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч А.Ариунаа,

шүүгдэгч Ч.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203 00072 0123 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1961 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “............” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .............. дүүргийн ............. дүгээр хороо, ............. гудамжны ............. тоотод оршин суух, урьд:

- Ардын армийн Эрдэнэт гарнизоны тусгай шүүхийн 1984 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 63 дугаар зүйлийн б, 109 дүгээр зүйлийн б-д тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жилийн хорих ял оногдуулж, 1985 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Д овогт Чийн Э /РД:......................../,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 14 цаг 05 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Москвагийн гудамж, Саппоро төвийн автобусны буудал дээр Hyundai Aero City маркийн .............. улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгслээс бууж байсан зорчигч 12 настай Х.Эгийн баруун хөлийг дайрч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 129 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Ч.Э.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн оролцсон болно.

2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч Ч.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 14 цаг 05 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Москвагийн гудамж, Саппоро төвийн автобусны буудал дээр Hyundai Aero City маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо автобуснаас бууж байсан явган зорчигч 12 настай Б.Эгийн хөлийг дайрсан үйл баримт тогтоогдлоо.  

Энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эын “...Тэр үед манай хүүхэд өргөө кино театрын урд талаас автобусанд суугаад саппоро орж ээжийнхээ ажил дээр очих гээд явж байсан гэсэн. Тэгээд автобуснаас бууж байхад нь автобус нь шууд хөдлөөд явсан гэж манай хүүхэд ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх17/,

- шүүгдэгч Ч.Эн яллагдагчаар өгсөн “...Саппорогийн хойд талын баруун тийшээ явдаг автобусны буудал дээр зорчигч нараа буулгаад хөдөлсөн. Тэгтэл дахиад хүн бууя гэж орилохоор нь ахиж зогсоод хүнээ буулгасан. Тэгтэл нэг залуу үсрээд буухаар нь би хаалга хаагаад хөдлөхөд зорчигч нар хүн унагачихлаа гээд орилсон. Би толиндоо хартал жоохон охин уначихсан байсан. Тэгэхээр нь би зогсоод автобуснаас буухад охин дугуйны хажууд уйлаад сууж байхаар нь босгох гэтэл босохгүй хажууд нь зогсож байсан хүмүүс ээж рүү нь ярьж дуудсан. Удалгүй ээж нь гэх хүн 20-30 минутын дараа ирсэн. Ээж Хишигжаргал мөн эгчийнх нь хамтаар гэмтэл рүү 14 цаг 10 минутын орчимд авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх85-86/, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч Г.Ихбаярын мөрдөгчийн магадалгаа /хх73/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн 1883 дугаар дүгнэлт, дуудлагын лавлагааны хуудас /хх3/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх4/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх5-14/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

3. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байх, мөн тухайн буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хуульд заасан хохирол учирсан байхыг шаарддаг.

4. Замын тээврийн ослын шалтгаан нөхцөлийг мөрдөгч тусгай мэдлэгийн хүрээнд магадалгаа гаргасан байх бөгөөд уг магадалгаанд шүүгдэгч Ч.Эг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Дээрх тохиолдолд жолооч анхаарал болгоомжтой зорчих үүргээ хангалттай биелүүлээгүй буюу нийтийн тээврээс зорчигч нар бүрэн буусан эсэхийг сайтар шалгаагүй хөдөлгөөн эхлүүлснээс шалтгаалж бага насны зорчигч газарт унасан, улмаар түүний хөлөн дээгүүр гарсан нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцов.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эаас 359,600 төгрөгийн хохирлын баримтыг гаргаж өгсөн байх ба шүүгдэгч Ч.Э нь хохирогчийн эмчилгээний зардалд 1.470.000 төгрөгийг төлсөн байна. /хх109-112/

Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

7. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь бага насны хохирогчийн эрүүл мэндэд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргасан.

9. Шүүгдэгч Ч.Э нь гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

11. Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал түүний хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч Ч.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Чүлтэмийн Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эд 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас бага насны хохирогчийн эрүүл мэндэд учирсан хор уршгийг Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР