Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/419

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Н.Ундрах,

шүүгдэгч Б.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Өт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 0489 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, группэд байдаг, ам бүл 7, эхнэр, ах, эгч, 3 хүүхдийн хамт ....... аймгийн .......... дүгээр багт оршин суух бүртгэлтэй боловч одоо .............. дүүргийн ............... дугаар хороо, ............ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Ц овогт Бын Ө /РД:................/,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч  Б.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 18-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэр Тахилтад хамтран амьдрагч Б.Цг “архи уулгасангүй” гэх шалтгаанаар толгой, нүүр хэсэг рүү нь гараараа цохиж, зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 351 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Б.Ө.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.

2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч Б.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 18-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэр Тахилтад хамтран амьдрагч Б.Цг “архи уулгасангүй” гэх шалтгаанаар толгой, нүүр хэсэг рүү нь гараараа цохиж, зодон түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.  

Энэ нь хохирогч Б.Цгийн  “...2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хамтран амьдрагч Б.Ө бид хоёр үл ялих зүйлээс болж маргалдсан байсан юм. Тэгээд Ө түүний найз Буянхишиг, Баагий, түүний эхнэр Гэрэлтуяа нар 2 шил 0,75 литрийн архи уугаад орой болоод бид нар унтаж амрах гээд ор орондоо орчихсон байхад Ө надад хандаж “архи уулгасангүй” гэж шалтаглан хэл ам хийж доромжилж эхэлсэн тэгэхээр нь би юу ч дугараагүй. Тэгтэл Ө нь гараараа миний толгойн тус газар 2-3 удаа цохиод авахаар нь би явлаа гээд хувцсаа өмсөж байхад босож ирээд миний утсыг газар аваад шидчихсэн. Тэгэхээр нь би тонгойгоод утсаа авах гэхэд миний нүд рүү гараараа цохичихсон. Тэгээд би цагдаа дуудсан юм...” гэсэн мэдүүлэг /хх7/, шүүгдэгч Б.Өын яллагдагчаар өгсөн “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх23/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 3157 дугаар дүгнэлтэд Б.Цгийн биед хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр  хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэжээ. /хх11-12/

4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийн нүүр хэсэг рүү гараараа цохисон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” нь хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд буюу “...хамтран амьдрагч...” нь тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэр бүлийн хүчирхийлэл гэж ойлгохоор заасан.

6. Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч  нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

7. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн болно.

9. Шүүгдэгч Б.Өын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

11. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч Б.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Баатарын Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өт 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР