Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 1280

 

Л.Оюунсүрэнгийн нэхэмжлэлтэй

          иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/00626 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Оюунсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Сангийн яам болон “Тогтвортой амьжиргаа 3” төсөл хэрэгжүүлэх нэгжид холбогдох

 

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 9-2/6003 тоот албан бичгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажилгүйдлийн тэтгэмжийг авч чадаагүй хохиролд болон ээлжийн амралтын мөнгө 2 799 850 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Нийгмийн даатгалын шимтгэлд өгсөн 2 016 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй тухай иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнх,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жигжид, Ж.Оргилсайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Л.Оюунсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Сангийн яам, Засгийн газар болон Дэлхийн банк нарын хооронд байгуулагдсан санхүүжилтийн хэлэлцээрийн дагуу Тогтвортой амьжиргаа-3 төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийг хэрэгжүүлэх хүрээнд Сангийн яам нь Тогтвортой амьжиргаа-3 төсөл хэрэгжүүлэгч нэгжийг байгуулсан. 21 аймаг тус бүрт 5 хүний бүрэлдэхүүнтэй буюу нийт 105 хүний бүрэлдэхүүнтэйгээр Тогтвортой амьжиргаа-3 төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Нэхэмжлэгч Л.Оюунсүрэн нь Архангай аймагт олон нийт хариуцсан мэргэжилтнээр сард 1 200 000 төгрөгийн цалинтайгаар 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 30-ныг хүртэл буюу нийт 8 сар ажилласан байдаг. Ингэхдээ хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний агуулгыг харвал уг гэрээ нь хөдөлмөрийн гэрээ байдаг. Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл нь байнгын ажлын байр бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д зааснаар ажил олгогч нь ажлын байранд тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр ажил олгогч эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин, хөлс авч, ажлын өдөр ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил үүргийг байнгын ажлын байр гэж нэрлэхээр заасан. Тэгэхээр нэхэмжлэгчийн ажлын байрыг харвал ажлын 5 өдөр ажиллаж, 2 өдөр амардаг буюу ажлын өдрийн ээлжийн давтамж нь адилхан, мөн 1 удаагийн шинжтэй бус байнгын тогтмол шинжтэй бөгөөд энэ төсөл хэрэгжиж байх хүрээнд уг ажлын байр хадгалагдана гэсэн утгыг агуулсан. Мөн үүнээс гадна хөдөлмөрийн гэрээ заавал байгуулах ёстой байдаг бөгөөд үүнд заавал байх гол нөхцөл нь ажлын байр, ажлын байрны тодорхойлолтод ажил үүрэг, хөдөлмөрийн хөлсийг тусгадаг. Хөдөлмөрийн хөлс гэдэгт ажил үүрэг, амралт, цалин хөлс, ээлжийн амралт зэргийг хөдөлмөрийн нөхцөлд тусгаж өгдөг. Дээрх хөлсөөр ажиллах гэрээнд мөн ажил үүрэг, амралт, цалин хөлс, ээлжийн амралт зэргийг зохицуулсан. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийг баримталж хөдөлмөрийн гэрээг цуцлах эсэх харилцааг зохицуулах ёстой байсан. Гэтэл ажил олгогч нь хөлсөөр ажиллах гэрээг хугацаа нь дууссан гэсэн үндэслэлээр цуцалсан. Мөн хөлсөөр ажиллах гэрээнд туршилтын хугацаа 6 сар болсонтой холбогдуулж, захиалагч нь ажилтантай байгуулсан гэрээний биелэлтийг дүгнэж, гэрээг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болох талаар заасан байдаг. Хэрэв гэрээг цуцалж байгаа бол ямар нэгэн байдлаар гэрээг дүгнэх асуудал яригддаг. Гэтэл гэрээг дүгнэсэн зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл, шууд гэрээг цуцалсан байна. Тийм учраас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 9-2/6003 албан тоот нь үндэслэлгүй шийдвэр болсон тул хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулж, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг гаргасан. Үүнээс гадна нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Үүнд ажилгүйдлийн тэтгэмжид авах ёстой байсан 1 935 850 төгрөг, хөлсөөр ажиллах гэрээнд заагдсан ээлжийн амралтын олговорт 864 000 төгрөг, нийт 2 799 850 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч Сангийн яам цалинг тооцохдоо хүн амын орлогын албан татварыг суутгаж авсан атлаа нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж аваагүй байдаг. Тэгэхээр Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээнд зайлшгүй нийгмийн даатгалыг албан журмаар даатгуулах ёстой гэж заасан. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-т даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлд ажилгүй болохоос өмнө 24-с доошгүй сарын хугацаанд үүнээс сүүлийн 9 сарын хугацаанд тасралтгүй төлсөн тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй болдог. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцна гэж заасан. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т заавал албан журмаар даатгуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх ёстой байтал Сангийн яам болон түүнийг хэрэгжүүлж байгаа нэгж нь ямар нэгэн байдлаар төлөөгүй байсан тул учирсан хохирол гэж үзэн ажилгүйдлийн тэтгэмжид авах ёстой байсан 1 935 850 төгрөгийг гэм хорын хохирлоор нэхэмжилж байгаа юм. Мөн ээлжийн амралтын олговрын хувьд гэрээний 9.1, 9.2-т заасны дагуу ажилтны жилд авах ээлжийн амралтын хугацаа нь ажлын 15 өдөр байх ба гэрээт ажлыг гүйцэтгэснээс хойш 8 дахь сараас эхлэн ээлжийн амралт авах эрх нээгдсэн. Ажилтны ээлжийн амралтын хугацаанд тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээг 20 хувиар бууруулна гэсний дагуу ээлжийн амралтын олговрыг 1 080 000 төгрөгөөс 20 хувь буруулж 864 000 төгрөг болж байгаа юм. Иймд нийт 2 799 850 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жигжид, Ж.Оргилсайхан нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь гэрээг хөдөлмөрийн харилцаа гэж үзэж байна. Гэтэл бид нарын зүгээс анх гэрээ байгуулахад хөлсөөр ажиллах гэрээ гэдгийг нэхэмжлэгч Л.Оюунсүрэнд ойлгуулсан бөгөөд тухайн үед ямар нэгэн маргаан үүсээгүй. Хөлсөөр ажиллах гэрээний загварыг Сангийн сайдын баталсан журмын дагуу хийсэн. Мөн тухайн төсөл нь тодорхой хугацаатай, гүйцэтгэх ажилтай бөгөөд 2018 онд дуусах хугацаатай. Тиймээс үүнийг байнгын ажлын байр гэж үзэх үндэслэлгүй. Гэрээг хугацаа дууссан гэдэг үндэслэлээр цуцалсан гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч ярьж байна. Гэрээ дуусгавар болсноор гэрээг цуцалдаг гэсэн ойлголт байхгүй. Төрийн нарийн бичгийн даргын орлон гүйцэтгэгчийн албан бичиг нь гэрээ дуусгавар болсон байна гэдгийг мэдэгдэж байгаа юм. Гэрээ дуусгавар болох, цуцлах гэдэг нь өөр ойлголт юм. Нэг нь гэрээ хэрэгжээд явж байхад аль нэг талын хүсэлтээр цуцалж байгаа асуудал. Харин нөгөө нь тодорхой хугацаа зааж, уг хугацаа дуусгавар болж байгаа харилцаа юм. Дэлхийн банкны батлагдсан журмын дагуу ажилтнуудыг сонгон шалгаруулж, тодорхой шалгуурыг хангаж байгаа хүмүүсийг ажиллуулдаг. Түүний үндсэн дээр хөлсөөр ажиллах гэрээ байгуулдаг. Тэгэхээр ажилд эгүүлэн ажилд тогтоох үндэслэлгүй байна. Мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийг нөхөн бичих тухай шаардсан. Үүнийг хийлгэх боломж байдаг. Бид гэрээний дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь олгосон цалин хөлсөнд тооцож өгсөн учир уг мөнгийг буцааж аваад нөхөн бичилтийг хийх боломжтой. Үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Сангийн яам болон Тогтвортой амьжиргаа 3 төсөл хэрэгжүүлэгч нэгжээс шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбартаа: 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэрээний 4 дүгээр зүйлд захиалагч нь ажилтны ажлын хөлсөнд сар бүр 1 200 000 төгрөгийг цалинд төлөх бөгөөд сүүнд хүн амын орлогын албан татвар, хувь хүний нийгмийн даатгалын шимтгэл багтана гэж тодорхой заасан. Хүн амын орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу ажил олгогч нь суутган төлөгч учраас тухайн ажилтны татварын төлбөрийг суутгаж, холбогдох цалинг олгосон. Цалинд эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл нь орсон. Тэгэхээр сарын цалин болох 1 200 000 төгрөгөөс хүн амын орлогын албан татварт 10 хувь буюу 120 000 төгрөгийг авч үлдээд улсын төсөвт шилжүүлсэн. Ингээд 1 080 000 төгрөгийг Л.Оюунсүрэнгийн гарт нь олгосон бөгөөд үүнийг банкны хуулгаар баримтжуулан хэрэгт хавсаргасан байгаа. Дээрх мөнгөнд шимтгэлийн төлбөр багтсан. Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу ажил олгогчийн төлөх хэсэг болон ажилтны өөрийн төлөх хэсэг гэж байдаг бөгөөд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг оруулан тооцоход 21 хувь болдог. Ажил олгогчийн зүгээс 132 000 төгрөг буюу 11 хувиар, харин даатгуулагч буюу Л.Оюунсүрэн төлөх хэсэг нь 10 хувь болох 120 000 төгрөг юм. Ажил олгогч болон ажилтны төлөх ёстой 21 хувь нь нийт 252 000 төгрөг болох ба үүнийг нийгмийн даатгалын санд төлөх ёстой. Гэрээний 4.1-т цалинд даатгалын шимтгэл орсон гэдгийг ажилтан сайн ойлгож, гэрээ байгуулсан гэж үзэж байна. Хэрвээ нэхэмжлэгч өөрөө төлж чадаагүй бол бидэнд уг мөнгийг буцааж өгөх хэрэгтэй. Бид нар нөхөн бичилт хийж өгч болно. Нийт 8 сарын нийгмийн даатгалын шимтгэлд цалинд нь оруулан тооцож өгсөн 2 016 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан, түүнийгээ дэмжиж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнх сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл нь нийгмийн даатгалын шимтгэлд төлөх ёстой мөнгө гэж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллаж байгаа иргэн албан журмаар заавал даатгуулах ёстой байдаг. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ гэж заасан. Л.Оюунсүрэнгийн ажиллаж байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг Тогтвортой амьжиргаа төсөл хэрэгжүүлэгч нэгж төлөөгүй байдаг. Хариуцагчийн төлөөлөгч нь ажил олгогчийн төлөх ёстой 11 хувь, ажилтны төлөх ёстой 10 хувь гэж ярьж байна. Тийм учраас 10 хувиар ажил олгогч суутгаж авах ёстой байсан. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлд хариуцлага гэж байдаг. Үүнд ажил олгогч шимтгэлд ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан бол тухайн нуусан орлогод ногдох шимтгэлийг нөхөн төлүүлж, мөн орлоготой тэнцэх хэмжээний алдангийг ногдуулна гэсэн. Үүнээс үзвэл ажил олгогч нь ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийн ногдох ёстой орлогыг нууж, шимтгэлийг төлөөгүй байдаг. Тэгэхээр 105 хүний ажилтнаас цалинг тусгай данс нээж, зөвхөн хүн амын орлогын албан татвары суутгаж аваад нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаагүй байна. Мөн нэхэмжилж байгаа 2 016 000 төгрөгийг ажилтан төлөхгүй. Нийгмийн даатгалын байгууллагаас ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсээгүй байна гэсэн. Учир нь 24 сар, түүний 9 сард нь тасралтгүй төлөх ёстой байтал төлөөгүй байна гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Сангийн яам нэхэмжлжэгчийн ажилласан 8 сарын цалингаас тооцох шимтгэлийг төлж өгөх ёстой боловч төлөөгүй байна. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 9-2/6003 тоот албан бичгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Сангийн яам болон “Тогтвортой амьжиргаа 3” төсөл хэрэгжүүлэх нэгжээс 864 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Оюунсүрэнд олгож, гэм хорын хохиролд 1 935 850 төгрөг гаргуулах тухай шаардлагыг, хариуцагч Сангийн яам болон “Тогтвортой амьжиргаа 3” төсөл хэрэгжүүлэх нэгжийн, 2 016 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Оюунсүрэнд холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3., 41.1.5.-д зааснаар нэхэмжпэгчийн “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 9-2/6003 тоот албан бичгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай” нэхэмжлэл, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 25 280 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнх давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрт “...гэм хорын хохиролд 1 935 850 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэсэн заалтыг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч, дараах үндэслэлээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

1. Нотлох баримтыг буруу, дутуу үнэлж хэргийг шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Л.Оюунсүрэн болон хариуцагч “Тогтвортой амьжиргаа-3” төсөл хэрэгжүүлэх нэгжийн хооронд байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээний дагуу нийт ажилласанд хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй нь зохигчдын тайлбар, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар зэрэгт байсаар байтал энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үнэлээгүй.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д албан журмаар даатгуулах, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам зэргийг тус тус дурдсанаас гадна Хөлсөөр ажиллах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д ажиллагч өөрөө нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөөр, захиалагч нь уг шимтгэлийг телөхгүй байхаар харилцан тохирсон гэж үзэх боломжгүй байна. Иймээс хариуцагч нар нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасан ажиллагчийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах, төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчээс 2 016 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардах эрхгүй байна гэж дүгнэсэн.

Гэхдээ үндэслэх хэсгийн 7-д Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэх, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д ажилгүй болсноо бүртгүүлэх талаар дурдан нэхэмжлэгчийг дээрх тэтгэмжийг авахаар бүртгүүлэх эрхээ хэрэгжүүлээгүйд нь хариуцагч нарыг буруутгах боломжгүй байх тул хариуцагч нараас ажилгүйдлийн тэтгэмжид олгогдох ёстой 1 935 850 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэсэн.

Дээрхээс үзэхэд анхан шатны шүүх Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар Сангийн яам болон Тогтвортой амьжиргаа-3 төсөл хэрэгжүүлэх нэгж нь Л.Оюунсүрэнг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулж, төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүргээ биелүүлээгүй байна гэж үзсэн хэрнээ Л.Оюунсүрэнг харьяа нийгмийн даатгалын байгууллагад ажилгүй болсноо бүртгүүлээгүй тул ажилгүйдлийн тэтгэмжид авах ёстой байсан мөнгөө нэхэмжлэх эрхгүй байна гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүйг харуулж байна. Учир нь Сангийн яам болон Тогтвортой амьжиргаа-3 төсөл хэрэгжүүлэх нэгж Л.Оюунсүрэнгийн гэрээний дагуу ажилласан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйн улмаас Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасан ажилгүйдлийн тэтгэмж авах эрх нь үүсээгүй тул нийгмийн даатгалын байгууллагад хандаж чадахгуй нөхцөл байдалд хүрсэн.

Нэгэнт анхан шатны шүүх Сангийн яам болон Тогтвортой амьжиргаа-3 төсөл хэрэгжүүлэх нэгж Л.Оюунсүрэнгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэсэн тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заасны дагуу ажилгүйдлийн тэтгэмжид авах ёстой байсан мөнгийг даатгуулагчид учирсан хохирол гэж үзэх боломжтой байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шаардлагыг хангаагүй байх тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/00626 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2-д “...гэм хорын хохиролд 1 935 850 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж заасныг хүчингүй болгож, энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оргилсайхан, Б.Жигжид нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийн тогтоох хэсэгт заасан “Сангийн яам болон Тогтвортой амьжиргаа-3 төсөл хэрэгжүүлэх нэгжээс 864 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Оюунсүрэнд олгож” гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Анхан шатны шүүхээс Л.Оюунсүрэн болон төслийн нэгжийн хооронд байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээг Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээ, Хөдөлмөрийн гэрээ гэж үзэх үндэслэлгүй байна гэж үнэлж шийдвэрлэсэн боловч ээлжийн амралтын зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулсан ээлжийн амралт бодох заавар, зохицуулалтаар бодож шийдвэрлэсэн нь илт хуулийг буруу хэрэглэж, логик уялдаа холбоогүй байдлаар шийдвэрлэсэн юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд “... Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна” гэж заасан энэ зохицуулалт нь хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалтад хамаарахгүй бөгөөд зөвхөн Иргэний хуулийн дагуу талуудын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээгээр амралтын харилцаа зохицуулагдах ёстой юм.

Харин Хөлсөөр ажиллах гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-т “...гэрээт ажлыг гүйцэтгэснээс хойш 8 дахь сараас эхлэн ээлжийн амралт авах эрх нээгдэнэ” гэж, мөн 9.2 дахь хэсэгт “...жилийн дундаж цалин хөлсний хэмжээг 20 хувиар бууруулан ээлжийн амралтын олговрыг олгоно” гэж тус тус заасан.

Гэрээнд заасан эдгээр зохицуулалт нь ажилтан заавал амралт авах зохицуулалт биш, мөн ажил олгогч ажилтныг заавал амраана гэсэн зохицуулалт биш, өөрөөр хэлбэл тухайн ажилтанд амрах эрхээ эдлэх эрх нээгдэж байгааг илэрхийлж байна. Мөн хөрэв ажилтан нь амрахаар бол авч байгаа хөлсийг нь 20 хувиар хасаж олгох ёстой юм. Тодруулбал ажилтан гэрээний 9.1-д заасан эрхээ эдлээгүй байхад Сангийн яам, Тогтвортой амьжиргаа-3 төслийн нэгжээс амралтын мөнгө бодож олгох гэрээний үүрэг үүсэхгүй. Харин Л.Оюунсүрэн амраагүй тул түүнд олгох ёстой хөлсийг бүтнээр нь олгосон. Тодруулж хэлбэл, Л.Оюунсүрэн гэрээнээс үүдэж хохирсон асуудал байхгүй ба бид гэрээнд заасан хөлсийг cap бүр бүрэн олгосон юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн “Сангийн яам болон Тогтвортой амьжиргаа-3 төсөл хэрэгжүүлэх нэгжээс 864 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Оюунсүрэнд олгож,” гэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Л.Оюунсүрэн нь хариуцагч “Тогтвортой амьжиргаа-3” төсөл хэрэгжүүлэх нэгж болон Сангийн яаманд холбогдуулан Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 9-2/6003 тоот албан бичгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах, нийгмийн даатгалын сангаас олгогдох ажилгүйдлийн тэтгэмжийг авч чадаагүй хохиролд болон ээлжийн амралтын мөнгө 2 799 850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчид эс зөвшөөрч, харин Л.Оюунсүрэнгээс 2 016 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт цугларсан баримт болон талуудын тайлбараас үзэхэд Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Зээлийн 5487 МН дугаар бүхий “Тогтвортой амьжиргаа-3 төсөл” Санхүүжилтийн хэлэлцээр байгуулагдаж, улмаар Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 104 дугаартай Төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулах тухай тушаал болон түүний хавсралтаар Төсөл хэрэгжүүлэх нэгжийн бүтэц, бүрэлдэхүүний журмыг, мөн Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 196 дугаартай Журам батлах тухай тушаалаар Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмыг тус тус хавсралтаар баталсан байна.

 

Дээрх хэлэлцээр болон журмыг үндэслэн Төсөл хэрэгжүүлэх нэгж нь нэхэмжлэгч Л.Оюунсүрэнтэй 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хөлсөөр ажиллах гэрээг байгуулж, “Тогтвортой амьжиргаа 3” төслийн Архангай аймгийн Сум дэмжих багийн олон нийтийн оролцооны мэргэжилтнээр 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 6 сарын хугацаатай, сард 1 200 000 төгрөгийн хөлстэй, уг ажлын хөлсөнд хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл багтахаар тохиролцож, гэрээний хугацааг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаагаар сунгасан үйл баримт тогтоогдсон бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хэргийн 5-13 дугаар тал/

 

Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 196 дугаартай Журам батлах тухай тушаалаар батлагдсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмын 16 дугаар зүйлийн 16.6, 16.7-д тус тус заасны дагуу талууд 1 жилээс хэтрэхгүй хугацаагаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан тул гэрээний талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлжээ.

 

Түүнчлэн талуудын хооронд гэрээ байгуулагдах болсон нөхцөл байдал нь төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийн хэлэлцээр, батлагдсан журамд заасан тодорхой зорилго, чиг үүргийг хэрэгжүүлэх санхүүжилттэй холбоотой тул гүйцэтгэх ажлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулсан байнгын ажлын байранд хамаарах ажил, албан тушаал гэж үзэхгүй юм.

 

Монгол Улсын Сангийн яамны 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 9-2/6003 тоот “…төслийг санхүүжүүлэгч эдгээр олон улсын байгууллагуудтай хийгдсэн яриа хэлэлцээрээр “Тогтвортой амьжиргаа 3” төслийн баримт бичиг нь 2012 онд боловсруулагдсан, өнөөгийн нөхцөл байдалд төдийлөн нийцэхгүй байгаа тул төслийн дизайн, хэрэгжилтийн зохицуулалтыг эргэж харж, бүтцийн өөрчлөлт зайлшгүй хийх шаардлагатай гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрсэн” гэсэн албан бичгээр ажилтнуудын хөлсөөр ажиллах гэрээг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болгож, дахин сунгахгүй болохыг мэдэгдсэн нь Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн уг мэдэгдлийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн Л.Оюунсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Гэрээ хүчин төгөлдөр үйлчлэх дээрх хугацаанд уг гэрээний хавсралт болох ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргийг нэхэмжлэгч буюу ажиллагч нь зохих ёсоор биелүүлсэн талаар зохигч маргаагүй бөгөөд 2016 оны 02 дугаар сараас 9 дүгээр саруудын Сум дэмжих багийн гишүүдийн цалингийн гүйлгээний жагсаалт, зохигчдын тайлбар зэргээр ажиллуулагч буюу хариуцагч нь 2016 оны 9 дүгээр сарын 30-ныг дуустал хугацаанд ажлын хөлсийг бүрэн төлсөн нь тогтоогдсон буюу энэ талаар талууд хэн аль нь маргаагүй байна.

 

Гэрээгээр тохиролцсон 1 200 000 төгрөгийн хөлснөөс хүн амын орлогын албан татварыг хариуцагч тохиролцсоны дагуу суутгаж, харин нийгмийн даатгалын шимтгэлийг суутгалгүй 1 080 000 төгрөгийг сар бүр нэхэмжлэгчид төлсөнийг үгүйсгээгүй бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлд 192 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд сар бүр нэхэмжлэгч төлсөн нь нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, талуудын тайлбараар тогтоогдсон ба хариуцагч сар бүрийн хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж, төлөх үүргээ хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгч ажилгүйдлийн тэтгэмж авалгүй хохирсон гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан баримтаар нотлох үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй гэж анхан шатны шүүх дүгнэж 1 935 850 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй боловч гэрээний бус үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг хэрэглэсэн нь буруу болжээ.

 

Харин хариуцагч гэрээгээр тохиролцсоны дагуу ажлын хөлсөнд нийгмийн даатгалын шимтгэлийг оруулан тооцож, нэхэмжлэгчид төлөх үүргээ хэрэгжүүлсэн тул буцаан шаардах эрхгүй гэж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээний 9.1-д “Ажилтны жилд авах ээлжийн үндсэн амралтын хугацаа нь ажлын 15 өдөр байх ба гэрээт ажлыг гүйцэтгэснээс хойш 8 дахь сараас эхлэн ээлжийн амралт авах эрх нээгдэнэ” гэж заасан бөгөөд талуудын тохиролцсон 8 сарын хугацаа дуусаж, гэрээ дуусгавар болж, уг гэрээгээр тохиролцсон хөлсийг хариуцагч бүрэн төлсөн тул нэхэмжлэгч ээлжийн амралт эдлэх болон гэрээний 9.2-т заасан хөлс шаардах эрхгүй юм. Өөрөөр хэлбэл, гэрээ хүчин төгөлдөр байх үеийн ажлын хөлсийг хариуцагч бүрэн төлсөн бөгөөд гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш нэхэмжлэгч ээлжийн амралт, тэр хугацааны хөлсийг хариуцагчаас шаардах эрх үүсэхгүй юм. /хэргийн 35 дугаар тал/

 

Гэтэл анхан шатны шүүх гэрээ дуусгавар болсноос хойшхи хугацаанд ээлжийн амралт тооцож, хариуцагчаас 864 000 төгрөгийн хөлс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                     

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/00626 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Сангийн яам болон Тогтвортой амьжиргаа-3 төсөл хэрэгжүүлэх нэгжид тус тус холбогдох Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 9-2/6003 тоот албан бичгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах, нийгмийн даатгалын сангаас олгогдох ажилгүйдлийн тэтгэмжийг авч чадаагүй хохирол болон ээлжийн амралтын олговор 2 799 850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Оюунсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгч Л.Оюунсүрэнд холбогдох нийгмийн даатгалын шимтгэлд олгосон 2 016 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай Сангийн яам болон Тогтвортой амьжиргаа-3 төсөл хэрэгжүүлэх нэгжийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Зохигчид давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс тус тус чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ЗОЛЗАЯА  

                       

                                              ШҮҮГЧИД                            Ш.ОЮУНХАНД     

                    

                                                                                          С.ЭНХТӨР