Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 128/шш2020/0188

 

                                              

 

 

 

 

2020 оны 03 сарын 14 өдөр            Дугаар 128/ШШ2020/0188       Ула******* хот  

  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л.Г,

Хариуцагч: МХХ,

Нэхэмжлэлийн шаардлага: Журам болон хууль зөрчсөн сорилгын асуултаар шалгалт авсан нь хууль бус болохыг тогтоож, уг оноог нөхөн олгох, бодлогын шалгалт нь мөн журмын заалт зөрчсөн болохыг тогтоож, оноог нөхөн олгохыг даалгах,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Г, түүний өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан нар оролцов.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... МХХнд 2018 оны 09 дүгээр сарын 26, 2018 оны 10 дугаар сарын 02, 2018 оны 10 дугаар сарын 12-ний өдөр нийт 4 удаа буюу 1 өдөр нь 2 шалгалт өгсөн. МХХноос гаргасан тестийн бодомжууд нь хуульд нийцээгүй, Хуульчийн мэргэжлийн шалгалтын журамд үл нийцсэн алдаатай тестээр шалгалт авсан. Энэ нь намайг бүрэн гүйцэд оноо авахад нөлөөлсөн ... иргэний эрх зүйн бодлого дээр түрээсийн гэрээ, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнтэй холбоотой бодлого оруулж ирсэн. Шүүх яаж шийдвэр гаргаж байгаа талаас нь буюу ижил төсөөтэй хэрэг дээр итгэмжлэгдэн төлөөлөгчөөр оролцож явсны хувьд тухайн кейсийг мэдэж байсан тул ижил хэмжээнд бодсон. Гэвч үүнийг шалгахдаа буруу гэж авах ёстой оноог дутуу өгсөн. Үүнтэй холбоотойгоор журам болон хууль зөрчсөн сорилгын асуултаар шалгалт авсан нь хууль бус болохыг тогтоож, бодлогын шалгалт Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын заалтыг зөрчсөн болохыг тогтоож оноог нөхөн олгож өгнө үү ... Хуульчийн мэргэжлийн шалгалтын журамд нийцэж шалгалт авбал би энэ шалгалтад тэнцэх байсан ... Иргэний эрх зүйн бодлого дээр “түрээсийн гэрээ биш учир нь хэлбэрийн шаардлага хангаагүй, хөлслөх гэрээ биш ашиг олох зорилго байсан” гэж журамлаад зөв бодсон. Гэтэл ар талд нь өмгөөлөгчийн хүсэлтийг шүүгч хангаж болох уу гэсэн асуулт байсан. Өмгөөлөгч хүсэлт гаргаж байгаа хэдий ч хуулийн этгээдийн бүртгэлийн газарт байгаа материалаас хамааран юу ч өөрчлөгдөж магадгүй тул би шууд зөв гэж үзэх боломжгүй талаар тайлбараа бичин шүүгчийн зөв гэсэн. Бусад байгууллагаас гаргаж өгөх боломжгүй нотлох баримтыг шүүхээр дамжуулан гаргана гэсэн зохицуулалтын дагуу гаргасан. Шүүгчид татгалзах үндэслэл байгаа. Тэр ирснээр юу ч байж болно гэж бичсэн нь миний алдаа болоод байгаа. Илүү үг бичсэн, лавшруулж бодсон, Улсын дээд шүүхийн тайлбар оруулснаараа буруу бодсон гэж дүгнүүлсэн байх ... Мөн нэг хүний оноо дутуу байхад 10 оноо МХХ нэмээд тэнцүүлсэн тохиолдол байна. Яагаад шүүгч нь нэмсэн бэ гэхэд хязгаарласан зохицуулалт байхгүй, миний эрхийн асуудал гэх тайлбарыг хэлдэг. Би танилтай бол тэнцэнэ. Ямар хэмжээнд байвал тэнцэхээ мэдэхгүй байна. Би МХХ дээр очин “Би 41 нас хүрч байна. Манай том охин 3 дугаар курсын оюутан, дунд охин эрх зүйчээр Монгол Улсын их сургууль орж байна. Гэтэл аав нь одоо хүртэл шалгалтад тэнцээгүй” гэж гуйсан. Би өмгөөллийн фирмд сүүлд ороход надтай Монгол Улсын хамгийн сайн өмгөөлөгч нар ажиллаж байсан. Тэгэхэд тухайн өмгөөлөгч нарыг биш намайг хүмүүс хайж ирж байсан. Шүүхэд орсон маргаандаа маш бага ялагддаг мөртлөө, мянга мянган хүн шалгалтад тэнцэхгүй байх нь дамжиггүй.

Хяналт тавьж цэгцлэн дараа дараагийн хүүхдүүдийн шалгалтыг зөв зохистой аваасай гэж хүсэж байна. Би ч өөрөө хуульчдын холбооны гишүүн хэзээ нэгэн цагт болно. Би болох юм чинь гээд өнөөдөр маргахгүй бол утгагүй. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөөч гэсэн хүсэлттэй байна.” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 6.1 дүгээр зүйлийн 6.1.3 дахь хэсэгт заасны дагуу “Сорилгын шалгалтын даалгавар нь Үндсэн хууль, захиргаа, эрүү, иргэний эрх зүй ба эдгээр салбар эрх зүйн процесс...” хүрээнд байна гэж заасан. Өөрөөр хэлбэл, 8 эрх зүйн салбарт гэж зааж байгаа. Сорилгын шалгалтын хүрээнд олон улсын эрх зүй, хөдөлмөрийн эрх зүй, гэр бүлийн эрх зүйн асуудлууд байдаг. Үүнтэй холбоотойгоор хариу тайлбар өгөөч гэхэд өгдөггүй. Үүнээс үүдэн юу гэж маргахаа мэдэхгүй байна. Үндсэн салбар эрх зүйн дэд салбараас оруулсан гэж тайлбарлах байх. Дэд салбар гэж журамд заагаагүй тул журмын хүрээнээс хальж байна.

Хоёр дахь үндэслэл бол асуулт нь өөрөө илэрхий алдаатай. “Улсын Их хурлын гишүүнд нэр дэвшүүлнэ” гэх мэт алдаатай асуулт байдаг тул хариулах боломжгүй ... Мөн хариулт нь өөрөө алдаатай. “Засгийн газрын шийдвэр тогтоол, захирамж байна” гэсэн хариутай. Бид бүгдээрээ мэдэж байгаа хамтын шийдвэрийг тогтоол, дангаар гарсан нь захирамж, тушаал гэдэг. Хамтаараа шийдвэр гаргасан байхад захирамж, тогтоол гэдгийг зөв хариулт гэж дүгнэж байна. Би 2015 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн сорилгын номыг “алдаатай сорилгоор шалгалт авч болохгүй, иргэдийг хохироож байна” гэж Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан ... Хариулт нь огт хууль байхгүй зүйлээр шалгалт авч байна. Нэгэнт хуульд байхгүй зүйлээр хэрхэн шалгалт өгөх нь тодорхойгүй ... “Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн нэг давхар кофены машин байрлууллаа” гээд 4 сонголт байгаа бөгөөд зөв хариулт “иргэний эрх зүйн хэлцэл хийх урьдчилсан нөхцөл” гэсэн. Кофены машин байрлуулах нь ямар ч эрх зүйн харилцаа биш, зар мэдээ. Захиргааны эрх зүйн мэргэшсэн шүүгч нар мэдлэгийн хүрээнээс хальж байх тул шинжээч томилж өгөөч гэж хүсэлт гаргаж шүүгч хангасан. Гэтэл Давж заалдах шатны шүүхээс шүүгч өөрөө дүгнэлт хийх боломжтой гэж үзсэн.

Миний хэлсэн “Кофены машинтай” кейс 100 дугаар тест бөгөөд энэ бол зүгээр зар. Гэрээний санал гэж байгаа ч нэг талын субъектив эрх нөгөө талдаа объектив үүрэг болж байж эрх зүйн харилцаа үүснэ. 97 дугаар тестийн асуулт зөв хариулт нь хоорондоо зөрчилдөж байгаа. Асуулт нь “өргөдлөө өгмөгц ажлаасаа гарч болох уу" бөгөөд зөв хариулт нь “болохгүй” гэж байх ёстой. Гэвч тестийн зөв хариулт нь “өргөдлөө өгснөөс хойш 30 хоногийн дотор ямар ч тохиолдолд ажиллах ёстой” гэсэн. Өргөдлөө өгөөд захиргаа нь маргаашаас чөлөөлнө. Гэтэл үүнээс үүдэн хүн өргөдлөө өгөөд байгууллагад ажиллаад байх болно. Ийм зөв хариулт яагаад ч байж болохгүй ... 2015, 2017 онд бичихэд “ажил зогсоод байна болиоч” гэсэн. Ахиад надад 2 багш “Г.Ноо шүүмжлэхээ боль” гэсэн. Ийм алдаатай тестээр шалгалт авч байхад хүмүүс 98-100 хувь хүртэл бөглөдөг. Энэ бол хүний мэдлэг шалгаж байгаа зүйл биш. Иймд эртнээс энэ асуудлыг засуулахын тулд хэлж ярьсан ч үр дүнд хүрэхгүй байгаа. Үндэслэл бүхий хариу тайлбар өгөөч гэхэд үндэслэл бүхий хариу тайлбар өгдөггүй.

Бодлогын тухайд Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх хэсэгт “...Бодлогын шалгалт нь зөвхөн мэдээлэл, санах ой, туршлага сорих агуулгатай байж болохгүй” гэж заасан. Шүүхийн 3 шатны шийдвэр гаргаж өгөхөд анхан шатны шүүх “А” гэж шийдээд, давж заалдах шатны шүүх “Б” гэж шийдэхэд хяналтын шатны шүүх “Б”-г зөв гэсэн мөртлөө өөрчлөлт оруулж шийддэг. Яг адил тохиолдол. Энэ бол бодит байдал дээр туршлага сорьж байгаа зүйл. Би иргэний хэргийн олон хуралд оролцсон ч бодлогыг нь уншаад эргэлзсэн ... Хуульчийн шалгалт, шүүгчийн шалгалтаа өгч нэлээд хэдэн жил ажилласан хүн зүйлчлэл нь энэ гэж шийдсэн байхад давж заалдах болон хяналтын шатны шүүх нь өөр шийдсэн. Гэтэл яаж энэ хүмүүс бодлогыг бодох вэ? Би хавтас хэрэгт бодлого зохиож байгаа хүний шаардлагыг гаргуулах хүсэлт тавьсан. Өмгөөлөл хийдэггүй хүмүүс байсан. Яг үнэн хэрэгтээ захиргааны ажил хийдэг хүмүүсээр бодлого зохиолгосон. Их, дээд сургуулийн багш нараар бодлого зохиолгох хэрэгтэй ... Бодлого бодоход тодорхой аргачлал хэрэглэнэ гэж журамлан тогтоогоогүй байж дүгнэлт гаргадаг. Иргэний эрх зүйн бодлогын хувьд Иргэний хууль хэрэглэх мөртлөө шүүгчийн захирамжид холбогдуулан гомдол гаргах талаар материаллаг болон процессын эрх зүйн бодлого хольж өгсөн. Хоёр өөр эрх зүй. Шүүгчийн захирамжид дүгнэлт гаргуулж байгаа нь туршлага сорьж байгаа зүйл. Хэрэв онолын мэдлэг шалгах гэж байгаа бол материаллаг эрх зүйгээр шалгах ёстой. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах эсэхэд дүгнэлт өг гэвэл онолын мэдлэг шаардаж байна гэж ойлгож болно. Бодлого нь бодит байдал дээр хүний логик сэтгэхүйг шалгах ёстой. Би хичээл заадаг тул олон бодлого өгдөг. Гэхдээ логикийг шалгахдаа эхэн хэсэгт жижиг алдаа хийж, дараагаас нь бүгд хуулийн дагуу байдаг. Хэрэв суралцагч эхний алдааг олж харахгүй бол бодолт нь өөр тийшээ явж, эцсийн дүнд өөр шийдэл гарна. Үүнийг логик шалгалт гэдэг. Өгсөн байгаа бодлогууд нь үнэн хэрэгтээ логикийг шалгахгүй байна. Б.Г*******ы тухайд бодолт болон хуулийн заалтууд таарч байгаа ч буруу гэсэн. Яагаад ингэсэн талаар асуухад хариулдаггүй. Зөв хариулт нь таарч байгаа мөртлөө 20 онооноос 12 оноо авсан. Бодлого зохиосон бол үндэслэлтэй тайлбарлах ёстой. Б.Г*******ы гаргаж байгаа гомдол нь зөв хариутай нь таарсан байхад түүнийг шийдээгүй явдал ... Б.Г******* шалгалтын явцад гарсан зөрчлийг мөн тэмдэглүүлсэн ба энэ талаар тайлбараа гаргасан. Бодлого бодож байхад нь компьютер гацсан. Гэвч явж байгаа цагийг нөхөн олгох журамтай ч нөхөн олгодоггүй. Хэрэв санаж байгаа бол 2018, 2019 онд шалгалттай холбоотой хэл ам тасрахгүй байсан. 2019 онд шалгалтад орсон хүмүүсийг “Х” гэж тооцвол 7-8 хувь хүн тэнцсэн. Өргөдөл гаргасан хүмүүсийг тэнцүүлэхэд 7-8 хувь маань 10 гаран хувь болж өссөн. Үүнээс үүдэн дараах асуудал үүссэн.

1. Эхний комисс худлаа дүгнэж зориуд хүмүүсийг унагадаг.

2. Эхний хүмүүс үнэн дүгнэдэг бол хоёр дахь комисс нөлөөнд байдаг. Энэ талаар бичсэн ч МХХ хариулт өгөөгүй.

Сорилго хүрээнээс хальсан буюу утга агуулгын хувьд илэрхий алдаатай буюу хуульд байхгүй нэр томьёог хэрэглэсэн. Бодлого нь ч Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмаа зөрчсөн, хүрээнээс хальсан гэдэг нь илэрхий. Хууль хэрэглээний хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12 дахь хэсэг рүү орж болох юм байна гэж бодож байна. 5 оноог олгохыг даалгана гэвэл бусад алдаатай зүйлийн юуг нь бидний алдаа гэж хүлээн зөвшөөрөх нь тодорхойгүй байсан тул ингэж тодорхойлсон.

Шүүхээр 5 оноо өгөхийг даалгана гэвэл задаргаа хийлгэх зайлшгүй шаардлагатай болж, шүүхийн эрх хэмжээнээс хальж байгаа гэж бодсон. Нэхэмжлэлийн шаардлагаа шинээр захиргааны акт гарах хүртэл түдгэлзүүлье гэхээр тийм тохиолдол байхгүй байгаа юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүхэд хандах эрх маань Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон. 

Б.Г******* хамгийн их гомдож байгаа зүйл нь иргэний эрх зүйн бодсон бодолт нь өгсөн хариулттай нь таараад байгаа. Таараад байхад 12 оноо өгсөн мөртлөө хажууд нь ижилхэн бодсон хүнд 20 оноо өгсөн. Б.Г******* зөв хариулттай таарч байхад 20 биш 8 оноо нэмэхэд би тэнцэх байсан гэсэн. Өөрөөр хэлбэл, шударга ёс зөрчигдөж байгаа тул гомдсон. Захиргааны эрх зүйн бодлогыг бичиж өгөх байсан ч техникийн саатал үүссэн. н.Г******* өмгөөлөгч оноо нэмүүлсэн мөртлөө, яагаад нэмсэн нь тодорхойгүй байна ... Мэргэшсэн шүүгч нар өөр өөр шийдэгддэг маргааныг яагаад надад өгч, хүнд байдалд оруулаад байна гэж бодсон. Уг нь амархан онолын бодлогууд өгч болно. Шүүхээр шийдвэрлэгдээгүй материаллаг эрх зүйн бодлого өгч болдог. 2006 онд н.Г******* багш тийм бодлого өгөхөд Монгол Улсын Их сургуулийн Захиргааны эрх зүйн багш н.Э*******, захиргааны хэргийн танхимын тэргүүн н.З******* шүүгч нар хоорондоо маргаж бөөн асуудал үүссэн. 2009 онд ч хэрхэн засах талаар маргаан үүсч байсан. Тэгэхэд нь би “бодлого бодох аргачлалыг журамлаагүй, Монгол Улсын их сургууль хэрэглэж байгаа бодлого бодох аргачлалыг Германд их сургууль төгссөн багш нар хэрэглэж байгаа” гэсэн. Тэгэхэд нь ерөнхий чиг хандлагаар үүнийг шалгая гэсэн. Практикт байгаа хүмүүс “танай сургуульд ингэж заадаг ч өөр бусад сургуульд заалгаагүй хүн байвал яах вэ, хууль хэрэглээг шалгаж байгаа болохоос заалгасан эсэх нь хамааралгүй” гээд дундын хувилбараар шалгаж байсан. Одоо болтол шалгалтын ингэж бодно гэж журамлаагүй. Одоо байгаа бодлого бодох аргачлалд бодлого бодоход төвөгтэй. Материаллаг болон процессын эрх зүйн шалгалт 2 өөр зүйл.

Захиргааны бодлого бодох аргачлал дээр хэдэн хэдэн зүйл дээр санал нийлдэггүй. Шударга ёсыг тогтооход шүүх чухал үүрэгтэй тул хувь нэмрээ оруулж өгнө үү. Иймд нэхэмжлэгчийн эрхийн хамгаалж өгнө үү. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12 дахь хэсгийг баримталж өгнө үү.

Зарим хүмүүсийн шалгалт өгсөн материалыг гаргаж өгөөч гэсэн. Энэ нь шударга ёстой холбоотой асуудал. Учир нь сүүлийн 5,6 жил шалгалтын эхлэл хэсэгт янз бүрийн тэмдгүүд тавьдаг болсон. Ийм тэмдэг байна гэхэд манай хүн байна оноо өг гэдэг байсан ... МХХ шалгалтын журмаа нарийвчилбал ийм маргаан үүсэхгүй.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сорилгын агуулга нь Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсгийн “Сорилгын шалгалтын даалгавар нь Үндсэн хууль, захиргаа, эрүү, иргэний эрх зүй ба эдгээр салбар эрх зүйн процесс, хуульчийн мэргэжлийн ёс зүйн чиглэл, агуулгын хүрээнд боловсруулагдсан байна” зөрчсөн байна гэдэг. Хөдөлмөрийн эрх зүй, гэрээний эрх зүй, татварын эрх зүй гэх мэтээр нэг бүрчлэн бичих боломжгүй. Үндсэн хууль дотор олон улсын эрх зүй багтдаг. Олон улсын эрх зүйг хэрхэн дотоодын хууль тогтоомжоор шийдвэрлэх талаар Үндсэн хуульд байдаг. Иймд энэ журамд заагаагүй гэх ойлголт нь өрөөсгөл. Монгол Улсын Үндсэн хуулиар олон улсын эрх зүйг хэрхэн яаж шийдвэрлэх талаар заасан байдаг тул сорилгын агуулгын хүрээнд салбар зүйлүүдээрээ салдаг ... Хуульчийн мэргэжлийн шалгалтыг МХХ аваад байгаа ойлголт биш. 2004 оноос бид шалгалтад жишиг сорилго орж ирэх талаар 4500 тестийг багтаасан ном гаргасан. Бид ийм төрлийн шалгалт ирэх талаар урьд нь хэлж сануулдаг. Үндсэн хууль, иргэний эрх зүй, хуульчийн ёс зүйгээс тодорхой хувиуд орж ирэх талаар заагаад тавьдаг. Огт байгаагүй зүйлийг гэнэт авсан мэтээр ярьж байна. Бид нар номоос 80 хувь, үлдсэн хувь нь шинээр зохиогдож ирэх талаар шалгалт зарласан өдрөөс хойш хэлдэг. Манай сорилго бол Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсгийг зөрчөөгүй гэж үзэж байна ... Бодлогын тухайд Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх хэсгийг зөрчсөн гэсэн. Бид нар нэг л харилцаанд амьдардаг. Ямар ч кейс өгсөн хүний эрхийг зөрчиж шүүхээр шийдвэрлэгдсэн маргаан байдаг. Дахин давтагдахгүй тохиолдол олдох боломжгүй ... Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “танайх ямар хүнд гэрээ өгдөг вэ” гэхэд нь бид гэрээгээ өгсөн, “танайх бодлогодоо шаардлага тавьдаг уу” гэхэд иргэний эрх зүйн бодлого зохиох гэж байгаа хүндээ дундаж төвшний хүн бодох боломжтой гэх бүх шаардлагаа хэлж, тухайн гэрээний дагуу бодлогоо хүлээж авдаг талаар нотлох баримтаа гаргаж өгсөн. Нууцлалаар өглөө авдаг тул урьдчилж хянах боломжгүй. Тавьсан шаардлагын дагуу хийсэн гэх итгэлцэл ... Шүүхээр шийдвэрлэгдээгүй зүйл гэдэг нь байж болохгүй зүйл. Яагаад зөрчиж байгаа талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлаагүй, “...мэдээлэл, санах ой, туршлага сорих агуулгатай байж болохгүй” гэдэг ч сая хэлсэн шиг бид нэг харилцаанд оролцож байгаа тул дахин давтагдах шинжтэй. Нэг ч шүүхээр шийдэгдээгүй кейс олох нь боломжгүй ... Сорилго болон бодлоготой холбоотойгоор гомдолтой байгаа бол гомдол гаргах талаар хугацаатай журамд заасан. Сорилго дээр алдаатай талаар ярьсан ч Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...сорилгын шалгалтын даалгаврын гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой гомдлыг шалгалт өгсөн өдрийн 20 цаг хүртэл... Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороонд тус тус бичгээр ирүүлнэ” гэж заасан. Гэвч Б.Г*******аас шалгалттай холбоотой ямар ч гомдол ирүүлээгүй тул сорилготой холбоотой гомдол гаргах хугацаа 2 жилийн өмнө өнгөрсөн. Бодлоготой холбоотойгоор мэдээлэл, санах ой, туршлага сорих агуулгатай байж болохгүй гэсэн ч туршлага харсан байна, 3 шатны шүүгч өөрөөр шийдвэрлэсэн байна гэх нь үндэслэлгүй. Бид нар ийм л эрх зүйт нийгэмд байна. МХХ журам зөрчсөн зүйл байхгүй. Сорилготой холбоотой гомдлын тухайн үед нь дүгнүүлж өөрчлүүлэх боломж байсан ч харамсалтай нь цаг хугацаа нь өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хэрэв бодлогын үнэн зөв бодсоныг шүүх шалгадаг бол Б.Г*******ы бүх бодлого хавтаст хэрэгт байгаа. Үнэндээ шалгалтын жишиг аргачлалаар бодоогүй, буруу бодсон. Үүнийг шүүх шалгаж үнэн зөв тогтоох эрх хэмжээ шүүхэд байгаа бол хавтаст хэрэгт Б.Г*******ы бодолт, манай гаргасан зөв хариулт бүгд байгаа. 

Хуульчийн мэргэжлийн шалгалтыг зөвхөн эрх зүйн сургууль төгссөн оюутнаас авдаггүй. Эрх зүйн сургууль төгсөн 2 жил тодорхой мэргэжлийн дадлага хийсний дараа хуульчийн мэргэжлийн шалгалтыг өг гэдэг. Бид энэ шалгалтын хүрээнд Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам баталж, захиргааны хэм хэмжээний актаар бүртгүүлэн зохион байгуулж авдаг. Тухайн журам нь 2006 онд батлагдаж 2007,2008 онд нэмэлт өөрчлөлт орсон. Бид журмаа илүү боловсронгуй болгохын тулд нэмэлт өөрчлөлт оруулаад явж байгаа. 2019 онд ч нэмэлт өөрчлөлт оруулна. Учир нь өнгөрсөн жил журамд нийцэхгүй асуудал үүссэн тул боловсронгуй болгоод явж байгаа. Би өөрөө ч хэлж байсан. Үүнийг комиссын гишүүд засч ярилцдаг. Нэг хүний бодлогыг хэн нь авсан мэдэхгүй байж байгаад 3 хүний дүгнэлтийг нэгтгэн дундаж үнэлгээг нь гаргадаг тул бодитой гэж бид нар хардаг. Би шалгалтын хороонд 2 дахь жилдээ ажиллаж байна. Хуульчийн мэргэжлийн шалгалт яаж зохион байгуулагдаж, дүгнэдэг талаар мэдэж байгаа. Журмын дагуу үнэлгээтэй холбоотой асуудлын комиссын гишүүн л мэднэ, МХХ үүнийг зас гэх зүйл байхгүй. Манайх Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь МХХноос 2018 онд зохион байгуулсан хуульчийн гэрчилгээ олгох шалгалтад оролцож сорилгын шалгалтад 30.4, бодлогын шалгалтад 32.7, нийт 63.1 оноо авсан бөгөөд бодлогын оноог эс зөвшөөрч 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр МХХны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороонд гомдол гаргасны дагуу түүний Захиргааны эрх зүйн бодлогын оноог 2.3 оноогоор нэмэгдүүлж, бусад оноог хэвээр үлдээж нийт шалгалтын оноог 65.4 болгожээ.

Нэхэмжлэгчээс “Сорилгын асуулт нь хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 6 дугаар зүйлийн 6.3-д заасныг зөрчсөн, утга агуулгын илэрхий алдаатай, бодлогын шалгалт нь мөн журмын 6.4-д заасныг зөрчсөн” гэж, хариуцагчаас “сорилгын шалгалтад гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, шалгалт хууль, журамд нийцсэн” гэж тус тус маргажээ.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Хуульчийн шалгалт нь эрх зүйн ерөнхий мэдлэгийг сорьсон сорилгын болон эрх зүйн салбарын хүрээнд тодорхой тохиолдлыг хууль хэрэглэж шийдвэрлэх бодлогын шалгалтын хэлбэрээр явагдана”, 16.4-д “Сорилгын болон бодлогын шалгалтад авсан нийлбэр дүн нь хуульчийн шалгалтын нийт онооны 70 ба түүнээс дээш хувьд хүрсэн бол хуульчийн шалгалтад тэнцсэнд тооцно”, 16.6-д “Хуульчийн шалгалттай холбогдох бусад асуудлыг Хуульчдын холбооноос баталсан журмаар зохицуулна” гэж тус тус заажээ.

МХХны зөвлөлийн хурлын 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 10 дугаар тогтоолоор “Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам”-ыг баталсан бөгөөд тус журмын 6.1 дүгээр зүйлийн 3-д “Сорилгын шалгалтын даалгавар нь Үндсэн хууль, захиргаа, эрүү, иргэний эрх зүй ба эдгээр салбар эрх зүйн процесс, хуульчийн мэргэжлийн ёс зүйн чиглэл, агуулгын хүрээнд боловсруулагдсан байна”, 6.4-д “Бодлогын шалгалтын даалгавар нь энэ журмын 6.1 дүгээр зүйлийн 3-д заасан салбар эрх зүйн хүрээнд шалгалтад оролцогчийн тодорхой өгөгдлийг эрх зүйн үндсэн зарчим, хуулийг хэрэглэн зөв, логиктойгоор дүн шинжилгээ хийсний үндсэн дүгнэл хийх мэргэжлийн ур чадварыг сорих зорилго, агуулгатай байна. Бодлогын шалгалт нь зөвхөн мэдээлэл, санах ой, туршлага сорих агуулгатай байж болохгүй” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс дээрх журмын 6.1 дүгээр зүйлийн 3-д “Сорилгын шалгалтын даалгавар нь Үндсэн хууль, захиргаа, эрүү, иргэний эрх зүй ба эдгээрийн салбар эрх зүйн процесс....” гэж тодорхой дурдсан байхад бусад дэд салбар эрх зүй болох олон улс, хөдөлмөр, гэр бүлийн эрх зүй зэргийг сорилгын шалгалтад оруулсан нь журам зөрчсөн гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

Учир нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульчийн мэргэжлийн шалгалт /цаашид “хуульчийн шалгалт” гэх/-ын зорилго нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх авахыг хүссэн этгээдийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагаанд оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлэх хангалттай мэдлэг, чадвар эзэмшсэн эсэхийг тогтооход чиглэнэ”, мөн Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмыг 1.2 дугаар зүйлийн 1-д “Шалгалтыг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан зорилгыг хангахад чиглүүлэн зохион байгуулж, шалгалтын үйл ажиллагаанд 7.2 дахь хэсэгт заасан зарчмыг баримтална” гэж заасан бөгөөд хуульч нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагаанд оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлэхдээ салбар эрх зүй бүрийн мэдлэгтэй байх шаардлагатай бөгөөд уг шаардлагын хүрээнд сорилгын шалгалтад салбар эрх зүй бүрийн асуумж оруулсныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин хуульч нь өөрийн мэдлэг, сонирхол, ажлын дадлагын хүрээнд салбар эрх зүй бүрээр дагнан явуулах боломжтой юм.

Нөгөөтээгүүр Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмыг 9.1 дүгээр зүйлийн 2-т “...... сорилгын шалгалтын даалгаврын гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой гомдлыг шалгалт өгсөн өдрийн 20 цаг хүртэл.....” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь сорилгын шалгалтын үнэлгээтэй холбоотой гомдлыг гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

 Мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д “.Бодлогын шалгалтын даалгаврын гүйцэтгэлийг гурваас доошгүй шалгагчийн бүрэлдэхүүнтэйгээр дүгнэж, дүнг тэдгээрээс өгсөн үнэлгээний дунджаар гаргана”, Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмыг 9.1 дүгээр зүйлийн 2-т “...бодлогын шалгалтын даалгаврын гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой гомдлыг дүн гарсан өдрөөс хойш ажлын нэг өдрийн дотор, бусад гомдлыг шалгалт дууссанаас хойш ажлын гурван өдрийн дотор Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороонд гаргана” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчээс 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр МХХны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороонд гомдол гаргасны дагуу түүний Захиргааны эрх зүйн бодлогын оноог 2.3 оноогоор нэмэгдүүлж, бусад оноог хэвээр үлдээжээ.

Тус шүүх нь үйл баримтыг тогтоохгүй тул нэхэмжлэгчийн бодлого бодсон аргачлал, түүний хууль зүйн үндэслэл, бодлогыг дүгнэсэн шалгалтын бүрэлдэхүүний үнэлгээнд дүгнэлт хийх, үнэлгээнд өөрчлөлт оруулах эрхгүй.

Нөгөөтээгүүр, даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус байхыг шаардах бөгөөд нэхэмжлэгчийн бодлогын шалгалттай холбоотой гомдлыг хянан шийдвэрлэж үнэлгээнд өөрчлөлт оруулсан байх тул хариуцагчийг эс үйлдэхүй гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.4-д заасныг тус тус баримтлан Л.Гы нэхэмжлэлтэй МХХнд холбогдох “Журам болон хууль зөрчсөн сорилгын асуултаар шалгалт авсан нь хууль бус болохыг тогтоож, уг оноог нөхөн олгох, бодлогын шалгалт нь мөн журмын заалт зөрчсөн болохыг тогтоож, оноог нөхөн олгохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70200 төгрөгнөөс төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ