Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 221/2015/0000/З |
Дугаар | 221/МА2015/0031 |
Огноо | 2015-01-15 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2015/0031
Б.А-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 03/А дугаар шийдвэрт хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Б.А-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярынилтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Сумын Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/31 дүгээр захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг барагдуулах, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын төлөлт бичилт хийлгүүлэх, Нөмрөг сум Улиастай хооронд явсан унааны зардал гаргуулах гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Б.А нь Тамгын газрын албан хаагчидтай өрөөнд нь архи ууж, зодолдсон зөрчил гаргасан, мөн Улаанбаатар хот явахдаа чөлөөний хугацааг хэтрүүлсэн гэж цалинг 20 хувиар бууруулах арга хэмжээ авагдсан. Аймгийн төрийн албаны мониторингийн үзлэг шалгалтанд хангалтгүй үнэлгээ авсан, 2012 оны үр дүнгийн гэрээгээ дүгнүүлээгүй зэрэг шалтгаанаар 2013 оны Б/31 дүгээр захирамжаар ажлаас халагдсан. 2012 онд ажилтнуудын үр дүнгийн гэрээ байгуулаагүй, дүгнэсэн илтгэх хуудас үзэх гэтэл байгаагүй. Даргын зөвлөлөөс хуралдаад сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ талаар тэмдэглэл байхгүй. гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би сумын Засаг даргын 2013 оны Б/32 дугаар захирамжаар Тамгын газрын даргын ажлыг түр хүлээн авсан. Б.А нь архи уусан гэсэн шалтгаанаар ажлаас халагдсан байсан. Энэ нь ёс зүйд нийцэхгүй гэж үзэж байна. Ажлыг хүлээн авахад зарим албан хаагчдын тухайн жилийн ажлын төлөвлөгөө, илтгэх хуудас, ажлын тайлан байгаагүй. гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 03/А дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтуудыг баримтлан Завхан аймгийн Нөмрөг сумын иргэн Б.А-ийг "Ажлаас чөлөөлөх тухай" 2013 оны 12 сарын 11-ний өдрийн Б/31 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Б.А-ийг Нөмрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,
2. Төрийн албаны тухай хуулийн 11.6, Хөдөлмөрийн хуулийн 69.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Алтанхуягийн ажилгүй байсан хугацааны буюу 2013 оны 12 дугаар сарын 11-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх 258 хоногийн цалин 7.464.456 төгрөгийг гаргуулж, уг цалингаас Б.А-ийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт, бичилт хийн суутган олгохыг Нөмрөг сумын Засаг даргын тамгын газарт даалгаж,
3. Нэхэмжлэгчийн шүүхэд ирсэн унааны зардал 370.000 төгрөг гаргуулах шаардлагаас баримтаар нотлогдож буй 180.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: Миний бие Жүгдэрнамжил овогтой Нанзаддорж 1971 онд төрсөн гэрийн дотор ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Нөмрөг сумын Хөдрөг багийн 8 дугаар гудамж, 5 тоотод оршин буудаг, Нөмрөг сумын Засаг даргаар ажиллаж байна.
Завхан аймгийн Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 03/А дугаартай шүүхийн шийдвэрийг 2014 оны 12 дугаар асрын 10-ны өдөр хүлээн авсан болно.
Уг шийдвэрт Нөмрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.А-ийг эрүүлэн ажилд нь томилох шийдвэр гаргасан ба тухайн шийдвэрийг миний бие эс зөвшөөрч байгаа болно. гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх боловч шийдвэрийн Тогтоох хэсэгт хуулийн нэрийг буруу бичсэн, улсын тэмдэгтийн хураамжийг буруу шийдвэрлэсэн байх тул шийдвэрийн энэ хэсгүүдэд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/31 дүгээр захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн заалтыг үндэслэн нэхэмжлэгч Б.А-ийг тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлаас халсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь маргаан бүхий захиргааны актын үндэслэлийг нэхэмжлэгч нь ... ажил тасалсан, ажлын байран дээр архидан согтуурсан, мониторингийн үзлэг шалгалтаар хангалтгүй үнэлгээ авсан, албан бичгүүдийг удаа дараа зохих байгууллагад хүргүүлээгүй, Тамгын газрын ажилтнуудын үр дүнгийн гэрээг дүгнээгүй зэрэг зөрчил гаргасан гэж тайлбарлан маргажээ.
Маргаан бүхий захиргааны актад хууль зүйн үндэслэл болгон дурдаагүй ч Ажлын байранд архидан согтуурсан гэх зөрчлийн тухайд нэхэмжлэгч Б.А нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11-т заасны дагуу төрийн захиргааны албан тушаалтан болохын хувьд түүний хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай холбоотойгоор хариуцлага хүлээлгэх, ялангуяа ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулах нь хууль, тогтоомжийн дагуу тогтоосон журмын дагуу явагдах ёстой.
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэмд зааснаар төрийн захиргааны байгууллага нь энэхүү дүрмийн хэрэгжилтийг хангах, хяналт, хариуцлагын тогтолцоог дотооддоо бүрдүүлж ажиллах[1] бөгөөд үүний хүрээнд батлагдсан Нөмрөг сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журмын 9.1-д заасны дагуу төрийн албан хаагч нь ёс зүйн зөрчил гаргасан бол ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн ажлаас халах буюу журамд заасан арга хэмжээ авахаар зохицуулсан байна.
Тодруулбал, нэхэмжлэгч Б.А-ийг Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.4.5 албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, этгээд байдлаар хувцаслах, бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэх, Нөмрөг сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.3 Ажлын байранд буюу ажлын цагаар согтууруулах ундаа, мансууруулах зүйл хэрэглэх гэснийг зөрчсөн гэж үзэж, хариуцлага хүлээлгэх тохиолдолд ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн арга хэмжээ авах журамтай байхад хариуцагч нь тус журмыг хэрэгжүүлээгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Мөн албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх зөрчлийн тухайд ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй зэргийг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх бөгөөд хариуцагч нь энэхүү үндэслэлээр маргаж байгаа боловч нэхэмжлэгч Б.А-ийг ажил, албан тушаалаас нь албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж халаагүй, үүнтэй холбоотой нотлох баримтууд байхгүй болох нь шүүхийн үзлэгийн тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаар, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, гэрчийн нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн ... шүүхэд дуудагдсан унааны зардал 370,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд шүүх баримтаар нотлогдсон гэж үзэж, 180,000 төгрөгийн зардлыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан захиргааны актад холбогдох маргааныг хянан шийдвэрлэх бөгөөд хохирлын хэмжээний талаар маргаантай гэж үзэж байгаа тул энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1.1-д заасны дагуу иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэх асуудал байна.
Иймд шүүхийн шийдвэрийн зохих хэсэгт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 03/А дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын Хөдөлмөрийн хуулийн гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн гэж, 3 дахь заалтыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.4-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд ирсэн унааны зардал 370.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай гэж, 4 дэх заалтын 35100 төгрөг гэснийг 70200 төгрөг гэж тус тус өөрчлөн, 4 дэх заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн гэсний дараа 56 дугаар зүйлийн 56.2 гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР