Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 14 өдөр

Дугаар 49

 

       Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалж, 

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярмагнай,
           Хохирогч: Г.Эрдэнэтогтох, Б.Доржготов,  
           Шүүгдэгч: Г.Эрдэнэтогтох, Б.Доржготов, 
           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Булгадар овогт Баянмөнхийн Доржготов, Зуутраг овогт Гэндэнгийн Эрдэнэтогтох нарт холбогдох эрүүгийн 201620000143 дугаартай хэргийг хянан хэлэлцэв
           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, эхнэр, аав, ээж, дүү нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 12-р баг 01-20 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:ОО95030719, Булгадар овогт Баянмөнхийн Доржготов. 
            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл-5, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 5-р баг задгайд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 83 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 5 хоног хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзах хугацаа тогтоож байсан, РД:ОИ75021917, Зуутраг овогт Гэндэнгийн Эрдэнэтогтох. 
            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Доржготов, Г.Эрдэнэтогтох нар нь 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Итгэлт" худалдааны төвийн хашаанд мөнгөний асуудлаас болж маргалдан, улмаар харилцан зодолдож бие биенийхээ бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 
ТОДОРХОЙЛОХ нь:
            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд : 
       1. Хохирогч  Г.Эрдэнэтогтохын мөрдөн байцаалтад өгсөн: "Би 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 14-15 цагийн үед Хосбаярд "Ах нь 00 орчоод ирье. Чи миний тоглоомыг тоглуулаад байж бай" гэж хэлээд түүнд 12.000 төгрөг үлдээгээд 00 явсан. Тэгээд 00 орчоод ирэхэд Хосбаяр, Б.Доржготов 2 маргалдаад зогсож байхаар нь Хосбаяраас юу болсон талаар асуухад "Б.Доржготов тоглоом тоглоод 500 төгрөг алдчихаад буцааж авна гээд байна" гэхээр нь Хосбаярт үлдээсэн мөнгөө аваад Доржготовт 500 төгрөгийг нь буцааж өгсөн. Тэгтэл Б.Доржготов "Дахиад тоглоно" гэхээр нь "Миний дүү согтуу байна. Ах нь ч гэсэн согтуу байна. Тиймээс өнөөдөртөө гэртээ харьж амар" гэж хэлэхэд Б.Доржготов "Би тогломоор байна" гэж хэлээд бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Маргалдаж байтал Б.Доржготов "Энэ хашааруу орьё" гэхээр нь Итгэлт худалдааны төвийн ар талд байх хоосон хашааруу явж орсон. Хашаанд оронгуутаа Б.Доржготов газраас 2 гартаа тоосго аваад надруу дайрахаар нь би газарт байсан хүрзийг аваад Б.Доржготовын толгой тус газар нь хэд хэдэнд удаа цохитол хүрзний иш дундуураа хугарсан. Гэтэл Б.Доржготов хугараад газарт унасан хүрзний ишийг аваад миний толгойруу 1 удаа цохиход толгойноос цус гарсан. Тэгтэл Б.Доржготов "Би таны толгойг хагалчихлаа, манайд очиж угаа" гэхээр нь Б.Доржготовын гэрлүү явсан. Гэрт нь очоод толгойноос гарсан цусаа угаах гэж байгаад Б.Доржготовтой дахин маргалдаж байх үед Б.Доржготовын аав нь "Миний хүү наад цус чинь тогтохгүй юм байна" гэж хэлээд намайг эмнэлэг авч явсан. Б.Доржготов бид хоёрын дунд урьд өмнө нь өр авлага, өш хонзонгийн ямар нэгэн асуудал байгаагүй. Б.Доржготов газраас авсан тоосгоороо намайг цохиогүй юм. Бид хоёрыг зодолдож байхад Б.Доржготовын найз охин Чагцал бид хоёрыг хараад зогсож байсан. Б.Доржготов бид хоёр харилцан нэг нэгнйгээ зодсон юм" гэх мэдүүлэг  /хх-ийн 17-р тал/, 
       2. Хохирогч Б.Доржготовын мөрдөн байцаалтад өгсөн: "Би тухайн өдөр буюу 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед Итгэлт худалдааны төвийн хашаан дотор Аз-Од гэх тоглоом тоглож байгаа хүмүүсрүү очиж уг тоглоомыг тоглосон юм. Тоглож байгаад Г.Эрдэнэтогтох гэх хүнд 1000 төгрөг, мөн хажуу талын хүнд нь 400 төгрөг алдсан. Тэгээд би Г.Эрдэнэтогтоход "Миний алдсан 1000 төгрөгийг эндээс авчих" гэж хэлээд 5000 төгрөг өгөөд хариултаа аваад Г.Эрдэнэтогтохын хажууд зогсож байсан залууд 400 төгрөг өгөх гэтэл Г.Эрдэнэтогтох "Наад залуудаа өгөх 400 төгрөгөө наашаа өгчих" гэхээр нь 1000 төгрөг өгөөд хариултаа авах гэтэл "Хариултыг чинь өгөхгүй" гэж хэлээд бид хоёр хоорондоо маргалдсан. Гэтэл Г.Эрдэнэтогтох "Хоёулаа тийшээ явья" гэж хэлээд намайг дагуулж яваад Аз-Од тоглуулдаг газрын ар талд байх контенерүүдийн ар талын хашааруу орсон. Хашааруу орж байх замд Г.Эрдэнэтогтох эхлээд миний футболкноос заамдаж намайг боож унагаачихаад өөрөө босгосон юм. Тэр үед би фудболкоо тайлсан чинь "Би ч гэсэн фудболкоо тайлна. Хоёулаа зодолдьё" гэж хэлээд цаашаа гүйгээд хүрзний иш байсныг авч миний толгойруу 2 удаа савж цохиход уг мод дундуураа 2 хэсэгт хуваагдсан. Дахиад үлдсэн модоор миний нуруу хавьд 1 удаа цохиход би газарт унасан. Тэр үед Г.Эрдэнэтогтох миний дээр гараад намайг цохих гэж байтал манай найз охин Чагцал ирж салгах гэсэн боловч Г.Эрдэнэтогтох "Янхан минь хол бай" гэж хэлээд миний найз охиныг түлхэж унагаасан. Тэгэхээр нь би ууралдсандаа намайг цохиход хугарч газарт унасан хүрзний ишний хэсгийг аваад Г.Эрдэнэтогтохын толгой тус газар нь цохиход цус гарсан. Г.Эрдэнэтогтох надад "Толгойндоо оёдол тавиулаад дөнгөж 2 хонож байна. Чи тэр оёдол дээр дахиад цохиод толгой хагалчихлаа" гэхээр нь "Тэгвэл манайд очиж цусаа угаа"  гэхэд Г.Эрдэнэтогтох манайд очсон. Гэрт очиход аав "Эмнэлэг явах хэрэгтэй" гээд Г.Эрдэнэтогтохыг эмнэлэгт хүргэж үзүүлэхэд эмнэлэгийн ажилтнууд цагдаад дуудлага өгсөн байсан. Г.Эрдэнэтогтох бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн асуудал байгаагүй. Надад Г.Эрдэнэтогтохоос нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/ 
            3. Гэрч Ж.Чагцалын мөрдөн байцаалтад өгсөн: "2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Б.Доржготов бид хоёр гэрлүүгээ харихаар явж байх замдаа  Итгэлт худалдааны төвөөр орсон. Тэгээд Аз-Од тоглоомыг хэсэг хүмүүс тоглож байхыг Б.Доржготов харчихаад "Нэг тоглочихоод явья" гээд Аз-Од тоглоом дээр очоод тоглож эхэлсэн. Тэгээд тоглож байгаад 100 төгрөг алдаад 500 төгрөг өгөөд хариултаа авахад 100 төгрөг буцааж өгөхөөр нь "300 төгрөгөө авья" гэхэд "Чамд яахаараа 300 төгрөг өгдөг юм бэ?" гээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Б.Доржготов тоглоом тоглуулж байсан хүнтэй маргалдаж байхад нэг ах ирээд нөгөө тоглоом тоглуулж байсан хүнээс мөнгө аваад зогсохоор нь Б.Доржготов "Мөнгөө авьяа" гэж сүүлд ирсэн хүнд хэлэхэд нөгөө ах "Яахаараа чамд мөнгө өгдөг юм бэ?" гээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд маргалдаж байгаад нөгөө ах /Г.Эрдэнэтогтох/ "Энэ хашааруу орьё" гэхэд Б.Доржготов нөгөө ахтай хамт Аз-Од тоглоом тоглуулж байсан газрын ар талд байх хоосон хашааруу орсон. Хашаанд ороод нөгөө ах Б.Доржготовын хүзүүг хоёр гараараа боосон. Тэгэхээр нь Б.Доржготов тавиулах гээд ноцолдож байгаад хоёулаа газарт унасан. Тэр ах газраас босоод хашаны буланруу гүйхээр нь Б.Доржготов араас нь гүйсэн. Тэгтэл хашаагы булангаас хүрз аваад Б.Доржготовын толгойруу 2 удаа цохисон. Тэр үед Б.Доржготов доош тонгойтол нуруулуу нь 2 удаа цохиход хүрзний иш хугараад газар унасан. Газар унасан хүрзний ишийг Б.Доржготов аваад тэр ахын толгойруу цохиход толгойноос цус гарахаар нь Б.Доржготов гарт байсан модоо газарт хаясан. Тэр үед нөгөө ах босч ирээд "Цагдаад өгнө" гээд орилоод байсан. Тэгэхээр нь Б.Доржготов "Та манайд очиж толгойны цусаа угаа" гэхэд тэр ах манайд очсон бөгөөд Б.Доржготовын аав тэр ахыг эмнэлэгрүү хүргэж өгсөн. Би тэр хүнийг урьд өмнө нь харж байгаагүй. Зодоон болох үед би тэр хоёрын хажууд байсан. Тэр хоёрыг салгахыг оролдоход намайг нөгөө ах түлхээд элдэв үгээр доромжилсон" гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/, 
                   4. Гэрч П.Баянмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн: "2016 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагийн үед Г.Эрдэнэтогтох, Б.Доржготов хоёр манай гэрт орж ирэхээр нь тэр хоёроос юу болсон талаар асууж мэдсэн. Тухайн үед Г.Эрдэнэтогтохын толгойноос цус гарч байхаар нь "Ахын дүү юу болсон бэ?" гэж асуухад Г.Эрдэнэтогтох "Танай хүү Б.Доржготов намайг хүрзээр цохиод ийм болгочихлоо" гэхээр нь Б.Доржготовоос яагаад Г.Эрдэнэтогтохын толгойруу хүрзээр цохисон талаар асуухад "Итгэлт худалдааны төв дээр Аз-Од тоглоом тоглож байгаад Г.Эрдэнэтогтоход өгсөн мөнгөний хариултаа авах гэтэл Г.Эрдэнэтогтох чамд яахаараа хариулт өгдөг юм бэ? гээд хэл амаар доромжлоод надтай ноцолдсоноос болоод ийм юм болчихлоо" гэж хэлсэн. Тэгэхээр Г.Эрдэнэтогтохоос Б.Доржготов яагаад өөрийг нь хүрзээр цохисон талаар лавлаж асуухад "Бид хоёр тоглоомны мөнгөн дээрээс болоод маргалдаж байгаад би газарт байсан хүрзээр  Б.Доржготовыг хэд хэдэн удаа цохиход хүрзний иш нь хугараад газарт унасан. Газар унасан хүрзний ишээр Г.Доржготов миний толгойруу цохитол толгойны оёдол задарчихсан" гэж хэлэхээр нь Г.Эрдэнэтогтохыг эмнэлэгрүү авч явсан. Тэгээд эмнэлэгт очоод Г.Эрдэнэтогтохын толгойны шархыг нь цэвэрлүүлэх гэтэл эмч нар нь "Согтуу хүмүүст үйлчлэхгүй тэр цагдаа дээрээ очиж учраа ол" гээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний хүү Б.Доржготов нь зан байдлын хувьд төлөв даруу, үг цөөтэй, хүний үгийг сайн сонсдог гэх зэрэг олон сайн талтай. Б.Доржготов 2003 онд 1-р сургуулийн 1-р ангид элсэн орсон ба 2013 онд 640-р сургуульд элсэн орсон.Тэгээд 640 сургуульд сурч байгаад 9-р анги төгссөн. 2013 онд 9-р анги төгсөөд Увс аймгийн Улаангом сумын 245 дугаар ангид цэргийн алба хаасан. Миний мэдэхээр Б.Доржготов согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаагүй" гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/,  
                   5. Гэрч Д.Хосбаярын мөрдөн байцаалтад өгсөн: "2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед  Г.Эрдэнэтогтох ах надад "Аз-Од тоглоомыг тоглуулж бай, би найзуудтайгаа уулзчихаад ирье" гэж хэлээд явсан. Би Аз-Од тоглоомыг тоглуулаад байж байтал Б.Доржготов ирээд Аз-Од тоглоом тоглоод 400 төгрөг алдсан боловч мөнгөө өгөлгүй надтай юм яриад зогсож байтал Г.Эрдэнэтогтох ах ирсэн. Би Г.Эрдэнэтогтох ахад Б.Доржготовыг 400 төгрөг алдсан гэдгийг нь хэлсэн. Тэгээд Б.Доржготов Г.Эрдэнэтогтох ахтай тоглох гээд 500 төгрөг тавихаар нь Г.Эрдэнэтогтох ах "Чиний алдсан 400 төгрөгийг авлаа" гээд 100 төгрөг хариулж өгөхөд Б.Доржготов "Би өөрийнхөө мөнгийг авья" гээд уурлаж байснаа "Ийшээ гарья" гээд Итгэлт худалдааны төвийн ар талын хоосон хашааруу явахаар нь Г.Эрдэнэтогтох ах араас нь дагаад явсан. Хашааруу ороод нэг нэгийгээ заамдаж аваад  ноцолдож байгаад газар унаад босч ирээд нэг нэгнийхээ толгойруу цохиж байснаа Б.Доржготов газраас чулуу авч дайрахаар нь би Б.Доржготовын урдуур орж чулууг нь авсан. Тэгтэл Г.Эрдэнэтогтох ах хашааны булангаас хүрз аваад Б.Доржготовын толгой, нуруулуу цохиход хүрзний иш хугараад газарт унасан. Тэгтэл газарт унасан хүрзний ишийг Б.Доржготов аваад Г.Эрдэнэтогтох ахын толгойруу цохиход толгойноос нь цус гарсан. Тэр үед Б.Доржготов "Манайхруу явья ах" гэж хэлээд Г.Эрдэнэтогтохыг дагуулаад явсан. Тухайн үед Б.Доржготов нэг эмэгтэйтэй хамт явж байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/, 
                   6. Гэрч Б.Дариймаагийн мөрдөн байцаалтад өгсөн: "2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 19 цагийн үед Улаангом сумын 5-р багийн задгай тоотод байх гэртээ байж байтал хадам ах Даваагомбо манай гэрт ирээд "Г.Эрдэнэтогтох хүнээр цохиулаад эмнэлэг дээр байна гэж манай эхнэрт хэлээд өг гэж утсаар ярилаа" гэж хэлсэн. Тэгэхээр нь би хадам ахад "Та намайг эмнэлэгрүү хүргээд өгөөч" гэхэд "Одоо эмнэлэгээсээ гараад цагдаагийн газарт мэдүүлэг өгч байгаа байх" гэж хэлээд намайг цагдаагийн газрын гадаа хүргэж өгөөд Даваагомбо ах гэрлүүгээ явсан. Би цагдаагийн газарлуу ороход Б.Доржготов аавтайгаа хамт сууж байхаар нь Г.Эрдэнэтогтохыг хаана байгаа талаар асуухад "Эмнэлэг дээр байгаа" гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг дээр очиж Г.Эрдэнэтогтохтой уулзаж юу болсон талаар асууж Г.Эрдэнэтогтох, Б.Доржготов хоёрыг Итгэлт худалдааны төвийн ар талын хашаанд зодолдсон болохыг нь мэдсэн. Миний нөхөр Г.Эрдэнэтогтох нь зан байдлын хувьд төлөв даруу зантай, ажлыг эхлүүлсэн бол дуусгаж байж салдаг, ажилч хичээнгүй гэх зэрэг яриад байвал олон сайн талтай. Г.Эрдэнэтогтох миний мэдэхээр ар гэрийн шалтгаанаар 4 дүгээр ангиасаа сургуулиас гарч байсан гэсэн. Г.Эрдэнэтогтох Баян-Өлгий аймагт 1 жилийн хугацаанд цэргийн алба хаасан. Г.Эрдэнэтогтох согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг боловч хэрэглэсэн үедээ төлөв даруу байдаг" гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/,
       7. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 279 дугаартай шинжээчийн: "Үзүүлэгч Б.Доржготовын биед тухайн үед гэмтэл учирсан байна. Духны зүүн дээд хэсэг, зүүн шанааны хэсэгт, баруун гарын хуруунд шалбарсан шарх, зүүн мөр, баруун гарын тохой, шуу, зүүн мөрөнд зулгаралт үүсэж, тав тогтсон зэрэг гэмтлүүд үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрхи гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө" гэх дүгнэлт /хх-ийн 25-р тал/,
       8. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 278 дугаартай шинжээчийн: "Үзүүлэгч Г.Эрдэнэтогтохын биед тухайн үед гэмтэл учирсан байна. Толгойн оройн хэсгийн хуйханд язарсан шарх, баруун нүдний эвэрлэгт цус хуралт, хамар дээр зулгаралт, баруун нүдний зовхи хар хөхөрсөн, зөөлөн эдийн гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь өөрийнх нь хэлж байгаа хугацаанд үүссэн, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрхи гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө" гэх дүгнэлт /хх-ийн 28-р тал/,
       9. Шүүгдэгч Г.Эрдэнэтогтохын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 55-р тал/
      10. Шүүгдэгч Б.Доржготовын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа/хх-ийн 55-р тал/, 
            11. Шүүгдэгч Г.Эрдэнэтогтохын хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 51,53-54, 61, 
            12. Шүүгдэгч Б.Доржготовын хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 66, 73, 
            13.  Шүүгдэгч Г.Эрдэнэтогтохын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "Би үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Б.Доржготовтой сайн дураараа эвлэрсэн. Бидний хооронд одоо ямар нэгэн маргаан байхгүй. Нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй"  гэх  мэдүүлэг, 
       14. Шүүгдэгч Б.Доржготовын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "Өөрийн буруугаас болж хүнтэй зодолдож хүний биед гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Г.Эрдэнэтогтох бид хоёр учраа олж эвлэрсэн. Надад ямар нэгэн гомдол байхгүй. Нэхэмжлэх хохирол байхгүй" гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно. 
           Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл: Шүүгдэгч Б.Доржготов, Г.Эрдэнэтогтох нар нь 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Итгэлт" худалдааны төвийн хашаанд хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн харилцан зодолдож бие биенийхээ бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч Ж.Чагцал, П.Баянмөнх, Д.Хосбаяр, Б.Дариймаа нарын мэдүүлэг, Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 278, 279 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 
              Шүүгдэгч Б.Доржготовын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Эрдэнэтогтохын биед хөнгөн зэргийн гэмтэл, шүүгдэгч Г.Эрдэнэтогтохын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Доржготовын биед хөнгөн зэргийн гэмтэл тус тус учирсан нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Доржготов, Г.Эрдэнэтогтох нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 
               Шүүгдэгч Б.Доржготов, Г.Эрдэнэтогтох нар нь гэм буруугаа ойлгож ухамсарлан хоорондоо сайн дураараа эвлэрсэн, хохирол төлбөр нэхэмжлээгүй болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүхэд гаргаж өгсөн тодорхойлолтоор тус тус нотлогдож байна. 
                  Шүүгдэгч Б.Доржготов, Г.Эрдэнэтогтох анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан, хоорондоо сайн дураараа эвлэрсэн, хохирол төлбөр нэхэмжлээгүй болох нь шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Б.Доржготов, Г.Эрдэнэтогтох нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж дүгнэв. 
              Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй  байна.  

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 294-296,  297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
            1. Шүүгдэгч Борлууд овгийн Баянмөнхийн Доржготов, Зуутраг овгийн Гэндэнгийн Эрдэнэтогтох нарыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 
            2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан  шүүгдэгч Б.Доржготов, Г.Эрдэнэтогтох нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Б.Доржготов, Г.Эрдэнэтогтох нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 
            3. шүүгдэгч Б.Доржготов, Г.Эрдэнэтогтох нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй,  шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.
            4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрзний иш мод 2 /хоёр/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
       5.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч Б.Доржготов, Г.Эрдэнэтогтох нарт өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 
         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ГАНСҮХ