Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2020/00096

 

Ж.Сгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 138/ШШ2019/00106 дугаар шийдвэр,

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 201/МА2019/00004 дүгээр магадлалтай,

Ж.Сгийн нэхэмжлэлтэй

“А”ХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох

“А”ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүй болгож хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахыг төлөөлөн удирдах зөвлөлд даалгах, “А”ХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар сонгогдсон төлөөлөн удирдах зөвлөлийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадваргүйд тооцож уг ТУЗ-ийн хуралдаанууд, түүнээс гаргасан тогтоол, шийдвэрүүдийг хүчингүйд тооцуулах, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн “А”ХК, Монголын алт МАК ХХК-ийн хооронд байгуулсан №154-0218 тоот хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар ТУЗ-ийн гишүүдийг сонгох, компанийг хуваах тухай асуудлаар нэн даруй зарлан хуралдуулахаар ТУЗ-д даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Ш.Баясгалангийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Бямбасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А”ХК нь 1999 онд бүрэн хувьчлагдсан. “А”ХК нь 1000 гаруй хувьцаа эзэмшигчтэй. Үүнээс 51 хувийг Б.Шатар, 18.15 хувийг Ц.Ш, 18.04 хувийг Ж.С, бусад 18.12 хувийг 1000 гаруй хувьцаа эзэмшигч нар эзэмшдэг. Бид 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүй болгож хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахыг Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-д даалгахаар нэхэмжлэл гаргасан. Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д дараах тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулна гэж заасан байдаг. Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т төлөөлөн удирдах зөвлөлийн хоёр буюу түүнээс дээш тооны хараат бус гишүүн, саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч санал, шаардлага гаргасан бол гэж заасан байна. Хуулийн энэ заалтын дагуу Ж.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бямбасүрэн би 2018 оны 04 дүгээр сарын 23-ний өдөр “А”ХК-д санал шаардлагаа хүргүүлсэн. Төлөөлөн удирдах зөвлөл санал шаардлагыг хүлээн аваад 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хуралдаад ТУЗ-ийн 05 тоот тогтоолыг гаргасан байдаг. Уг тогтоол нь Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-т заасныг болон “А”ХК-ийн дүрмийн холбогдох заалтыг үндэслэн компанийг хуваах асуудлаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах боломжгүй гэж үзсүгэй гэсэн байдаг. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т дараах асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ. 62.1.2-т нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах буюу өөрчлөх замаар компанийг өөрчлөн байгуулах гэж заасан байдаг. Мөн надад тайлбар ирүүлсэн байдаг. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна, 59.3-т хувьцаа эзэмшигчдийн хурал ээлжит болон ээлжит бус байна, 59.4-т хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна, 59.11-д хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар энэ хуулийн 62.1.9-д заасан асуудлыг заавал хэлэлцэнэ, 62.1.9-д компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах гэж тус тус заасан байдаг. Гэтэл ”А”ХК-ийн ТУЗ-ийн дарга компанийн тухай хуулийн эдгээр заалтуудыг баримтлахгүйгээр надад татгалзсан хариу өгсөн байна. Компани хуваах асуудал нь хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах асуудал мөн. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар заавал хэлэлцэх асуудлыг хуульд тодорхой зааж өгсөн байдаг. Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5-д төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ дараах тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас татгалзах шийдвэр гаргах бөгөөд уг шийдвэрийн үндэслэлийн талаар энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигчид нэн даруй мэдэгдэнэ, 61.5.1-д хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шаардлага гаргасан хувьцаа эзэмшигчийн саналын эрх нь нийт саналын эрхийн 10 хувьд хүрээгүй, 61.5.2-т хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар хэлэлцэхээр санал болгож байгаа асуудал нь хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарахгүй гэж заасан байна. Иймд хуульд заасан хоёр үндэслэлээр ТУЗ нь төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит бус хурлыг хуралдуулахаас татгалзах шийдвэр гаргах ёстой. ТУЗ гаргасан тогтоолдоо Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-т заасныг үндэслэсэн байдаг. Хэрэв татгалзаж байгаа бол 61 дүгээр зүйлийн 61.5.1, 61.5.2-г үндэслэж татгалзах ёстой байсан. Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.6-д энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас татгалзсан төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргаж болно гэсний дагуу бид гомдлоо хуулийн дагуу гаргаж байна. ТУЗ-ийн хараат бус гишүүн “А”ХК-г төлөөлж төлөөлөгчөөр оролцож байгаа явдал нь зохисгүй юм. Хараат бус гишүүн нь жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, ногдол ашиг хуваарилах, компанийг алдагдалд оруулахаас хамгаалах үүрэгтэй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хувьд 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гурван нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Үүнд: Нэгдүгээрт: “А”ХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас сонгогдсон төлөөлөн удирдах зөвлөлийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадваргүйд тооцуулж, түүнээс гаргасан тогтоол шийдвэрийг хүчингүй болгуулах. Хоёрдугаарт: 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн “А”ХК болон Монголын алт МАК компанитай байгуулсан хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах. Гуравдугаарт: Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг ТУЗ-ийн гишүүдийг сонгох, компанийг хуваах тухай асуудлаар нэн даруй зарлан хуралдуулахыг ТУЗ-д даалгах шаардлагуудыг гаргасан. “А”ХК-ийн удирдлагууд 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр МАК-тай хамтран ажиллах гэрээ болон нүүрс худалдах худалдан авах гэрээг хийсэн. Энэ гэрээг ТУЗ-н дарга Шатар, гүйцэтгэх захирал Баясгалан нар хийсэн. “А”ХК-ийг нь зөвхөн өөрийн хувийн компани мэтээр үзэж дураараа тус гэрээг байгуулсан. Тус нүүрс худалдах худалдан авах гэрээ нь “А”ХК-ийн гол орлогыг бүрдүүлж байгаа их хэмжээний хэлцэлд тооцогдох гэрээ юм. Иргэний хуулийн 83 дугаар зүйл зүйл 83.1-т Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно, 84.4-т энэ хуулийн 84.3-т зааснаас бусад эд юмс хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж заасан байгаагаас үзэхэд МАК-ийн худалдан авч байгаа нүүрс нь эд хөрөнгө юм. Компанийн тухай хуулийн 11 дүгээр бүлэгт их хэмжээний хэлцлийн талаар зохицуулсан байдаг. Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-т их хэмжээний хэлцэлд дараах хэлцлийг тооцно, 87.1.1-т хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцэл, 88.1-т их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана гэж заасан байдаг. Гэтэл нотлох баримтаар гаргаж өгсөн хурлын тэмдэглэлд их хэмжээний хэлцэл байгуулахыг зөвшөөрсөн нэг ч баримт байхгүй байна. Төлөөлөн удирдах зөвлөл их хэмжээний хэлцэл хийх тухай шийдвэрийг санал нэгтэй гаргаж чадахгүй тохиолдолд асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулах бөгөөд уг асуудлыг хуралд оролцож байгаа хувьцаа эзэмшигчдийн саналын олонхоор шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Өнөөдрийн байдлаар ТУЗ нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг нэг ч удаа зарлан хуралдуулаагүй байгаа. Энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй байна. “А”ХК-ийн 2017 оны жилийн эцсийн тайланд нийт актив 10 тэрбум төгрөг гэж тайлагнасан байдаг. МАК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний 1.6-д нүүрс худалдах худалдан авах гэрээний дагуу тээвэрлэлт болон бусад зардлыг 60, 40 хувиар тооцохоор тохиролцсон байдаг. Гэрээний хавсралтад 2018 онд 156 000 тн нүүрс, 2019 онд 258 000 тн нүүрс нийтдээ 414 000 тн нүүрсийг кг-ийг нь 12 600 төгрөгөөр тооцож 5 216 400 000 төгрөгөөр худалдах худалдан авах хэлцэл хийсэн байдаг. Энэ нь “А”ХК-ийн активийн 51 хувьтай тэнцэж байна. Үүнээс харахад тухайн хэлцэл нь их хэмжээний хэлцэл болох нь харагдаж байна. Иймд тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Үүнд: хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, эрх зүйн чадамжгүй этгээдийн хийсэн хэлцэл, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл болон дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хамаарахаар заасан байна. Их хэмжээний хэлцэл байгуулах зөвшөөрлийг төлөөлөн удирдах зөвлөл хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэн зөвшөөрөл аваагүй байгаа нь Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн хэлцэл юм. Мөн Иргэний хуулийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн бөгөөд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байна 56.1.3-т зааснаар ямар нэгэн хэлцлийг халхавчилж хийсэн хэлцэл гэсэн заалтад хамаарч байх тул уг гэрээ нь хүчин төгөлдөр бусад тооцогдох ёстой. Мөн уг гэрээ нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байна. Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйл 11.1-д аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно, 11.1.1-т бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох, 11.1.2-т зах зээлийг нутаг дэвсгэр, үйлдвэрлэл, үйлчилгээ, борлуулалт, барааны нэр, төрөл, худалдан авагчаар хуваарилахыг хориглоно гэж заасан байдаг. Гэтэл МАК болон ”А”ХК нь үүнийг зөрчин гэрээ байгуулсан байна. Мөн гэрээг байгуулахад оролцсон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, компанийн гүйцэтгэх захирал Баясгаланг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар сонгосон гэдэг боловч гүйцэтгэх удирдлагатай гэрээ огт байгуулаагүй байдаг. 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ТУЗ-ийг хууль бусаар хуралдуулж Баясгалантай гэрээ байгуулсан мэт болгосон байдаг. ТУЗ нь дүрэмдээ заасны дагуу сар бүр хуралдахгүй байгаагаас болж Компанийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй байгаа байгаа бөгөөд зөвлөлдөх асуудал байгаа талаар 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр ТУЗ-ийн гишүүн Бямбасүрэн нь санал гаргасан байдаг. Гэтэл бид 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хуралдчихсан гэсэн хариу өгсөн. 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ТУЗ хуралдахдаа ТУЗ-ийн гишүүдэд зар хүргэхгүйгээр зөвхөн өөрсдийн хамаарал бүхий гишүүдийн хүрээнд хуралдсан байдаг. Энэ нь 2018 оны оны 3 дугаар сарын 30-ны өдөр хуралдсан хурлаас хойш 4 сарын дараа гүйцэтгэх удирдлагатай гэрээ байгуулсан байдаг. 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хурал нь 3 хүний бүрэлдэхүүнтэй хуралдсан байдаг. Энэ нь Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5-д заасан төлөөлөн удирдах зөвлөлийн хурал гишүүдийнх нь дийлэнх олонх оролцсоноор хүчин төгөлдөр болно гэсэн заалтыг зөрчсөн. Уг хурлаас гүйцэтгэх удирдлагатай нөхөн гэрээ байгуулсан шийдвэр гаргасан. Энэ нь Компанийн үйл ажиллагааг хууль бусаар удирдаж байсныг нотолно. МАК-тай байгуулсан гэрээнд гүйцэтгэх захирал нь байгуулаагүй байхдаа хэлцэл хийсэн байдал харагдаж байна. Санхүүгийн зохицуулах хорооноос 2018 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын материалыг хянаад 05 тоот албан бичгээр хариуг хүлээн авсан. 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар ТУЗ-ийн гишүүдийг сонгохдоо хуульд заасан шаардлагыг илтэд зөрчиж өөрийн ажилтанг хараат бус гишүүнээр сонгосон нь ТУЗ нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадваргүйд тооцогдох нөхцөл бүрдсэн болохыг мэдэгдэж байна гэсэн байдаг. 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 9/3406 тоот албан бичгээр “А”ХК-д мэдэгдсэн байдаг. Мөн энэ тухай хувьцаа эзэмшигч Ж.Сд албан бичгээр мэдэгдсэн байдаг. Алтанцэцэг бол хараат бус гишүүн байсан. Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйл 79.1-д энэ хуулийн 81.2-т заасан нэр дэвшүүлэх хороо нь төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнд дараах шалгуурыг хангасан хүний нэрийг дэвшүүлнэ, 79.1.1-д өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй, 79.1.2-т өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй байх ёстой гэсэн байдаг. Гэтэл Б.Алтанцэцэг нь ”А”ХК-ийн цалингийн нягтлан бодогчоор өнөөдрийг хүртэл 15 дахь жилдээ ажиллаж байна. Санхүүгийн зохицуулах хорооноос шалгаж хуульд заасан шаардлагыг зөрчсөн болохыг тогтоосон. Компанийн бүтцийг Компанийн тухай хуульд заасан байдаг. Тус хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна гэсэн. Мөн хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих байгууллага нь төлөөлөн удирдах зөвлөл байна.Хуулийн 75.4-т хувьцаат компани болон төрийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь ес буюу түүнээс дээш гишүүнтэй байх ба тэдгээрийн гуравны нэгээс доошгүй хувь нь хараат бус гишүүн байна, 75.6-д хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас энэ хуулийн 75.4-т заасан тооны хараат бус гишүүнийг төлөөлөн удирдах зөвлөлд сонгож чадаагүй тохиолдолд тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадваргүйд тооцогдоно, 75.7-д энэ хуулийн 75.6-д заасан тохиолдолд компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдсанаас хойш ажлын таван өдөрт багтаан дараагийн хувьцаа эзэмшигчдийн хурлын товыг тогтоож, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох асуудлыг дахин хэлэлцүүлнэ гэж заасан байгааг тус тус зөрчсөн байна. Иймээс Санхүүгийн зохицуулах хорооноос хууль зөрчсөн үйлдлээ зөвтгө гэсэн албан тоот ирүүлсэн байдаг. 2018 оны хувьцаа эзэмшигчдийн хурлаар үндсэндээ 8 хүнийг ТУЗ-ийн гишүүнээр сонгосон байна. Энэ нь ТУЗ нь байгуулагдсан цагаасаа эхлээд бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадамжгүйд тооцогдох ёстой. Нэгэнт эрх зүйн чадамжгүй ТУЗ, түүнээс гарсан шийдвэрүүд эрх зүйн чадамжгүй болж байгаа юм. ТУЗ-ийн томилсон гүйцэтгэх захирал нь мөн адил эрх зүйн чадамжгүй юм. ТУЗ-ийн гишүүн Бямбасүрэн нь ТУЗ-ийн хурлыг шаардлага тавьж хийлгүүлсэн байдаг. Гэтэл мөн л хууль зөрчөөд Амаржаргал гэдэг хүнийг хараат бус гишүүнээр шууд сонгоод баталсан байдаг. Уг хуралдааны тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан байгаа. Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 62.1-д зааснаар дараах асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ гэсэн. 62.1.7-д төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох асуудал хамаарахаар байна. Үүнээс үзэхэд хувьцаа эзэмшигчдийг сонгох эрх нь хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах асуудал юм. Гэтэл ТУЗ нь хувьцаа эзэмшигчдийн эрхэд халдаж Амаржаргал гэдэг хүнийг ТУЗ-ийн хараат бус гишүүнээр түр томилсон байдаг. Түр томилсон тогтоолын үндэслэх хэсэгт Компанийн тухай хуулийн 77.5, 77.6, 79.1, 80.2-т заасан заалтуудыг заасан байдаг. Компанийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.5-д компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол удаан хугацаагаар үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан, эсхүл нас барсан төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг орлох этгээдийг нөхөн сонгууль хүртэл төлөөлөн удирдах зөвлөл түр томилж болно, 77.6-д энэ хуулийн 77.5-д заасны дагуу томилогдсон этгээд нь хараат бус гишүүнд тавигдах шаардлагыг хангасан байх ба төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний эрхийг эдэлнэ гэж заасан байна. Анхнаасаа хуулийн шаардлага хангаагүй Алтанцэцэг гэх хүн нь ТУЗ-ийн гишүүнээр сонгогдсонд тооцогдохгүй. Алтанцэцэг нь чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан ТУЗ-ийн гишүүн биш юм. 77.5 дахь хэсэгт заасан чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэдэг ойлголт нь хуулийн дагуу сонгогдож бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа ТУЗ-ийн гишүүнд хамаарах асуудал юм. “А”ХК нь анхнаасаа бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадваргүйд тооцогдсон байгаа тул энэ байдлаа ээлжит бус хурал хуралдуулж зөвтгөх шаардлагатай байна. Иймд ТУЗ-ийг анхнаасаа бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадваргүйд тооцож, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулж хувь эзэмшигчдийн бүрэн эрхэд хамаарах ТУЗ-ийн гишүүдийг сонгох, үндсэн шаардлага болох компанийг хуваах асуудлыг шийдвэрлэж, МАК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үндсэн шаардлагаас ээлжит бус хурлыг хуралдуулах гэсэн шаардлага нь нэмэгдүүлсэн шаардлагын ээлжит бус хурлыг хуралдуулъя гэсэн шаардлагатай үндсэндээ давхцаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч С.Бадарч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын гол зорилго компанийг хуваах явдал юм. Ж.С нь “А”ХК-ийн томоохон хувьцаа эзэмшигч юм. Хувьцаа эзэмшигч нь хувь нийлүүлсэн хөрөнгийнхөө оролцох хэсгийг нотлохоос биш тусгайлан өмчлөх эрхийг эдлэхгүй юм. Бид хурал хийхийг эсэргүүцээд байгаа зүйл байхгүй. Харин хурлаар юу хэлэлцэх гээд байгаа компани хуваах асуудал нь тухайн ээлжит бус хурлаар шийдвэрлэх боломжгүй асуудал юм. МАК-тай байгуулсан гэрээг цуцлах асуудал нь Дорнод аймгийн эрчим хүчийг алдагдуулахад нөлөөлөх ноцтой асуудал юм. 1998 онд “А”уурхайг хөгжүүлэх гэж хувьчилсан байдаг. Компанийг хуваана гэдэг бол Компанийн үйл ажиллагааг зогсооно гэсэн үг юм. Энэ асуудлын ард 1000 гаруй хувьцаа эзэмшигч, 100 гаруй ажилчдын эрх ашиг яригдаж байна. Бид энэ асуудлаас болж бүтэн жил шүүхээр явж байна. Иймд энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэж, нэхэмжлэлийн үндсэн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ТУЗ-ийн хурлаар санхүүгийн жилийн тайлан, түүнтэй холбогдох үр дүнгийн талаар хэлэлцдэг. “А”ХК-г хуваах асуудал яригдаж байгаа тул Компанийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Компанийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг шинээр үүсэх хоёр буюу түүнээс дээш компанид шилжүүлэхийг компанийг хуваах гэнэ гэж заасан байдаг. Энэ нөхцөл байдал үүсэхээр байгаа тулсан хүүгийн нөхцөл байдал, эд хөрөнгийн тооцоолол, бусад этгээдийн өмнө гүйцэтгэх үүргүүд, өр авлагыг тооцох, нэгж хугацааны үр ашгийг дахин тооцох зэргээр богино хугацаанд шийдвэрлэх боломжгүй олон асуудал байна. Өөрөөр хэлбэл тодорхой судалгаа, үр дүнгийн ажил хийгдэх шаардлагатай байдаг тул ээлжит бус хурал зарлаад нэг мөр шийдвэрлэх боломжгүй юм. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйл 62.1-д дараах асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ гэж заасан байна.Үүнээс зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар гэсэн байна. Ээлжит бус хурлаар гэсэн үг өгүүлбэр байхгүй байгааг анхаарах ёстой. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-т нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах буюу өөрчлөх замаар компанийг өөрчлөн байгуулах асуудлыг шийдвэрлэхээр заасан байна.Ээлжит бус хурлаар гэдэг үг мөн л байхгүй байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ганбаяр хэлэхдээ нэхэмжлэлийн үндсэн шаардлага нэмэгдүүлсэн шаардлага хоёр үндсэн нэг гэж хэлж байна. Иймээс аль нэг нэгээс нь татгалзах ёстой юм. Аль шаардлагаасаа татгалзаж байгаа нь тодорхойгүй байна. 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Иргэний хэргийн анхан шатны шүүх энэ асуудлаар хэргийг хянан хэлэлцсэн. Тухайн шүүх хурлаас шүүгчийн захирамж гарсан байдаг. Энэ захирамжид нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаж байгаагүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 120.4-т Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй гэж заасан байдаг. 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 154/0218 тоот гэрээний талаар маргаж байна гэж ойлгож байна. Тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулна гэж нэхэмжлэгч тал ярьж байгаа яг аль заалтаар хүчин төгөлдөр бусад тооцуулах гээд байгаа нь ойлгомжгүй байна. Эрх зүйн чадамжгүй этгээдийн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж нэхэмжлэгч тал хэлж байна. Тэгвэл Баясгалан нь хувь хүнийхээ хувьд эрх зүйн чадамжгүй юм уу, “А”ХК нь хуулийн этгээдийнхээ хувьд эрх зүйн чадамжгүй юм уу эсхүл МАК-ийн захирал нь эрх зүйн чадамжгүй юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч хэлэхдээ 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар Баясгаланг гүйцэтгэх захирлаар томилсон гэж хэлсэн. Баясгалантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бол Баясгалан гүйцэтгэх захирлын эрх үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болно гэсэн хуулийн заалт одоогоор байхгүй байна. Нэгэнт Баясгаланг гүйцэтгэх захирлаар томилсон нь үнэн юм. Гэрээ хийх асуудлыг Баясгалан бие дааж гүйцэтгэсэн болохоос биш ТУЗ-ийн удирдлагын шийдвэрийг хэрэгжүүлсэн юм. Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д их хэмжээний хэлцэлд дараах хэлцлийг тооцно, 87.1.1-д хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцлийг тооцохоор заасан байна. Үүнээс харахад балансын активын 25 хувиас болохоос биш хэлцлийн үнийн дүнгийн 25 хувиас дээш гэсэн ойлголт биш юм. Иймд их хэмжээний хэлцэл биш байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн 5 тэрбум гаруй төгрөгийн хэлцлийг хүчингүй болгуулахаар маргаж байна. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4-т гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр тодорхойлогдох ёстой байдаг. Иймд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй гэсэн үндэслэлээр шүүх хэргийг хүлээж авах ёсгүй байсан юм. Гэрээний үнийн дүнг талууд тодорхойлцон байдаг. Тус гэрээнд борлуулалтын орлогыг санхүүгийн тайланд тусгагдсанаар 2.5 хувьтай тэнцэх хэмжээний орлогыг МАК-д төлнө гэж заасан байна. Гэрээний талууд нь “А”ХК болон МАК гэж гэрээнд заачихсан байгаа. Иймд тус хоёр хуулийн этгээдийн удирдлагуудын хооронд хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл юм. Өнөөдрийн шүүх хуралд ТУЗ-ийг хариуцагчаар татсан тул Баясгалан гүйцэтгэх захирлын талаар ярих нь ач холбогдолгүй юм. Алтанцэцэгт холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооноос Алтанцэцэгт холбогдох асуудлыг зөвтгө гэсэн албан бичиг ирсэн нь үнэн. Үүнтэй холбоотойгоор ТУЗ-ийн гишүүн Алтанцэцэг нь Компанийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.5-д зааснаар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Анх Алтанцэцэгийг бүгд санал нэгтэйгээр сонгосон байдаг. Тухайн үед яагаад Алтанцэцэг сонгогдож болохгүй талаар хэн ч санал гаргаагүй вэ гэдгийг анхаарч үзэх ёстой. Тухайн үед бүгд алдаа гаргасан гэдгээ ойлгож энэ асуудлыг зөвтгөсөн юм. Ингэхдээ Компанийн тухай хуулийн 77 дугаар зүйл 77.5-д компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол удаан хугацаагаар үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан, эсхүл нас барсан төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг орлох этгээдийг нөхөн сонгууль хүртэл төлөөлөн удирдах зөвлөл түр томилж болно гэсэн заалтыг баримтлан чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан гэж үзсэн. Мөн тус заалтад ТУЗ түр томилж болно гэсэн заалт байна. Энэ нь сонгох биш түр томилж болно гэсэн байгааг анхаарах хэрэгтэй. Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5-д төлөөлөн удирдах зөвлөлийн хурал гишүүдийнх нь дийлэнх олонх оролцсоноор хүчин төгөлдөр болно. Нэхэмжлэгчийн төлөөлөгч хэлэхдээ бид наймуулаа хурлыг эхлүүлсэн боловч санал нийлэхгүй байсан тул бид хурлыг орхиж гарсан гэж мэдүүлсэн. Хуралдаан 50 хувь дээр нэмэх нь 1 хүн гэсэн ирцтэйгээр хүчин төгөлдөр болох ёстой. Иймд хурлын ирц хангагдаж ТУЗ-ийн хурал Компанийн тухай хуулийг зөрчөөгүй байна. Санхүүгийн зохицуулах хорооноос Алтанцэцэгт холбогдох асуудлыг шийдвэрлэхгүй бол танай ТУЗ-ийн эрх зүйн чадамжгүй болох гэж байна шүү гэдэг анхааруулгыг Санхүүгийн зохицуулах хорооноос өгсөн байдаг. Энэ анхааруулга болохоос биш эрх зүйн чадамжгүйд тооцсон зүйл биш юм. Нэхэмжлэгч тал Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж хэлж байна. Бид нэг зорилгын төлөө явж байгаа тул Өрсөлдөөний тухай асуудал яригдах ёсгүй. Өрсөлдөөний тухай хуульд өнөөдрийн энэ асуудлыг шийдвэрлэх зохицуулалт байхгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал ТУЗ нь сардаа нэг хуралдахгүй байна гэж хэлж байна. Гэтэл үнэндээ ТУЗ сар тутам хуралдаж байгаа. Хурлыг хаяж явсан асуудал нь эсрэг байр суурьтай байсныг илэрхийлнэ. Тус ТУЗ-ийн хурал нь найман гишүүний бүрэлдэхүүнтэй эхэлсэн бөгөөд долоон гишүүн нь саналын эрхтэй байсан юм. Хурлыг хаяж явсан дөрвөн гишүүний гурав нь саналын эрхтэй байсан юм. Иймд үлдсэн дөрвөн гишүүн саналаа өгснөөр хурлын шийдвэр хүчин төгөлдөр болсон юм. Иймд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй үндсэн нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МАК-тай байгуулсан гэрээний асуудал хөндөгдсөн тул манай байгууллага шүүгчийн захирамжийн дагуу гуравдагч этгээдээр оролцож байна. Хэргийн материалтай танилцах явцад Бямбасүрэнгийн шүүхэд төлөөлөх итгэмжлэл нь энэ асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй юу гэдгийг нягтлах хэрэгтэй. Тухайн итгэмжлэл нь өөрөө дэндүү өргөн агуулгатай байна. Манай байгууллага энэ хэрэг дээр гуравдагч этгээдээр оролцох болсон. Манай байгууллагын эрх ашиг хөндөгдөж болзошгүй гэж хариуцагч тал санал гаргаж үүний дагуу шүүх захирамж гаргасан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй гэсэн заалтын дагуу шүүх хуулийн дагуу ажиллагаагаа хийж байгаа. Манай байгууллага өнөөдрийн шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа нь эвлэрэх эрхгүй, хязгаарлагдмал байдлыг үүсгэж байна. Манай байгууллагатай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах хүсэлт гаргасан байгаа тул МАК-ийг давхар хариуцагчаар татах ёстой байсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч өөрөө хариуцагчаа сонгох ёстой байдаг болохоор манай компани гуравдагч этгээдээр оролцож байна. Манай компанитай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах асуудал яригдаж байгаа тул манай компани хариуцагчаар татагдаж маргах хүсэлтэй байна. МАК болон “А”ХК-ийн хооронд байгуулсан гэрээгээр МАК нь “А”ХК-ийн борлуулалтын нийт орлогын 2.5 хувийг л авахаар байгаа юм. Энэ нь их хэмжээний хэлцэл мөн үү гэдгийг тодруулах ёстой. Манай компанитай байгуулсан гэрээний хавсралтад гүйцэтгэх захирал Баясгалан, ТУЗ-ийн дарга Шатар нарын ТУЗ-өөс томилсон тогтоол нь байдаг. Хавтаст хэрэгт байгаа гэрээ нотлох баримтын шаардлага хангаагүй үнэн юм. Манай байгууллага гэрээний нэг хувь нь “А”ХК-д байгаа гэж бодоод гэрээгээ авчраагүй юм. Гэтэл одоо нотариатаар гэрчлүүлээгүй гэрээтэй өнөөдрийн шүүх хуралд орж байна. Гэсэн хэдий ч гэрээ байгуулсан эсэх тал дээр хэн ч маргахгүй байна. Иймээс процессийн алдаа болохгүй байх гэж бодож байна. Манай компани ТУЗ-тай холбоотой асуудал дээр тайлбар хэлэх шаардлагагүй. Харин манай компанид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож бид “А”ХК-тай цуг хариуцагчаар татагдан оролцох хүсэлтэй байна гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 01-ний өдрийн 138/ШШ2019/00106 дугаар шийдвэрээр Монгол Улсын Компаний тухай 61 дүгээр зүйлийн 61.1.2, 61.6, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй “А”ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох “А”ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүй болгож хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахыг төлөөлөн удирдах зөвлөлд даалгах, “А”ХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар сонгогдсон төлөөлөн удирдах зөвлөлийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадваргүйд тооцож уг ТУЗ-ийн хуралдаанууд, түүнээс гаргасан тогтоол, шийдвэрүүдийг хүчингүйд тооцуулах, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн “А”ХК, Монголын алт МАК-ХХК-ийн хооронд байгуулсан №154-0218 тоот хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар ТУЗ-ийн гишүүдийг сонгох, компанийг хуваах тухай асуудлаар нэн даруй зарлан хуралдуулахаар ТУЗ-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 201/МА2019/00004 дүгээр магадлалаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 01-ний өдрийн 138/ШШ2019/00106 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ш.Бхяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Магадлалын хянавал хэсэгт: анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Компанийн тухай хуулийн “холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн” нь ИХШХШТХ-ийн 116-р зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэсэн нь Компанийн тухай хуулийг давж заалдах шатны шүүхээс буруу тайлбарласан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл Компанийн тухай хуулийн 62-р зүйлд “хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг зөвхөн ээлжит хурлын бүрэн эрхэд хамаатуулан тайлбарласан нь буруу бөгөөд энэ зохицуулалт нь ээлжит болон ээлжит бус хурлын бүрэн эрхийн аль алинд нь хамааралтай гэсэн нь үндэслэлгүй байна. Компанийн тухай хуулийн 62.1.2. “нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах буюу өөрчлөх замаар компанийг өөрчлөн байгуулах” гэж тодорхой заахдаа энэ эрхийг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрх гэж тодорхой хуульчилсан. Учир нь компанийг хуваах, тусгаарлах үйл явц нь санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, тэнцэл хувьцаа эзэмшигчдэд ногдох эд хөрөнгийн хэмжээг тооцох, мөн компанийн бусад этгээдийн өмнө хүлээсэн үүргийг хэрхэн хувилж тооцох гэх мэт техник ажиллагааг ихээр шаарддаг тул заавал хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар эцэслэн шийдвэрлэх ёстой гэсэн хуулийн үзэл баримтлалыг давж заалдах шатны шүүх хэт хавтгайруулах байдлаар тайлбарласан нь буруу байна. Компанийн тухай хуулийн 59-р зүйлийн 59.3-т заасан хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлын ялгаа нь хурлын бүрэн эрх ба хэлэлцэх асуудалтай хамааралгүй, харин хуралдах цаг хугацаанаас хамааралтай гэж давж заалдах шатны шүүхээс хуулийг тайлбарласан. Энэ нь хууль тогтоогчдын зүгээс хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал бүр зайлшгүй цаг хугацаа шаардах, үүнээс улбаалж хууль зүйн тодорхой үр дагаврыг бий болгодог учраас хуульд “зөвхөн" гэсэн тодотголыг хийсэн байгааг давж заалдах шатны шүүх бодиттой үнэлж, үндэслэл бүхий дүгнэлтийг гаргаж чадаагүйгээс хариуцагчийн эрх ашгийг хохироож байна. Шийдвэр нь ИХШХШТХ-ийн 116-р зүйлийг зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлж, шаардлагаа нотлох нотлох баримтыг өөрөө бүрдүүлэх хуулиар хүлээсэн үүрэгтэй бөгөөд энэ үүргийг аль ч шатны шүүхээс нөхөн гүйцээлгэх талаар зориуд санаатай үйлдлийг хийх нь өөрөө ИХШХШТХ-ийг ноцтой зөрчих юм. Магадлалын хянавал хэсэгт үйл баримтыг тодруулах үүргийг анхан шатны шүүхэд үүрэг болгох байдлаар шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн хуулиар хүлээсэн үүргийг анхан шатны шүүхээс нөхөн хийлгэх гэсэн хууль бус шийдвэр буюу хуулийг буруу тайлбарласан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ИХШХШТХ-д заасан нэхэмжлэгчийн үүргээ биелүүлээгүй үйлдлийг анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдаа гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч ИХШХШТХ-д заасан нэхэмжлэлийн шаардлагын бүрдүүлбэрийг хангаагүй буюу нэхэмжлэлийн шаардлагад дурдсан мөнгөн дүнгийн хэмжээнд нийцүүлэн Улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүхэд удаа дараа тайлбарласан боловч хэрэглэвэл зохих хуулийг шүүх хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д нийцжээ. Хариуцагчийн гомдлын дагуу магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх боломжгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ж.С нь хариуцагч “А”ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан 2018 оны 03 сарын 30-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар сонгогдсон Төлөөлөн удирдах зөвлөлийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадваргүйд тооцуулах, дээрх ТУЗ-ийн хуралдаан, түүнээс гаргасан тогтоол, шийдвэрүүдийг хүчингүйд тооцуулах, ТУЗ-ийн 2018 оны 04 сарын 26-ны өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, ТУЗ-ийн гишүүдийг сонгох, компанийг хуваах асуудлаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах шийдвэр гаргахыг ТУЗ-д даалгуулах, “А”ХК, Монголын алт /МАК/ ХХК-ийн хооронд 2018 оны 05 сарын 22-ны өдөр байгуулагдсан 145-0218 дугаар бүхий хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нийт 5 шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Анхан шатны шүүх компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлын бүрэн эрхийг тайлбарлахдаа Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөж, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзжээ.

Магадлалд заасан үндэслэлээс гадна анхан шатны шүүх зайлшгүй хийвэл эрх зүйн  дүгнэлтийг бүрэн хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй нь буруу байна.

1.Нэхэмжлэгч Ж.С нь “А”ХК-ийн 18.04 хувийн хувьцаа эзэмшигч байх ба түүний гаргасан нэхэмжлэлээс “...компанийг хуваах асуудлаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах шийдвэр гаргахыг ТУЗ-д даалгуулах...” шаардлагыг тодруулах шаардлагатай гэж үзнэ. “Компанийн хуваах” гэдгийг нэхэмжлэгч хэрхэн ойлгож байгаа, цаашид хамтран ажиллах боломжгүй гэж үзэж байгаа эсэх, улмаар хувьцаагаа худалдан авахыг санал болгох агуулга байгаа эсэхийг зайлшгүй тодруулах, уг шаардлагыг тодорхой болгосны үндсэн дээр зохигч мэтгэлцэх нь зүйтэй байна.

2.Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т зааснаар саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч Төлөөлөн удирдах зөвлөлд /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-д хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах санал, шаардлага гаргасан бол тухайн хурлыг хуралдуулна гэж заажээ. Ийнхүү санал гаргах хэлбэр, агуулгыг мөн хуулийн 61.3-т “Энэ хуулийн 61.2-т заасан санал, шаардлагыг бичгээр гаргах бөгөөд түүнд санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, ээлжит бус хурал хуралдуулах болсон шалтгаан, хэлэлцэн шийдвэрлэх асуудал, хурлаас гаргах шийдвэрийн төсөл, өөрийн эзэмшиж байгаа хувьцааны төрөл, тоог  заана.” гэж зохицуулсан, нэхэмжлэгч энэ шаардлагыг хангасан санал гаргасан эсэхийг шүүх дүгнээгүй, хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглээгүй байна.

3. Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар Төлөөлөн удирдах зөвлөл нь дараах 2 тохиолдолд буюу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шаардлага гаргасан хувьцаа эзэмшигчийн саналын эрх нь нийт саналын эрхийн 10 хувьд хүрээгүй, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар хэлэлцэхээр санал болгож байгаа асуудал нь хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаараагүй, бол хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас татгалзах шийдвэр гаргана гэсэн байхад шүүх уг зохицуулалтын дагуу “А”ХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 05 тоот тогтоолын талаар эрх зүйн дүгнэлтийг хийгээгүй байна.

4. Нэхэмжлэгч нь “А”ХК, Монголын алт /МАК/ ХХК-ийн хооронд 2018 оны 05 сарын 22-ны өдөр байгуулагдсан 145-0218 дугаар бүхий хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн үндэслэлээ “...төлөөлөн удирдах зөвлөл санал нэгтэйгээр шийдвэр гаргаагүй байхад их хэмжээний хэлцэл байгуулж хууль зөрчсөн...” гэж тодорхойлсон байхад шүүх уг хэлцэл нь их хэмжээний хэлцэл мөн эсэх, эрх бүхий этгээдийн шийдвэр байгаа эсэх талаар Компанийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг бүрэн хэрэглээгүй нь буруу болжээ.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус компанийн хувьцааны 18.15 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Ш бие даасан шаардлага гаргасан байна. /1х-хх126/ Харин нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Баярсайхан түүнийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг гаргасан, шүүх Ц.Шыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн /1х-127-128/ боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ц.Ш оролцоогүй, шүүх энэ талаар зохих дүгнэлтийг хийгээгүй, тухайн хэргийн оролцогчийн эрх зүйн байдал тодорхойгүй үлдсэн байна.

6. Монголын алт ХХК уг хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон бөгөөд хариуцагчаар оролцуулж, мэтгэлцэх боломж олгох талаар удаа дараа тайлбар гаргаснаас үзэхэд бие даасан шаардлага гаргах эрхийг нь танилцуулах, улмаар зохигчийн нэгэн адил эрх ,үүрэг хүлээх боломжийг хангах нь хууль зөрчихгүй юм.

Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, маргааны зүйл буюу нотолгооны зүйлийн талаар талууд мэтгэлцээгүй, шүүхийн дүгнэлт хэргийн нөхцөл байдалтай тохирохгүй байгаа тохиолдолд шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий болоогүй гэж үзэх бөгөөд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 201/МА2019/00004 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

      ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА