Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/430

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

хохирогч Л.С,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Өлзийхишиг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203 00060 0153 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Төв аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт .......... аймгийн ............ сумын ........ дүгээр баг, ......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Б овогт Бы Б /РД:............./,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 11 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Геологийн төв лабораторийн зүүн урд талын 4 замын уулзварын замд Тоёота Приус маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан заалтыг зөрчиж уулзвараар баруун гар тийш эргэхдээ явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Л.Сг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 145 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Б.Б.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн бол, түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч Б.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Тоёота Приус маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Геологийн төв лабораторийн зүүн урд талын 4 замын уулзвараар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан заалтыг зөрчиж баруун гар тийш эргэхдээ явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Л.Сг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.  

Энэ нь хохирогч Л.Сгийн “...явган хүний гарцаар ногоон гэрлээр зам хөндлөн гарч явтал гэнэт авто машин зүүн талын хөл хэсэг рүү мөргөж газар унагасан. ...Мөргөсөн авто машин зүүн талаас мөргөсөн. Яг хаанаас гарч ирснийг мэдэхгүй байна. Би ногоон гэрлээр явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан...” гэсэн мэдүүлэг /хх16-17/,

- шүүгдэгч Б.Бгийн яллагдагчаар өгсөн “...Драгон төвийн урд 4 замын уулзварт зүүнээс ирээд баруун гар тийш эргэх ногоон гэрэл ассан байсан учир зогсолгүй явж байтал гэнэт зүүн талаас 1 эмэгтэй мөн явган хүний гарцаар гарч машины жолооч талын их гэрэл хэсгээр мөргүүлээд газарт унасан. Би зогсоод бууж очоод түргэн дуудаад цагдаад дуудлага өгсөн. ...Би 20-23 км/цагийн хурдтай явж байсан...автомашин нь манай хүргэн ах болох Ганхуягийн нэр дээр боловч миний машин юм. Би 2020 онд гаалиар орж ирсэн тэрэг худалдаж аваад түүнээс хойш би өөрөө унаж ашиглаж байна...” гэсэн мэдүүлэг /хх112/,

- хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн 1594 дугаар дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх4-10/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх14/, мөрдөгчийн магадалгаа /хх87/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

3. Хохирогч Л.Сгийн биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтэд “зүүн шаант ясны дээд булууны бяцарсан далд хугарал, тахилзуур ясны толгойн зөрүүгүй далд хугарал, нуруунд зөөлөн эдийн няцрал, хоёр гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2-3 хоногийн өмнө үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” /хх63-65/ гэжээ.

4. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл болон ашиглалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэн осол гарсан, улмаар тухайн буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хуульд заасан хохирол учирсан байхыг шаарддаг.

5. Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 237 дугаар магадалгаанд “жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч...-д зам тавьж өгнө гэснийг зөрсөн гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Л.С нь дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэжээ. 

6. Дээрх тохиолдолд шүүгдэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлж явган хүний гарцаар зам хөндлөн гарч буй явган зөрчигчид зам тавьж өгөх, замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой зорчих үүргээ хангалттай биелүүлээгүйгээс зам тээврийн осол гаргажээ.

7. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Бг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

8. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар 3.518.153 төгрөг, баримтгүйгээр тэргэнцэр, таяг, хөлийн бэхэлгээний зардалд 515.000 төгрөг, мөн шүүх хуралдаанд 32.400 төгрөгийн баримт бүхий хохирол, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилж байна гэжээ.  

9. Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Сд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 500.000 төгрөг төлсөн нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

10. Шүүгдэгчийн өмгөөлөгч ослын улмаас хохирогчийн сонсголын аппарат эвдэрсэн нь тогтоогдоогүй, мөн хохирогчийн гаргаж өгсөн баримтаас хоол хүнс, ламд ном уншуулсан болон баримтгүйгээр нэхэмжилсэн тэргэнцэр, таяг, хөлийн бэхэлгээний 515.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэсэн болно.

11. Хохирогч Л.С нь тогтмол сонсголын аппарат хэрэглэдэг нь ослын улмаас газарт унахад тухайн үед зүүж явсан аппарат эвдэрсэн, нэг нь эвдэрчихээр нөгөө нь ажиллахгүй болсон, аппарат эвдэрсэн тул 2.500.000 төгрөгөөр шинийг худалдаж авсан, мөн тэргэнцэр, таяг, хөлийн бэхэлгээг одоо ч хэрэглэж байна, илүү мөнгө нэхэмжлээгүй гэж тайлбарласан.

12. Шүүхээс ослын улмаас хохирогчийн сонсголын аппарат эвдэрсэн гэснийг үндэслэлтэй гэж дүгнэж, харин /хх83-86/ талд авагдсан “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээгээр 2 ширхэг сонсголын аппаратыг үнэлсэн 1.300.000 төгрөгөөр хохирлыг тооцож шийдвэрлэв. Учир нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа өмнөх байсан байдалд нь сэргээх эсвэл адил нэр төрлийн хөрөнгө өгөх, эсвэл хохирлыг мөнгөн хэлбэрээр төлүүлэхээр заасан. Хохирогчийн сонсголын аппаратын зах зээлийн одоогийн үнэлгээгээр үнийн дүнг тогтоох нь зөв бөгөөд өөр нэр, төрлийн аппарат шинээр худалдсан авсан дүнгээр тооцох үндэслэлгүй юм. Иймд хохирогч сонсголын аппарат 2.500.000 төгрөг худалдан авснаас үнэлгээгээр тогтоосон 1.300.000 төгрөгийг бодит хохиролд тооцон хохирлоос зөрүү 1.200.000 төгрөгийг хасаж шийдвэрлэлээ.

Мөн хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсантай холбоотой тэргэнцэр, таяг, хөлийн бэхэлгээ зайлшгүй авсан нөхцөл байдал тогтоогдож байх тул 515.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зөв байна.

Иймд хохирогчийн нэхэмжилсэн нийт 4.033.153 төгрөгөөс 1.200.000 төгрөгийг хасаж үнийн дүнг 2.865.553 төгрөг гэж тооцов. Үүнээс 500.000 төгрөгийн хохирол шүүгдэгч төлснийг хасан нийт 2.365.553 төгрөгийг Иргэний хуулийн 497.1, 505.1, 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогчид гаргуулж шийдвэрлэсэн болно.

12. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцон шийдвэрлэсэн даруйд шүүгдэгч Б.Бгээс хохирогч Л.Сд хохиролд 2.365.553 төгрөгийг төлсөн тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн.

13. Хохирогч Л.Сгийн эрүүл мэндийн байдал бүрэн сэргээгүй байх тул эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлыг гэм буруутай этгээдээс Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

14. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгчийн жолоодон явсан тээврийн хэрэгсэл  иргэний хариуцагчаар тогтоогдсон Д.Ганхуягийн нэр дээр бүртгэлтэй байх боловч шүүгдэгч Б.Бгийн өмчлөлийнх, банк санхүүгийн байгууллагаас зээл авахын тул хүргэн ахынхаа нэр дээр бүртгүүлэн авсан нөхцөл байдал тогтоогдсон. Тиймээс иргэний хариуцагчаас хохирол гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэсэн болно. 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

15. Улсын яллагчаас шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан бол хохирогч Л.С нь шүүгдэгчид хуульд заасан хамгийн дээд хэмжээгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр санал гаргасан.

16. Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэргийн ангиллын хувьд хөнгөн, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд гэм буруугаа ухамсарлаж, хэргийн зүйлчлэл дээр маргадаггүй, ар гэрээ тэжээхийн тулд хот хооронд зорчигч зөөдөг нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг доод хэмжээгээр оногдуулах санал, дүгнэлт гаргасан.

17. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Б нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлын нөхөн төлсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэж, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

18. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй үйлдлээс осол гаргасан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг нь харгалзан үзлээ.

19. Иймд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдлын хувьд хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

20. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дискийг хэрэгт хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Батсайханы Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 1.500 нэгж буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч Л.С нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хамт хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР