Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/465

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Д.Ширэндэв,

шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч И.Хонгор /ҮД-2456/, П.Учралгэрэл /ҮД-2601/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ширэндэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Н.Нт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 0406  дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1981 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Дорнын Гоо” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, .......... дүүргийн .......... дүгээр хороо, ......... дугаар байрны ............ тоотод оршин суух хаягтай, урьд:

- Орхон аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар,

-  Орхон аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 119 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Орхон аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.3, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар нийт 11 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар,

- Орхон аймгийн сум дундын шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 4 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан,

Х овогт Нын Н /РД:................./.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Н нь 2022 оны 01 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалттай байр болох “..............” нэртэй авто угаалгын газарт хууль бусаар нэвтэрч улмаар ажилчдын амралтын өрөөнд байсан иргэн Б.Эын эзэмшлийн One plus nord-2 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль  бусаар хулгайлан авч бусдад 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 341 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Ц.Бөхболд:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн бол, түүний өмгөөлөгч нар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч Н.Н нь 2022 оны  01 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..............” авто угаалгын газарт хууль бусаар нэвтэрч улмаар ажилчдын амралтын өрөөнд байсан Б.Эын эзэмшлийн One plus nord-2 загварын гар утсыг нууцаар авсан үйл баримт тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.Эын “...Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .............. авто угаалгын газар түрээслэн ажиллуулдаг юм. ...2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр би 23 цаг 50 минутын орчим авто угаалгын газарт хонох болоод гадна хаалгаа түгжилгүй 2 давхарт ажилчдын амралтын өрөөнд унтсан юм. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 27-ны шөнийн 02 цаг 20 минутын орчим сэрээд ширээн дээр тавьсан гар утсаа авах гэтэл миний гар утас алга болчихсон байхаар нь хяналтын камераа шалгахад 2022 оны 01 дүгээр сарын 27-ны шөнийн 02 цаг 10 минутад ажлын хувцастай нэг эрэгтэй хүн орж ирээд миний унтаж өрөө рүү ороод буцаад гарч байгаа бичлэг бичигдсэн байсан бөгөөд тухайн хүнийг миний гар утсыг хулгайлсан гэж бодож байна. Өөр хүн миний унтаж байсан өрөө рүү орж гарсан зүйл бичигдээгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх8-9/,

Шүүгдэгч Н.Нын яллагдагчаар өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө 2 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо ханын материалын эцэст хүн буулгачхаад буцаад явж байхад зам дагуу .............. гээд авто угаалгын газар харагдахаар нь би уг газар ямар хүмүүс юу хийдэг талаар мэдэх гэж ороход уг гарааш дотор 5 авто тээврийн хэрэгсэл байсан. Тэгээд харахад хүн байхгүй болохоор нь дээшээ харахад 2 давхарт нь гэрэлтэй цонх байхаар нь шатаар дээш гараад өрөөнд ороход 2 залуу архи уучихсан байж магадгүй нэг нэгийгээ налчихсан нарийн төмөр сандал дээр унтаж байхаар нь уг өрөөнөөс гарах гээд явж байхаар нь шалан дээр хар өнгийн гар утас байж байхаар нь аваад асаасан чинь уг утас нь кодтой байсан болохоор нь уг гар утсыг цагдаад хүргэж өгөх гээд авч гарсан. Тэгээд манай хадам ээжийн бие муу байсан болохоор тэр үедээ хүргэж өгч амжаагүй Хөвсгөл аймаг яваад цагаан сарын дараа ирэхэд Сонгинохайрхан дүүргийн цагдаагаас ярьж байна та ирээд уулзаадах гэж хэлсэн. Тэгээд би уг авч явсан утсыг авчирч өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх27/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд авто угаалгын газар руу ажлын хувцастай хүн орж байгаа талаар тусгаж зургийг хавсаргажээ. /хх91-93/, мөн шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

3. Хулгайд алдагдсан эд зүйлд үнэлгээ хийсэн хөрөнгийн үнэлгээний тайланд хохирогчийн One plus nord-2 загварын гар утсыг 1.300.000 төгрөгөөр үнэлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тухайн дүнгээр тогтоох нь зөв байна.

4. Шүүгдэгчийн хувьд гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлттэйгээр хохирогчийг амралын өрөөндөө унтаж байх үед нь өмчлөх эрхэд халдан, эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авснаар хулгайлах гэмт үйлдэл төгссөн байна.

5. Прокуророос шүүгдэгчийг хулгайлах үйлдлээ үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэж хэргийг зүйлчилсэн нь үндэслэлтэй байна. Учир нь шүүгдэгч шөнийн 02 цагийн үед авто угаалгын газарт очсон, улмаар ажилчдын амралтын өрөөнд нь орж, тэнд унтаж байсан хохирогчийн гар утсыг нь нууцаар авсан үйл баримт тогтоогдсон ба мөн түүнийг тус газраар үйлчлүүлэх гэж байсан гэх үндэслэл тогтоогдоогүй болно. Тиймээс авто угаалгын газар, тус газрын ажилчдын амралтын өрөө рүү зөвшөөрөлгүй нэвтэрсэн үйлдлийг хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх үндэслэлтэй. Хэдийгээр хохирогч мэдүүлэгтээ авто угаалгын газрын хаалгыг онгорхой унтсан гэж байгаа боловч энэ нь ажилчдын амралтын өрөө рүү бусад этгээд чөлөөтэй нэвтрэх эрхтэй гэж үзэх үндэслэл болохгүй юм. Түүнчлэн өмгөөлөгч нар энэхүү хүндрүүлэх шинжтэй маргаагүй болохыг тэмдэглэж байна.    

6. Иймд шүүгдэгч Н.Ныг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцуулах улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

7. Хохирогч Б.Эад гар утсыг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн /хх86/, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Н.Ныг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчид 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлтийг гаргасан.

9. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: шүүгдэгч нь гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрдөг, хохирогчид гар утсыг нь хүлээлгэж өгч хохиролгүй болгосон,  1 нас 3 сартай хүүхэдтэй, ажил хөдөлмөр эрхлээд нийгэмд зөвөөр амьдрах гэж хичээж байгааг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялын хэмжээг багасган 1 жилийн хугацаагаар ял оногдуулах санал гаргасан.

10. Шүүгдэгч нь хохирогчид хулгайлсан эд зүйлийг биет байдлаар буцаан өгсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хохирол төлсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

11. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг удаа дараа үйлдэн ял шийтгүүлж байсан болон эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг харгалзан үзлээ.  

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж болохоор заасан. Уг зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан ба өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээн авч шүүхээс хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах боломжтой гэж дүгнэлээ.

13. Иймд шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн, гэмт хэргийн хохирлын хэмжээ бага, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд бага насны хүүхэдтэй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Нт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

Мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хувийн байдлыг нь харгалзан шүүгдэгчийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

14. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширэх дискийг хэрэгт хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Нын Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “хулгайлах” гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Нт 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хамт хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР