Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/124

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч Ж.Ж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Төмөртулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Жд холбогдох эрүүгийн 2208 00000 0123 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1966 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, шүдний техникч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 1, .............. дүүргийн ............. дүгээр хороо, .............. тоотод оршин суух, урьд нь ял шийтгэлгүй,

С овогт Жын Ж /РД:................../.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Ж нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сувд” нэртэй хүнсний дэлгүүрт үйлчлүүлж байхдаа тус дэлгүүрийн лангуун дээр мартан үлдээсэн хохирогч Ш.Нарантунгалагийн “Samsung Galaxy A-90” маркийн гар утсыг бусдын эзэмшилд байгаа эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч завшин бусдад 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 47 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан баримтууд, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Ж.Ж.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэг дүгнэлтийг дүгнэн үзэхэд 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сувд” нэртэй хүнсний дэлгүүрт хохирогч Ш.Нарантунгалаг нь үйлчлүүлээд гарахдаа лангуун дээр нь “Samsung Galaxy A-90” маркийн гар утсаа мартан үлдээсэн.

Тухайн газарт үйлчлүүлж байсан шүүгдэгч Ж.Ж нь лангуун дээр үлдээсэн гар утсыг бусдын гээгдэл үнэ бүхий эд хөрөнгө, бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж Иргэний хуулийн 116 дугаар зүйлд заасан үүрэг болох эзэмшигчид нь гар утсаа буцаж ирж авах боломж нөхцөлөөр хангах /дэлгүүрийн худалдагдагчид хэлж үлдээх/ эсвэл цагдаагийн байгууллагад мэдэгдэх иргэний үүргээ биелүүлэлгүй, өөрийн хувийн хэрэгцээнд ашиглахаар авч гарсан, улмаар цагдаагийн эрх бүхий албан тушаалтны шуурхай ажиллагааны үр дүнд хэргийг илрүүлэн хохирогчид эд зүйлийг буцаан олгосон үйл баримт тогтоогдлоо.

Энэ нь хохирогчийн “...Эрүүл мэндийн нэгдсэн төвийн урд талын “Сувд” нэртэй хүнсний дэлгүүр ороод цай, кофе, сүү зэрэг эд зүйл аваад дэлгүүрт тооцоо хийчхээд гараад гараад буцаж Эрүүл мэндийн нэгдсэн төв рүү ороод хүнтэй устаар ярих гээд гар утсаа хайхад утас байхгүй байсан ба ... буцаж дэлгүүрт очоод асуухад дэлгүүрийн худалдагч нь гар утас байгаагүй гэж хэлсэн. Тэгээд би 102 дугаарын утсанд дуудлага өгөхөд цагдаа ирээд дэлгүүрийн камер шүүхэд би дэлгүүрээс үйлчлүүлээд гарахдаа гар утсаа лангуун дээр нь мартаад гарахад миний араас нэг эмэгтэй дэлгүүрт орж ирээд нэг шил архи, хэрчсэн гурил аваад гарахдаа миний гар утсыг аваад гарсан нь камерт бичигдсэн байсан. Ингээд цагдаа миний гар утсыг аваад гарсан эмэгтэйг олж тогтоогоод ... гар утсыг бүрэн бүтэн буцаан авч өглөө. Гар утасны хувьд “Samsung Galaxy A-90” маркийн утас бөгөөд би 2021 оны 11 дүгээр сард “Теди”-ээс 550.000 төгрөгөөр худалдан авч байсан...” гэсэн мэдүүлэг /хх15-16/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...тус хар өнгийн куртиктэй цагаан цамцтай эмэгтэй нь лангуун дээр байрлуулсан гар утсаа авалгүй орхиж явахад араас нь бор саарал өнгийн куртиктэй, ягаан өнгийн масктай, хар ноосон малгайтай, эмэгтэй баруун гартаа гар утсаа барьсан зүүн гартаа хэрчсэн гурил барьсан байсан ба тус хэрчсэн гурилаа ширээн дээр байсан гар утсан дээр тавиад зүүн гараараа хэрчсэн гурилын доор байсан гар утсыг аваад куртикний зүүн халаасанд хийж авч гарсан...” гэсэн тэмдэглэл /хх5/, эд зүйлийг хураан авсан, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх3-4/, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

3. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлангаар хохирогч Ш.Нарантунгалын “Samsung Galaxy A-90” маркийн гар утасны үнэлгээг 550.000 төгрөгөөр тодорхойлсон /хх25-26/, талууд үнэлгээтэй холбоотой маргаагүй ба гэмт хэргийн улмаас учирсан хохирол хуульд заасан бага хэмжээнээс дээш байна.  

4. Шүүгдэгчийн хувьд бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч, хувийн хэрэгцээндээ ашиглах гэсэн энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчид гар утсыг буцаан хүлээлгэн өгсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

5. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

6. Иймд шүүгдэгч Ж.Жы үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

7. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч улсын яллагчтай тохиролцсон ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлжээ. 

8. Шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлыг биет байдлаар хүлээлгэн өгсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт заасан “... учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн үндэслэлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

10. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч Ж.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

11. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:   

1. Шүүгдэгч Жамбалын Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Жд 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.МӨНХБААТАР