Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/196

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Тд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 02774 0143 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт ......... дүүргийн .......... дугаар хороо, ...............дугаар гудамж, ............... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Өөлд овогт Дийн Т /РД:............./,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Т нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, ............... тоотод өөрийн төрсөн дүү Д.Бын хүү болох 7 настай Б.Тыг “эмээгээ зайл” гэж хэллээ гэх шалтгаанаар чихийг нь мушгиж, нүүр рүү нь алгадаж, цээж рүү нь өшиглөн зодож бага насны хүүхэд болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 104 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Д.Т.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.

2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч Д.Т нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, ............... тоотод өөрийн төрсөн дүү Д.Бын хүү Б.Тыг үл ялих зүйлээр шалтаглан зүүн чихийг нь мушгих, хацар руу нь алгадах, цээж рүү нь өшиглөж, дэвсэх зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.  

Энэ нь бага насны хохирогч Б.Тын “...2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага наран 39-13 тоотод би эмээ С.Даваагийн гэрт ирчихсэн байсан юм. Тэгээд 15 цагийн үед төрсөн эгч Хүслэнтэй утсаар юм үзэж байгаад булаацалдсан чинь эмээ С.Даваа ирээд утас булаагаад авсны дараа авга эгч Д.Т ирээд “муу хүүхэд” гэж уурлаад намайг буйдан дээр сууж байхад миний зүүн талын чихнээс зулгааж мушгиж байгаад гараараа хацар руу алгадахад би шалан дээр уначихсан. Газар хэвтэж байхад миний нүүр, цээж рүү хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд маргааш нь ээж утсаар дүрсээ харж ярихаар нь Т эгч уурлаад зодсон гэдгийг хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх31/,

шүүгдэгч Д.Тгийн яллагдагчаар өгсөн “...манай ээж Даваа “гал түлээд өгөөч” гээд дуудахаар нь яваад очсон. Очиход ээж хоёр хүүхэдтэй хамт байсан. Тэгээд цай уугаад байж байтал ээж “Т ерөөсөө үгэнд орохоо больсон” гэж надад хэлж байсан ба гар утсаар тоглоод байхад нь ээж “хичээлээ хий, гар утсаа боль” гэсэн чинь өөдөөс нь зайл гэх юм хэлэхээр нь би уурлаад “эмээгээ тэгж хэлж болохгүй, уучлалт гуй” гэж хэлсэн. Тэгсэн зугтаж гүйгээд байхаар нь би барьж аваад хоёр удаа алгадаад, чихнээс нь зулгаагаад, өшиглөсөн. Тэгээд би хичээлийг нь хийлгэж байгаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх43/, тухайн үйл явдлыг харсан насанд хүрээгүй гэрч Б.Хүслэнгийн мэдүүлэг /хх33/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 10924 дугаар дүгнэлтээр Б.Тын биед “баруун, зүүн чамархай, шанаа, хацар, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салст, цээж, ташаанд цус хуралт, зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүдийн баруун, зүүн чамархай, шанаа, хацар, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Доод уруулын дотор салст, цээж, ташаанд цус хуралт, зулгаралт тус тусдаа болон нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ. /хх11-12/

4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр бага насны хүүхдийг зодсон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн бага нас хүүхдэд болохыг мэдсээр байж түүнийг зодсон үйлдэл нь хэргийн  хүндрүүлэх шинжид хамаарч байна.

5. Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирол төлөгдсөн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

6. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

7. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бага насны хүүхэд болохыг мэдсээр байж” хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 1 сарын хугацаанд гарахыг хязгаарлах, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн болно.

9. Шүүгдэгч Д.Т нь тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

11. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч Д.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Даваагийн Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бага насны хүүхэд болохыг мэдсээр байж” хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тд 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид “Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглох” үүрэг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР