Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2015/0153

 

Х.С-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 07 дугаар шийдвэрт хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Х.С-н нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Аудитын газарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Баян-Өлгий аймгийн Аудитын газрын 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/36 дугаар "Зориулалт бус олгосон санхүүгийн дэмжлэгийг нөхөн төлүүлэх тухай" актыг хүчингүй болгуулах гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2014 оны 3, 4 дүгээр сард Хөдөлмөр эрхлэлтийг дамжих сангийн зарцуулалтад нийцлийн аудит хийсэн. Аудитын явцад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.1, Хувиараа хөдөлмөр эрхлэлтийн сургалтад хувиараа болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөр-ийн 4.2-т заасан шинээр нөхөрлөл, хоршоо байгуулах иргэдэд 10 сая хүртэлх төгрөгийн нэг удаагийн санхүүгийн дэмжлэг олгох журмыг зөрчин 2007 онд байгуулсан Тасымал микро хоршооны нэрээр Х.С-д олгосон байсан. Хоршооны дүрмэнд 2013 оны 04 сард өөрчлөлт оруулж үйл ажиллагааны чиглэлийг нэмэгдүүлсэн нь зохих ёсоор баталгаажаагүй зэргээс үзэхэд зөвхөн санхүүгийн дэмжлэг авахын тулд хийгдсэн гэж үзэж байна. Мөн тухайн хоршоо нь өнгөрсөн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч болон ажилчны өмнөөс төлж байгаагүй тул ажлын байр бий болгосон гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэлийг хуулийн үндэслэлтэй. гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 07 дугаар шийдвэрээр: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1,12.2 хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.С-н нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Аудитын газрын 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/36 дугаар "Зориулалт бус олгосон санхүүгийн дэмжлэгийг нөхөн төлүүлэх тухай" актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 07 тоот шийдвэртэй танилцаж үзээд доорхи үндэслэлээр эс зөвшөөрөн гомдол гаргаж байна.

Үндэсний Аудитын газрын аудитын нэгдсэн төлөвлөгөөний дагуу Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагаанд 2014 оны 3,4 дүгээр сард хийгдсэн нийцлийн аудитаар ХЭДС-ийн үйл ажиллагааг шалгах явцад илэрсэн зөрчилд тогтоогдсон акт юм. Энэхүү аудитыг хийх явцад тус Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байсан нэр бүхий зарим иргэдээс хоршоо, нөхөрлөл байгуулахад дэмжих хөтөлбөрт хамрагдаж 9,0 сая төгрөг авсан Х.С-д олгогдсон санхүүгийн нэг удаагийн дэмжлэгийг хууль журамд нийцэж буй эсэх, хууль бус байвал эргүүлэн төлүүлж сангийн хөрөнгийг хохиролгүй болгох талаар өргөдөл ирүүлсэн юм.

Актыг тогтоохдоо Хөдөлмөрийг дэмжих тухай хуулийн 12.1 болон Хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөрийн 4.2-т "Аж ахуй эрхлэлтийн сургалтанд хувиараа болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэдийг хамруулах ба сургалтын дараа үйл ажиллагааг нь дэмжин, нэг гишүүнд нэг сая төгрөгөөр тооцож 10,0 сая хүртэл төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг нэг удаа олгоно" гэсэн заалтуудыг зөрчиж байгааг үндэслэл болгосон. Тус аймгийн Хөдөлмөрийн хэлтэс нь хөтөлбөрт шинээр нөхөрлөл, хоршоо байгуулах иргэдийг хамруулна гэж тодорхой заасан журмыг зөрчиж санхүүгийн дэмжлэгийг буруу олгосон байна. ХЭДС-аас санхүүгийн дэмжлэг авсан иргэн Х.Сгийн "Тасымал микро" хоршоо нь 2007 онд байгуулагдсан хүн тээвэрлэх, зорчигч тээвэрлэх үндсэн үйл ажиллагаа явуулдаг хоршоо юм .

Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн тодорхойлолтоос үзэхэд "Тасымал микро" хоршоо нь өнгөрсөн хугацаанд нийгмийн даатгалд хамрагдаж ажил олгогчийн болон даатгуулагчийн ямар нэг шимтгэл төлөөгүй байгаа нь ХЭДС-аас санхүүгийн дэмжлэг авч ажлын байр бий болгосон гэж үзэх үндэслэл байна.

"Тасымал микро" хоршооны дүрэмд 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр өөрчлөлт оруулахдаа хоршооны явуулах үйл ажиллагааны төрөлд "Казах монгол эсгий гэрийн мод үйлдвэрлэх" гэж нэмэлт өөрчлөлт оруулсан ба хүн тээвэрлэх, зорчигч тээвэрлэх үндсэн үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөөгүй байгаа нь хоршоо шинээр байгуулагдсан гэж үзэх үндэсгүй юм.

Энэхүү дүрмийн өөрчлөлтөнд хоршооны гишүүдийн гарын үсэг зурагдаагүй, бүх гишүүдийн хурлын шийдвэрээр баталгаажуулаагүй, гишүүдийн иргэний үнэмлэхийн хуулбарыг хавсаргаагүй зэргээс үзэхэд зөвхөн нэг хүний эрх ашгийн үүднээс ХЭДС-аас санхүүгийн дэмжлэг авахын тулд хийгдсэн зүйл гэж үзэх үндэстэй байна.

Актыг тогтоохдоо дээрхи хууль, журмын заалтуудыг баримталж, холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлсэн ба Монгол Улсын үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газрын аудитын менежер, шинжээч нараас зөвлөгөө авч актын төлбөрийг тогтоож байсан болно.Тухайн үед иргэн Х.С-д тогтоосон актыг танилцуулахад хууль бус авсныгаа хүлээн зөвшөөрч хугацаанд нь төлөхөөр тохиролцож актын хавсралтанд гарын үсэг зурж байсан юм.

Гэтэл энэхүү актын төлбөрийг удаа дараа шаардсан боловч тогтоосон хугацаанд нь төлөлгүй бидний ажилд чирэгдэл учруулж байгаа тул холбогдох хууль, журмын дагуу төлүүлэх шийдвэр гаргаж, улсыг хохиролгүй болгож өгөхийг хүсэж, аймгийн Иргэний шүүхэд хандсан боловч шүүхээс Аудитын газар нь нэхэмжлэгч этгээд биш гуравдагч этгээд гэсэн үндэслэлээр биднийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон юм.

Харин иргэн Х.С нь төлбөрийн актыг анхнаасаа буюу 2014 оны 04 дүгээр сарын 08-ний өдөр төлөхөөр хүлээн зөвшөөрч акттай танилцаж, хавсралтанд гарын үсэг зурсан боловч санхүүгийн дэмжлэгийг тодорхой хууль, журам зөрчиж олгосон зарим албан тушаалтнуудын ятгалгаар бидний 03/36 дугаар актыг хүчингүй болгуулахаар 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд хандсан байна.

Шүүх энэхүү асуудлыг 2015 оны 02 дугаар сарын 09-ний авч хэлэлцээд бидний 2014 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн 03/36 тоот актыг хүчингүй болгосон юм. Анхан шатны шүүх дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.8.2-т заасныг үндэслэн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор баталсан "Хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөр"-ийн 4 дүгээр зүйлийн 4.2-т ...Аж ахуй эрхлэлтийн сургалтад хувиараа болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэдийг хамруулах ба сургалтын дараа үйл ажиллагааг нь дэмжин, нэг гишүүнд нэг сая төгрөгөөр тооцож, 10 сая хүртэлх төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг дор дурьдсан баримт бичгийг үндэслэн Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв хэлтсээр дамжуулан нэг удаа олгоно... гэж заасан байгаа. Үүнийг дараах байдлаар ойлгож болно гэж үзэж байгаа. Үүнд:

Аж ахуй эрхлэлтийн сургалтад зөвхөн шинээр хувиараа болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэдийг хамруулах ба сургалтын дараа үйл ажиллагааг нь дэмжин ...гэдгийг энд байгуулах гэдэг үг маань энд ирээдүй цаг дээр байгаа, байгуулсан гэх юм бол урьд нь байгуулсан хувиараа болон нөхөрлөл хоршоо байгуулсан иргэд бүгд хамрагдах боломжтой. Өөрөөр хэлбэл энэхүү санхүүгийн буцалтгүй дэмжлэг маань зөвхөн шинээр хувиараа болон нөхөрлөл хоршоо байгуулах иргэдэд зориулагдсан санхүүгийн дэмжлэг гэж ойлгож болно. Харин шүүгч маань энэхүү заалтыг нэг талыг баримталж тайлбарлан үндэслэл болгосон байна гэж үзлээ.

2. Иргэн X. Сарай нь төлбөрийн акттай 2014 оны 04 дүгээр сарын 08-ний өдөр танилцаж, гарын үсэг зурснаас хойш 7 сарын дараа буюу 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төлбөрийн актыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1, 6.3-т заасан заалтуудыг зөрчсөн, хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн байгаа тул захиргааны хэргийн шүүх маань энэхүү нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй байсан байна.

Иймд дээрхи үндэслэлүүдээр тус Аудитын газрын 2014 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн 03/36 дугаар актыг хүчингүй болгосон Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 07 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье. гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлтэй байна.

Хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Х.С-д 9 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэн 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулсан байна.

Баян-Өлгий аймгийн аудитын газраас Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын хүрээнд аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зарцуулалтанд нийцлийн аудит хийх явцдаа Х.С-д санхүүгийн дэмжлэг олгохдоо Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөрийн 4.2-т заасан Аж ахуй эрхлэлтийн сургалтанд хувиараа болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэдийг хамруулах ба сургалтын дараа үйл ажиллагааг нь дэмжин, нэг гишүүнд нэг сая төгрөгөөр тооцож 10 сая хүртэл төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг нэг удаа олгоно гэснийг зөрчсөн гэж үзэн Х.С-д олгосон 9 сая төгрөгийг нөхөн төлүүлэхээр 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 03/36 дугаартай акт тогтоожээ.

Хариуцагчаас үндэслэлээ уг хөтөлбөр нь шинээр нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих зорилгоор санхүүгийн дэмжлэг үзүүлэх тул 2007 оноос хоршооны үйл ажиллагаа эрхэлж байсан Х.С-д олгох ёсгүй гэж тайлбарлажээ.

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн Хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөрийн 2.1-т хувиараа хөдөлмөр эрхлэгч болон хоршоо нь хөтөлбөрт хамрагдахаар заажээ.

Хэрэгт авагдсан хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх төсөл шалгаруулах ажлын хэсгийн 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэл, төсөл хэрэгжүүлэх гэрээ зэрэг баримтуудаас үзэхэд тухайн санхүүгийн дэмжлэгийг 2007 онд Х.С-н үүсгэн байгуулсан Тасымал микро хоршоонд бус харин хувиараа хөдөлмөр эрхлэгч Х.С-д олгожээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.8 /хувиараа хөдөлмөр эрхлэгч гэж дангаараа болон бусадтай хамтран аж ахуй эрхэлж, татварын албанд бүртгүүлэн бизнесийнхээ үйл ажиллагаанд нөлөөлөх шийдвэрээ хараат бусаар бие даан гаргадаг иргэнийг хэлнэ/-д заасан шаардлагыг хангаж аймгийнхаа татварын хэлтэст бүртгүүлэн Жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэний гэрчилгээ авсан бөгөөд уг хөтөлбөрийн 2.2-т заасны дагуу бусадтай хамтран хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн гэж төсөлд нь хамрагдах нэг хүнд нэг сая төгрөгөөр тооцон 9 сая төгрөгийг олгосон байна.

Иймд Баян-Өлгий аймгийн аудитын газрын 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 03/36 дугаартай акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээрхээс үзэхэд хариуцагчийн үйл ажиллагааны чиглэлээ мужааны зориулалттай модон материал, казак, монгол эсгий гэрийн мод үйлдвэрлэл эрхлэх гэж нэмэгдүүлэхдээ хоршооны дүрмийг зөрчсөн, санхүүгийн дэмжлэг авах зорилгоор Х.С нь Тасымал микро хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээн дэх үйл ажиллагаанд 2013 оны 04 дүгээр сарын 05-нд нэмэлт оруулсан гэсэн тайлбарууд нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй.

Мөн Хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөрт хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн нь шинээр хувиараа эрхлэгчээр бүртгүүлэх иргэн гэж заагаагүй байна.

Хариуцагчаас давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй байсан гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Х.С нь маргаан бүхий актын талаар хариуцагчийн дээд шатны байгууллага болох Үндэсний аудитын газарт гаргасан бөгөөд уг гомдлынхоо хариуг хүлээн авснаас хойш Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1-д заасан хугацаанд шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 07 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

               

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

                ШҮҮГЧ                                                        Д.БААТАРХҮҮ

                ШҮҮГЧ                                                         Э.ХАЛИУНБАЯР