Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 14 өдөр

Дугаар 50

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалж, 

Улсын яллагч: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярмагнай
Нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ
Хохирогч Н.Алтансүх
Шүүгдэгч: Ч.Жамсран, Ж.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаагчид овогт Чойдонгийн Жамсран, Цагаагч овогт Жамсрангийн Ганзориг нарт холбогдох 201620000116 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
            1. Монгол Улсын иргэн, баяд ястан, 1970 оны 07 дугаар сарын 05-нд  Увс аймгийн Тэс суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, дулааны шугам сүлжээний техникч мэргэжилтэй малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом  сумын 2-р баг, 2-36 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, РД: ХЕ70070571, Цагаагчид овогт Чойдонгийн Жамсран,
             2. Монгол Улсын иргэн, баяд ястан, 1993 оны 10 дугаар сарын 14-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом  сумын 2 дугаар  баг, 2-36 тоотод  оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй РД: ОО93101431, Цагаагч овогт Жамсрангийн Ганзориг 
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн товч утга:
Шүүгдэгч Ч.Жамсран, Ж.Ганзориг нар нь бүлэглэж 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Улаангом сумын 4 дүгээр багийн нутагт байрлах 9-41 тоот хашаанд хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Н.Алтансүхтэй маргалдаж, түүнийг зодож бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:                                                                                                                  
1. Хохирогч Н.Алтансүхийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 05 дугаар сарын 14-ний орой 22 цаг өнгөрч байх үед манай гэрт зүс үл таних настай байрын согтуу хүн орж ирсэн. Тэр хүн нэг гартаа 2 шил архи барьчихсан ганцаараа орж ирээд намайг  Хундага аваад ир, танай хашаанд энэ архийг уучихаад гарч явлаа гэж хэлсэн. Би түүнийг тэгж хэлэхэд нь гэрээс түлхэж гаргаад Та архиа уух газраа очиж уу. Энэ газар ямар таны архи уудаг газар юм уу гэж уурлахад Ч.Жамсран Би Тэсийн хүн байна. Энэ хашаанд архи уухаар яадаг юм. Та нар энэ хашаанд амьдарвал амьдарсан шиг амьдраарай гээд надтай маргалдаад байсан. Би түүнийг хашаанаас гарч явахгүй болохоор нь хашааны хаалгаар түлхэж гаргаад явуулсан. Түүнийг явуулчихаад буцаж ороод гэртээ байж байтал нагац эгч Б.Буяндэлгэр Би гэрлүүгээ ороод рашаанаа  уучихаад буцаад танайд ороод ирье. Танай хононо гэж хэлээд гарсан. Би түүнийг гарсаны дараа хашаан дотор байгаа машинаа цоожлох гээд гэрээс гартал урдаас эгч Б.Буяндэлгэр гүйж ирээд Нөгөө согтуу хүн чинь манай гэрт ороод ирчихсэн байна. Надад хайртай дуртай гээд байна гэж хэлэхээр нь би Б.Буяндэлгэр эгчийн гэрлүү ортол Ч.Жамсран ганцаараа зогсож байсан. Би түүнийг Б.Буяндэлгэр эгчийн гэрээс хөөж гаргаад Та одоо яах гээд байгаа юм бэ? Хүн доромжлоод байгаа юм уу гээд дагуулан хашааны хаалга дээр авч ирсэн. Хашааны хаалга дээр ирээд би түүнд хандаж  Цагдаа дуудаж таныг өгнө шүү. Та эртхэн харьж амар гэхэд Би Тэсийн хүн байна. Надад хууль үйлчлэхгүй. Тэр цагдаагаа дууд дууд гээд надтай маргалдаад хувцаснаас татаад зууралдаад байхаар нь би нэг гараараа түүний шанааруу түлхтэл хашааны хуучин модонд бүдрээд газарт уначихсан. Ч.Жамсран босож ирээд Чи намайг цохиод унагачихлаа. Би 2, 3 залуутай хүн. Залуучуудаа авч ирж чамайг зодуулна гэж хэлээд яваад өгсөн. Удалгүй хашааны хаалга хүн цохих чимээ гарахаар нь би Нөгөө согтуу хүн байх гэж бодоод очиж онгойлгоогүй. Тэгтэл хүн хашаа давж орж ирж байгаа чимээ гарсан. Би цагдаа дууд гээд гэр дотор гар утсаа хайж байтал Ч.Жамсран хажуудаа залуугаа дагуулаад хашаан дотор ороод ирсэн байсан. Түүний хүү Ж.Ганзориг гэрийн гадна талд ирчихээд хаалгаар шагайгаад намайг гараад ир гэж дуудсан. Би эхнэр хүүхэд, эгч гурваа гэрт үлдээчихээд гэрээс гартал хашаан дотор Ч.Жамсран хүү Ж.Ганзоригтойгоо хамт зогсож байсан. Ж.Ганзориг намайг харсанаа дагуулаад хашаан дотор алхаж байгаад манай гэрийн ард талд очоод надад хандаж Чи миний аавыг зодчихлоо гээд шууд миний хацарлуу гараараа нэг удаа цохьтол би газарт уначихсан. Намайг газарт унах үед Ж.Ганзориг миний дээр гарч суугаад үснээс татаж газар 2 удаа мөргүүлээд толгой, нүүрлүү гараараа хэд хэдэн удаа цохиж байтал хажуунаас нь аав Ч.Жамсран нь хүрч ирээд хөлөөрөө миний нуруу, гэдэс  толгойруу хэд хэдэн удаа өшиглөөд эхэлсэн. Тэгж байтал миний эхнэр Д.Оюундэлгэр гарч ирээд Та нар болилдоо хүн аллаа гэж хэлээд салгах гэтэл Ч.Жамсран миний эхнэр Д.Оюундэлгэрийг Чи холд. Чамд хамаагүй гээд гараараа савтал Д.Оюундэлгэрийн мөөмийг нь гараараа цохьчихсон. Тэгээд эхнэр Д.Оюундэлгэр нь шууд цагдааруу залгасан. Д.Оюундэлгэрийг цагдааруу залгасны дараа Ч.Жамсран, Ж.Ганзориг нар намайг цохихоо больсон. Тэр хоёр нийлж байгаад санаатайгаар намайг гар, хөлөөрөө цохиж гэмтээсэн. Би тэр хоёроос айгаад урдаас нь ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй, цохиулж өөрийгөө хамгаалж байсан учраас тэр хоёрыг яг хэн нь намайг хэдэн удаа цохьсоныг анзаарч харж чадаагүй. Ч.Жамсран, Ж.Ганзориг нар нь 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр надад бэлэн 300.000 төгрөг өгсөн. Мөн 2016 оны 05 сарын 29-ний өдөр 400.000 төгрөг болон 1 шинэ модон буйдан ор өгч миний хохирлыг бүрэн барагдуулсан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Ял шийтгэлийг нь хөнгөн шийдэж өгнө үү гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 17-р тал/,
2 . Гэрч Д.Оюундэлгэрийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 05 дугаар сарын 14-ний орой манай хашаанд нэг танихгүй согтуу хүн гартаа 2 шил архи барьчихсан орж ирсэн. Тэр хүн манай нөхөр Н.Алтансүхийг хэл амаар доромжлоод маргалдаж байгаад Чи намайг зодчихлоо. Би 2 хүүхдээ дагуулж ирж чамайг зодуулна гээд гараад явсан. Хашааны хаалгаа түгжээд орж ирээд 5 минут болоогүй байтал хашааны хаалгыг хүн цохиход гараагүй байтал хүн хашаа давах чимээ гараад, нэг залуу манай гэрийн хаалгыг татаж онгойлгоод Н.Алтансүхийг Чи гараад ир гээд дуудаад гарсан. Гэрийн гадна тэр залуутай хамт нөгөө согтуу хүн бас ирсэн байсан. Нөхөр Н.Алтансүх гарсаны дараа удалгүй гэрийн ард юм түжигнэх чимээ гарахаар хүүхдээ гэрт үлдээгээд гэрээс гарч гэрийн ард очих үед миний нөхөр Н.Алтансүхийг нөгөө хоёр хүн газарт унагаачихсан Ч.Жамсрангийн хүү нь нөхөр Н.Алтансүхийн дээр гараад суучихсан үснээс татаж газар мөргүүлж, Ч.Жамсран нь миний нөхөр Н.Алтанхүсийн толгой, гэдэсрүү нь өшиглөөд байсан. Ч.Жамсран нь Би хүүхдээ дагуулаад ирлээ. Чамайг амьсгаа болгоод өгье гэж хэлж байсан. Хүү Ж.Ганзориг нь Чи намайг хэн болохыг мэдэхгүй байна уу? Чамд мэдрүүлээд өгье гээд нөхөр Н.Алтансүхийг цохиод байсан. Ч.Жамсран нь түүний хажуугаар орж хөлөөрөө Н.Алтансүхийн толгойруу нь 2-3 удаа, нуруу, бөөрлүү нь хэд хэдэн удаа өшиглөөд байсан гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/
3. Гэрч Б.Буяндэлгэрийн мөрдөн байцаалтад өгсөн: Н.Алтансүхийг гэрээс дуудаад гарсны дараа гэрийн ард түчигнэх чимээ гарахаар нь Д.Оюундэлгэр гэрээс гарсан. Би удалгүй араас гарахад Н.Алтансүхийг газарт унагаачихсан дээр нь Ж.Ганзориг гараад суучихсан үснээс нь татаж газар хэд хэдэн удаа мөргүүлээд хөлөөрөө толгойруу нэг удаа дэвссэн. Хажуугаар нь түүний аав Ч.Жамсран нь Н.Алтансүхийн толгой гэдэсрүү нь хэд хэдэн удаа өшиглөж байсан. Үүнийг хараад Д.Оюундэлгэр бид хоёр Хүн аллаа болилдоо гэхэд Ч.Жамсран, Ж.Ганзориг нар нь үг авалгүй Н.Алтансүхийг цохиод байсан. Ж.Ганзориг гэдэг залуу эрүүл байсан. Ч.Жамсран нь нилээд согтуу байсан. Ч.Жамсран нь Наадахаа цохь цохь. Яадаг юм гэж хүү Ж.Ганзоригтоо хэлж байсан. Хүү Ж.Ганзориг нь Миний аавыг чи зодсон байна гэж хэлээд цохиж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/
4. Гэрч Ч.Цэнд-Аюушийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гэртээ байж байтал Жамсран бага зэрэг архи уучихсан байдалтай гартаа 2 шил архи барьчихсан Таныг эргэж ирж байна гээд манайд орой 17-18 цагийн орчимд ирээд надтай хамт 2 шил архи уугаад орой 20-21 цагийн орчимд манайхаас гарч явсан. Жамсран манайхаас гарахдаа Би ингээд харьлаа гээд явсан гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/
5. Гэрч Ц.Тогтуурын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2016 оны 05 сарын 14-ний өдөр гэртээ ганцаараа байтал орой 21-22 цагийн хооронд байх орондоо ороод хэвтэх гэж байтал гаднаас Ч.Жамсран нилээн согтуу гартаа шилтэй архи барьчихсан ганцаараа орж ирсэн. Манайд орж ирээд Танайд архи ууна, хамт ууя гэхэд нь Би архи уудаггүй хүн, Чи гарч яв гээд хөөтөл манайхаас гараад явчихсан юм. Би түүнийг гаргачихаад орондоо ороод хэвтэж байтал манай хажуугийн Н.Алтансүхийн хашаанд хүмүүс хоорондоо маргалдаад байсан юм гэх мэдүүлэг, /хх-ийн 25-р тал/
6. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 сарын 18-ны өдрийн 228 дугаартай шинжээчийн: Үзүүлэгч Н.Алтансүхийн биед тухайн үед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, зүүн гарын сарвуунд зулгарч тав тогтсон, баруун нүдний зовхи хар хөхөрсөн зэрэг гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Урьд нь бэртэл гэмтэл байхгүй. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарах гэмтэл болно. Эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө гэх дүгнэлт /хх-ийн 34-р тал/
7. Шүүгдэгч Ч.Жамсрангийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа / хх-ийн 72-р тал /,
8. Шүүгдэгч Ч.Жамсрангийн хувийн байдлыг тогтоосон баримтууд / хх-ийн 70, 74-77, 79, 81-р талууд /, 
9.  Шүүгдэгч Ж.Ганзоригийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа / хх-ийн 65-р тал /,
10. Шүүгдэгч Ж.Ганзоригийн хувийн байдлыг тогтоосон баримтууд / хх-ийн 63, 68-69, 79, 81-р талууд /,
11. Шүүгдэгч  Ч.Жамсрангийн  мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн:  Би 2016 оны 05 дугаар сарын 15-ны өглөө саатуулах байрнаас гарах гэж байх үед миний хүү Ж.Ганзориг ирээд Та өчигдөр надтай гудамжинд таараад аавыг нь хүн зодчихлоо хоёулаа хамт очьё гээд намайг дагуулаад нэг танихгүй айлын хашааруу орсон. Би тэгээд тэр айлын залууг дагуулж гаргаж ирээд тэр залуутай маргалдаад та бид хоёр тэр залууг нийлээд цохьчихсон. Тэгээд таныг цагдаа дээр авч ирж саатуулсан юм гэж хэлсэн. Тэгж л би юу болсон яасан гэдгээ мэдсэн. Ч.Цэнд-Аюушийн гэрээс гарч байснаа санаж байна. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Би яллах дүгнэлттэй танилцлаа. Би сонсгосон ял болон эрх үүргээ ойлголоо. Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. Хүү Ж.Ганзориг бид хоёр Н.Алтансүхэд 2016 оны 05 сраын 25-ны өдөр 300.000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр бэлэн 400.000 төгрөг, 1 ширхэг буйдан ор өгч түүнийг хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү  гэх мэдүүлэг,
12. Шүүгдэгч Ж.Ганзоригийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн:  Би 2016 оны 05 сарын 14-ний орой гэрлүүгээ харих гээд автомашинтайгаа ганцаараа явж байтал гэр хорооллын гудамжинд шороон зам дээр аав Ч.Жамсран ганцаараа согтуу зогсож байхлаар нь очих үед дээгүүр нь цамц нь урагдчихсан байдалтай байсан ба Намайг хүн зодчихлоо, энэ хашааруу хоёулаа ороод гараад ирье гэхэд нь би зөвшөөрч аав Ч.Жамсранг дагаад холгүй нэг айлын хашааны гадна ирсэн. Хаалгыг цохьтол хүн гарч ирж хаалга онгойлгож өгөхгүй болохоор нь аав Ч.Жамсран бид хоёр хашааг нь давж ороод Н.Алтансүхийн гэрийн гадна очоод би Н.Алтансүхийг гэрээс нь дуудаж гаргаж ирээд хашаан дотор гэрийнх нь ард талд гараад Чи яагаад миний аавыг цохьсон юм бэ гэхэд Би цохиогүй гэж хэлсэн. Тэгтэл аав Ч.Жамсран Чи намайг цохио биз дээ гээд Н.Алтансүхийн цээжрүү хөлөөрөө өшиглөөд газарт унагаачихсан. Би тэгэхэд нь Н.Алтансүх дээр очоод түүнийг дарж суугаад түүнтэй зууралдаж байтал аав Ч.Жамсран хүрч ирээд Н.Алтансүхийн толгойруу өшиглөөд байсан. Бид хоёр газарт зууралдаж байх үедээ би түүнийг нэг удаа шанаанд нь гараараа цохьсон. Аав Ч.Жамсран Н.Алтансүхийн цээжрүү нь нэг удаа өшиглөсөн. Мөн газарт уначихсан байх үед нь түүнийг хөлөөрөө толгойруу нь өшиглөөд байсан. Би яллах дүгнэлттэй  тогтоолтой танилцлаа. Би сонсгосон ял болон эрх үүргээ ойлголоо. Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлэн дүгнэхэд: Шүүгдэгч Ч.Жамсран, Ж.Ганзориг нар нь бүлэглэж 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Улаангом сумын 4 дүгээр багийн нутагт байрлах 9-41 тоот хашаанд хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Н.Алтансүхтэй маргалдаж, түүнийг зодож бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Н.Алтансүх, гэрч Д.Оюундэлгэр, Б.Буяндэлгэр, Ч.Цэнд-Аюуш, Ц.Тогтуур, шинжээчийн 2016 оны 05 сарын 18-ны өдрийн 228 дугаартай дүгнэлт, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 
Мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил гараагүй, хэргийн бүрдэл хангагдсан, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгч Ч.Жамсран, Ж.Ганзориг нрт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.Жамсран нь энэ хэргийг согтуугаар үйлдсэн болох нь хохирогч Н.Алтансүх, гэрч Д.Оюундэлгэр, Б.Буяндэлгэр, Ч.Цэнд-Аюуш, Ц.Тогтуур,  шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа тул хүндрүүлэх нөхцөл байдалд тооцно.
Шүүгдэгч нар нь хохирогч Н.Алтансүхэд 2016 оны 05 сраын 25-ны өдөр 300.000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр бэлэн 400.000 төгрөг, 1 ширхэг буйдан ор өгсөн,  цаашид гаргуулах хохирол төлбөргүй болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Жамсран, Ж.Ганзориг нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
            Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55  дугаар зүйлийн  55.1.1-д ...анх удаа  хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3-д гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, 55.1.9-д  үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн  гэсэн хөнгөрүүлэх, Ч.Жамсранг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэсэн хүндрүүлэх  нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1,  294-296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн  297.1-297.5 дахь хэсэг,  298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
    1. Шүүгдэгч Цагаагчууд овогт Чойдонгийн Жамсран, Цагаагчууд овогт Жамсрангийн Ганзориг нарыг  бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
    2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар шүүгдэгч Ч.Жамсран, Ж.Ганзориг нарыг тус бүрт нь 255 /хоёр зуун тавин тав/ цаг албадан ажил хийлгэх ял  шийтгэсүгэй.
    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаах солихыг дурдсугай.

    4. Шүүгдэгч Ч.Жамсран, Ж.Ганзориг нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй  болохыг тус тус дурдсугай. 
    5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч Ч.Жамсран, Ж.Ганзориг нарт өмнө авсан  батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга  хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  хэвээр хэрэглэсүгэй.  
    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    ГАНСҮХ