Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 1281

 

“Бумбод” ХХК, “Сайхан могод” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/00754 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Бумбод” ХХК, “Сайхан могод” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

“Сайхан Могод” ХХК, “Бумбод” ХХК нар нь 102/ШШ2016/02751 тоот шүүгчийн захирамжаар бусдын өмнө өөрийн хөрөнгөөр үүрэг хүлээгээгүй болохыг тогтоох, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 102/ШШ2016/02751 тоот шүүгчийн захирамжийг гүйцэтгэхдээ хууль зөрчин “Сайхан могод” ХХК, “Бумбод” ХХК нарын өмчид халдаж өмчлөх эрхийг зөрчсөн болохыг тогтоох, 102/ШШ2016/02751 тоот шүүгчийн захирамжийг гүйцэтгэхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явагдаагүй болохыг тогтоох, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураан авсан 8 техник хэрэгслийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасны дагуу “Сайхан могод” ХХК-ийн өмчлөл болон эзэмшилд эргүүлэн шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч “Сайхан могод” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнгөнцацрал,

Нэхэмжлэгч “Бумбод” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгонбаатар,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уянга,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бумбод” ХХК нь хамтран ажиллагч “Сайхан могод” ХХК-аас 120 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар нэг сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээг 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр “Бумбод” ХХК-ийн төлөөлж 50 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Одхүү болон “Сайхан могод” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Н.Даваадорж нар Иргэний хуульд заасны хүрээнд байгуулсан байдаг. 2016 оны 5 дугаар сард “Бумбод” ХХК нь зээлийн үндсэн төлбөр болох 120 000 000 төгрөг, 10 сарын хүү 48 000 000 төгрөг нийт 168 000 000 төгрөгийн өрөндөө “Бумбод” ХХК-ийн өмчлөлд байх 8 техник хэрэгслийг шилжүүлэх хүсэлт гаргаж, үлдэх 2 сарын хүү болох 9 600 000 төгрөгийг бэлнээр төлсөн.

“Сайхан могод” ХХК нь “Бумбод” ХХК-ийн өмчлөлд байх 8 техникийг 168 000 000 төгрөгийн өрөндөө тооцон өөрийн өмчлөлдөө 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлэн авсан. Тухайн үед буюу 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар тус 8 техник нь бусдын өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй байсан. Гэтэл 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас “Сайхан могод” ХХК-ийн хууль ёсны өмчлөлийн 5 техник хэрэгслийг Сонгинохайрхан дүүргийн нутагт ажил үүргээ гүйцэтгэж байхад нь Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2016/02751 тоот шүүгчийн захирамжаар иргэн Ц.Одхүүд хамаарах шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаныхан урьдчилан ямар нэг мэдэгдэл хийлгүйгээр, хүч түрэн хураан авсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 2016 оны 120/ШШ2016/02751 тоот шүүгчийн захирамж дээр “Сайхан могод” ХХК-д ямар нэг үүрэг ногдуулаагүй байх ба тус захирамжинд заасан Ц.Одхүүгийн өмчлөлд огт байгаагүй хөрөнгөөр шүүхийн шийдвэр гүйцэтгэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хүндэтгэх, шуурхай, энэрэнгүй байх зарчимд үндэслэнэ.” гэсэн үндсэн зарчмыг зөрчин бусдын өмчлөх эрхэнд халдсан үйлдэл боллоо.

Энэ тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандан 2006 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гомдол гаргасан бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 5/1794 тоот албан бичгээр шүүхэд хандан шийдвэрлүүлэхийг дурджээ. Түүнчлэн 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 102/Ш32016/212929 тоот шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж болон 102/ГХ20102518 гүйцэтгэх хуудсыг 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/Ш32016/23450 тоот шүүгчийн захирамжаар хүчингүй болгосон байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д заасан гүйцэтгэх баримт бичгийг шүүхээс хүчингүй болгосон байх тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан үр дагаврыг арилгаж, “Сайхан могод” ХХК-ийн өмчлөлийн техник хэрэгслийг буцаан өмчлөлд нь шилжүүлэх нөхцөл байдал үүсээд байна.

“Бумбод” ХХК болон “Сайхан могод” ХХК нь 102/ШШ2016/02751 тоот шүүгчийн захирамжаар бусдын өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй байтал ийнхүү бидний Үндсэн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд ноцтойгоор халдаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчин техник хэрэгслийг хүч түрэн хураан авч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх эрхгүй этгээдүүдээр гүйцэтгүүлж, хохирол учрууллаа. “Бумбод” ХХК нь 102/ШШ2016/02751 тоот шүүгчийн захирамжаар бусдын өмнө өөрийн хөрөнгөөр үүрэг хүлээгээгүй болохыг тогтоолгох, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 102/ШШ2016/02751 тоот шүүгчийн захирамжийг гүйцэтгэхдээ хууль зөрчин “Бумбод” ХХК-ийн өмчлөх эрхэд халдсан болохыг тогтоолгох, 102/ШШ2016/02751 тоот шүүгчийн захирамжийг гүйцэтгэхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явагдаагүй болохыг тогтоолгох, “Сайхан могод” ХХК нь 102/ШШ2016/02751 тоот шүүгчийн захирамжаар бусдын өмнө өөрийн хөрөнгөөр үүрэг хүлээгээгүй болохыг тогтоолгох, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 102/ШШ2016/02751 тоот шүүгчийн захирамжийг гүйцэтгэхдээ хууль зөрчин “Сайхан могод” ХХК-ийн өмчлөх эрхэд халдсан болохыг тогтоолгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураасан авсан техник хэрэгслийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад “Сайхан могод” ХХК-иас хураан авсан 8 техник хэрэгслийг “Сайхан могод” ХХК-ийн өмчлөл болон эзэмшилд эргүүлэн шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2751 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Ц.Одхүү хариуцагч “Мапроуд” ХХК нь нийт 5 465 200 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрч, үүнээс хариуцагч 200 000 000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлснөөр нэхэмжлэгч нь өөрийн эзэмшилд байгаа 63-81 УБ-Автогрейдер, 63-23 УБ Ковш гэсэн 3 техникийг “Мапроуд” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 132 600 000 төгрөгийг төлөх, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 132 600 000 төгрөгийг төлж төлбөрийг бүрэн барагдуулснаар нэхэмжлэгч нь өөрийн эзэмшилд байгаа 93-98 УНВ улсын дугаартай Самосвол, 93-88 УНВ улсын дугаартай Самсовол, 63-80 УНГ улсын дугаартай Самсовол, 66-94 УНГ улсын дугаартай Самсовол, 41-66 УНГ Самсовол, 93-88 УНӨ Миксер, 29-88 УНП улсын дугаартай Миксер, 63-85 УНГ улсын дугаартай Усны тэрэг гэсэн 8 техникийг хариуцагч “Мапроуд” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудас нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-т /иргэний хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр, түүний дотор эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж, тэдгээрийн үндсэн дээр олгосон гүйцэтгэх хуудас/, 11 дүгээр зүйлийн 11.1.5-т /төлбөр авагчид олговол зохих төлбөрийн төрөл, хэмжээ/ заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр гүйцэтгэх хуудас бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр үүсгэн тус гүйцэтгэх баримт бичигт заагдсан хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Шүүхийн шийдвэрт заагдсан 8 ширхэг техникийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д /төлбөр төлөгчийн бусдад байгаа өмч хөрөнгөөс хуульд заасан журмын дагуу төлбөр гаргуулах/, 34.1.5-т /шийдвэрт нэр заасан тодорхой эд хөрөнгийг төлбөр төлөгчөөс гаргуулж төлбөр авагчид шилжүүлэх, эсхүл тодорхой үйл ажиллагаа гүйцэтгүүлэх/, 36 дугаар зүйлийн 36.1.2-т /төлбөр төлөгчийн өөрт нь байгаа болон түүний өмчлөлийн бусдад байгаа эд төлбөр төлөгчийн болон түүний өмчлөлийн бусдад байгаа эд хөрөнгийг хураах тухай шийдвэрийг гүйцэтгэх/ заасны дагуу 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 183/01, 183/02, 183/03, 183/04, 183/04 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор 3 ширхэг миксер, 2 ширхэг самосвол нийт 5 ширхэг техникийг хураан авч 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 183/01 тоот эд хөрөнгө шилжүүлэх тухай тогтоолоор төлбөр авагч “Мапроуд” ХХК-д олгосон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т заасныг зөрчин шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичигт заасан хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн үндэслэл юм. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2016/02751 дүгээр захирамжид нэхэмжлэгч хариуцагч тал харилцан үүрэг хүлээхээр заасны дагуу 102/ГХ20102518, 1843 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж, талууд албадан гүйцэтгүүлэх хүсэлт ирүүлснээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулжээ.

Түүнчлэн “Мапроуд” ХХК-аас төлбөрийн 465 200 000 төгрөгийг гаргуулж иргэн Ц.Одхүүгийн эзэмшлийн Хаан банкин дахь 5129015336 тоот дансанд шилжүүлэн олгож, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 16/734 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад иргэн Ц.Одхүү шүүхэд гомдол гаргаж, улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 102/Ш32016/23450 дүгээр захирамжаар мөн шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШЗ/2016/21929 дүгээр захирамж болон 102/ГХ20102518 дугаар гүйцэтгэх хуудсыг “илтэд үндэслэл муутай” гэж үзэн хүчингүй болгосон байна.

Хүчингүй болсон шүүгчийн захирамжид төлбөр авагч “Мапроуд”ХХК гомдол гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШТ2016/00771 дүгээр тогтоолоор 2016 оны 102/Ш32016/23450 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Иргэн Ц.Одхүү, “Бумбод” ХХК болон “Сайхан могод” ХХК-ийн гаргасан өргөдөлд Шийдвэр гүйцэтгэх газрын 2016 оны 5/1789, 5/1794, 5/2153 дугаар албан бичгүүдээр техникүүдийг буцаан олгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлгүй талаар хариу хүргүүлж байсан. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасны дагуу иргэн Д.Одхүүгээс 5 техникийг гаргуулж, төлбөр авагч “Мапроуд” ХХК-д олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь хуульд зөрчөөгүй тул “Бумбод” ХХК болон “Сайхан могод” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Мапроуд” ХХК шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2016/02751 дугаарт шүүгчийн захирамжийн дагуу гарсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 102/Ш32016/21929 дугаарт Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, 102/Ш32016/02518 дугаарт гүйцэтгэх хуудсын дагуу “Бумбод” ХХК-иас 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 183/01 дугаарт тогтоолоор: өөрөө буулгагч маркийн 23-95 УБК, өөрөө буулгагч маркийн 53-24 УБК, өөрөө буулгагч маркийн 36-51 УБК, миксер маркийн 19-54 УБК, миксер маркийн 87-52 УБЯ тус тус, 2016 оны 10 сарын 13-ны өдрийн 183/02 дугаарт тогтоолоор усны тэрэг 64-32 УБК, өөрөө буулгагч маркийн 14-25 УБК, өөрөө буулгагч маркийн 32-67 УБК тус тус шилжүүлэн авсан. “Бумбод” ХХК нь дээрх автомашинуудаас 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр миксер маркийн 87-52 УБЯ улсын дугаартай автомашиныг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу манай компанид шилжүүлэн өгсөөр байхад хууль бусаар өөрсдийн эзэмшилд булаан авсан.

Одоо дээрх автомашин нь “Бумбод” ХХК-ийн аж ахуйн хашаанд байгаа болно. “Бумбод” ХХК болон “Сайхан могод” ХХК нь дээрх автомашинуудыг ямар үндэслэлээр өөрийн өмч гэж үзэж нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй байна. Дээрх автомашинууд нь анхнаасаа “Мапроуд” ХХК-ийн өмч бөгөөд 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн М/15/01 дугаарт Зээлийн гэрээ, Ф/15/01 гэрээний дагуу барьцаа хөрөнгө болгон “Бумбод” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн эд хөренгө болно. Эдгээр автомашинуудыг Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн онхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ/2016/02751 дугаарт шүүгчийн захирамжийн дагуу төлөх төлбөрөө төлбөр авагч талд төлснөөр эргүүлэн авах эрхтэй болсон. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу гаргасан Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудсын дагуу манай компанид эргүүлэн олгосон өмчийг өөрийн хөрөнгө гэж үзэн нэхэмжлэл гаргасан байх тул уг нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д зааснаар хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албануудад холбогдуулан “Сайхан могод” ХХК, “Бумбод” ХХК нар нь 102/ШШ2016/02751 тоот шүүгчийн захирамжаар бусдын өмнө өөрийн хөрөнгөөр үүрэг хүлээгээгүй болохыг тогтоох, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 102/ШШ2016/02751 тоот шүүгчийн захирамжийг гүйцэтгэхдээ хууль зөрчин “Сайхан могод” ХХК, “Бумбод” ХХК нарын өмчид халдаж өмчлөх эрхийг зөрчсөн болохыг тогтоох, 102/ШШ2016/02751 тоот шүүгчийн захирамжийг гүйцэтгэхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явагдаагүй болохыг тогтоох, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураасан авсан техник хэрэгслийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад “Сайхан могод” ХХК-иас хураан авсан 8 техник хэрэгслийг “Сайхан могод” ХХК-ийн өмчлөл болон эзэмшилд эргүүлэн шилжүүлэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэгч “Сайхан могод” ХХК, “Бумбод” ХХК нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэггийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч “Бумбод” ХХК давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр үл хүлээн зөвшөөрч гомдол гаргаж байна.

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар 102/ШШ2016У02751 тоот шүүхийн шийдвэрээр “Бумбод” болон “Сайхан могод” ХХК нар нь ямар нэг үүрэг хүлээгээгүй нь нотлогдсоор байтал нотлох баримтыг буруу үнэлж, шийдвэр гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэгчийн эрхийнхээ дагуу хэрэгт чухал ач холбогдол бүхий 102/ШШ2016/02751 тоот шүүхийн шийдвэрийн Ц.Одхүүд холбогдох хэргийг нотлох баримтаар хариуцагчаар гаргуулах хүсэлтийг гаргасан боловч тус хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр хэрэг хянан хэлэлцэж, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоохгүйгээр шийдвэр гаргасан.

Хариуцагчид нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн. Хариуцагчид 102/ШШ2016/02751 тоот шүүхийн шийдвэрийг үүрэг хүлээгээгүй этгээдүүдээс гаргуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн  84.1-д заасны дагуу төлбөрийг тухайн үеийн ханшаар хүлээн авсан байснаа хүлээн зөвшөөрсөн тайлбар бичмэл нотлох баримт гаргаж өгсөн байтал хууль буруу хэрэглэн шийдвэрлэсэн тул 182/ШШ2017/00754 шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Сайхан могод” ХХК давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр дээрх нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Шүүх хуралдаан дээр хамтран нэхэмжлэгч болон манай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хэрэгт нэн чухал ач холбогдол бүхий 102/ШШ2016/02751 тоот шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ажиллагааны Ц.Одхүүд холбогдох хэргийг хариуцагч нараас гаргуулах xүсэлт гаргасан боловч тус хүсэлтийг шийдэлгүйгээр шийдвэр гаргасан. Шүүх хэргийг бүх талаас нь хянан үзэж, хэрэгт ач холбогдол бүхий баримт гаргуулах хүсэлтийг хүлээн авах хүсэлтийг хүлээн авч захирамжаар шийдвэрлэх ёстой байсан. Шүүхийн зүгээс хэт нэг талыг барьж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчин хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд шүүн таслах ажиллагаа хуулийн хүрээнд явагдаагүй тул анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч “Бумбод” ХХК, “Сайхан могод” ХХК нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан 102/ШШ2016/02751 тоот шүүгчийн захирамжаар бусдын өмнө өөрийн хөрөнгөөр үүрэг хүлээгээгүй болохыг тогтоох, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 102/ШШ2016/02751 тоот шүүгчийн захирамжийг гүйцэтгэхдээ хууль зөрчин “Сайхан могод” ХХК, “Бумбод” ХХК нарын өмчид халдаж өмчлөх эрхийг зөрчсөн болохыг тогтоох, 102/ШШ2016/02751 тоот шүүгчийн захирамжийг гүйцэтгэхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явагдаагүй болохыг тогтоох, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураан авсан 8 техник хэрэгслийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасны дагуу “Сайхан могод” ХХК-ийн өмчлөл болон эзэмшилд эргүүлэн шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргасан байна.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ/2016/02751 дугаартай шүүгчийн захирамж хэрэгт авагдсан байх ба уг захирамжаар нэхэмжлэгч Ц.Одхүү, хариуцагч “Мапроуд” ХХК нь 465 200 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрч, үүнээс хариуцагч нь 200 000 000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлснөөр нэхэмжлэгч нь өөрийн эзэмшилд байгаа 63-81 УБ-Автогрейдер, 63-23 УБ-Ковш, 31-88 УБ-Ковш гэсэн 3 техникийг хариуцагч “Мапроуд” ХХК-ийн өмчлөлд нь шилжүүлэх, 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 132 600 000 төгрөгийг төлөх, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 132 600 000 төгрөгийг төлж төлбөрийг бүрэн барагдуулснаар нэхэмжлэгч нь өөрийн эзэмшилд байгаа 93-98 УНВ Самосвол, 93-88 УНӨ-Самосвол, 63-80 УНГ-Самосвол, 66-94 УНГ-Самосвол, 41-66 УНГ-Самосвол, 93-88 УНӨ Миксер, 29-88 УНП-Миксер, 63-85 УНГ-Усны тэрэг гэсэн 8 техникийг хариуцагч “Мапроуд” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр байна.

/хэргийн 8-9 дүгээр тал/

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба нь нэхэмжлэгч Ц.Одхүү шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй гэх үндэслэлээр шүүхийн хүчин төгөлдөр 102/ШШ/2016/02751 дугаартай шүүгчийн захирамж болон шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, уг ажиллагааны явцад төлбөр төлөгч “Мапроуд” ХХК нь төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, харин төлбөр авагч Ц.Одхүү нь 8 техник хэрэгслийг төлбөр төлөгчид шилжүүлээгүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 183/01, 183/02, 183/03, 183/04 тоот тогтоолоор эд хөрөнгийг хураах ажиллагааг явуулж, хураан авсан 5 техник хэрэгслийг 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 183/01 дугаартай тогтоолоор төлбөр авагч “Мапроуд” ХХК-д шилжүүлжээ. /хэргийн 38, 63-67 дугаар тал/

 

Хариуцагч нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ/2016/02751 дугаар захирамжинд нэрлэн заагдсан эд хөрөнгө болох 8 техник хэрэгслийг уг захирамжийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу хураан авч төлбөр төлөгчид шилүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д “шийдвэрт нэр заасан тодорхой эд хөрөнгийг төлбөр төлөгчөөс гаргуулж төлбөр авагчид шилжүүлэх” гэсэнд нийцжээ.

 

Гуравдагч этгээд “Мапроуд” ХХК нь өөрийн өмчлөлийн нэр бүхий 12 техник, тоног төхөөрөмжийг Ц.Одхүүтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож, түүний 50 хувийн хувьцаа эзэмшдэг “Бумбод” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэнтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ/2016/02751 дугаар захирамжтай хэргийн оролцогч нь, тус компани биш байх бөгөөд шүүхийн шийдвэр гарснаас хойно өөрийн өмчлөх эрх үүсээгүй тухайн эд хөрөнгүүдийг 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр “Сайхан могод” ХХК-д шилжүүлсэн үйл баримт нь Автотээврийн үндэсний төвийн лавлагаа, зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь нэхэмжлэгч “Сайхан могод” ХХК, “Бумбод” ХХК-ийн өмчлөх эрхийг зөрчсөн гэх үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Иймд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/00754 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Сайхан могод” ХХК, “Бумбод” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч нарын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод тус тус үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ЗОЛЗАЯА

 

                                                   ШҮҮГЧИД                                 Ш.ОЮУНХАНД      

            

                                                                                                    С.ЭНХТӨР