| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2022/0087/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/87 |
| Огноо | 2022-04-14 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,
улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
шүүгдэгч С.Отгонболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Соронзонболдын Отгонболдод холбогдох эрүүгийн 2207000000084 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хот, Баянгол дүүрэгт төрсөн, эрэгтэй, *** настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Налайх дүүрэг, 8 дугаар хороо, Тайжийн 16-08 тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,
Боржигон овогт Соронзонболдын Отгонболд /РД: УК99082357/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Отгонболд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Налайх дүүргийн 8 дугаар хороо Тайжийн 11-37 тоот хашааны гаднаас иргэн Ч.Мөнхбатын асаалттай байсан Тоёота приус 30 маркийн 37-66 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явж, Эрүүгийн хуулийн тусгай анийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Отгонболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас нэмж ярих зүйл байхгүй” гэж мэдүүлсэн бөгөөд хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгч С.Отгонболдыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох байр сууринаас оролцож дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Харин шүүгдэгч С.Отгонболд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлүүлээгүй болно.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугласан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч С.Отгонболд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Налайх дүүргийн 8 дугаар хороо Тайжийн 11-37 тоот хашааны гаднаас иргэн Ч.Мөнхбатын асаалттай байсан Тоёота приус 30 маркийн 37-66 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйл баримт нь:
Хохирогч Ч.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 19-ний шөнө 23 цагийн орчимд өөрийн хүү М.Тэмүүлэнг Д.Энхсайхан гэх бөөгийнд очоод ир гээд түүнд 37-66 УБА улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслээ өгч явуулсан. Тэгсэн шөнө манай хүү гэртээ ирээд надад Д.Энхсайханы гэрийн гадаа машинаа түр асаалттай үлдээчихсэн байсан чинь нэг үл таних залуу дотор нь суугаад жолоодоод яваад бөөн хэрүүл маргаан болоод сая цагдаа дээр мэдүүлгээ өгчхөөд ирлээ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 05 дахь тал),
Гэрч М.Тэмүүлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Энхсайхан гэх хуурай ахаараа гэртээ бөөгийн зан үйл хийлгэхээр 37-66 УБА улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ түүнийг гэрээс нь очиж авахаар Налайх дүүргийн 8 дугаар хороо Тайжийн 11-37 тоот гэрт очсон. Тухайн үед хальт ороод Энхсайхан ахыг аваад гараад ирэх юм чинь гэж бодоод машинаа унтраалгүй гэрлийг нь асаалттай үлдээгээд Д.Энхсайхан ахын гэрлүү орсон. Тэднийд ороод удаагүй байтал Д.Энхсайханы шавь Б.Одонзаяа гэх эмэгтэй гэрт орж ирээд надад чи хүнтэй явж байгаа юм уу машины чинь араар нэг залуу яваад байна гэсэн. Тэгэхээр нь гайхаад яваад очтол хашааны гадаа байсан 37-66 УБА улсын дугаартай автомашин байрандаа байхгүй гудамжаар дээшээ өгсөөд чигээрээ нэлээн хол ойролцоогоор 600 метр зай туулчихсан байсан. Миний автомашин түлхүүрээсээ холдчихоор өөрөө автоматаар зогсчихдог тул машин маань нүдэнд харагдахаар газар зогссон. Ингээд Д.Энхсайхан ах бид 2 араас нь гүйж очоод жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгож суусан. Үл таних залууг бариад авсан чинь нөгөө залуу машинаас буусан. Машинаас буугаад Д.Энхсайхан ахтай хэрэлдээд Д.Энхсайхан ахыг нүүр лүү нь цохиж газар унагаагаад нүүр лүү нь хөлөөрөө өшиглөөд байсан. ...Архи уусан нь илт мэдэгдэж байсан согтолтын хувьд нэлээн муудчихсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),
Гэрч Д.Энхсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 19-ний шөнө 00 цагийн үед Налайх дүүргийн 8 дугаар хороо Тайжийн 11-37 тоот гэртээ байж байтал хуурай дүү М.Тэмүүлэн хүрч ирээд гэртээ бөөгийн зан үйл хийлгэхээр болсон. Ингээд би гэртээ хувцсаа солиод байж байтал гаднаас манай шавь болох Б.Одонзаяа орж ирээд М.Тэмүүлэнд хашааны гадна байсан чиний машин хөдлөөд явчихлаа гэсэн. Тэгэхээр нь бид хэд гайхаад гараад хартал хашааны гадаа байсан М.Тэмүүлэнгийн Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл байхгүй гудамжны дээшээ өгсөөд явж байсан. Тухайн үед М.Тэмүүлэнгийн машин удаан явж байсан болохоор бид 2 машиных нь араас гүйж очоод жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгож машин дотор суугаад машинаа зогсоогоод жолоочийн суудал дээр сууж байсан үл таних залууг машинаас буулгасан. Тэгэхээр нь тэр залуу руу очиход биеэ авч явж чадахгүй болтлоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шинжтэй өөдөөс архи маш их үнэртэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),
Гэрч Б.*********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.Энхсайханы гэрийн үүдэнд иртэл гадаа Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл асаалттай дотор нь хүнгүй бололтой зогсож байсан. Тэгтэл тэр машины ард нь нэг үл таних залуу зогсож байхаар нь би тухайн үедээ гайхаад багшийн гэрлүү очоод гадаа машины чинь ард нэг залуу зогсоод байна харанхуй болохоор буруу харчхав уу гэтэл Д.Энхсайхан болон М.Тэмүүлэн хоёр гэрээс шууд гарсан чинь хашааны гадна байсан машин байхгүй хөдөлчихсөн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн ахлах шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1914 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж шинжилгээнд тэнцэнэ. “С.Отгонболд 2022.03.30” гэж хаягласан цусанд 1,5 промилли спирт илэрсэн. Цусан дахь 1,5 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал),
Шүүгдэгч С.Отгонболдын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Налайх дүүргийн 8 дугаар хороо манай гэрээс нэлээн зайтай байх хуурай ахтайгаа хамт архи уучхаад гэрээс нь гараад Налайх дүүргийн 3 дугаар хороо Сузанагийн орчмоос такси бариад гэрлүүгээ явсан. Тэгсэн намайг Налайх дүүргийн 8 дугаар хороо Тайжийн гудамжинд буулгасан, буугаад хартал манай гэрийн үүдэнд ирээгүй байсан, тэгэхээр нь эргэж хараад нөгөө машиндаа суух гэтэл аль хэдийн явчихсан байсан. Тэгээд гэрлүүгээ харих гээд Тайжийн гудамж /хэддүгээр гудамж гэдгийг мэдэхгүй байна/ дагаад явж байтал замд Тоёота приус 30 маркийн машин асаалттай байхаар нь дотор нь ортол жолоочгүй, хүнгүй байсан. Ингээд би жолоочийн суудал дээр суугаад машиныг жолоодоод хөдөлгөөд явсан. Удаагүй машин нээх хол явалгүй зогссон, тэгсэн нэг залуу намайг машинаас татаад буулгасан. Тэгэхээр нь би залууг архиныхаа халуунд агсарч байхдаа ганц нэг цохчихсон юм байна лээ. Гэхдээ болсон үйл явдлыг бүгдийг нь нэг бүрчлэн сайн санахгүй байна. Тухайн үед би өөрөө маш их согтолттой явсан. Нэг мэдэхэд цагдаа ирчихсэн би эрүүлжүүлэхэд орж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хоорондоо агуулгын зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Шүүгдэгч С.Отгонболд нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч С.Отгонболд нь бусдын тээврийн хэрэгслийг нууцаар авч явахдаа өөрийн эзэмшил, өмчлөлд захиран зарцуулах санаа зорилго, шунахай сэдэлт байхгүй, нэг газраас нөгөө газарт очихын тулд ашиглах зорилгоор бусдын эзэмшлийн автомашиныг нууцаар авч явсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг нь шунахайн зорилгогүйгээр автотээврийн хэрэгслийг жолоодох сонирхол болон нэг газраас нөгөө газарт очих зорилгоор хууль бусаар эзэмшиж, гэмт этгээд тээврийн хэрэгслийг жолоодон явснаар төгсдөг, материаллаг хохирол учирсан байхыг шаарддаггүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг ба шүүгдэгч С.Отгонболдын үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж шүүх үзэв.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.Отгонболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Ч.Мөнхбат нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад “миний машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй, зүгээр байгаа, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, тайлбарыг өгсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч С.Отгонболдтой эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч санал, тайлбар гаргаагүй болно.
Шүүгдэгч С.Отгонболд нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч нь прокурорын шатанд эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар мэдүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангагдсан гэж үзнэ.
Иймд шүүхээс шүүгдэгч С.Отгонболдыг “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул прокурортой тохиролцсон саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ