Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/198

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч Э.Чанцалням,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Чанцалнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 0167 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “.............” ХХК-д машинист ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............... дүүргийн ........ дүгээр хороо, Шороотын ............ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Б овогт Бы М /РД:....................../,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ................ тоотод хамтран амьдрагч И.Цг “гэрээс явуулсангүй” гэх шалтгаанаар нүүр хэсэг рүү нь цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 123 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Б.М.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.

2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч Б.М нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ................ тоот гэртээ хамтран амьдрагч И.Цтэй маргалдан гэрээс явуулахгүй гэсэнд нь уурлан нүүр хэсэг рүү нь цохиж, үснээс нь татан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.  

Энэ нь хохирогч И.Цгийн “...2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манай нөхөр М өдөржин гэртээ юм хийгээд 17 цагийн үед дэлгүүр яваад ирье гэж хэлээд гэрээс гараад явсан. Тэгээд гэртээ ирэхдээ нэг шил архи, том пиво хоёр барьчихсан орж ирсэн. Тэгээд нөгөө архи, пивоо уугаад унтаад өгсөн юм. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө 03 цагийн үед манай нөхөр сэрчихсэн байсан. Тэгсэн надаас хоёр шил архи байх ёстой нэг нь хаана байна гэхээр нь би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгсэн 05 цагийн үед гэрэл асаагаад байхаар нь би хаачих гэж байгаа юм гэсэн чинь манай ажлынхан ирчихсэн байна уулан дээр нар харна гэхээр нь би юу яриад байгаа юм машины түлхүүр аваад ир гэсэн чинь намайг цааш нь түлхэхээр нь би гэрт байсан нүүрсний хувингаар гэрээс гарах гэхээр нь толгой руу нь цохисон юм. Тэгсэн гэнэт уурлаад манай нөхөр орж ирээд шууд нүүр нүдгүй цохиод, үсдэж чирээд байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудлаа гээд хэлсэн чинь гэрээс гараад яваад өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх7-8/,       

шүүгдэгч Б.Мын яллагдагчаар өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр би гэртээ ганцаараа нэг шил архи уусан юм. Тэгээд унтаад шөнө 05 цаг болж байхад сэрээд нэг жижиг шилтэй архи байхаар нь би нөгөөдхийг уучхаад нар үзэх гээд гэрээс гарах гэтэл манай эхнэр уурлаад миний толгой руу нүүрсний хувингаар цохиж  авахаар нь би уурлаад эргэж хараад нүд рүү нь гараараа цохиж авсан юм. Тэгээд би хаалга онгойлгоод гэрээс гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх60-61/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1228 дугаар дүгнэлтээр И.Цгийн биед “зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.” гэжээ. /хх16-17/

4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийн нүүр рүү цохисон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч  нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

6. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

7. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 3 сарын хугацаанд гүйцэтгүүлэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн болно.

9. Шүүгдэгч Б.Мын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

11. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч Б.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500  нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бы Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг  3 /гурав/ сарын  хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР