Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/207

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч У.Анхжаргал,

шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор У.Анхжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Бт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 0100 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ............. дүүргийн ........... дугаар хороо, .......... дүгээр гудамжны ........ тоотод оршин суух, урьд

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 401 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан,

Х овогт Нын Б /РД:................/,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, ....................... тоот гэртээ иргэн Я.Бг цээжин хэсэгт нь хөлөөрөө өшиглөж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 119 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Н.Б.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.

2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч Н.Б нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, ....................... тоотод байрлах гэртээ Я.Б, Г.Батаа нартай согтууруулах ундааны зүйл уусан. Улмаар хохирогч Я.Бг нөхрийгөө өмөөрч маргалдлаа гэж цээж хэсэг рүү нь өшиглөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.  

Энэ нь хохирогч Я.Бгийн “...би найз нь болох Бын .............. дугаарын утас руу залгаад Батаа танайд байна уу гэж асуухад байна гэж хэлэхээр нь гэрт нь очих үед нөхөр Батаа, Б нар архи уугаад дуусаж байсан. Би Бт хандан зүгээр гэртээ байгаа хүн авч яваад архи уулгаад уруу татаад байх юм уурлаж хэлсэн чинь бид 2 дэлгүүрийн гадаа таарсан юм гэж хэлээд дэлгүүр явж дахин 0,75 литрийн Хараа нэртэй архи нэг шилийг авч ирсэн бөгөөд бид гурав хамт хувааж уугаад сууж байхад Б нөхөр 2 хоорондоо ажил ярьж байснаа маргалдаад эхлэхээр нь би Бт хандан чи яахаараа Батааг дандаа ингэж байдаг юм гээд нөхрөө өмөөрч уурласан. Тэгээд би Бтай нөхрийг өмөөрөөд маргалдсан чинь Б миний цээж рүү хөлөөрөө жийгээд газар унагасан. Тэр үед миний цээж хөндүүрлэсэн босож явж чадахгүй байсан тул хэсэг сууж байгаад гэрээс гарсан чинь нөхөр хашаанд нь зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх10-11/,

гэрч Б.Сугармаагийн “...Б эгч амьсгаадаад уйлаад байхаар нь яасан юм бэ гэж асуухад Б миний цээж рүү дэвссэн гэж хэлэхээр нь Батаа ахыг та хаана байсан юм бэ гэхэд би гадаа байсан хойгуур ийм юм болсон байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх16/,

гэрч Г.Батаагийн “...Б Бгийн цээж буюу зүүн талын хөхний доор нь нэг удаа хөлөөрөө жийж унагаасан. ...Б намайг цохиж зодсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх19/,   

шүүгдэгч Н.Бын яллагдагчаар өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 15 цагийн үед найз Батаатай худаг дээр таарсан юм. Батаа ус аваад явж байсан. Тэгээд Батаагийн усыг гэрт нь оруулж тавиад бид хоёр манай гэр буюу Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, Орбитын 64-39 тоотод ирээд 0,75 граммын архи уугаад сууж байхад Батаагийн эхнэр Б Батааг хайгаад манай гэрт хүрээд ирсэн юм. Тэгээд бид гурав юм яриад манай гэрт архи уусан ба манай эхнэр Эрдэнэчимэг ажлаасаа тараад гэртээ оройн 20 цагийн үед ирэхдээ 1 шил 0,5 граммын архи авчирсан. Би уг архийг эхнэртээ захисан юм. Тэгээд бид гурав юм яриад гал тогооны өрөөнд архи уусан ба манай эхнэр ядраад байна гээд унтаад өгсөн. Тэгээд Батаа, Б бид гурав архи ууж сууж байгаад оройн 22 цагийн үед Батаа бид хоёр ажлаас болж маргалдсан юм. Тэгтэл Б нөхрөө өмөөрөөд чи яахаараа манай нөхрийг дээрэлхдэг юм бэ гээд бид хоёрын дундуур ороход би чамд хамаагүй гээд хөлөөрөө цээж рүү нь өшиглөөд унасан...” гэсэн мэдүүлэг /хх35-36/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 308 дугаар дүгнэлтээр Я.Бгийн биед “өвчүү ясны далд хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ. /хх21-22/

4. Хохирогчийн биед учирсан дээрх хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийн цээж рүү өшиглөсөн үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчид 200.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

6. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

7. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Улаанбаатар хотоос явахыг  хязгаарлах үүрэг хүлээлгэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан зорчих эрхийг хязгаарлах ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн болно.

9. Шүүгдэгч Н.Б нь хохирогчид учирсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

11. Улсын яллагч нь зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргахдаа Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хязгаарлах гэж тусгасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох” гэсэнд нийцэхгүй байна. Учир нь өөрийн оршин суух газар гэдэг тухайн хүний байнга амьдран суудаг байршил, хаягийг тодорхойлон заасныг ойлгох ба сум, дүүрэг, аймаг, нийслэл гэсэн хэт өргөн хүрээгээр хязгаарлалт тогтоох нь учир дутагдалтай, ялын зорилгыг алдагдуулж буй хэлбэр болохыг тэмдэглэж байна. 

12. Иймд шүүхээс зорчих эрхийг хязгаалах ялыг оногдуулахдаа талуудын тохиролцсон хугацаа болон ялын төрөлд өөрчлөлт оруулалгүй харин зорчих эрхийг хязгаарлах нутаг дэвсгэрийн хэмжээ, хязгаарт өөрчлөлт оруулах буюу шүүгдэгчийн амьдран суух онцлогийг харгалзан Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

13. Шүүхээс прокурорын саналд дурдсан ялын төрөл, хэмжээнд өөрчлөлт оруулаагүй, түүнчлэн зорчих эрхээ хязгаарлуулсан этгээдийг зөвхөн гэртээ байхаар тусгалгүй харьяалах хорооны нутаг дэвсгэрээр хүрээг заасан тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан нөхцөл байдалд хамаарахгүй болно.  

14. Иймд шүүгдэгч Н.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

15. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Нын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бт 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид “Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглох” үүрэг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР