Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/209

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч Р.Мягмардорж,

шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Мягмардоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 0198 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “..............” ХХК-д засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ........... дүүрэг, ......... дугаар хороо, ........... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

И овогт Гы Б /РД:................../,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, ............ тоотод эхнэрээ өмөөрөн Э.Отэй маргалдан улмаар түүний нүүр рүү хэсэгт гараараа цохиж зодон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 138 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Г.Б.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.

 

            2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, ................ тоотод эхнэрээ өмөөрөн хохирогч Э.Отэй маргалдаж улмаар нүүр хэсэг рүү нь гараараа цохиж зодон түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.  

 

Энэ нь хохирогч Э.Орхон-Эрдэнийн “...2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр би гэртээ байсан чинь над руу Адъяасүрэн дуудаад ... Адъяасүрэн, Балжидмаа нартай Хайлаастад уулзаад бид нар такси бариад замаараа дэлгүүр орж архи, пиво аваад Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, ............ тоот Балжидмаагийн гэрт ирсэн. Тэгээд бид нар архи пивоо ууж хоол унд идээд нэлээн халцгаасан. Тэгээд бид нар архи пиво ууж, хоол идээд нэлээн халцгаасан ба би сүүд дэлгүүр гараад 0,75 литрийн Соёрхол нэртэй архи аваад гарах гэтэл Балжидмаа, Адъяасүрэн, Б нар ирээд бид дөрөв буцаад Балжидмаагийн гэрт ирээд би Балжидмаагийн нөхөр Бтай гэрийнх нь гадаа авсан архинаасаа 1 татаад орцгоосон. Тэгээд би Балжидмаатай нэг мэдсэн чинь маргалдаж байсан ба Балжидмаа миний урд өвдөг сөгдөөд уучлалт гуйгаад байсан. Тэгтэл хажуу талаас нь Б эхнэрээ өмөөрөөд миний нүүр рүү цохиод байсан. Тэгтэл Балжидмаа, Адъяасүрэн нар салгах гээд оролдсон ба тэр үед Балжидмаа цагдаад дуудлага өгчихсөн...” гэсэн мэдүүлэг /хх7/,

Хэрэг учрал болсон тухайн газарт хамт байсан, болсон үйл явдлын талаар мэдүүлсэн гэрч М.Балжидмаагийн “...Б, О нар гадаа архи ууцгаагаад байсан. Тэр үед Адъяасүрэн бид хоёр ууж байсан архийг нь аваад гэр рүү орсон чинь ардаас О, Б нар орж ирээд О надаас ууж байсан архиа нэхээд дайраад байхаар нь би 102 руу хүн агсам тавиад байна гээд дуудлага өгчхөөд байж байсан чинь О гэнэт ээж рүүгээ утсаар яриад намайг хүн аллаа гээд орилоод байсан ба тухайн үед манай хамтран амьдрагч Орхон-Эрдэнийн нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон ба тухайн үед би санаа зовоод Орхон-Эрдэнийн урд өвдөг сөгдөөд тайвшруулах гээд уучлаарай гэтэл манай хамтран амьдрагч Б “чи миний өмнө өвдөг сөгдөөгүй байж хүний өмнө өвдөг сөгдлөө” гээд уурлаад Орхон-Эрдэнийн нүүр хэсэг рүү нь гараараа 2-3 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх9-10/, мөн адил агуулга бүхий гэрч Д.Адъяасүрэнгийн мэдүүлэг /хх14/,       

шүүгдэгч Г.Бы яллагдагчаар өгсөн “...Тэгээд хоол унд хийж идээд юм ярьж суугаад би тасарчихсан байсан. Тэгээд би нэг ухаан ортол манай эхнэр тэр өмнө нь харж байгаагүй залуу болох Орхон-Эрдэнийн урд өвдөг сөгдөөд байхаар нь миний уур хүрээд би Орхон-Эрдэнийн нүүр рүү гараараа цохиод байснаа санаж байна...” гэсэн мэдүүлэг /хх41-42/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

 

            3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1642 дугаар дүгнэлтээр Э.Орхон-Эрдэнийн биед “зүүн дээд 1, 2-р шүдний сулрал, дээд уруулд шарх, зүүн нүдний алимын салстад цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, шанаа, чамархай, дээд, доод уруул, доод эрүүнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ. /хх16-17/

           

4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийг нүүр хэсэг рүү олон удаа цохисон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

           

5. Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

6. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

 

7. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан торгох ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн болно.

 

9. Шүүгдэгч Г.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

 

11. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Гы Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг  3 /гурав/ сарын  хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР