Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/231

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч С.Энхням,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00319 0234 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Булган төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, “.............” ХХК-д баруун бүсийн үйлдвэрийн Бутлуурын машинчийн ажил эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ............. дүүрэг, ....... дүгээр хороо, .............. тоотод оршин суух хаягтай, урьд

- Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 39 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 5 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар ял хойшлуулсан,

Г овогт Бийн М /РД:............./,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, .............. тоотод С.Оийг толгойн үснээс нь үсдэх, газар унаган нуруун дээр нь гишгэх, нүүрэн хэсэг рүү нь цохиж зодон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Б.М.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.

 

            2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч Б.М нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, .............. тоотод хохирогч С.Отэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар толгойн үснээс үсдэж, газарт унаган нуруун дээрээс нь өвдөглөж өчин нүүр хэсэг рүү нь гараараа цохиж зодон түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.  

 

Энэ нь хохирогч С.Оийн “...бид хоёр гар барилдахаар болж гар барилдсан ба М гар барилдаанаар намайг дийлэхгүй байхаар нь би наргиан болгож “чи хөгшин настай хүн дийлэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд М манай гэрийн хананд байгаа гитарыг харчхаад ямар гоё гитар вэ гэхээр нь би гитараа авч Мт нэлээн хэдэн дуу дуулж, гитар тоглож өгсөн. Тэгсэн Мын утас нь дугараад хүнтэй маргалдаад байгаа бололтой ярьж байгаад утсаар ярьж дуусчхаад буйдангийн хажууд байсан гитарыг буйдан дээр суухдаа хугалчихсан. Яг юунаас болсныг мэдэхгүй байна. Гэнэт М уурлаад намайг “чи барилддаг гэл үү” гэж хэлээд босож ирээд миний толгойноос үсдэж аваад намайг газар унагааж өвдгөөрөө миний нуруун дээр гишгэж байгаад миний хоёр гарын хуруу, бугуй, тохой, далаар ээлжлэн өчиж тарчлаасан ба өчиж байхдаа миний зүүн нүд, зүүн чих, хамар хэсэг рүү гараараа цохисон. Энэ намайг зодож, цохин, өчиж, тарчлаасан үйл явдал 21 цагаас 22 цаг болтол нэг цаг орчим болсон. Мөн намайг өчөөд тамлаад байхаар нь би сүүлдээ өвдөлтөө дийлэхгүй тамлагдсандаа болоод ойрхон хутга байхаар нь аваад “чи намайг ингэж тамлаж байхаар алчих” гэсэн М хутгыг авахгүй байсан. Тэгээд М намайг баахан тарчлааж зодож байгаад босоод миний нуруун дээр нэг дэвсчхээд гэрээс гараад явахаар нь би мөлхөж очиж гар утсаа аваад цагдаад дуудлага өгсөн. ....Миний биед учирсан баруун тохойн зөөлөн эдийн няцрал гэмтлийг М тухайн хэрэг болох үед миний гарыг өчихдөө учруулсан. Мөн зүүн нүдний зовхи, зүүн чихэнд цус хуралт гэмтлийг М гараараа цохиж учруулсан. Харин зүүн өвдөгний цус хуралт гэмтлийг М намайг шалан дээр өвдөглүүлж хөлийг өчиж байхдаа учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх29-31/,

шүүгдэгч Б.Мын яллагдагчаар өгсөн “...Би О ахтай гэрт нь орж оргилуун дарсыг ууж дуусгаад дэлгүүрээс авсан архиа ууж байсныг санаж байгаа бөгөөд түүнээс хойш юу болсныг би их согтсон болохоор огт санахгүй байгаа. Нэг мэдсэн шөнийн 04 цагийн орчимд Саппорогийн арын жалганд хэвтэж байсан. Тэгээд тэндээс босоод гэр рүүгээ явсан. Би тухайн үед хүн зодсоноо огт мэдэхгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх71-72/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

 

            3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1371 дугаар дүгнэлтээр С.Оийн биед “баруун тохойн үений зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, зүүн чихний омог, зүүн өвдөгт цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэжээ. /хх51-52/

           

4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийн гарыг өчих, нүүр хэсэг рүү нь цохих, газарт унаган дарсан зэрэг үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

           

5. Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч  нь 688.000 төгрөг бэлнээр хүлээн авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

6. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

 

7. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан торгох ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн болно.

 

9. Шүүгдэгч Б.М нь хохирогчийн эрүүл мэнд болон эд хөрөнгөд учруулсан хохирлоо төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

 

11. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч Б.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бум-Эрдэнийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг  3 /гурав/ сарын  хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР