Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/232

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч С.Энхням,

шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00185 0179 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, хүүхдийн хамт ........ дүүрэг, ........ дугаар хороо, ............... тоотод оршин суух хаягтай, урьд

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 03-н өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

Анжиг овогт Эгийн Б /РД:............/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны 290 тоотод үйл ажиллагаа явуулдаг “..............” ХХК-ийн шүдний эмнэлгийн үүдний шилэн цонхны хаалтыг “шүд үзсэнгүй” гэх шалтгаанаар чулуу шидэн хагалж бага хэмжээнээс дээш буюу 1.364.000 төгрөгийн хохирол учруулан эд хөрөнгө устгах хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 152 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Э.Б.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.

 

            2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны 290 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Брайт Смайл” ХХК-ийн шүдний эмнэлгийн үүдний шилэн цонхны хаалтыг “шүд үзсэнгүй” гэх шалтгаанаар чулуу шидэн хагалсан үйл баримт тогтоогдлоо.  

 

Энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Энхцэцэгийн “...2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 14 цагийн орчимд архи согтууруулах төрлийн ундааны зүйл хэрэглэсэн 40 орчим насны эрэгтэй хүн гаднаас орж ирээд “шүдээ үзүүлье, миний шүдийг үзэх ёстой” гэхээр нь би “архи согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд шүдний эмчилгээ хийж болохгүй журамтай юм. Та маргааш эрүүл болоод цаг аваад ирээрэй” гэж зөвлөхөд “пизда та нар тэгвэл шүдний эмнэлэг ажиллуулж яадаг юм” гээд манай өрөө рүү орох гээд дайраад манай эмч сувилагч нарыг доромжилж байгаад гараад явсан юм. Тэгээд тэр эрэгтэйг гарч явсны дараа манай үүдний хаалганы шилэн хаалт хагарах чимээ гарахаар нь гараад хартал үүдний хаалганы маань давхар шилэн хаалтыг тухайн эрэгтэй чулуу шидэж хагалаад 8 дугаар байрны арк чигтээ зугтааж байсан. Тухайн эрэгтэй газраас чулуу аваад манай цонх руу шидэж байгаа камерын бичлэг нь манай хяналтын камерт үлдсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх22-23/,

шүүгдэгч Э.Бы яллагдагчаар өгсөн “...шүд өвдөөд байхаар нь гэртээ орж архи ууж унтаад маргааш өглөө нь 08 цагт ажил руу яваад ажил дээр оччихоод шүдний эмнэлэгт цаг авсан тул 14 цагт “Брайт Смайл” гэх цаг авсан шүдний эмнэлэг дээрээ очоод нэг эрэгтэй шүдний эмч байхаар нь цаг авсан гээд уулзсан чинь тэр эмч “манайх архи согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд эмчилгээ үзүүлэх боломжгүй байдаг журамтай. Та 16 цагт хүрээд ир” гэхээр нь би тэр эмчтэй маргалдаж байгаад гарч явсан. Гарч явахдаа шүд өвдөж байсан тул уур хүрээд газраас чулуу аваад шидсэн чинь шүдний эмнэлгийн гадна шилэн хаалтыг хагалчихсан. Тэгэхээр нь би тэр чигтээ цааш яваад гэртээ орж амарсан. Тэгээд сүүлд би тэр эмнэлэг рүү хүн явуулаад шилийг нь шиллүүлж хохиролгүй болсон байгаа...” гэсэн мэдүүлэг /хх52-53/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх9/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

 

            3. Тэнцвэр эстимейт ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1152 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд “...шилэн цонхны хаалтын үнэлгээний дүнг 1.364.000” гэж тодорхойлсон /хх38-39/ ба шүүгдэгч нь гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын эд хөрөнгөд хуульд заасан бага хэмжээнээс дээш хохирлыг учруулжээ.

           

4. Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирол бүрэн төлөгдсөн талаар бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

5. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

 

6. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө устгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

7. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан торгох ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн болно.

 

8. Шүүгдэгч Э.Б нь бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлоо төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

 

10. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

11. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Эгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө устгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг  3 /гурав/ сарын  хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР