Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/260

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч Т.Мижиддорж,

шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Мижиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Сд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 0232 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эхийн хамт ............ дүүрэг, ......... дугаар хороо, ........ хотхоны ..... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

А овогт Бын С /РД:................../,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “GS” нэртэй зочид буудалд бусадтай хардсаны улмаас Б.Бийг нүүр хэсэг рүү нь шилээр цохиж, зодон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 188 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Б.С.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.

 

            2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч Б.С нь согтууруулах ундааны зүйл уусан үедээ 2021 оны 12 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “GS” зочид буудалд байх үедээ хохирогч Б.Бийг бусадтай хардан нүүр хэсэг рүү нь архины шилээр цохиж, зодон түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.  

 

Энэ нь хохирогч Б.Бийн “...2021 оны 12 дугаар сарын 29-ний орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах GS нэртэй зочид буудлын 205 тоот өрөөнд найз охин С болон түүний хамаатны эгч Баясгалан нарын хамт орсон юм. Тэгээд бид гурав 0,75 граммын нэг шил архи, том савтай пиво хувааж уугаад үүрээр унтахаар болсон ба Баясгалан эгч зүүн талын өргөн орон дээр унтсан. Би найз охины хамт баруун талын орон дээр унтахаар хэвтэхэд С чамтай унтмааргүй байна гээд түлхээд унахаар нь юу яриад байгаа юм бэ хайраа гэхэд чи нөгөө талын орон дээр унтахгүй юу гэхээр нь би Баясгалан эгчийн хажуугаар ороод хэвтэж байхад С гарч яваад удалгүй 2, 3 минутын дараа орж ирээд чи манай эгчтэй унтчихсан байна гэж худлаа гүжирдэж хардаад архины шилээр хамар руу цохиход хамраас цус гарч хамар хугарсан. Тэгээд би доошоо тонгойтол толгойн дээр архины шил хагалсан. Мөн нүүр рүү өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх15/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх4-8/, гэрч Д.Хувьзаяагийн “...манай буудалд өмнө үйлчлүүлж байсан Б, С хоёр архи уучихсан нэг эмэгтэй хүнтэй хамт орж ирээд манай буудлын 205 тоот өрөөг хоногоор авсан. ...хүмүүс маргалдах чимээ гарахаар нь гараад хартал С Б рүү дайрсан байдалтай чи миний эгчтэй унтсан гээд Бийн толгой нүүр лүү нь өшиглөөд байсан. Бийн хамраас нь цус гарсан байдалтай сууж байсан. Харин хамт орсон эмэгтэй нь зүүн талын том орон дээр хувцастайгаа унтаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх22/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Мөн шүүгдэгч Б.Солонгын яллагдагчаар мэдүүлэхдээ “...2021 оны 12 дугаар сарын 29-ний орой 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэл гэдэг нэртэй паб-д хамаатны эгч Баясгалантай ороод пиво уугаад сууж байхад над руу манай найз Б байн байн залгаад байхаар нь утсаа авсан чинь хаана байгаа юм бэ уулзах гэсэн юм гэхээр нь зөвшөөрөөд паб-аас орой 00 цагийн үед гараад Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “SG” нэртэй зочид буудалд найз Бтэй уулзсан юм. Тэгээд Баясгалан эгч бид гурав тус буудлын 205 тоот өрөөнд ороод 0,75 граммын нэг шил архи 2,5 литрийн нэг том пиво уусан юм. Архи уугаад бүгдээрээ нэлээн согтсон ба 06 цаг өнгөрч байхад Баясгалан эгч согтоод том орон дээр унтахаар нь би нөгөө талын жижиг орон дээр нь унтах гээд хэвтэхэд миний хажуугаар Б орж ирээд хэвтээд намайг тэврээд оролдоод байхаар нь орон дээрээсээ чамтай унтахгүй гээд унасан. Тэгтэл Б нөгөө талын орон дээр унтаж байсан Баясгалан эгчийн хажуугаар ороод хэвтэхээр нь би хэсэг хэвтэж байгаад өрөөнөөс гараад буцаад ороход Б, Баясгалан эгчийн хөнжлийг нөмөрсөн хэвтэж байхаар нь хөнжлийг нь татсан чинь Б шорттой унтаж байхаар нь уурлаад Бийг сэрээгээд чи манай эгчийг оролдсон гээд Б  рүү дайрч байгаад ширээн дээр байсан архины шилээр нүүр буюу хамар хэсэг рүү нь цохисон. Тэгтэл хамраас нь цус гараад доошоо тонгойход нь уг шилээр толгой руу нь цохиод хагалсан...” гэснээс /хх39/ үзэхэд хохирогч, гэрчийн мэдүүлэгтэй харилцан зөрүүгүй өөрийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн гэж үзэхээр байна.

 

            3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1171 дугаар дүгнэлтээр Б.Бийн биед “хоёр нүдний дээд зовхи, хамарт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь бүгд тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой ба гэмтэл үүссэн дарааллыг тогтоох боломжгүй.” гэжээ. /хх28-29/

           

4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийн нүүр хэсэг рүү нь архины шилээр цохиж, доошоо тонгойх үед толгой руу нь цохих зэрэг үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

           

5. Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч  нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

6. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

 

7. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Солонгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 5 сарын хугацаанд биелүүлүүлэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан торгох ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн болно.

 

9. Шүүгдэгч Б.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

 

11. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бын Солонгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР