Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2018/ДШМ/87

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 07 өдөр                        

 2018/ДШМ/87                                                                  Зуунмод

Б.А, Г.М, Д.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Эрхэмбаяр,

Шүүгдэгч Г.М-н өмгөөлөгч Б.Ариунбаяр,

Шүүгдэгч Д.Б-н өмгөөлөгч Б.Цэцэнбилэг,

Хохирогч Ли Линий хууль ёсны төлөөлөгч С.Баатарцогт,

нарийн бичгийн дарга Э.Уртнасан нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 07 сарын 05 өдрийн 194 дугаар шийтгэх тогтоолтой Б.А, Г.М, Д.Б нарт холбогдох 201719000317 дугаартай 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.М-н өмгөөлөгч Б.Ариунбаярын гаргасан гомдлыг  үндэслэн давж заалдах шатны шүүхэд 2018 оны 09 сарын 10 өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б.А , Улаанбаатар хотод 1992 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар:У...58,

 

2. Г.М , Сэлэнгэ аймгийн Зэтэр суманд 1985 оны 6 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймаг, ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар:М...75,

 

3. Д.Б , Улаанбаатар хотод 1971 оны 8 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, "Жиншинь"ХХК-д хүнд машин, механизмийн засварчин ажилтай байсан, одоогоор өвчтэй байгаа, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүрэг, ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар:Ч...16,

 

 Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутагт 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр яллагдагч Б.А нь 51-12 УНЛ улсын дугаартай Тоёота креста маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 11.1, 6.3 дахь заалтыг зөрчиж зогссон, шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь 71-80 УНИ улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дах заалтыг зөрчсөн, шүүгдэгч Г.Манлай нь 05-28 УНЧ улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг тус тус зөрчсөний улмаас зам дээр зогсож байсан 51-12 УНЛ улсын дугаартай Тоёота креста маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тэврийн осол гаргаж Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Ли Лин, иргэн А.Пагма-Оролмаа нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 05 өдрийн 194 дугаар шийтгэх тогтоолоор:

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Б д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201719000317 дугаартай хэргийг гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон тул хэрэгсэхгүй болгож,

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.А , Г.М  нарт тус бүр Төв аймгийн прокурорын газраас Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201719000317 дугаартай хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэг болгон өөрчилж, зүйлчилж,

Шүүгдэгч Б.А , Г.М  нарыг тус бүр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хоёр хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл, хоёр хүний бие махбодид хөнгөн гэмтэл тус тус учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.А , Г.М  нарт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан эрүүгийн 201719000317 дугаартай хэргийг хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан cap өнгөрсөн тул тэднийг эрүүгийн хариуцлагаас тус тус чөлөөлж,

Шүүгдэгч Б.А , Г.М , цагаатгагдсан этгээд Д.Б  нар цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.А ээс 2.327.135 /хоёр сая гурван зуун хорин долоон мянга нэг зуун гучин тав/ төгрөг, шүүгдэгч

Г.М гаас 2.327.135 /хоёр сая гурван зуун хорин долоон мянга нэг зуун гучин тав/ төгрөг, нийт 4.654.271 /дөрвөн сая зургаан зуун тавин дөрвөн мянга хоёр зуун далан нэг/ төгрөгийг гаргуулж, хохирогч БНХАУ-ын иргэн, Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг "Жиншинь" ХХК-ийн захирал ажилтай,

Ли Линд 2.667.898./хоёр сая зургаан зуун жаран долоон мянга найман зуун ерэн найм/ төгрөгийг, хохирогч ВГ68042600 дугаарын регистртэй, Боржигон овгийн Алагаагийн Пагма-Оролмаад 43.549 /дөчин гурван мянга таван зуун дөчин ес/ төгрөгийг, хохирогч УХ89111362 дугаарын регистртэй, Боржигон овгийн Туяагийн Алимаад 186.800 /нэг зуун наян зургаан мянга найман зуу/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч ЧИ71082911 дугаарын регистртэй, Д.Б д 1.756.024 /нэг сая долоон зуун тавин зургаан мянга хорин дөрөв/ төгрөгийг тус тус олгож, хохирогч Ли Лин нь эмчилгээний зардал нийт 11.600.000 /арван нэгэн сая зургаан зуун мянга/ төгрөг нэхэмжилсэнээс 932.102 /есөн зуун гучин хоёр мянга нэг зуун хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Ли Линий нэхэмжилсэн 8.000.000 төгрөгийн кассын орлогын ордерийн баримтыг, цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ гэснийг, хохирогч А.Пагма-Оролмаагийн ажилгүй байсан хугацааны цалин, цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ гэснийг тус тус энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, харин хохирогч Ли Лин нь эмчилгээ болон мэс заслын зардалтай холбоотой 8.000.000 /найман сая/ төгрөгийн баримтаа, цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа, хохирогч А.Пагма-Оролмаа ажилгүй байсан хугацааны цалин, цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа тус тус бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.М-н өмгөөлөгч Б.Ариунбаяр гаргасан давж заалдах гомдолдоо: 1. 2002 оны Эрүүгийн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-дэх хэсэгт "Эрүүгийн хуульд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэнэ" хэмээн заасан. Гэтэл анхан шатны шүүх нь шүүгдэгч Г.Манлай, Б.А нарыг Эрүүгийн хуульд заагаагүй...хоёр хүний бие махбодид хөнгөн гэмтэл учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасан хууль ёсны зарчмыг зөрчсөн байна.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т "Хэд хэдэн шүүгдэгчээс заримыг цагаатгасан, эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хзрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга"-ыг тусгана хэмээн хуульчилсан байхад шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ "түүний замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь заалтыг зөрчсөн нөхцөл байдал нь уг зам тээврийн осол гарсантай шалтгаант холбоогүй, шүүгдэгч Д.Бат-эрдэний хувьд иргэний үүргээ биелүүлж, бусдад тусламж үзүүлсэн, тусламж үзүүлэхдээ хийсэн үйлдэл нь хэдийгээр замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гэж үзэхээр хэдий ч тухайн зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болоогүй зөвхөн зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй байна" гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтын агуулгад үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй байхаас гадна яллах талын нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, түүнийг нотлох баримтын агуулгыг заагаагүй гэж үзэх үндэслэл болно.

Харин шүүгдэгч Д.Бат-эрдэний Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь заалтыг зөрчиж зогссон үйлдэл нь тухайн зам тээврийн осол, хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, замын хөдөлгөөнд аюултай үйлдэл, эс үйлдэхүй байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хэрэг учралын газарт үзлэг хийсэн бүдүүвч, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, техникийн шинжээчийн дүгнэлтүүд болон гэрч Х.Эрдэнэхандын мэдүүлэг, Г.М-н хохирогчоор өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогддог.

3. Мөн Эрүүгийн хуулийн дөрөвдүгээр бүлэгт заасан нөхцөл байдлуудын аль нэг нь тогтоогдоогүй байтал шүүгдэгч Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон байна хэмээн үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, үндэслэлгүй хэмээн үзэж байна.

4. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Г.М-г тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүй гэж үзэх үндэслэл болсон гэрч Т.Алимаагийн мэдүүлэг нь ...замын турш унтаж явсан, ослын талаар мэдээгүй, осол болсны дараагаар шил мөргөж сэрсэн тухай хавтаст хэргийн 32-34 дүгээр талд мэдүүлсэн байхад "зөвхөн түүний бодол "...миний сууж явсан машины жолооч хурд хэтрүүлснээс болоод,... жолооч замд утсаар яриад эхнэр зулбаж байна гээд хурдтай явсан... гэх таамаглалд тулгуурлан нотлох баримтанд зөв үнэлэлт дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна.

 

Иймд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 05-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйл, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 заасан шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор гаргасан тайлбар, дүгнэлтэдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй гарсан тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч /Г.Манлай/-ийн өмгөөлөгч Б.Ариунбаяр гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн Д.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Өмнө нь гарсан магадлалын заалтыг биелүүлээгүй. Хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч /Д.Бат-Эрдэнэ/-ийн өмгөөлгч Б.Цэцэнбилэг гаргасан тайлбартаа: 2 шинжээчийн дүгнэлтээр Г.М, Б.А нарын буруутайг тогтоосон. Хурц гэрэл тусаад осол болсон гэж Манлайгийн хэлж байгааг нотолсон зүйл байхгүй. Д.Б-н  үйлдлээс болж хэрэг гарсан гэдэг нь нотлогддоггүй. Иймд шийтгэх тогтоолын Бат-Эрдэнэд холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Б.А, Г.М, Д.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Г.М-н өмгөөлөгч Б.Ариунбаярын гаргасан давж заалдах гомдлоор хязгарлахгүй бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарч чадаагүй байна.

Анхан шатны шүүх Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201719000317 дугаартай хэргийг гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  дөрөвдүгээр бүлэгт “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал”-ыг хуульчилсан байна. Харин шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт “шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “тухайн эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байх тул түүнд холбогдох хэргийг ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцлийн талаар дүгнэлт хийжээ. Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь шүүгдэгч Д.Б-н гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлсөн ноцтой зөрүүтэй буюу шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунбаярын гаргасан “Анхан шатны шүүх нь шүүгдэгч Г.Манлай, Б.А нарыг Эрүүгийн хуульд заагаагүй...хоёр хүний бие махбодид хөнгөн гэмтэл учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасан хууль ёсны зарчмыг зөрчсөн” гэсэн гомдол үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулиар тодорхойлоогүй буюу хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас ... хоёр хүний бие махбодид хөнгөн гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хууль ёсны зарчимд тохирохгүй байна. 

 

Давж заалдах шатны шүүхийн 03 дугаар сарын 30-ны өдрийн 36 дугаар магадлалаар Д.Б-н үйлдэл нь замын хөдөлгөөнд аюултай үйлдэл, эс үйлдэхүй байсан, гэмт хэргийн хор уршигтай шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байна гэж дүгнэн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан боловч анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 05-ны өдрийн 194 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэг өмнө нь гаргаж байсан шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтэй адил байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэснийг зөрчсөн гэж үзнэ.   

 

Мөн “Шүүх шүүгдэгч  Б.А, Г.М нарын үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байх ба прокуророос шүүгдэгч Б.А, Г.М нарт холбогдох хэргийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасныг тус тус үндэслэн тэдний үйлдсэн дээрх гэмт хэргийг эрх зүйн байдлыг дээрдүүлэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн тохирох зүйл, хэсгээр зүйлчилж, шүүгдэгч Б.А, Г.М нарыг тус бүр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хоёр хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл, хоёр хүний бие махбодид хөнгөн гэмтэл тус тус учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.” гэж дүгнэн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын төрөл нь 450 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл 240 цагаас 720 хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэнэ. /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын төрөл нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр хуульчилсан. Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хууль хэрэгжиж эхлэхээс өмнө үйлдэгдсэн боловч тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь 2015 оны Эрүүгийн хуульд хөнгөрөхөөр байх тул прокуророос шүүгдэгч нарт холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын эрх зүйн байдал дээрдэж байх тул прокуророос хуулийг буцаан хэрэглэсэн нь хууль ёсны байна.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч болон прокурорын гаргасан эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүхээр анхан шатны шүүхэд буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1.4, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунбаярын давж заалдах гомдлыг хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн болохыг дурдсугай.

 

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.А , Г.М , Д.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нэнөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогчид хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болно.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Г.БОЛОРМАА

 

   ШҮҮГЧИД                                                                      Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

                                                                                          Р.МӨНХ-ЭРДЭНЭ