Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2019/0645/з |
Дугаар | 128/шш2020/0204 |
Огноо | 2020-03-27 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 128/шш2020/0204
2020 оны 03 сарын 27 өдөр Дугаар 128/ШШ2020/0204 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “М” ХХК,
Хариуцагч: Цд,
Нэхэмжлэлийн шаардлага: Эрчим хүчний яамны техникийн нөхцөл олгох комиссын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 104с/2019/87 тоот техникийн нөхцлийн сунгалтыг хууль бус болохыг тогтоож, “М” ХХК-ийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 104/2016 тоот 50 МВт нарны цахилгаан станцыг эрчим хүчинд холбох техникийн нөхцөлийг 50 МВт-аар сунгахыг хариуцагчид даалгах,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б, түүний өмгөөлөгч М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”...Эрчим хүчний яамны техникийн нөхцөл олгох комиссын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 104/С/2019/87 тоот техникийн нөхцөлийн сунгалтыг хууль бус болохыг тогтоож, "М" ХХК-ний 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 104/2006 тоот 50 мегабайт нарны цахилгаан станцыг эрчим хүчинд холбох, техникийн нөхцөлийг олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр "М" ХХК нь Эрчим хүчний яаманд хандаж Төв аймгийн Сэргэлэн суманд баригдах 50 мегабайт нарны цахилгааны эх үүсвэрийг эрчим хүчинд холбох, 50 мегабайтаар техникийн нөхцөл сунгаж өгөөч гэх хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Техникийн нөхцөл олгох комисс”-ын хуралдаанаар 15 мегабайтаар техникийн нөхцөл олгож шийдвэрлэсэн нь 15 мегабайтын техникийн нөхцөл сунгалтыг "М" ХХК-ийн 50 мегабайтын техникийн нөхцөлөөр сунгахаас татгалзсан шийдвэр юм. Өөрөөр хэлбэл "М" ХХК хүсэлтийг шийдвэрлэж байгаа ч нөгөө талаас 50 мегабайт олгохыг татгалзсан. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох” буюу 50 мегабайт хүсэж байхад 15 мегабайт олгож байгаа шийдвэртэй холбогдуулан үүнийг хууль бус гэж үзэн, дараах үндэслэлийг гаргаж байна.
"М" ХХК нь анх 2016 онд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд заасан журмын дагуу тодорхой нөхцөл шаардлагыг хангаж, Төв аймгийн Сэргэлэн суманд 50 мегабайтын нарны цахилгаан станц барих тусгай зөвшөөрлийг авсан. Эрчим хүчний тухай хуулиас харахад 50 мегабайт нарны эх үүсвэр барих тусгай зөвшөөрөл нь нэгдсэн сүлжээнд холбож, ажиллагаанд оруулж, үйлдвэрлэсэн эрчим хүчээ нийлүүлэх эрхийг олж авах эрх зүйн ач холбогдолтой баримт бичиг юм. Үүний хүрээнд эрх бүхий байгууллагаас техникийн нөхцөл олгосон. Техникийн нөхцөл 2 жилийн хугацаатай олгогдож, дуусахаас 3 сарын өмнө хуулийн дагуу сунгуулах хүсэлтээ өгсөн. Гэтэл Эрчим хүчний техникийн нөхцөл олгох комиссоос тодорхойгүй үндэслэлээр 15 мегабайт болгож, олгосон. Бид үүнтэй маргаж байна. Анх 50 мегабайт техникийн нөхцөл олгооч гэсэн хүсэлт тавиагүй өмнөх техникийн нөхцөл сунгуулах хүсэлт тавьсан. Монгол Улсын хууль тогтоомжийг судлахад техникийн нөхцөл олгохтой холбоотой харилцааг Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, Монгол Улсын Засгийн газар баталсан 2001 оны Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм зэргээр зохицуулж өгсөн. Тухайн дүрмийн 2 дугаар зүйлд “Дамжуулах, түгээх шугам сүлжээнд шинээр холболт хийх, хэрэглэгчийн холбогдсон чадлыг нэмэгдүүлэх шаардлага гарсан тухай бүрд хэрэглэгч техникийн нөхцөл авна” гэж заасан. Үүнээс үзвэл бид нэгэнт авсан техникийн нөхцөл байгаа тул шинээр авах бус сунгуулах хүсэлт тавьсан. Гэтэл Эрчим хүчний техникийн нөхцөл олгох комисст сонгох эрх хууль тогтоомжоор олгогдоогүй. Энэ шаардлагыг хангаагүй бол өмнө оруулсан техникийн нөхцөлд өөрчлөлт оруулж багасгаж, уг зөвшөөрлийг сунгахаас татгалзах талаар хууль тогтоомжоор олгосон боломж захиргааны байгууллагад байхгүй байхад шалтгаангүйгээр 15 мегабайт болгох замаар 50 мегабайт олгохоос татгалзсан шийдвэр гаргаж байгаа нь хууль бус хууль бус юм.
Эрчим хүчний техникийн нөхцөл олгох комисс тухай асуудлыг шийдвэрлэх эрхгүй атал 15 мегабайт олгосон нь Эрчим хүчний яаманд 50 мегабайт техникийн нөхцөл олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргахад хүргэсэн. Эрчим хүчний техникийн нөхцөл олгох комисс татан буугдаагүй, хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Нөгөө талаас Эрчим хүчний яамнаас олгох техникийн нөхцөлийн тусгай зөвшөөрөл олгох эрхтэй эсэхтэй маргахгүй. Тийм шаардлага гаргаагүй тул Захиргааны хэргийн шүүх хариуцагч техникийн нөхцөл олгох эсэх талаар дүгнэлт өгөх боломжгүй. Хэргийн оролцогчдын тайлбарт Эрчим хүчний сайдын 03 тушаалаар баталсан “Цахилгаан эрчим хүчээр хангах, цахилгаан техникийн нөхцөл олгох” хэм хэмжээний акт хүчингүй болсон талаар байдаг. Зөвхөн комисст зориулагдаж хуулийг батлаагүй. Энэ агуулгаараа техникийн нөхцөл олгох харилцааг зохицуулсан, Засгийн газрын дүрэм, Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн дагуу "М" ХХК нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, хариуцагч нарны цахилгаан станц байгуулах эрхээ сэргээлгэх боломжтой тул даалгах шаардлага хангагдах боломжтой. Эдгээр үндэслэлээр хууль зүйн үндэслэлээ гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан нэмэлт нотлох баримттай танилцлаа. 50 мегабайтын нарны цахилгаан станцын хэмжээ тоо хаанаас гаралтай талаар эхнээс ул суурьтай авч үзэх ёстой. Техник эдийн засгийн тооцоог хийхдээ Эрчим хүчний яамны шинжлэн ухаан техникийн зөвлөлөөр хэлэлцүүлдэг. Үүний дагуу Эрчим хүчний сайд хянаж, хурлаар оруулж хэлэлцүүлсэн. Үүний дагуу мэргэжлийн хүмүүс нь хэлэлцэж, тухайн төслийн техник, эдийн засгийн үндэслэл бодитой хэрэгжих үндэстэй талаар шийдвэр гаргадаг.Энэ шийдвэрээ Эрчим хүчний сайдад танилцуулсны дараа Эрчим хүчний сайд Эрчим хүчний зохицуулах хороо луу шилжүүлдэг. Эрчим хүчний зохицуулах хороо техник, эдийн засгийн үзүүлэлтийг мэргэжлийн хүрээнд авч үздэг. Ингэхдээ "Диспетчерийн үндэсний төв" ХХК горимын тооцоог нарийвчлан хийлгэдэг. Тухайн үед Эрчим хүчний зохицуулах хорооноос манай горимын тооцоог н.Өнөрмаагаар ахлуулсан баг хийсэн. Эднийх нягталж үзэн танай горимын тооцоо болж байна гэх зөвшөөрөл өгсний үндсэн дээр Эрчим хүчний зохицуулах хорооны судалгааны баг мөн баталгаажуулна. Ийнхүү 50 мегабайт нарны цахилгааны станцыг хэрэгжүүлэх тусгай зөвшөөрөл олгосон. Тухайн тусгай зөвшөөрөл 5 жилийн хугацаатай олгогдсон. Бид анх Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбар нарны талаасаа 3 дахь компани болж ирсэн. Өмнө нь Говьсүрбэр, Дархан гэх газарт хийгдсэн. Өмнөх 2 компаниас илүү шинэлэг зүйл хийж өгсөн нь бид суурьлагдах хүчин чадлын 10 хувьд нь батерей нөөцлүүр хийх шийдлийг гаргаж ирсэн нь тухайн үед Шинжлэн ухаан техникийн зөвлөл, "Диспетчерийн үндэсний төв" ХХК-ийн горимын тооцоо хийдэг хэлтэс, Эрчим хүчний зохицуулах хорооны горимын тооцоо хийдэг хэлтэс их талархалтай хүлээн авч бүгд боломжтой гэж үзсэн.
Үүний дагуу бид техникийн нөхцөл авсан. Засгийн газраас баталсан “Цахилгаан эрчим хүч хэрэглэх” дүрмийн дагуу авсан техникийн нөхцөл дагаж мөрдөж ажиллана гэсэн байдаг болохоос хүчингүй болгоно гэсэн зүйл байдаггүй. Техникийн нөхцөлийг Эрчим хүчний яамнаас 2 жилийн хугацаатай өгсөн. Төсөл хэрэгжих шатанд хөрөнгө оруулагчидаас хөрөнгө оруулалт орж ирсэн энэ үед техникийн нөхцөл урьдчилж сунгуулах нь зүйтэй гэж хөрөнгө оруулагчдын тавьсан шаардлагын дагуу техникийн нөхцөлөө сунгуулах хүсэлтийг гаргасан. Эрчим хүчний яам манай хүсэлтэд хариу өгөлгүй 1 жил гаран болсон. Энэ хугацаанд хөрөнгө оруулагч болон бидний зүгээс холбогдох албан тоот болон шаардлагыг тавьсны хүчинд "Диспетчерийн үндэсний төв" ХХК-ийн горимын тооцоо өмнө нь хийсэн хүмүүс дахиж хийсэн. Горимын тооцоо хийхдээ тогтворжуулагч байх ёстой гэх шаардлагыг тавихад бид хүлээн зөвшөөрсөн. Гэвч Эрчим хүчний яамнаас 50 мегабайтыг сунгахдаа 15 мегабайт болгосон.
Эрчим хүчний яам техникийн нөхцөл олгох комисс техникийн нөхцөлийг мегабайт хэмжээг өөрчлөх үндэслэл байхгүй. Эрх бүхий байгууллага нь Эрчим хүчний зохицуулах хороо. Тогтоосон тусгай зөвшөөрлийг эрхэд халсан. 15 мегабайт өгсөн явдал нь олон төрлийн тайлбар мэт дүр эсгэсэн ч энэ үйлдлээрээ манай техникийн нөхцөлд татгалзсан хариу өгсөн. Өөрөөр хэлбэл зураг төслөө хийхээс эхлэн асуудалтай учирсан. Мөн хөрөнгө оруулагчидаас 50 мегабайтаар хөрөнгө оруулалт авсан тул хөрөнгө оруулагчид 50 мегабайт авах ёстой гэсэн шаардлагыг тавж байна. Бид хөрөнгө оруулагчидтайгаа санал нэг байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Эрчим хүчний яамны холбогдох албан тушаалтнуудын хэлж буйгаар нарны эрчим хүчинд өгч байгаа тусгай зөвшөөрөл хэт замбраагүй, хавтгайруулж өгсөн тул багасгасан гэдэг. Монгол Улсын төрөөс баримтлах бодлогын баримт бичигт “...2020 он гэхэд Монгол Улс нийт үйлдвэрлэх эрчим хүчний 20 хувийг сэргээгдэх эрчим хүчийг ашиглана...” гэжээ. 20 хувьд манайх 50 мегабайтаар тооцогдоод орсон. Сүүлд олгосон тусгай зөвшөөрлийг яаж хэрхэн хавтгайруулж өгснийг бид мэдэхгүй. Түүнийг тооцох хүмүүс Эрчим хүчний сайдын дэргэдэх шинжлэх ухаан техникийн зөвлөл юм. Мэргэжлийн хүмүүс тухайн үед нь хавтгайруулсан асуудлаа тасалж байх ёстой. Үүнд бид буруугүй. Эрчим хүчний яам өөрийн эрхлэх асуудлаас хальсан асуудлаар бидэнд хууль бус шаардлага тавьдаг. Худлаа тоо баримттай зүйл гаргаж, Зам тээвэр, хөгжлийн яам руу явуулсан бичиг бий гэдэг. Нарны цахилгаан станц барихдаа өргөн талбай дээр нарны панер тавихад нисгэгчийн нүд гялбана гэх мэт асуудлыг анх хөндөж байсан. Бид уг асуудлаар Зам тээвэр, хөгжлийн яам болон Иргэний нисэхийн ерөнхий газарт хандан асуудлаа тавихад Иргэний нисэхийн ерөнхий газрын дэргэдэх Нислэгийн аюулгүй байдлын албаар дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлтийг гаргуулахын тулд нарны хавтан үйлдвэрлэгчийн бичгийг өгсөн. Тухайн нарны хавтангийн гэрэл ойлгох чадвар 4 хувь, шингээх чадвар хар бараан тул 96 хувь байна. Иймд нисгэгчийн нүдэнд гялбаа байхгүй гэсэн лабораторын дүгнэлт гарсан.
Иргэний нисэхийн ерөнхий газрын аюулгүй байдлын алба “...үүнийг байрлуулахад манай нислэгийн аюулгүй байдалд нөлөө алга...” гэх дүгнэлт гаргасан. Энэ мэт дэлхийн 110 нисэх буудал газар дээрх барилга байгууламжаа эрчим хүчээр хангахын тулд сэргээгдэх эрчим хүчийг ашигладаг, панел байгуулдаг олон улсын жишиг бий. Тухайн асуудлыг тавих ёстой субъект нь Зам тээврийн, хөгжлийн яам юм. Гэтэл Эрчим хүчний яам үүнийг байнга ярьдаг. Энэ мэтчилэн манай техникийн нөхцөл сунгах асуудалд шийдвэр гаргахгүй байна. Иймд хариуцагчаас “М” ХХК-д 50 мегабайт нарны цахилгаан станцыг техникийн нөхцөл олгохыг даалгахаар нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөх шүүх хуралдаанаар горим тооцоолол, төвийн эрчим хүчний системд сэргээгдэх эрчим хүчний систем хэр зэрэг хортой нөлөө үзүүлж байгаа талаар дэлгэрэнгүй тайлбарласан. Онгоцны нисгэгчийн харагдах өнцөг талаас Иргэний нисэхийн ерөнхий газартай холбож байна гэж нэхэмжлэгч хэллээ. Эрчим хүчний яам, Зам тээвэр, хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газраас ирүүлсэн албан бичгүүд байдаг. Үүнд 50 мегабайт байгуулах нарны цахилгаан станц хаана байрлах, хэрэглэгч нь хэн байх гэх мэт асуудал үүсч байна. Нэгдүгээрт хэрэглэгч нь шинэ нисэх буудал юм. Иймд тодорхой хэмжээний баталгаа авахаас өөр аргагүй. Хэрэглэгчийн байр сууринаас 100кВт шугамын асуудал байна. Шууд 50 мегабайт орж ирвэл 110 квт дээр хэлбэлзэл бий болно. Энэ хэлбэлзэл бий болсонтой холбогдуулан техникийн нөхцөл олгох асуудлаар "Диспетчерийн үндэсний төв" ХХК дүгнэлт гаргасан. Хамгийн гол асуудал энэ юм. Нэгдсэн горим, тооцоонд хэлбэлзэл үүснэ.
Ажлын хэсгийн ахлагч н.Насантогтох “50 мегабайт олговол яах вэ” гэж асуухад мэргэжлийн горим тооцоолол хийдэг н.Өнөрмаа “...энэ бол цэвэр техникийн асуудал...” гэж хэлсэн. Уг ажлын хэсэг хуралдаж "Диспетчерийн үндэсний төв" ХХК горим тооцоогоо гаргаж, энэ шийдлийн дагуу олгох эсэхээ ярилцах нь зүйтэй гэсэн байр суурь дээр нэгдсэнн. Тухайн хурал 05 дугаар сарын 02-ны өдөр болсон бөгөөд 05 дугаар сарын 30-нд "Диспетчерийн үндэсний төв" ХХК-аас горим тооцоолол хийж оруулж ирсэн. Хамгийн гол нь 50 мегабайт байвал Иргэний нисэхийн ерөнхий газар “Чикагогийн конвенц”-ийн дагуу төвийн найдвартай эрчим хүч тасалдалгүй байх горим шууд зөрчигдөх асуудал үүссэн. Олон улсын нисэх онгоцны буудалын асуудал нь олон улсын гэрээ конвенцоор зохицуулагддаг. Эрчим хүчний салбар улсын онцгой объект тул заавал мөрдөх зүйлийг оруулах ёстой. Иргэний нисэхийн ерөнхий газрын санал болон Зам тээвэр, хөгжлийн яамны саналуудад нэг зүйлд тодорхой бий. Энэ нь төвийн Эрчим хүчний салбараас бид хангагдана, сэргээгдэх эрчим хүчээр хангагдвал горим, хэлбэлзэл найдвартай байх маш олон зүйл зөрчигдөх тул үүнийг анхаарна уу гэсэн утгатай байна.
Төвийн эрчим хүчний системээс үйл ажиллагаа явуулахгүй бол "М" ХХК-ийн хэлснээр үйл ажиллагааг явуулах гэхэд хэлбэлзэл үүсэх тул боломжгүй гэх зүйлийг мэргэжлийн байгууллагаас явуулсан. Үүнийг анхаарах шаардлагатай хэмээн "Диспетчерийн үндэсний төв" ХХК горим, тооцоолол хийж, боломжгүй гэсэн хариу өгсөн. 15 мегабайтыг олгосон талаар тухайн горим тооцоололд хэлбэлзэл нөлөө үүсгэхгүй гэсэн "Диспетчерийн үндэсний төв" ХХК 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтийг үндэслэсэн. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ямар үндэслэлээр 15 мегабайт олгосон талаар асуудаг. Хариулт нь ердөө л энэ. Шууд ашиглагч байгууллага болон мэргэжлийн байгууллагын саналын тусахгүй шаардлагатай гэж үзсэн. "Диспетчерийн үндэсний төв" ХХК-аас манай хуулийн хэлтэст явуулсан албан бичигт "М" ХХК нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах 50 мегабайт нарны цахилгаан станцын техникийн боломжийг судалж байгаатай холбогдуулан Хөшигтийн хөндийд шинэ нисэх онгоцны буудалд нөлөөлж болзошгүй нөхцөл байдлыг тодруулахаар Зам тээвэр, хөгжлийн яаманд хандсан ба 2020 оны Эрчим хүчний системд холбогдох томоохон өөрчлөлт орсон нийцүүлэн, өмнө орсон горим тооцоог дахин хийх, нарийвчлан судлахаар ажиллаж байгаа болно” гэх бичиг ирсэн. Мөн "Диспетчерийн үндэсний төв" ХХК-аас Зам тээврийн, хөгжлийн сайдад хандан 50 мегабайт олговол хэлбэлзэлтэй асуудал үүсэх тухай Иргэний нисэхийн ерөнхий газар, Зам тээврийн, хөгжлийн газарт хүргүүлсэн. Үүнийг би дахин судалж үзье гэсэн байдлаар хариу өгсөн.
"М" ХХК-ийн хөрөнгө оруулагч компани 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “Төв аймгийн Сэргэлэн суманд 50 мегабайт олгоход суурьлагдсан хүчин чадалтай холбоотой бидэнд дэмжлэг олгох” хүсэлтийг манайд ирүүлсэн. Нэхэмжлэгчид 15 мегабайт олгосон асуудал 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтээр шийдэгдсэн. Энэ хүсэлттэй холбогдуулан "Диспетчерийн үндэсний төв" ХХК дахин нарийвчилсан судалгаа хийж, нэмж 35 мегабайт олгохгүй байгаа эс үйлдэхүй гэж үзэн шүүхэд хандсан тул мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн ахин нарийвчилсан судалгааны ажлыг "Диспетчерийн үндэсний төв" ХХК-аас явуулж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хэд хэдэн удаа өөрчилж, нэмэгдүүлсэн ба 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Эрчим хүчний яамны техникийн нөхцөл олгох комиссын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 104с/2019/87 тоот техникийн нөхцлийн сунгалтыг хууль бус болохыг тогтоож, “М” ХХК-ийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 104/2016 тоот 50 МВт нарны цахилгаан станцыг эрчим хүчинд холбох техникийн нөхцөлийг 50 МВт-аар сунгахыг хариуцагчид даалгах” гэж тодруулсан ба уг шаардлагын хүрээнд хариуцагчийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 87 дугаар тушаалаар батлагдсан Цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох ажлын хэсэг /комисс/ гэж тодорхойлжээ.
“М” ХХК-нд анх Цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох ажлын хэсгийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 104/2016 дугаар дүгнэлтээр Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 50 МВт нарны цахилгаан станцыг эрчим хүчинд холбох техникийн нөхцөлийг 2 жилийн хугацаатай олгож, улмаар 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 104с/2019/87 дугаар техникийн нөхцлийн сунгалтыг хийхдээ хүчин чадлыг 15 МВт болгожээ.
Нэхэмжлэгчээс “техникийн нөхцлийн сунгалтыг хийхдээ хүчин чадлыг багасгасан нь үндэслэлгүй, комисс хүчин чадалд өөрчлөлт оруулах эрхгүй” гэж, хариуцагчаас “эрх бүхий байгууллагын саналд үндэслэсэн, 50 МВт-аар сунгалт хийх боломжгүй” тус тус маргажээ.
Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 6.1.5-д “нэгдсэн сүлжээ, хийн хангамж, төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм, эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, засвар, ашиглалт, аюулгүй ажиллагааны болон магадлал хийх дүрэм, журам батлах, хэрэглэгчийн зэрэглэлийг тогтоох” гэжээ.
Эрчим хүчний сайдын 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар “Цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох” журмыг баталсан ба уг журмын 2 дугаар зүйлийн 2.3-д “......Эрчим хүчний яамны техникийн нөхцөл олгох комиссын бүрэлдэхүүнийг Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар томилно” гэж заасны дагуу Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 87 дугаар тушаалаар “Цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох ажлын хэсгийн” бүрэлдэнхүүнийг шинэчлэн баталжээ.
Нэхэмжлэгч “М” ХХК-иас Эрчим хүчний сайдын 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох” журмыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 221/ШШ2020/0004 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т “шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болно” гэж заасан бөгөөд хэргийн оролцогч нараас уг шүүхийн шийдвэртэй холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргаагүй, түдгэлзүүлэх шаардлагагүй гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн тул шүүхээс уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлээгүй болно.
Эрчим хүчний сайдын 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар “Цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох” журмыг баталж, уг журмаар техникийн нөхцөл олгох үндэслэл, ажлын хэсгийн бүрэлдэхүүн зэргийг зохицуулсан бөгөөд уг журмыг дээрх шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бусад тооцож шийдвэрлэсэн байх тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх учиртай бөгөөд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр маргаан бүхий захиргааны актыг /хэм хэмжээний/ хүчин төгөлдөр бусад тооцож, үйлчлэл нь дуусгавар болсон байх тул уг журмыг хэрэгжүүлж, үйл ажиллагаа явуулахыг хариуцагчид даалгах боломжгүй бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 104с/2019/87 тоот техникийн нөхцлийн сунгалтыг хууль бус болохыг тогтоох нь нэхэмжлэгчид сөрөг үр дагавар бий болгохоор байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага өөрөө хуульд нийцсэн байх шаардлагатай бөгөөд уг шаардлага нь хүчин төгөлдөр хууль, түүнд нийцсэн захиргааны актын /хэм хэмжээний/ хүрээнд хамгаалагдах учиртай.
Харин Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Зохицуулах хороо нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 9.1.13-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч цахилгаан, дулаан нийлүүлэх, авах зорилгоор цахилгаан, дулаан дамжуулах, түгээх сүлжээнд холбогдоход шаардагдах санхүү, техник, цаашид бусад хэрэглэгчийн холболтын журам батлах” гэж заасан байх тул нэхэмжлэгч нь хуульд заасан үндэслэл журмын дагуу дээрх байгууллагад хандаж асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ