Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2015/0544/З |
Дугаар | 221/МА2016/0117 |
Огноо | 2016-02-17 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2016/0117
Н.Д-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга ..... нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 851 дүгээр шийдвэртэй, Н.Д-н нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “Н.Д би 2004 онд Чингэлтэй дүүгийн татварын хэлтэст татварын улсын байцаагчаар ажилд орж 2013 онд сэлгээгээр Хан-Уул дүүргийн татварын хэлтэст, 2014 оны 04 дүгээр сараас оршин суух харьяалал ойрхон шалтгаанаар Баянзүрх дүүргийн татварын хэлтэст тус тус ажилласан болно. Ажиллах хугацаандаа төсвийн орлогын төлөвлөгөөг байнга давуулан биелүүлж үр бүтээлтэй ажиллаж ирсэн бөгөөд Чингэлтэй дүүргийн хүндэт өргөмжлөл, Татварын ерөнхий газрын жуухаар шагнагдаж байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нь Татварын ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/260 дугаар Ажлаас халах тухай тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. ...Иймд нэхэмжлэлийг хүлээн авч Татварын ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/260 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, өмгөөлөгчийн хөлс, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг нөхөн гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Татварын улсын байцаагч Н.Д нь Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 229 дүгээр тушаалаар Баянзүрх дүүргийн татварын хэлтэст томилогдсон. Томилогдсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд ажлын хоногоос 20 хоног ажил тасалж 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр тус хэлтсийн ёс зүйн салбар хорооны хурлаар оруулсан боловч сахилгын арга хэмжээ аваагүй, сануулаад өнгөрсөн.
Татварын улсын байцаагч Н.Д нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажил тасалсан ёс зүйн зөрчил гаргасан учраас төрийн албанаас халж, татварын улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгосон. Нэхэмжлэгч Н.Д үе үе ажлын чөлөө хүсэх, эмнэлгийн хуудас ирүүлэх, ажиллаж байх хугацаандаа ажлын цаг ашиглалт хангалтгүй зэргээс төрийн албаны хэвийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байсан.
Н.Д 2014 оны 5 дугаар сарын 05-аас 9-ийг хүртэл, 5 өдөр , 05 дугаар сарын 15-аас 19-ний өдөр хүртэл 3 өдөр, 05 дугаар сарын 23-нд 1 өдөр, 06 дугаар сарын 03-аас 20-ны өдөр хүртэл 14 өдөр, 06 дугаар сарын 30-нд 1 өдөр, 07 дугаар сарын 08-аас 16-ыг хүртэл 4 өдөр, 07 дугаар сарын 21-ээс 25-ыг хүртэл 5 өдөр, 09 дүгээр сарын 08-аас 12-ыг хүртэл 5 өдөр, 09 дүгээр сарын 30-аас 10 дугаар сарын 21-нийг хүртэл 17 өдөр ажил тасалсан.
2015 оны 01 дүгээр сард 02 өдөр тасалж, 42 минут хоцорсон, 02 дугаар сард 35 минут хоцорсон, 5 өдөр өвчтэй, 3 дугаар сард 3 өдөр ажил тасалж, 46 минут хоцорсон, 4 дүгээр сард 3 өдөр тасалж 1 өдөр чөлөөтэй, 58 минут хоцорсон, 5 дугаар сард 3 өдөр тасалсан. Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн ёс зүйн салбар хорооны 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэлд "ажил тасалдаг нь миний буруу" гэж Н.Д өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрсөн.
Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т "Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, Татварын ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмын 9.4.14-т "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, урьдчилан мэдэгдэлгүй ажлын 2-оос дээш өдөр ажил тасалсан" бол ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар тус тус заасан.
Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.1.2-т зааснаар албан хаагч нь "Хөдөлмөрийн хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг бүрэн, үр бүтээлтэй ашиглах" ёс зүйн хэм хэмжээг сахих үүргийг хүлээдэг
Иймд татварын албаны хэвийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж удаа дараа ажил тасалж, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн Н.Д-д хариуцлага тооцсон Татварын ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/260 дугаар тушаалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 581 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 25 дугаар зүйлийн 25.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Татварын ерөнхий газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/260 дугаар Ажлаас халах тухай тушаал хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон, Н.Д-г урьд эрхэлж байсан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, 4.338.195 төгрөгийн цалин гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 851 дүгээр шийдвэрийг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн байна.
Уг хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол “төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас хална” гэж заасан. Дээрх хуулийн заалтыг Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолын 7-д “... албан үүргээ биелүүлээгүй” гэж хууль тогтоомжид болон ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийг гүйцэтгээгүй, хэрэгжүүлээгүй байхыг хэлнэ” гэж тайлбарласан. Үүнээс үзвэл “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэдгийг зөвхөн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг гүйцэтгээгүй, хэрэгжүүлээгүй байхыг ойлгохоос гадна хууль тогтоомжид заасан төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргээ биелүүээгүй байхыг бас ойлгохоор байна.
Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх шийдвэр гаргахдаа ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэхдээ хэрхэн доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэрэг хангалтгүй биелүүлсэн байж болох үйл баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэж байна.
Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн ёс зүйн хорооны 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хурлын 03 дугаар тэмдэглэлд Н.Д “... ажил тасалдаг миний буруу” гэж өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч, түүнийг удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан ёс зүйн зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан.
Н.Д-н эрүүл мэндээ хамгаалуулах, асарч сувилуулах эрхийг Татварын албаны зүгээс хязгаарласан зүйл байхгүй бөгөөд гагцхүү эрүүл мэнддээ анхаарахдаа төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд хүлээсэн үүрэг хариуцлагаа орхигдуулахгүй байх, энэ тухай холбогдох албан тушаалтанд заавал мэдэгдэж, баримтыг цаг тухайд нь ирүүлж байх үүргээ хэрэгжүүлэх нь чухал байсан юм.
Түүний хувьд ажлын цаг ашиглалт муу байгаа нь төрийн албаны хэвийн үйл ажиллагаа, бусад албан хаагч нарт муу үлгэр дууриалал болох тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 851 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Татварын ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/260 дугаар тушаалыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч Н.Д-н ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
Татварын ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны Б/260 дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3.5, Төрийн албаны тухай хуулийн 13.1.5, 25.1.1, Татварын ерөнхий хуулийн 27.6.3, 30.1.7, 40.1.1, 40.1.2, 73.2.5, Үндэсний татварын албаны хөдөлмөрийн дотоод журмын 9.4, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.1.2, Үндэсний татварын албаны ажилтны ёс зүйн дүрмийн 2.2.1, 4.2 дахь заалтыг тус тус үндэслэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Д-г төрийн албанаас халж, түүний татварын улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгосон байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч Н.Д-г “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажил тасалсан ёс зүйн зөрчил гаргасан...” гэж Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт зааснаар төрийн албанаас халах шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх бөгөөд хариуцагчаас түүнийг буруутгаж сахилгын шийтгэл ногдуулахдаа хуулийг буруу хэрэглэн холбогдох журмыг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” бол төрийн албанаас халахаар заасан бөгөөд ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр төрийн албан хаагч албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно.
Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл болох төрийн албан хаагчийн албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэх нөхцөл байдал нь хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд энэ нь тогтоогдсон тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийн төрийн албанаас халах хүртэл арга хэмжээ авах ёстой байтал хариуцагчийн тайлбарлаж байгаа үндэслэл актад дурдсанаас өөр, зөрүүтэй, баримталсан хуулийн заалттай нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч нэхэмжлэгчийн ажлаас хоцорсон, ажил тасалсан гэж үзсэн зөрчилд холбогдуулан хуулийн дээрх заалтыг өөрөөр тайлбарлан хэрэглэсэн нь үндэслэлгүй байна.
Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбарт нэхэмжлэгч Н.Д-г 2015 оны 01 дүгээр сард 02 өдөр тасалж, 42 минут хоцорсон, 02 дугаар сард 35 минут хоцорсон, 5 өдөр өвчтэй, 3 дугаар сард 3 өдөр ажил тасалж, 46 минут хоцорсон, 4 дүгээр сард 3 өдөр тасалж 1 өдөр чөлөөтэй, 58 минут хоцорсон, 5 дугаар сард 3 өдөр тасалсан гэж үзэж, ажлын цаг ашиглалтыг гаргаж ирүүлсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс шаардсан цагийн бүртгэлтэй холбоотой хариуцагчаас ирүүлсэн нотлох баримтуудад хариуцагчийн анхны тайлбарт дурдагдсан ажил тасалсан гэх өдрүүд зөрүүтэй байх ба хэрэгт авагдсан ажлын цаг ашиглалтын байдал, 2014, 2015 оны ажлын цаг ашиглалтын бүртгэлийн программаас хуулбарласан баримтаар нэхэмжлэгч Н.Д-н ажил тасалсан гэх 2015 оны 01 дүгээр сарын 12-14, 2015 оны 03 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд өвчний улмаас эмнэлгийн магадалгаагаар ажлаас чөлөөлөгдсөн байх ба хариуцагч энэ талаар маргаагүй, харин 2015 оны 02 дугаар сар, 04 дүгээр сард ажил тасалсан өдрүүд цагийн бүртгэлд бүртгэгдээгүй, ажил тасалсан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй байна.
Нэхэмжлэгчийг албан үүргээ биелүүлээгүй эсхүл ажил тасалсан гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулахдаа Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын хоёрын 4-д “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна ...” гэсэн заалтыг зөрчиж, журамд заасны дагуу зөрчлийг шалган тогтоож, мэдэгдэх ажиллагаа явуулаагүй болох нь оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.
Түүнчлэн Ёс зүйн салбар хорооны 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн дүгнэлтийг Татварын ерөнхий газрын Ёс зүйн хороонд 13 хоногийн хугацаа хэтрүүлэн хүргүүлж, улмаар дүгнэлтийг Татварын ерөнхий газрын Ёс зүйн хороогоор хэлэлцүүлээгүй, мөн нэхэмжлэгчид гаргасан гэх зөрчилтэй холбогдуулан баримт тайлбар гарган эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах бололцоо олгоогүй нь Үндэсний татварын албаны ёс зүйн хорооны ажиллах журмыг зөрчжээ.
Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 851 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ