Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 0037

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэ,

Улсын яллагч Т.Дэлгэрсайхан,

Шүүгдэгч  Б.Насанбуян

Шүүгдэгч Т.Анхбаяр, Т.Идэрцогт нарын өмгөөлөгч П.Буманзаяа, шүүгдэгч Т.Идэрцогтын хууль ёсны төлөөлөгч Д.Түвдэнсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон Түмэнбаярын Анхбаяр, Хиргис Түвдэнсүрэнгийн Идэрцогт, Хард Батбаярын Насанбуян нарт холбогдох 201618010074 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 0000 оны 01-р сарын 18-нд Сэлэнгэ аймгийн Сайхан сумд төрсөн, 00 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 6, аав ээж, дүү нарын хамтаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг, Сэртэнгийн 05 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Боржигон Түмэнбаярын Анхбаяр /РД: -/,

Монгол улсын иргэн, 0000 оны 04-р сарын 01-нд Хөвсгөл аймгийн Их-Уул сумд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл -4, аав, ээж, дүүгийн хамтаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг, 13-52 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Хард Батбаярын Насанбуян /РД: -/,

Монгол улсын иргэн, 0000 оны 09-р сарын 17-нд Сэлэнгэ аймгийн Сайхан сумд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, аав, ээж эмээгийн хамтаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг, ус сувгийн дэнжид оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Хиргис Түвдэнсүрэнгийн Идэрцогт /МФ-/.

Холбогдсон гэмт хэрэг /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Шүүгдэгч Т.Анхбаяр, Б.Насанбуян, Т.Идэрцогт нар нь бүлэглэн, урьдчилан үгсэн тохирч, машин механизм ашиглан 2016 оны 04-р сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2-р багийн нутаг “Цант” гэх газраас иргэн Ө.Дэлгэрмаагийн хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч хүнс, өргөн хэрэглээний бараа хулгайлан 331 650 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.2016 оны 05-р сарын 05-ны өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 7-9/,

            2.Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-н 10/  

3.Хохирогч Ө.Дэлгэрмаагийн мэдүүлэг /хх-н 29-30/

4.Гэрч Л.Батбаярын мэдүүлэг /хх-н 31/

5.Гэрч Д.Түвдэнсүрэнгийн мэдүүлэг /хх-н 32/

6.Гэрч Б.Түмэнбаярын мэдүүлэг /хх-н 33/

7.Гэрч Б.Шинэтөрийн мэдүүлэг /хх-н 34/

8.Гэрч И.Түмэндэмбэрэлийн мэдүүлэг /хх-н 35/

9.Гэрч Э.Нямбаярын мэдүүлэг /хх-н 36/

10.Гэрч П.Дашнямын мэдүүлэг /хх-н 37/

11.Гэрч Ц.Идэрзаяагийн мэдүүлэг /хх-н 38/

12.Гэрч З.Хишигжаргалын мэдүүлэг /хх-н 39/

13.2016 оны 05-р сарын 20-ны өдрийн, 10 дугаартай, Сэлэнгэ аймгийн Орхон сумын үнэлгээний багийн үнэлгээ /хх-н 41-42/, 

14.2016 оны 07-р сарын 05-ны өдрийн 14 дугаартай, Сэлэнгэ аймгийн Орхон сумын үнэлгээний багийн үнэлгээ /хх-н 47/,

 15.Шүүгдэгч Б.Насанбуянгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 73/

16.Шүүгдэгч Т.Анхбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 82/

17.Шүүгдэгч Т.Анхбаярын А-60 дугаартай сурагчийн хувийн хэрэг /хх-н 82-98/

18. Шүүгдэгч Т.Идэрцогтын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 99/ зэрэг нотлох баримтыг тус тус шинжлэн судалсан болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:   

Шүүгдэгч Т.Анхбаяр, Б.Насанбуян, Т.Идэрцогт нар нь бүлэглэн, урьдчилан үгсэн тохирч, машин механизм ашиглан 2016 оны 04-р сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2-р багийн нутаг “Цант” гэх газраас иргэн Ө.Дэлгэрмаагийн хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч хүнс, өргөн хэрэглээний бараа хулгайлан 331 650 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ө.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Дархан-Эрдэнэтийн чиглэлээр авто замын урд талд, замын хажууд утсан загас, хүнсний худалдааны “Оргил” гэдэг дэлгүүр ажиллуулдаг юм. 2016 оны 04 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө манай хүнсний дэлгүүрт хулгай орсон байсан. 04 дүгээр сарын 24-ний өглөө 09 цаг өнгөрч байхад дэлгүүр дээрээ иртэл дэлгүүрийн 2 давхар цоожийг эвдсэн байсан. Тэр үед хулгай орсон байна гэж мэдээд, сумын хэсгийн төлөөлөгчид дуудлага өгсөн. Ингээд цагдаа Анар ирсний дараа дэлгүүрт байсан эд зүйлээ бүртгэж үзсэн. Тэгэхэд 300 000 төгрөгийн хүнсний эд зүйл хулгайлагдсан байсан. Үүнд: Цагаан будаа 1кг, Улаан шонхор тамхи 8 ширхэг, Газан асаагуур 15 ширхэг, Хөзөр 9 ширхэг, Кробка печень 4 ширхэг, “Гоё” жүүс 6 ширхэг, “LD” тамхи 5 ширхэг, “Кент” тамхи 3 ширхэг, Ченж эссэ тамхи 5 ширхэг, Рулет 6 ширхэг, ууттай чихэр 7 ширхэг, Вафли печень 5 кг, “Каларина” ургамлын 1 литрийн тос 2 ширхэг, утсан загас 12 ширхэг, бест тамхи 3 ширхэг, эссэ тамхи 3 ширхэг, “ Алтан навч” тамхи 18 ширхэг, Спермент бохь 1 хайрцаг, чүдэнз 4 боодол /1 боодолдоо 10 ширхэг/, чихрийн набор 1 ширхэг, бэлэн мөнгө 1950 төгрөг, хаалганы эвдсэн цоож 2 ширхэг, нийт 331 650 төгрөгийн хохирол хүлээсэн юм. Дээрх хохирлоос 320 000 төгрөгийг хэсгийн төлөөлөгч а/х Мөнхбатаас бэлнээр хүлээж авсан. Мөнхбат хулгай хийсэн хүмүүсийг олж, хулгай хийсэн зүйлүүдийг хурааж авсан байсан. Тэгтэл манай дэлгүүрээс хулгай хийсэн зүйлүүдийг хүн худалдаж авах аргагүй, эвдэрч хэмхэрсэн, муудсан байсан учир би буцааж аваагүй, хулгай хийсэн 3 хүнийг мөнгөн дүнгээр хохирлоо барагдуул гэсэн шаардлага тавьсан юм. Манай дэлгүүрийн цоож нь зүүдэг орос цоож, нөгөө нь хажуу талаасаа хэл нь ордог цоож байсан юм... Миний 500 000 төгрөгний хохирлыг 2016 оны 06-р сарын 30-нд барагдуулж өгсөн. Би одоо ямар нэгэн хохиролгүй болсон. Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 29-30-р хуудас/,

Гэрч Л.Батбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр загасанд явлаа гэж хэлэхэд нь би “загасны хууль байдаг шүү, загасанд явж байгаад баригдаад торгуулав” гэж хэлж байсан. Би 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гэртээ амарч байхад манай хүүгийн найз Т.Идэрцогт орж ирээд юм ярьж цуг хэвтэж байгаад хамт унтсан байсан. Тэгээд хэсэг байж байгаад манай хүү Б.Насанбуян, Т.Идэрцогт нар нь гарах гэхэд нь би хаачих гэж байгаа талаар асуухад “удахгүй ороод ирнэ” гэж хэлээд гараад явсан. Тэр өдөртөө манай хүү ирж хоноогүй. Дараа өдөр нь ирэхээр нь би хаачсан талаар нь асуухад надад “цагдаад баригдаад мотоциклоо хураалгасан, загас барьж байгаад л хураалгачихлаа гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. Тэгсэн цагдаа дээр хүүхэд чинь хэрэгт холбогдсон та батлан даалтад ав гэж хэлэхэд нь мэдсэн... Манай хүү Б.Насанбуян нь дуу муутай, үг дуу цөөтэй хүүхэд байдаг. Байрныхаа найзуудтай гадаа тоглож байдаг. Би болох болохгүй хүүхдүүдтэй битгий нийлж бай гэж хэд хэдэн удаа хэлж байсан. Манай хүүхэд МСҮТ-ийн цахилгааны ангийг төгсөөд 3 жил болж байна. Мэргэжлээрээ одоогоор ажиллаагүй. 2015 онд Улаанбаатар хотод ахдаа туслаад ойр зуурын ажил хийгээд байж байгаад энэ өвөл хүрч ирсэн. Т.Идэрцогт гэх хүүхдийн эцэг эхийг нь мэдэхгүй. Аав нь Улаанбаатар орон нутаг хоёрын хооронд тээвэрт явдаг юм шиг байна лээ. Ээж нь гадаадад байдаг гэж Т.Идэрцогтоос сонссон үнэн худлыг нь мэдэхгүй. Энэ Хөтөл сумд амьдарч байгаад Улаанбаатар хот руу аав, эмээ нь шилжээд нүүж байгаа гэсэн. Эмээ нь 80 гарсан хөгшин байдаг байсан. Одоо Хөтөлд хаана амьдарч байгааг мэдэхгүй. Идэрцогт элсэлтийн шалгалт өгөх гээд Сэлэнгэ аймаг руу явсан байгаа. Т.Идэрцогтын зан аашыг нь мэдэхгүй, манайд орж ирээд манай хүүхэдтэй юм ярьж байгаад гараад явдаг байсан. Т.Анхбаяр гэх хүүхэд нь манайхаар орж гараад явдаг хүүхэд байдаг. Сүүлийн үед орж гарах нь харагдахаа больсон. Зан аашийг нь мэдэхгүй. Манайд орж ирээд манай хүүхэдтэй юм ярьж байгаад гараад явдаг байсан. Гэр бүлийн байдлыг нь мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-н 31-р хуудас/,

Гэрч Д.Түвдэнсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 04 дүгээр сарын 09-өөс 10-ны өдөр өөрийн хүү Т.Идэрцогт хаана байсан талаар үнэхээр санахгүй байна. Хэрэг хийгээд гадуур хоносон юм бол гадуур л хоносон байх. Би тухайн үед нь Улаанбаатар хотод ажилтай явсан. 2016 оны 04 дүгээр сарын 23-аас 24-ний өдөр Улаанбаатар хотод байхад манай ээж над руу залгаад Т.Идэрцогт 3 хоног гэртээ ирж хоносонгүй гэхээр нь найз нөхөд рүү нь залгаж асууж байгаад Анхбаярын гэрт байгааг нь мэдээд “манай хүүг гэртээ харь гэж хэл битгий хүүхэд уруу татаад бай” гэж хэлсэн. Манай хүү Т.Идэрцогт “Мотоциклоо хориотой үед загас барьсан гэж цагдаа хураасан” гэж надад хэлсэн. Б.Насанбуян гэх хүүхдийг сүүлд нь харсан. Сүүлд энэ хүүхэдтэй нийлээд яваад байдаг сурагтай байсан. Ямар зан ааштай ямар хүүхэд гэдгийг мэдэхгүй. Т.Анхбаярын ээжийг нь мэднэ. Анхбаяртай уулзаж ямар журмаар нөхөрлөөд байгаа талаар асууж байсан. Тэгэхэд Т.Анхбаяр “бид нар зүгээр тоглодог, сагс тоглодог” гэж хэлж байсан. Б.Насанбуян, Т.Анхбаяр нарыг хулгай хийж байсан талаар сонсож байгаагүй. Манай хүүхэд хүний хэлснээр үгэнд сайн ордог. Тайван хүлээцтэй, нийтэч, элдэв ааш зан гаргаад байдаггүй, ажилсаг хичээлдээ сайн хүүхэд байсан. Би энэ жил Улаанбаатар хотод ажлаар нилээдгүй хугацаагаар байх хугацаанд манай гэрээр орж гараад байдаг найз нөхөд нь ирэхээ байж, ангийн хүүхдүүдтэйгээ ч найзлахаа больж хөндийрсөн байна лээ. Яагаад гэхээр манайхаар орж гараад л явдаг байсан. Сүүлд орж гарахаа больсон байна лээ. Гэрээсээ жижиг сажиг зүйл хулгайлж байгаагүй. Би хоёр хүүтэй, хүүхдүүдээ 17 жил өөрийн аав, ээжийн хамтаар өсгөж байгаа. Манай том хүү 20 настай одоо Улаанбаатар хотын ХААИС-ийн гаалийн ангийн 2 дугаар курст орно. Харин бага хүү Т.Идэрцогт маань энэ жил Сайхан сумын ЕБС-ийг төгсөж байгаа. Сая шалгалтуудаа өгөөд Улаанбаатар хот руу явсан. Би хэрэгт холбогдсон талаар сая л мэдлээ. Манай ээж Сайхан сумын “Эрдмийн ундраа” сургуулийн захирлаар ажиллаж байгаа... Б.Насанбуян, Т.Анхбаяр нар нь уруу татсан гэж би бодож байна. Урьд нь үеийн найз нөхөдтэйгөө нийлдэг зүгээр л байгаад байдаг байсан. Б.Насанбуян Т.Анхбаяр нартай нийлснээс хойш гэртээ оройтож ирэх, гэртээ хонохгүй байх үеүд гарах болсон. Өглөө гэрээсээ гараад өдөржингөө гадуур явдаг, гэрийнхээ даалгаврыг хийж харагдахаа больсон...” гэх мэдүүлэг /хх-н 32-р хуудас/,

Гэрч Б.Түмэнбаярын мөрдөн байцаалтад өгсөн. “...Манай хүү 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр загасанд явлаа гээд явсан. Тэгээд 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ирэхдээ надад загасанд явж байгаад цагдаад баригдсан гэж хэлсэн. Дараа нь хэзээ гэдгийг нь мэдэхгүй загасанд явж байгаад цагдаад баригдаагүй загасанд явж байгаад орой нь хулгай хийсэн гэж хэлсэн. 2016 оны 04 дүгээр сарын 09-өөс 10-нд хаана байсныг сайн санахгүй байна. Би хэрэг явдлын талаар сайн мэдэхгүй. Хүүхэддээ анхаарал муу тавьснаас боллоо... Б.Насанбуян, Т.Идэрцогт нар нь манай хүүхэдтэй бага байхын л найзалж нөхөрлөдөг байсан. Манайхаар орж гараад хамт явж л байдаг 2 найз нь, Т.Идэрцогтын аав, ээж нь хотод ажиллаж байгаа. Эмээ нь Сайхан сумд амьдарч байгаад Улаанбаатар хот руу шилжсэн сурагтай байсан. Т.Идэрцогт үг дуу сайтай, ахмад хүнтэйгээ мэндэлсэн, хүнд тусалдаг, илүү дутуу зангүй. Б.Насанбуянгийн аав, ээжийг нь сайн мэднэ. Б.Насанбуян ажил төрөлд сайн. Улаанбаатар хотод ажиллаж байгаад цэрэгт явахаар ирсэн. Б.Насанбуян, Т.Идэрцогт нар нь илүү дутуу ааш зангүй, их л мөрөөрөө хүүхэд дээ...” гэх мэдүүлэг /хх-н 33-р хуудас/,

Гэрч Б.Шинэтөрийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Насанбуянгаас дэлгүүр ухсан хэрэгт орсон гэж сонссон өөр мэдэх зүйлгүй... Насанбуянг бол сайн танина. Яагаад гэвэл би Насанбуянтай 1 дүгээр ангид хамт сурдаг байсан. Түүнээс хойш одоог хүртэл найз нөхдийн холбоотой явж байна. Идэрцогт, Анхбаяр хоёрыг сайн танихгүй зүс танина... Насанбуян их даруухан, хулгай хийхээр хүүхэд биш, намайг цэргийн албанд явахаас өмнө бид 2 нийлдэг байсан. Жил яваад ирэх хооронд энэ хоёртой нийлээд ийм болсон байх, тэрнээс бол ингэх хүүхэд биш. Бид хоёр нийлдэг байх хугацаанд Насанбуян нь гэрээс гараад байдаггүй ээж, аавдаа тусалдаг, их нөхөрсөг хүүхэд байсан... Сурдаг байх хугацаанд сайн сурдаг байсан. Ээж, аав, дүүтэйгээ хамт амьдардаг байсан... Намайг цэргийн албанд явахаас өмнө бид хоёр нийлдэг байх хугацаанд тийм юм огт байгаагүй. Намайг цэргийн алба хаагаад ирсэн хойгуур ийм юм болсон байна. Миний бодлоор энэ гэмт хэрэгт орсон шалтгаан нь энэ хоёр хүүхэдтэй нийлээд ийм юм хийсэн байх. Тэрнээс биш ийм зүйл хийх хүүхэд биш...” гэх мэдүүлэг /хх-н 34-р хуудас/,

Гэрч И.Түмэндэмбэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн. “...Миний хүүхэд Насанбуян нь багадаа өвөө, эмээ дээрээ зуны амралтаараа байдаг өвөө, эмээ дээрээ өссөн хүүхэд байгаа юм. Өвөө, эмээ нь багаас нь хүний үгэнд орохыг зааж өгсөн. Тийм болохоор миний хүүхэд хүний үгэнд сайн ордог. Мөн миний хүү Насанбуян нь их тусархуу найзууд болон өөр хүмүүс юм гуйвал аль болох туслахыг боддог. Арван жилдээ гэрээс гарахгүй, гадуур тэнэхгүй, дуулгавартай сайн хүү байсан... Миний хүү Насанбуян уг нь бол гэмт хэрэг хийх хүүхэд биш нийлж байгаа найзууд нь уруу татсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-н 35-р хуудас/,

Гэрч Э.Нямбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “... Анхбаяр бид хоёр Сэлэнгэ аймгийн Сайхан сумд 10 жилд буюу 6 дугаар ангиасаа найз нөхдийн холбоотой болсон. Тэрнээс хойш байнга хамт явна нийлж нөхөрлөдөг болсон... Даруу төлөв зантай, хүмүүстэй нийтэч, илүү дутуу зан байхгүй. Спортод сайн хүүхэд байсан. Анхбаяр нь аав, ээжийн хамт амьдардаг байсан... Би цэргийн алба хаагаад ирэх хооронд ийм зүйл болсон байсан... Өөр хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 36-р хуудас/,

Гэрч П.Дашнямын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Анхбаярын багын найз байгаа юм. Манай найз Анхбаяр нийтэч, даруухан, найзууд дундаа хөгжилтэй, манлайлдаг, хичээлдээ сайн сурдаг...” гэх мэдүүлэг /хх-н 37-р хуудас/,

Гэрч Ц.Идэрзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Надад Идэрцогт хэлэхдээ би нэг газраас хулгай хийсэн гэж л хэлсэн би өөр зүйл сайн мэдэхгүй байна... Би Идэрцогттой хамаатан буюу садан төрлийнх нь ах байгаа юм... Хүмүүстэй нийтэч, тусархаг, илүү дутуу зан байхгүй, спортод сайн, спортоор хичээллэдэг. Сайн хүүхэд байсан эмээ, аавтайгаа хамт амьдардаг. Аав нь ажилтай гээд гэртээ байдаггүй. Эмээтэйгээ хамт өссөн.... Би Идэрцогтыг уруу татагдсан гэж бодож байна. Өөр сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 38-р хуудас/,

Гэрч З.Хишигжаргалын мөрдөн байцаалтад өгсөн. “...Би Идэрцогтын аавын ээж нь байгаа юм... Миний ач Идэрцогт нь үг авдаг, намуун зөөлөн хүүхэд байгаа юм. Миний үгнээс ер нь гардаггүй. Юм хэлвэл хэлсэн зүйлийг ухамсарлаж ойлгохдоо сайн, хүнд их тусархуу, тайван, амгалан удаан, нийтэч найзууд дундаа нэр хүндтэй хичээлдээ сайн сурдаг хүүхэд байсан...” гэх мэдүүлэг /хх-н 39-р хуудас/,

Шүүгдэгч Т.Анхбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 04-р сарын 23-нд би гэртээ байсан. Идэрцогт, Насанбуян хоёр ирээд загасныхаа хэрэгслийг өгөөч бид хоёр загасанд явчихаад ирье гээд ирсэн. Тэгээд би цуг явахаар болоод нэг мөсөн хоночихоод ирье гээд явсан. Гол дээр очоод хоол ундаа хийж идчихээд сууж байсан. Тамхигүй болчихсон байсан. Идэрцогт нөгөөх рүүгээ нэг явчихаад ирэх үү гэхээр нь би үлдэнэ гээд Насанбуян Идэрцогт хоёр миний мотоциклтой явсан. Тэгээд галаа түлээд сууж байсан чинь манай хоёр удалгүй хүрээд ирсэн. Пичень, асаагуур, тамхи, зэрэг тиймэрхүү юмнууд авч ирсэн... Гүүрний хажууд байдаг утсан загасны дэлгүүрээс авсан... Дэлгүүр рүү 2 удаа нэвтэрсэн... Эхнийх дээр нь би явсан, цоожийг нь эвдээд орсон... Хоёр дахь нь нөгөө дэлгүүрлүүгээ явчихаад ирэх үү? гэж ярилцаж байгаад явсан... Энэ хоёр пичень, асаагуур, хөзөр, бохь, тамхи, компод гэх зэрэг юмнууд авч ирсэн... Хулгай хийх санааг Идэрцогт гаргасан... Мөнгө өгөөд хохиролгүй болгосон... Дэлгүүр орсон зорилго нь тамхи татах зорилготой байсан... Мотоцизлыг аав авч өгсөн. Аавын мотоцикл... Хохирогчид өгсөн 500 000 төгрөгийг бид гурав хувааж төлсөн... Би 150.000 төгрөг төлсөн. Идэрцогт 200 000 төгрөг, Насанбуян бид хоёр 150 000 төгрөг, 150 000 төгрөг өгсөн... Дэлгүүрийг 22-ын түлхүүрээр хөшөж онгойлгосон... Идэрцогт бид хоёр хоёулаа хөшсөн... Дараагийн удаа Идэрцогт Насанбуян хоёр онгойлгосон... Тэнд тийм цоожтой дэлгүүр байдаг гэдгийг багаасаа мэддэг байсан... Мотоцикл авахдаа ааваас зөвшөөрөл авсан... Хаалга хөшсөн түлхүүрээ устгуулах саналтай байна... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,

 Шүүгдэгч Б.Насанбуянгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 04-р сарын 23-нд Идрээ манайд орж ирээд хоёулаа очиж жоохон сэлж байгаад ганц хоёр загас барьж байгаад ирье гэхээр нь за тэгье гээд бид хоёр цуг явсан. Гэрээс гараад Анхбаяр дээр очиж загасныхан хэрэгслийг авъя гээд очсон чинь би цуг явъя гэсэн. Тэгээд бид 3 нийлж аваад очоод хонохоор болоод хоносон. Эхэндээ тийм хулгай хийх санаа байгаагүй. Хоол хийж идээд дэгээгээ усанд шидчихээд байж байсан. Тэгээд Анхбаяр үлдээд Идэрцогт бид хоёр явахаар болоод явсан. Бид хоёр очоод эхний цоожийг хөшөөд онгойлгосон. Дараагийн цоожийг дийлэхгүй болохоор нь бид хоёр нийлж хамжиж байгаад онгойлгосон. Ороод пичень, ундаа, ургамлын тос, будаа, шүдэнз, загас, зэрэг зүйлүүд аваад буцаад ирэхэд Анхбаяр унтаагүй байсан. Тэгээд маргааш өдөр нь 12 цагийн орчимд зам дээр явж байгаад цагдаад баригдсан... Хөтөлийн цагдаа руу шилжихэд Идэрцогт бид хоёр 320.000 төгрөг өгсөн. Идэрцогт 200.000 төгрөгийг нь өгөөд би 120.000 төгрөгийг нь өгсөн. Дараа нь Анхаа цалингаа авлаа гээд ирсэн. Тэгээд би ээжээс 60.000 төгрөг аваад Анхаагийн мөнгөн дээр нэмж өгсөн... Бид 3 нийт 520.000 төгрөг өгсөн... Би харчихаад загас зардаг юм байна гэсэн чинь тийм байна гээд өнгөрсөн... Гол дээр сууж байхад Идэрцогт явах санааг гаргасан... Дараагийнх дээр нь яг хоол идээд сууж байсан чинь явах дээрээ тулсан байсан. Тэгээд бид хоёр явсан... Голд сэлж болохгүй хүйтэн байсан... Эхнийх дээр нь 2 цаг өнгөрөөгөөд орсон. Дараа нь би дэргүүрийн гадаа очоод цагаа харахад 04 цаг 20 минут болж байсан... Дэлгүүр Гүүрний хажууд байдаг... Дэлгүүрийг хамгийн том түлхүүрээр нь онгойлгосон. Мотоциклны дугуй хагарч магадгүй гээд багаж авч явсан... Би өөрийнхөө хийсэн хэрэгт гэмшиж байна. Миний ялыг тэнсэж өгөөч гэж хүсч байна... хүний юмыг зөвшөөрөлгүй авахаар эрүүгийн хариуцлага хүлээдэг юм байна гэдгийг ойлголоо. Дахиж ийм алдаа гаргахгүй гэдэгтээ өөртөө итгэлтэй байна. 5-р сард цэрэгт явах гэж байгаад чадаагүй одоо цэрэгт явмаар байна...” гэх мэдүүлэг

Шүүгдэгч Т.Идэрцогтын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 04-р сарын 23-нд Насаа бид хоёр Анхаа дээр загасны хэрэгсэл авах гээд очсон. Тэгэхэд Анхаа цуг явъя гээд явсан. Очоод хонохоор болсон. Шөнө идэж уух юм хомос болохоор нөгөө дэлгүүрлүүгээ явъя гэсэн санаа гарсан... Санааг хэн гаргасныг мэдэхгүй байна... Бид гурав ярилцаж байгаад явахаар болсон. Тэгээд маргааш нь 12 цагийн орчимд Орхон сумын хоньтой хөшөөний цаахан талд цагдаад баригдсан... Намайг уруу татсан, айлган сүлдүүлж дарамталсан зүйл байхгүй... Анхбаяр, Насанбуян нар уруу татаагүй... 04-р сарын 23-нд орохдоо чихэр пичень, бохь, ундаа авсан... Эхний удаа явахдаа миний тээврийн хэрэгслээр явсан... Дараа нь Анхбаярын тээврийн хэрэгслээр явсан... Мотоцикл Анхбаярын аавынх нь мотоцикл... Анхбаяр өөрөө яваад ир гэсэн болохоор нь явсан... Анхбаяр дараа нь яагаад үлдсэнийг мэдэхгүй... Бид хоёрыг дараа нь явахыг Анхбаяр мэдэж байсан... Миний хийсэн үйлдэл буруу... 04-р сарын 09-нд 184.000 төгрөгийн хохирол учирсан... Өмнө нь хулгай хийгээд тэр нь прокурор дээр хэрэгсэхгүй болсон нь үнэн... 04-р сарын 23-ны үйлдэлд 320.000 төгрөгийн хохирол учирсан... Эхлээд явахдаа миний мотоциклоор явсан 500 000 төгрөгөөр үнэлэгдсэн байсан... Миний эзэмшлийн юм байхгүй. Аавын мотоцикл... Ямудай гэсэн нэртэй мотоцикл... Ээж аавдаа хэлээгүй явсан... Мотоцикл улсын дугаар байхгүй... Цагдаатай таарч байгаагүй... хааяа л унадаг... Жолоодох эрхийн үнэмлэх насанд хүрээгүй учраас байхгүй... Ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна... “ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Анхбаяр, Т.Идэрцогт, Б.Насанбуян нар нь хулгайлах гэмт хэргийг  бүлэглэн, урьдчилан үгсэн тохирч, машин механизм хэрэглэн үйлдэж бусдад 331 650 төгрөгийн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон бөгөөд хувьд ногдох эд хөрөнгөгүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй тул торгуулийн ял оногдуулах боломжгүй байна. Иймд хуульд зааснаар хорих ял оногдуулж, шүүгдэгч Т.Анхбаяр, Б.Насанбуян нарт оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тодорхой хугацаагаар тэнсэн хянан харгалзах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Идэрцогт нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 7 сартай байсан болох хавтаст хэргийн 103 дугаар хуудаст авагдсан төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Идэрцогтод оногдуулах ялыг тодорхой хугацаагаар хойшлуулж, түүнийг өөрийн хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэхийг эцэг Д.Түвдэнсүрэнд хариуцуулж шийдвэрлэлээ.

 Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ улсын дугааргүй Мустанг загварын мотоциклийг хэрэглэсэн бөгөөд 2016 оны 07-р сарын 05-ны өдрийн Орхон сумын үнэлгээний багийн тогтоосон үнэлгээ /хх-47/-ээр 500 000 төгрөгөөр үнэлэгдсэн байна.   Энэ тээврийн хэрэгслийг шүүх хуралдаанд оролцсон  гэрч Б.Түмэнбаяр “ 4 жилийн өмнө авсан миний мотоцикл”  гэж байх тул эзэмшигчид буцаан олгож,  шүүгдэгч нараас тус бүр 166 700 төгрөг, нийт 500 000 төгрөгийг улсын орлогод оруулж шийдвэрлэлээ. Т.Идэрцогтын эзэмшлийн гэх Ямудай бак маркийн мотоциклийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглээгүй байх тул Т.Идэрцогтод буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 22-ын нагтнаа, 19, 8, 10-ын түлхүүр, 14-17-ын түлхүүр, бахь, лент, хүрз зэрэг багажнуудыг Б.Түмэнбаяр олгож, 22-ын түлхүүр 1 ш, спирмент бохь 15 ш, асаагуур 9 ш, улаан шонхор тамхи 5 хайрцаг, ессе тамхи 3 хайрцаг, LD тамхи 2 хайрцаг, ууттай чихэр 6 ш, орос пичень 115 ш, утсан загас 9 ш, коровка пичень 4 ш, жүүс 1 ш, хөзөр 4 хайрцаг, глубника компот 1 шил, рулет 2, ургамалын тос 1 ш чүдэнз 2 хайрцаг, будаа1 кг-ын хамт устгахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.Шүүгдэгч Боржигон Түмэнбаярын Анхбаяр, шүүгдэгч Хард Батбаярын Насанбуян, шүүгдэгч Хиргис Түвдэнсүрэнгийн Идэрцогт нарыг хулгайлах гэмт хэргийг  бүлэглэн, урьдчилан үгсэн тохирч, машин механизм хэрэглэн үйлдэж бусдад 331 650 төгрөгийн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Анхбаярын эд хөрөнгийг хураахгүйгээр 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Насанбуянгийн эд хөрөнгийг хураахгүйгээр 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Идэрцогтын эд хөрөнгийг хураахгүйгээр 02 жил 06 сарын хугацаагар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Анхбаярт оногдуулсан 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Насанбуянд оногдуулсан 02 жил 06 сарын хугацаагар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Идэрцогтод оногдуулсан 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Анхбаярт оногдуулсан 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 01 жил 06 сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Насанбуянд оногдуулсан 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 01 жил 06 сарын хугацаагаар тус бүр хянан харгалзаж тэдгээрийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн тасагт даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Идэрцогтод оногдуулсан 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялын тогтоол биелүүлэхийг 01 жил 06 сарын хугацаагаар хойшлуулж түүнийг өөрийн хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэхийг эцэг  Д.Түвдэнсүрэнд хариуцуулсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2016 оны 07 сарын 06-ны өдрийн Мустанг-5, Ямудай бак маркийн мотоциклуудыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож эзэмшигч нарт буцаан нь олгосугай.

7.Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Анхбаяраас 166 700 төгрөг, шүүгдэгч Т.Идэрцогтоос 166 700 төгрөг, шүүгдэгч Б.Насанбуянгаас 166 700 төгрөг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 22-ын нагтнаа, 19, 8, 10-ын түлхүүр, 14-17-ын түлхүүр, бахь, лент, хүрз зэрэг багажнуудыг Б.Түмэнбаярт олгож, 22-ын түлхүүр 1 ш, спирмент бохь 15 ш, асаагуур 9 ш, улаан шонхор тамхи 5 хайрцаг, ессе тамхи 3 хайрцаг, LD тамхи 2 хайрцаг, ууттай чихэр 6 ш, орос пичень 115 ш, утсан загас 9 ш, коровка пичень 4 ш, жүүс 1 ш, хөзөр 4 хайрцаг, глубника компот 1шил, рулет 2, ургамалын тос 1 ш чүдэнз 2 хайрцаг, будаа1 кг-ын хамт устгасугай.

9.Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримтууд шүүхэд ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.

10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шийтгэх тогтоолыг мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолтын хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн тасагт хүргүүлсүгэй.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол таницуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгч, насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокуроур эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар шүүгдэгч нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                      А.НАРАНТУЯА