Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/261

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч Г.Мөнхтүвшин,

шүүгдэгч З.Ц, Т.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхтүвшинээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Ц, Т.Д нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 0313 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эмээ, эхнэр, 2 хүүхдийн хамт ....... дүүрэг, ...... дүгээр хороо, .......... дүгээр гудамж, .......... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

 Х овогт Зийн Ц /РД:................./,

 

2. Монгол Улсын иргэн, 1994 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, ............. тоотод оршин суух хаягтай, урьд:

- Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 351 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1143 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан,

- Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг баримтлан 5 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Э овогт Тгийн Д /РД:............./,

 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч З.Ц нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, 39 дүгээр хороо, ............. тоот хашаанд Г.Мийн нүүр рүү гараараа цохиж “зүүн нүдний дээд зовхинд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл” бүхий хохирол учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  хэрэгт,

Мөн дээрх үйлдлийн дараа шүүгдэгч Т.Д нь Г.Мтэй маргалдан түүнийг хавсарч унаган уруул хэсэгт гараараа цохиж “дээд уруулын зүүн хэсэгт язарсан” бүхий хохирол учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 168 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч З.Ц, Т.Д.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.

 

            2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, 39 дүгээр хороо, ............. тоот хашаанд шүүгдэгч З.Ц нь хохирогч Г.Мийг машины хамрын хаалтыг хаахдаа анзааралгүй гар хавчлаа гэж уурлан түүний нүүр хэсэгт нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Мөн үйл явдлын дараа шүүгдэгч Т.Д нь хохирогч Г.Мтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг хавсарч унаган, уруул хэсэг рүү нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.  

 

Энэ нь хохирогч Г.Мийн “...Ц манай машиныг харж байх үеэр гараа хамар дээр хаалтын хэсэгт оруулаад барьж байсныг нь би мэдэлгүй машины хамрыг хаатал гарыг нь бага зэрэг хавччихсан. Тэрэнд уурласан Ц миний зүүн хөмсөг рүү гараараа нэг удаа цохиод сэтэлчихсэн. Тэгэхээр нь би тоолгүй зогсож байтал эхнэр “гэрээс ороод аккумлятор аваад ир” гэхээр нь гэр рүү ортол Цтай хамт ирсэн Д нь “танай хамаатныг таних юм байна. Танайх яг хэвээрээ байна” гэх мэтээр нэг тийм дорд үзсэн өнгө аястай яриад байгаа юм шиг санагдахаар нь би “чи айлд орж ирчхээд юу яриад байгаа юм. Чиний тэр хамаатныг маань таньдаг байх чинь хамаагүй” гэж хэлж гэрээс гараад бид хоёр хоорондоо бага зэрэг маргалдаж байгаад хашааны гадаа хамт гартал намайг шууд хөлөөрөө хавсарч унагаад уруул руу гараараа нэг удаа цохичихсон...” гэсэн мэдүүлэг /хх12/,

Гэрч Э.Энхжаргалын “...Ц манай машины урд талын хамрыг сөхөөд харж байхад манай нөхөр машиныхаа хамрыг хаахдаа гарыг нь бага зэрэг хавччихсан. Тэрэнд уурласан Ц манай нөхрийн зүүн нүд рүү гараараа цохиод хөмсөг хэсгээс нь цус гаргачихсан. Тэгэхээр нь би нүдийг нь гайгүй байлгүй гэж бодоод нөхрөө “гэрээс ороод аккумлятор аваад гараад ир” гэж хэлээд оруулсан чинь удалгүй гэрт түр сууж байсан Д гэх дүүтэй нь хэрэлдээд гараад ирсэн. Тэгээд тэр хоёр маргалдаад салахгүй болохоор нь “ерөөсөө маргааш нөхрөө эрүүл болохоор машинаа гэрт нь аваачиж байгаад засварлуулъя” гэж бодоод Цыг дүүгийнх нь хамт хашаанаас гаргаад явуулах гэж байтал манай нөхөр, тэр Д гэх дүү хоёр нь бас л маргалдаж байгаад зууралдаж аваад Д нь манай нөхрийг газар унагаад нүүр рүү нь нэг удаа цохичихсон. Тэрийг харсан Ц шууд дүүгээ босгож аваад машиндаа суугаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх14/,

шүүгдэгч З.Цын яллагдагчаар өгсөн “...Хонда Фит маркийн тээврийн хэрэгслийн урд талын хамрыг нь сөхөөд үзэж байтал тус айлын нөхөр М согтуу хүрч ирээд харж байснаа хамрыг нь надад хэлэлгүй гэнэт хаачихсан. Тэгтэл миний баруун гар хавчуулагдаад өвдөхөөр нь уур хүрээд шууд нүүр рүү нь гараараа нэг удаа цохитол зүүн нүдний хөмсөг хэсгээс нь цус гарчихсан...” гэсэн мэдүүлэг /хх97-98/, шүүгдэгч Т.Дгийн яллагдагчаар өгсөн “...Ц ах харж байх зуур таньдаг айл шиг байхаар нь арын байшинд нь ороод сууж байтал удалгүй гаднаас тухайн айлын эзэн М гэх хүн орж ирэхээр нь би “танайх хэдэн жилийн өмнөх шигээ яг хэвээрээ байна” гэж хэлтэл надад уурлаад бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд гэрээс нь хамт гараад хашааных нь гадна гараад явах гэтэл ардаас хэл амаар доромжлоод байхаар нь уур хүрээд хавсарч унагаад уруул руу нь гараараа нэг удаа цохичихсон...” гэсэн мэдүүлэг /хх93-94/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

 

            3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2013 дугаар дүгнэлтээр Г.Мийн биед “зүүн нүдний дээд зовхинд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зүүн хэсэгт язарсан шарх, зүүн чихний урд хэсэгт зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүдийн зүүн нүдний дээд зовхинд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зүүн хэсэгт язарсан шарх гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн чихний урд хэсэгт зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Энэ гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ. /хх20-21/

           

4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгч нарын гэм буруугийн санаатай хэлбэрээр тус тусдаа хохирогчийн нүүрний хөмсөг, уруул хэсэг рүү нь цохисон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн, тус тус гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

           

5. Шүүгдэгч нарын хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчид 138.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

6. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

 

7. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч З.Ц, Т.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нар нь улсын яллагчийн гаргасан торгох ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн болно.

 

9. Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

 

11. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч З.Ц, Т.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З.Ц, Т.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ц, Т.Д нарт тус бүр 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг 3 /гурав/ сарын  хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР