Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/304

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,

улсын яллагч Ч.Батбаатар /томилолтоор/,

шүүгдэгч Ц.Ү, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг /ШТЭҮД-0092/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Үад холбогдох эрүүгийн 2103 00170 0082 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Увс аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “................” ХХК-д кран засварчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ........... дүүргийн ....... дугаар хороо, ........................ тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй.

С овогт Цийн Ү /РД:............../

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Ү нь 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 18 цаг 20 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Оргилуун хүнсний дэлгүүрийн зүүн замд Тоёота Приус-30 маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин тогтоосон хэмжээнээс хурдыг хэтрүүлж явсны улмаас явган зорчигч А.Шийг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 90 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгч нарын хооронд хохирол төлбөртэй холбоотой хийгдсэн тохиролцоо, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

                 Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд шүүгдэгч Ц.Ү:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч Ц.Ү нь 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргилуун” хүнсний дэлгүүрийн зүүн талын замд Тоёота Приус-30 маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа явган зорчигч А.Шийг мөргөсөн, улмаар яаралтай түргэн тусламж үзүүлсэн боловч хохирогч 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдөр нас барсан үйл баримт тогтоогдлоо.

 

Энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Аийн “...охин ажил дээрээ очиж үлдэгдэл цалингаа авна гээд явсан. Хүнсний үйлдвэрт ажилладаг байсан юм. Ослын улмаас манай төрсөн охин А.Ш гэмтэл авч гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдөр нас барсан. 2 удаа хагалгаанд орсон боловч ухаан орохгүй байсаар нас барсан. ...Хагалгаанд орохоос өмнө нь томографикийн мөнгийг нь өгсөн. Буяны зардалд 1.350.000 төгрөг бэлнээр өгсөн. ..” гэсэн мэдүүлэг /1хх31/,

2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх4-12/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...бичлэг эхлэхэд гадаа цаг агаар тогтоон автомашин засмал замаар хэвийн хөдөлгөөнд оролцож байгаа нь харагдаж байна. Дэлгэцийн цагийн 18:24:00 цагаас 18:25:50 цагт явган зорчигч зорчих хэсгийн зүүн талын явган хүний замаар урдаас хойш чиглэлд алхаж ирж байна. 18:25:51 цагт түргэн тусламжийн автомашин дуут дохио дуугарган хойноос урагш чиглэлд явж байна. 18:25:57 цагт явган зорчигч урдаас ирж яваа автомашиныг хараад зорчих хэсэг рүү гүйж орж байна. 18:25:57 цагт хойноос урагш чиглэлд саарал өнгийн приус 30 маркийн автомашин гарч ирээд тоормос гишгэж чахрах чимээс сонсогдож байна. 18:25:58 цагт автомашин явган зорчигчийг мөргөж, явган зорчигч зорчих хэсэг дээр шидэгдэн унаж, автомашин эсрэг урсгалд 1 ороод буцаж урсгалдаа орон зогсож байгаа нь харагдаж байна...” гэжээ. /1хх20/,

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 1385 дугаар дүгнэлтэд “...талийгаачид үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархины ил гэмтлийн улмаас нас баржээ. 2021.07.11-ний 14:35 цагт нас баржээ...” гэжээ. /1хх129-136/,

Шүүгдэгч П.Үын яллагдагчаар өгсөн “...2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр манай хадам ээж ковид-19 өвчин тусаад дуудлага өгөөд түргэний машин 3 дугаар эмнэлэг рүү авч явсан юм. Тухайн үед эмч нь “халдвартай хүмүүс нь дагаад өөрсдөө ээжийгээ оруулж өг” гэж хэлэхээр нь би өөрийн тоёота приус-30 маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод түргэний машины араас нь дагаад Баруун салааны шинэ замаар хойноосоо урагшаа чиглэлтэй явсан. Ингээд Оргилуун дэлгүүрийн зүүн урд талын замаар явж байтал гэнэт нэг хүн зүүнээс баруун зүгт гүйгээд ороод ирсэн. Би хараад тоормос гишгээд дуут дохио өгсөн боловч тэр охиныг машиныхаа урд хэсгээр мөргөсөн. Өөрийн дугаараасаа 102, 103 дугаарт дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлгээр /1хх228/ тус тус нотлогдож байна.

 

3. Зам тээврийн ослын шалтгаан нөхцөл, тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлсон шинжээчийн 1918 дугаар дүгнэлтэд “...шинжилгээнд ирүүлсэн диск-нд хадгалагдаж байх “Оргилуун дэлгүүр.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 2021-07-01, 18:25:58 секундэд дүрслэгдэх суудлын автомашин нь “А”-“Б” гэж тэмдэглэсэн үл хөдлөх цэгийн хоорондох 14 метр зайг ойролцоогоор 63 км/цаг хурдтайгаар туулж өнгөрсөн...” гэж тодорхойлсон бол /1хх90-91/, мөн техникийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд “Тоёота приус маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ц.Ү нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т “тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км/цагаас хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна. Явган зорчигч А.Ш нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д “явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол ... ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэснийг зөрчсөн байна. Шинжээчид ирүүлсэн материалд үндэслэн хурдыг тогтоох боломжтой байна. Осол хэрэгт орохын өмнө автомашин хамгийн багадаа 65.84 км/цаг хурдтай явж байжээ. Тоёота приус ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хурд хэтрүүлсэн нь уг зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болохгүй, харин ослоос учирч болох хохирлын хэмжээг нэмэгдүүлнэ..” гэжээ /1хх180-181/,

 

4. Шүүхээс шүүгдэгч Ц.Үыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т заасан хурдны хязгаарыг зөрчсөн гэсэн дээрх дүгнэлтүүд нь тусгай мэдлэгийн хүрээнд гарсан үндэслэл бүхий байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

5. Мөн  Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын шинж нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл болон ашиглалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэн зам тээврийн осол гарч хуульд заасан хохирол, хор уршиг бий болсон байхыг шаарддаг. Дээрх тохиолдолд жолооч анхаарал болгоомжтой зорчих үүргээ хангалттай биелүүлээгүй, түргэн тусламжийн тэрэг дагаад яваарай гэсний дагуу тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлж явснаас шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийг зогсоож чадалгүй зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг мөргөн осол гаргаж хүний амь нас хохироосон нь тогтоогдож байна.

 

6. Шүүгдэгчийн хувьд осол гаргасан энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, оршуулгын болон эмнэлгийн зардалд 2.550.000 төгрөг төлсөн, 699 м.кв газар, хашааны эзэмших эрхийг 9.800.000 төгрөгөөр худалдан авч өгсөн, мөн 15.000.000 төгрөгийн хохирлыг 2022 оны 7 дугаар сарын 01-ний дотор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ат төлөхөө илэрхийлсэн баримтыг шүүхэд гаргаж өгчээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэхүү тохиролцооноос өөр нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна. Иймд талуудын хохирлын талаар хохиролцсон хүрээнд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар 15.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах нь зөв байна.

7. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

8. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Үыг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

9. Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Үад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцож, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь улсын яллагчийн гаргасан ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн болно.  

 

10. Шүүгдэгч Ц.Ү нь болгоомжгүйгээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, яаралтай түргэн тусламж дуудан хохирогчид туслалцаа үзүүлсэн, хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

12. Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, учирсан хор уршиг арилахгүй боловч шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хувьд болгоомжгүйгээр үйлдэгддэг хууль зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учирсан хохирлыг зохих хэмжээнд төлсөн, үлдэгдэл хохирол төлөхөө илэрхийлсэн нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан шаардлагыг хангажээ.

13. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан, санал нь гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдалд тохирсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Үын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

14. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохоор тогтоов.

15. Тэнсэж шийдвэрлэж байгаатай холбоотойгоор шүүгдэгч Ц.Үад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах”, мөн зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

16. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий дискийг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний ........... дугаар жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн болохыг тус тус дурдав.

 

17. Мөн шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

18. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулдаг, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг шүүгдэгчид анхааруулж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Цэгмидийн Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Үын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах”, мөн зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг шүүгдэгчид хүлээлгэсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Үаас 15.000.000 /арван таван сая/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ат олгуулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дискийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний ........... дугаартай жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж шийдвэрлэсэн болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.МӨНХБААТАР