Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/342

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч Ч.Батбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М, түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх /ҮД:3063/,

шүүгдэгч П.Ж, түүний өмгөөлөгч Г.Энхболд /ҮД:2668/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Үүрцайхад холбогдох эрүүгийн 2203 00028 0090 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .............-ийн 4 дүгээр курсийн оюутан, ам бүл 4, өвөө, эмээ, дүү нарын хамт ............. дүүргийн .... дугаар хороо, .............. тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй.

Б овогт Пийн Ж /РД:............./

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Ж нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 21 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян цагааны ............ тоот хашааны хойд талын замд Тоёота Ланд круйзер Прадо-70 маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин жолоодлогоо алдан замаас гарч хашаа мөргөн зогсохдоо Зүүн баян цагааны ............ тоот хашааны хаалганы хажууд хашаа налан сууж байсан Ч.Цыг дайрч амь насыг нь хохироосон хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 118 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгч нарын хооронд хохирол төлбөртэй холбоотой хийгдсэн тохиролцоо, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

                 Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд шүүгдэгч П.Ж:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн, түүний өмгөөлөгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчөөс улсын яллагчийн байр суурийг дэмжиж оролцсон.

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч П.Ж нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Тоёота Ланд круйзер Прадо-70 маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчин жолоодлогоо алдан замаас гарч Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян цагааны ............ тоот хашааг мөргөн зогсохдоо тухайн хашааны гадаа хашаа налан сууж байсан Ч.Цыг дайрч амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдлоо.

- Энэ нь насанд хүрээгүй гэрч Х.Тэмүүлэнгийн “...2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр найзуудтайгаа гадуур гарчхаад орой 21 цаг 35 минутын үед гэртээ орох гээд явж байтал манай хашааны жижиг хаалганаас цаад талд 1 алхмын зайд согтуу хүн хашааг шүргэсэн байдалтай манай хашаа руу харсан хэвтэж байсан. Тэгээд би тэр хүнийг харчхаад энэ ингээд байвал осгочихно гэж бодоод аавдаа хэлээд цагдаа дуудсан. Тэгээд би хувцсаа солиод 00 руу яг ортол манай хаалган дээр машин чахарч байгаа дуу гарсан ба нэг цэнхэр өнгийн машин манай хашааны явган болон том хаалгыг мөргөөд ороод ирэхээр нь би машиныг нэг харчхаад аавд хашааны хаалга нэг машин мөргөчихлөө гараад ир гэж хэлчхээд би хашааны хаалганы гадна талд очсон чинь нөгөө хүн яг хэвдээ хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-31-32/,

- Гэрч Б.Батжаргалын “...2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр манай найзын одонгийн цайллага болсон юм. ...Уг цайллагад талийгаач Ц ирсэн ба 19 цагийн орчим би гэртээ харихаар болоод машинтай эхнэрээ дуудаад гадаа нь гараад иртэл зүг нэг байдаг талийгаач Ц, мөн Өлзийсайхан, Төмөрцэцэг нар надтай хамт явахаар болсон. ...Хөтлийн замаар уруудаад явж байхад талийгаач Жанцангийн буудал дээр бууна гэж хэлсэн. ...Жанцангийн уулзвар дөнгөж өнгөрөөд машины жижиг зогсоол дээр зогсоод талийгаачийг буулгасан. Талийгаач машинаас буугаад хэсэг хүмүүстэй зам хөндлөн гарах гээд зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /1хх71/,

            - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мы “...миний аав Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян цагааны 6-190 тоотод сүүлийн 3 жил ганцаараа амьдарч байгаа. Тэр орой аав цайллагад хамт оролцсон хүнээр гэрийнхээ ойролцоо хүргүүлээд буусан гэсэн. Гомдолтой байна төрсөн эцгийгээ алдсандаа...” гэсэн мэдүүлэг /1хх68/,

            - 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх15-22/

            - Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх10-13/ болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлсэн “...би Баруун салаанаас 21 цагийн үед хөдлөөд Жанцангийн замаар өгсөөд замын хоёрдугаар эгнээгээр явж байгаад нэгдүгээр эгнээ рүү эгнээгээ солих гээд ортол хоёрдугаар эгнээнд явж байсан нийтийн тээврийн автобус нэгдүгээр эгнээ рүү шилжээд миний урдуур орох үед би гэрлээрээ дохиод бараан дараад тоормосоо гишгээд буцаад зүүн дартал миний машины бөгс нь шидэгдээд тэр чигтээ жолоодлогоо алдаад замаас гараад айлын хашаа мөргөөд зогссон. Би машинаасаа буугаад баруун гар тал руугаа хашааны хажууд уртаашаа нэг хүн хэвтэж байсан...” гэсэн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

            4. Амь хохирогчийн үхлийн шалтгаан нөхцөлийг тогтоосон цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 158 дугаартай дүгнэлтэд “Ч.Ц нь баруун, зүүн умдаг яс, сүүжний тогооны бяцарсан хугарлын улмаас уушгины тараагуур судас өөхөн бүлэнт бөглөөдөсөөр бөглөрч амьсгал зүрх судасны цочмог дутагдлаар нас баржээ...” гэж тодорхойлсон /1хх88-89/ байх ба

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 146 дугаар магадалгаанд “...Тоёота Ланд круйзер Прадо-70 маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...” гэжээ. /хх144-145/

5. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын шинж нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл болон ашиглалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэн зам тээврийн осол гарч хуульд заасан хохирол, хор уршиг бий болсон байхыг шаарддаг.

Дээрх тохиолдолд жолооч анхаарал болгоомжтой зорчих үүргээ хангалттай биелүүлээгүй, хурдыг тохируулж яваагүйгээс саад тулгарсан үед зогсоох арга хэмжээ авалгүй жолооны хүрдийг мушгин тээврийн хэрэгслийн жолоодлого алдан замаас гарч, айлын хашаа дагуу байсан хохирогчийг мөргөн осол гаргаж хүний амь насыг хохироосон нь тогтоогдож байна.

6. Шүүгдэгчийн хувьд осол гаргасан энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, оршуулгын зардал, хохиролд нийт 17.755.000 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй гэжээ. Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

7. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

8. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч П.Жыг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

9. Улсын яллагчаас шүүгдэгч П.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцож, түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар тэнсэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь улсын яллагчийн гаргасан ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн болно.  

 

10. Шүүгдэгч П.Ж нь болгоомжгүйгээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

12. Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, учирсан хор уршиг арилахгүй боловч шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хувьд болгоомжгүйгээр үйлдэгддэг, хууль зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учирсан хохирлыг зохих хэмжээнд төлсөн нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан шаардлагыг хангажээ.

13. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан, санал нь хэргийн нөхцөл байдалд тохирсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Жы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохоор тогтоов.

14. Тэнсэж шийдвэрлэж байгаатай холбоотойгоор шүүгдэгч П.Жд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

15. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний 1283751 дугаар жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн болохыг тус тус дурдав.

 

16. Мөн шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулдаг, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг шүүгдэгчид анхааруулж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Пийн Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Жы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний 1283751 дугаартай жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж шийдвэрлэсэн болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.МӨНХБААТАР