Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/363

 

 

 

 

 

      2022       04          05                                             2022/ШЦТ/363

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Шийдвэрийн огноо: 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр;

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ; 

Улсын яллагч: П.Бямбасүрэн;

Шүүгдэгч: Ц.Х (өөрийгөө өмгөөлж);

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү;

Хэргийн дугаар:  .......;      

Шүүгдэгч Ц.Х ...... регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, “.....” ХХК-д нярав ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Ц.Х нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 14 цагийн үед “....” ХХК-иас өөрийн ажилтан .... ын харилцах данс руу мөнгөн шилжүүлэг хийхдээ андуурч Ц.Хын ХААН банкны .... тоот данс руу шилжүүлсэн буюу төлбөр тооцооны алдаатай гүйлгээ болох 528.000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокуророос Ц.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Х мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд  хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л-н мэдүүлэг /хх-ийн 10, 12/, Ц.Хын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 29/, Ц.Хын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 30-36/, Ц.Хын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/  зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Х нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “....” ХХК-ийн банкны харилцах данс андуурч өөрийнх нь данс руу шилжүүлсэн 528.000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л-н /хх-ийн 10, 12/: “...2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ажилчдын цалин олгохоор гүйлгээ хийсэн. Ажилтан З.Х-н цалинг хийхээр компанийн Голомт банкны ... тоот данснаас З.Х-ын ХААН банк дахь  дугаартай дансанд 528.000 төгрөг шилжүүлэх гэхэд андуурагдаад ...... тоот дансанд орсон.  Тэгээд Голомт банканд гомдол гаргахад ХААН банканд дамжуулан хэлсэн байгаа, ХААН банкны ........ дугаартай эзэмшигчтэй холбогдоод буцаан шилжүүлнэ гэж хэлсэн боловч шилжүүлээгүй. Компани З.Х-ын цалин болох 528.000 төгрөгийг нөхөн олгож шийдвэрлэсэн. ...2021 оны 12 сарын 30-ны өдрийн 12:33 цагт Голомт банкны лавлах ....... дугаарын утас руу дахин залгаж “миний гаргасан гомдол юу болсон бэ” гэж асуухад “ХААН банкнаас мөнгө шилжиж орсон иргэн рүү холбогдох гэсэн боловч утсаа авахгүй байна” гэж хариу хэлсэн. Мөн 2021 оны 12 дугаар сарын 31-ний 11:23 цаг, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний 10:44 цагт тус тус залгахад “ХААН банкнаас харилцагч нь утсаа авахгүй байна гэсэн хариу өгсөн” гэдэг зүйлийг л хэлж байсан. Тэгээд би 2022 оны 01 дугаар сарын 05-ны өдрийн 11:40 цагт ХААН банкны лавлах ......... дугаар руу залгаж “Голомт банкнаас ХААН банк руу данс андуурагдсан гүйлгээ орсон байна, Голомт банкнаас тухайн иргэн нь утсаа авахгүй байна гэж ХААН банкнаас хариу хэлсэн гэж яриад байна. Би тухайн иргэний утсыг аваад өөрөө залгаж болох уу” гэж асуухад “бид харилцагчийн мэдээллийг өгөхгүй, тухайн иргэн нь утсаа авахгүй байгаа тул та цагдаагийн байгууллагад гомдлоо өг” гэж хэлсний дагуу би цагдаагийн байгууллагад хандсан. Сүүлд тус мөнгө Ц. Х-ын данс руу орсныг мэдээд түүнээс “банкнаас тань руу зөндөө залгасан, таныг утсаа авахгүй байна гэсэн” гэж хэлэхэд Ц.Х “тэр олон дуудлагын алийг нь гэж мэдэх юм” гэж хэлж байсан” гэх мэдүүлгээр,

Ц.Хын депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /хх-ийн 29/,

Ц.Хын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 27-28/: “...2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр миний .......... тоот дансанд .......... тоот данснаас 528.000 төгрөг орж ирсэн. Тухайн үед би “.....” нэртэй сүлжээний бизнест элсэн орж ажиллаж байсан. Тус сүлжээний цалин орж байна гэж бодоод тус мөнгийг би өөрийн Голомт банкны данс руу шилжүүлж авсан. ...сүлжээний цалин гэж ойлгоод тухайн мөнгийг хувьдаа ашигласан. Тэгээд тухайн мөнгийг ашиглаж байх явцдаа “....” сүлжээний бизнес хариуцсан хүн рүү яриад “надад 528.000 төгрөг орж ирсэн байна, над дээр цалин гарсан юм уу, ямар нэртэйгээр орж ирдэг юм бэ” гэж асуухад цалин олгоогүй талаар надад хэлсэн. Тэгээд би ямар учиртай мөнгө гэдгийг нь мэдээгүй, андуурсан байна, над руу ярих байлгүй гэж бодоод яваад байсан...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох  баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч байгууллага төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийснээ, үүнийг залруулах талаар шаардаж байсан зэргийг мэдүүлсэн, шүүгдэгч нь өөрийнх нь эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжиж ирсэн мөнгийг завших сэдэлт төрж, захиран зарцуулсныг өөрөө мэдүүлсэн, хохирогчид учирсан хохирлын хэмжээг шүүгдэгчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Ц.Х нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсныг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар бусдын эд хөрөнгө өөрийнх нь эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэнийг мэдсээр байж, завших сэдэлт төрж,  хувьдаа захиран зарцуулсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан Ц.Хын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “…төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Ц.Хыг “төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

Бусад асуудлаар:

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л-н “...Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг хавтаст хэргийн 12 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ц.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ