Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/76

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

шүүгдэгч Ж.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ********** овогт **************гийн ***********ад холбогдох эрүүгийн 2207000000080 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ********************-ны өдөр ********** аймаг, *********** суманд төрсөн, эрэгтэй, ******** настай, ************ боловсролтой, *************** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ***********************тоотод оршин суух,

урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

********* овогт ****************гийн ************ /РД: *************/.

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.М нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Налайх дүүргийн****** тоотод Э.Э тай “эхнэр, хүүхэдтэйгээр хамт амьдарч чадахгүй арчаагүй новш гэж доромжлон” маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж биед нь дээд урууланд шарх, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлсэн бөгөөд хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

            Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох байр сууринаас оролцож дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:      

  1. Хохирогч Э.Эын мэдүүлэг (хавтаст хэргийн 04 дэх тал),
  2. Гэрч А.Хын мэдүүлэг (хавтаст хэргийн 07 дахь тал),
  3. Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн  криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 08/шэ/164 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дахь тал) зэрэг болно.

Харин шүүгдэгч Ж.М нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас  нотлох баримт шинжлүүлээгүй болно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ж.М нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Налайх дүүргийн****** тоотод Э.Этай “эхнэр, хүүхэдтэйгээр хамт амьдарч чадахгүй арчаагүй новш гэж доромжлон” маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж биед нь дээд урууланд шарх, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

- Хохирогч Э.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Налайх дүүргийн ******* хороонд байрлах гэрээ тогны асуудлаас болоод шатаачихсан, тэгээд 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр эхнэрийг гэр лүү нь болох Налайх дүүргийн ********** хороо руу явуулсан тэгээд би таньдаг найз болох Хынд очтол Ж.М тэр хоёр архи уусан шинжтэй байсан. Тэгээд би гэрт ороод эхнэр Мыг гэр лүү нь явуулчихлаа гэж хэлсэн чинь Ж.М ах намайг “чи эхнэр, хүүхэдтэйгээ амьдарч чадахгүй арчаагүй” гэж хэлээд уурласан. Тэгэхээр нь би “миний амьдрал танд хамаагүй шүү” гэж хэлсэн тэгэх үед Ж.М ax босож ирээд миний нүүр хэсэг рүү нэлээн хэдэн удаа цохисон, би яг хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 04 дэх тал),

- Гэрч А.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Ж.М ах “та хоёр амьдарч чадахгүй арчаагүй новшнууд” гээд хэлсэн тэгэх үед Э.Э “миний амьдрал танд ямар хамаатай юм” гэж хэлтэл Ж.М ах уурлаад Э.Эын нүүрэн тус газар луу 2 удаа цохисон тэгэхээр нь би очоод салгаад битгий гэрт хэрэлдээд зодолдоод бай гээд салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 07 дахь тал),

-Налайх  дүүргийн  криминалистикийн  шинжилгээний  тасгийн  шинжээчийн 2022оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 164 дугаартай “...Э.Эын биед дээд уруулд шарх, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

-Шүүгдэгч Ж.Мын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр би танил дүүтэйгээ 0.75 литрийн Хараа гэх нэртэй архи уугаад тэгээд Хынх болох Налайх дүүргийн****** тоотод очсон, тэгэх үед гаднаас удалгүй Э орж ирсэн. Тэгэхээр нь би эхнэр чинь хайчсан талаар асуусан, Э “би эхнэртэйгээ маргалдаад гэр лүү нь явуулчихсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи эхнэр, хүүхэдтэйгээ амьдарч чадахгүй арчаагүй новш” гээд хэлчихсэн чинь Э танд миний амьдрал хамаагүй шүү гэж хэлсэн тэгэхээр нь би уурлаад Эын нүүр хэсэг рүү 2 удаа цохисон тэгэх үед Х бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал), яаралтай тусламжийн хуудас болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хоорондоо агуулгын зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

                                                                                                                                         

Шүүгдэгч Ж.М нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

            Хууль зүйн хувьд шүүгдэгч Ж.Мын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Э.Эын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсанд тооцно.

            Мөн шүүгдэгч Ж.Мын үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Ж.М  хохирогч Э.Этай тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ж.Мыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Эын биед хөнгөн хохирол учирсан

бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын шатанд “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тайлбар, мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Ж.Мтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч санал, тайлбар гаргаагүй болно.

Шүүгдэгч Ж.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаа ял шийтгэгдэж, уг ялыг биелүүлж, дуусгавар болсон болох нь хавтаст хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 08 дугаар тогтоолоор тогтоогдож байх тул шүүгдэгчид нэмж нэгтгэх ялгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч, хохирогч нар нь прокурорын шатанд эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос шүүгдэгчид 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар мэдүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангагдсан гэж үзнэ.

Иймд шүүхээс шүүгдэгч Ж.Мыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул прокурортой тохиролцсон саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. ************* овогт **************гийн **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М ыг 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М ад оногдуулсан 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

              4. Шүүгдэгч Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

              5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

              6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ