Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/372

 

 

 

 

 

     2022       04          07                                            2022/ШЦТ/372

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Шийдвэрийн огноо: 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр;

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ; 

 

Улсын яллагч: М.Отгонбаатар (томилолтоор);

 

Шүүгдэгч: Б.М (өөрийгөө өмгөөлж);

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү;

 

Хэргийн дугаар:  ..................;

           

Шүүгдэгч Б.М ........ регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/1088 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг Сүхбаатар дүүргийн шийдвэр гүйцэтгэх албаны 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 20/234 дугаар тогтоолоор эдэлж дууссан.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 02-ны 07 цагийн үед ..... тоотод эхнэр О.Ж-г “малгайгаа тайлаад дээш тавь” гэж хэлсний төлөө үгээр доромжилж, улмаар сандлаар зодож эрүүл мэндэд нь “дух, баруун зүүн бугалга, цээжний баруун ар хэсэгт цус хуралт, баруун 10-р хавирганы хугарал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокуророос Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “Би тухайн өдөр архи их уусан болохоор болсон асуудлыг санахгүй байна. Согтуу байхдаа цохисон байх. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 14-15/, хохирогч О.Ж /хх-ийн 37-39, 41-42/, гэрч О.Х  /хх-ийн 48-49/, гэрч О.А  /хх-ийн 51-53/ нарын мэдүүлэг, О.Ж-ы биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1300 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 57-58/, мөн хүрээлэнгийн хэргийн материал хийсэн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 89 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-62/, Б.Мын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 68, 71, 79-85/, Б.Мын өмнө шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 73-74/, Б.Мын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 5-7/, О.Ж-ы хүсэлт /хх-ийн 90/ болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.М нь 2022 оны 01 дүгээр сарын 01-02-ны өдрийн хооронд .... тоот гэртээ өөрийн эхнэр О.Ж-г “малгайгаа тайлаад дээш тавь” гэж хэлсний төлөө үгээр доромжилж, улмаар сандлаар зодож нэг тал давамгайлсан гэр бүлийн хүчирхийлэл бүхий харилцаанаас үүдэлтэйгээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

хохирогч О.Ж-ы /хх-ийн 37-39, 41-42/: “...2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ нөхөр Б.М, хүүхдийн хамт байж байхад Б.Мын найз Д  гэдэг залуу найз хүүхний хамт ирсэн, ирээд бид хэд архи ууцгаасан. Тэр хоёр нэг шил 0,75 литрийн “Хараа” архи, том пивотой ирсэн. Тэрийг нь бид нар хувааж уугаад дахиад бүгд цуг архинд яваад хоёр шил архи авчирч ууцгаасан. Тэгээд би Б.Мыг “малгайгаа тайлаад дээш тавь” гэсэн чинь “чи ер нь юу гээд байгаа юм” гээд бид хоёр хэрэлдсэн. Тэгсэн Б.М миний толгой руу цохисон, юугаар цохисныг санахгүй байна. Тэгэхээр нь би дахин хэрүүл хийгээд яахав гэж бодоод гарч яваад такси бариад ажил руугаа очсон. ...өглөө 07 цаг өнгөрч байхад гар утсаа дэлгүүрт барьцаанд тавиад 0,33 литрийн “Хараа” архи, лаазтай 3 ширхэг пиво аваад гэртээ орсон. Гэрт ороход Б.М, найз Д , тэрний найз хүүхэн гурав том шилтэй архи уучихсан, тэр нь талдаа орчихсон байсан. Би ороод архинаас уугаагүй. Тэгсэн Б.М намайг “хаачаад ирэв янхан минь” гээд хэл амаар доромжлоод байсан. Би чимээгүй суугаад байсан. Тэгсэн Б.М намайг гэрт байдаг жижиг цагаан сандлаар цохисон. Тэгэхээр нь би тоогоогүй суугаад байсан. Тэгж байгаад тэр гурав гараад явсан. Би шөнөжин нойргүй явсан болохоор унтаад өгсөн, босоод ирсэн чинь миний хавирга, баруун гарын булчин хэсэг хөхөрсөн байсан. Б.М газар унтаж байсан. Би босоод охиноо аваад ээжийнх рүүгээ яваад дүүдээ хэлээд дүүгээ дагуулаад ирэхэд Б.М “чи таксины жолоочид зодуулсан юм биш үү” гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгсэн манай дүү “цагдаа дууд” гээд дуудсан юм ...Ер нь Б.М нь цуг ууж идчихээд надад гар хүрэх гээд байдаг, тэгэхээр нь би гараад явчихдаг юм...” гэх мэдүүлгээр,

 

гэрч О.А-гийн /хх-ийн 51-53/: “...О.Ж ээжийнд хуүхдээ дагуулчихсан ороод ирсэн. Яасан гэсэн чинь “Б.Мад зодуулчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эгчийг дагуулаад гэрт нь яваад очсон. Гэрт нь очиход Б.М халамцуу сууж байсан. Тэгэхээр нь би “цагдаа дууд” гэж хэлээд эхнэрээр нь цагдаа дуудуулсан. ...ярьж чадахгүй баруун талын хавирга хавьцаагаа дараад байсан. Духных нь тэр хавьд хавдчихсан байдалтай, мөн хоёр гар нь бугалга хавьцаанаа хөхөрчихсөн, бөөрний хавьд хөхөрсөн байсан. ...Б.М намайг зодчихлоо гэх мэтээр 2-3 удаа хэлж байсан. Нэг удаа Б.М чихний хэнгэрэг цохиод хагалчихлаа гэхээр нь би гэрт нь ирж харж байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч О.Х-лын /хх-ийн 48-49/: “...О.Ж өөрөө надад                            ...“сандлаар цохиод хавирга гэмтээсэн” гэж байсан. Ажилдаа явалгүй арваад хоног хэвтсэн гэсэн...” гэх мэдүүлгээр,

 

О.Ж-ы биед “дух, баруун зүүн бугалга, цээжний баруун ар хэсэгт цус хуралт, баруун 10-р хавирганы хугарал гэмтэл”  бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 89 дугаартай шинжээчдийн дүгнэлтээр /хх-ийн 61-62/,

 

Б.Мын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 5-7/: “...2022 оны 01 дүгээр сарын 01-ний орой манай найз Б  нь найз хүүхний хамт манайд ирсэн. Тэгээд бид хэд архи ууцгаасан. Архи уугаад дууссаны дараа би найзын хамт дэлгүүр ороод дахиад архи авчихаад ирсэн чинь эхнэр гараад явчихсан байсан. Тэгээд бид 3 авчирсан архиа хувааж уугаад унтаад өгсөн. Маргааш өглөө нь 7 цаг өнгөрч байхад эхнэр нэг шил архи, пиво барьчихсан орж ирчихээд “миний толгой, гар ийм болчихсон байна, чи ийм болгосон уу” гэхээр нь “үгүй, чи өөрөө гадуур хонож ирчихээд, хаана хоноод ирсэн юм” гэхэд “таксинд явж байгаад ирлээ” гэсэн. ...эхнэр охиноо аваад ээжийнх рүүгээ яваад өгсөн. ...би унтаж байхад эхнэр О.Ж дүүгээ дагуулчихсан орж ирээд “чи намайг зодсон” гээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь

гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр О.Ж-г үл ялих зүйлээр шалтаг гарган зодсоныг шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь нөхөртөө зодуулснаа өөрийн эх, дүү нарт хэлж гэртээ дагуулж ирсэн, хохирогч нь нөхөртөө зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв,  Б.М нь О.Ж-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож хөнгөн гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний бие махбодод хүч хэрэглэн халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Б.Мын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Б.Мыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч О.Ж-ы “...гомдол санал байхгүй” гэх хүсэлт хавтаст хэргийн 90 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ