Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 1313

 

“Нью тур” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Наранцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/00966 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Нью тур” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Батбаян дэлгэрэх” ХХК-д холбогдох

 

389 662 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Нью тур” ХХК-ийн төлөөлөгч Ж.Сод-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нью Тур” ХХК болон “Батбаян дэлгэрэх” ХХК нар 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Бага Тэнгэр аялал жуулчлалын цогцолборын Авангард загварын 5 ширхэг, Натура А загварын 2 ширхэг, Натура В загварын 1 ширхэг, Вип-1 загварын 2 ширхэг, нийт 10 барилгын гадна фасадны ажил хийж гүйцэтгэх, гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож 14-1412 тоот Ажил гүйцэтгэх гэрээг байгуулан хамтран ажилласан. Мөн талууд 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 15-1333 тоот, 14-1412 тоот гэрээний нэмэлт гэрээ байгуулж, Натура А загварын 2 ширхэг, Натура В загварын 1 ширхэг, нийт 3 ширхэг барилгын түшиц ханыг өргөтгөх ажлыг хийж гүйцэтгэхээр хамтран ажилласан. Манай компаний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлж 14-1412 тоот ажил гүйцэтгэх гэрээний санхүүжилтэд нийт 1 064 932 875 төгрөг, 15-1333 тоот Нэмэлт гэрээний санхүүжилтэд 14 400 000 төгрөг тус тус олгосон. Гэтэл гүйцэтгэгч “Батбаян дэлгэрэх” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлж гэрээт ажлыг хугацаандаа хийж гүйцэтгээгүй, төсөвт өртөгт тусгасан материалаар бус өөр харьцангуй хямд үнийн дүн бүхий бараа материалаар ажлыг хийсэн. Мөн шат шатны санхүүжилтүүдийг бүрэн гүйцэд авсан боловч санхүүжилтэд авсан мөнгийг өөр ажилд зарцуулсан байх бөгөөд гэрээт ажлаа бүрэн хийж дуусгалгүй орхиж явсан. Манай компаний зүгээс гүйцэтгэгч “Батбаян дэлгэрэх” ХХК-ийг гэрээт ажлаа бүрэн гүйцэт хийж дуусгахыг удаа дараа шаардсан боловч үлдэгдэл ажлаа хийж гүйцэтгэхгүй байсаар байсан. Иймд манай компаний зүгээс арга буюу тус үлдэгдэл ажлуудыг өөр компаниудаар хийж гүйцэтгүүлэх болсон талаар “Батбаян дэлгэрэх” ХХК-д мэдэгдсэн бөгөөд тус компаний зүгээс хүлээн зөвшөөрсөн. Манай компанийн зүгээс тус гэрээт ажлын санхүүжилтүүдийг “Батбаян дэлгэрэх” ХХК-д 95 хувь олгосон байсан бөгөөд үлдэгдэл ажлуудыг өөр компаниудаар хийлгэхэд гарах зардлыг буцаан төлөхийг “Батбаян дэлгэрэх” ХХК-иас шаардсан. Тус компаний зүгээс санхүүжилтэд авсан мөнгөө өөр ажилд зарцуулан дуусгасан тул талуудын хооронд зээлийн гэрээг 45 хоногийн хугацаатай байгуулсан.

Дээрх хугацаанд үлдэгдэл ажлуудыг өөр компаниудаар гүйцэтгүүлэхэд гарсан зардлыг буцаан төлөх хүсэлтийг манай компанид тавьсан. Үүний дагуу талуудын хооронд 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ тус тус байгуулсан. Уг зээлийн гэрээний дагуу “Батбаян дэлгэрэх” ХХК нь үлдэгдэл ажлуудыг өөр компаниудаар хийлгэхэд 243 000 000 төгрөгийн зардал гарсан ба гэрээний 3.2-д заасан хүү болох 16 038 000 төгрөгийг тус тус “Нью Тур” ХХК-д 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн дотор төлөх байсан. Гэвч өнөөдрийг хүртэл төлөхгүй байсаар байна. Манай компаний зүгээс “Батбаян дэлгэрэх” ХХК-иас зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр болон хүү, үндсэн гэрээний төсөвт тусгагдсан металл рамтай шилэн хашлаганы ажлыг хийгээгүй тул төсөвт өртгөөс хасагдсан зөрүү төлбөр, үлдэгдэл ажлыг өөр компаниудаар хийлгэхэд гарсан зардал, гэрээт ажлыг хугацаандаа хийж дуусгаагүй тул хугацаа хэтэрсний алданги, гэрээт ажлыг хийж дуусгалгүй орхиж явсан тул гарсан торгууль зэргийг төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулахгүй байна. Иймд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулахад гэрээний үнэнд орсон гүйцэтгэгч талаас гаргаж өгсөн төсөвт өртгөөс металл рамтай шилэн хашлаганы ажлыг хийгээгүй хассан тул тус ажлын үнэ болох 107 461 900 төгрөгөөс “Батбаян дэлгэрэх” ХХК-ийн нэмэлтээр хийсэн ажлын хөлс болох 32 570 150 төгрөгийг хасаж үлдэгдэл 74 891 750 төгрөгийг, “Батбаян дэлгэрэх” ХХК-ийн санхүүжилт бүрэн авсан боловч гэрээт ажлын санхүүжилтийг өөр ажилд зарцуулан хийж дуусгаагүй үлдэгдэл ажлыг өөр компаниудаар хийлгэхэд гарсан зардал болох 243 000 000 төгрөгийг талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хүү болох 16 038 000 төгрөгийн хамт нийт 259 038 000 төгрөг гарсан бөгөөд үүнээс талуудын хооронд байгуулсан 14-1412 тоот гэрээний үлдэгдэл санхүүжилт 37 067 125 төгрөгийг хасаж, үлдэгдэл 221 970 875 төгрөгийг, мөн талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 4.1.6, 4.2.16-д заасны дагуу гүйцэтгэгч “Батбаян дэлгэрэх” ХХК-ийн гэрээт ажлыг хугацаандаа хүлээлгэн өгөөгүй хугацаа хэтэрсний улмаас манай компанид төлөх гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги 58 000 000 төгрөгийг, гэрээний 4.1.11-д заасны дагуу гэрээт ажлыг дуусгалгүй орхиж явсаны торгууль гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 30 хувь болох 34 800 000 төгрөгийг, нийт 389 662 625 төгрөгийг “Батбаян дэлгэрэх” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Батбаян дэлгэрэх” ХХК-ийн төлөөлөгч З.Отгонбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр “Содмонгол” ХХК-ийн ерөнхийлөгч Ц.Анандбазартай уулзахад “...үлдэгдэл ажлаа дуусгахад шаардагдах санхүүжилт ав, гэхдээ тодорхой хүүтэй, хугацаатай зээлийн гэрээ байгуул” гэж санал тавьсны дагуу “Нью тур” ХХК-ийн хуульч Г.Батболдтой 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр очиж, 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү зээлийн гэрээг “Харус мандал констракшн” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээг засварлан хийсэн бөгөөд 4 хувь хэвлэн уншиж танилцуулсны дараа эхний болон эцсийн хуудсанд гарын үсэг болон тамга даруулан, “...төв оффист очин танилцуулж батлуулна” гэж уг 4 хувь гэрээг авч явсан боловч эргэж хариу өгөөгүй. Дараа нь гэрээ батлагдсан талаар хэд хэдэн удаа Г.Батболдоос асуухад “...зээл батлагдаагүй зөвшөөрөөгүй” гэж хэлсэн. Гэрээ батлагдаагүй нь манай компанид санхүүжилт олгогдоогүйгээр батлагдана. Гэрээний хувийг манай компанид олгоогүй бөгөөд мөн хэргийн материалд авагдсан зээлийн гэрээтэй танилцахад эхний болон эцсийн тамга гарын үсэгтэй хуудсыг үлдээн, бусад хуудсыг сольж батлан зээлийн гэрээ олгосон мэтээр 243 000 000 төгрөг болон түүний хүү 16 038 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1, 227 дугаар зүйлийн 227.1, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Батбаян дэлгэрэх” ХХК-иас 197 962 898 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Нью тур” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 191 699 727 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 106 264 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 147 764 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/00966 тоот шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул энэхүү гомдлыг гаргаж байна.

1. Шүүхээс нэхэмжлэгч болон “Отгон царам дриллинг” ХХК-ийн хооронд байгуулагдсан 16-1352 дугаар, мөн “Дулаан нөмөр констракшн” ХХК-ийн хооронд байгуулагдсан 16-1461 дугаартай, 16-1345 дугаартай, 16-1420 дугаартай, мөн “Сэрвэн овоот” ХХК-ийн хооронд байгуулсан 16-1410 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлыг хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажил чанарын шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэл болохгүй байхаас гадна дээрх гэрээнд заасан ажлуудыг хариуцагчтай гэрээний дагуу тохиролцсон ажил гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар захиалагч нь доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж түүнтэй холбогдон гарсан зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй боловч бусдаар гүйцэтгүүлсэн дээрх ажлыг хариуцагчийн гүйцэтгэвэл зохих ажил гэж үзэх үндэслэл баримтаар нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч нь дээрх компаниудаар гүйцэтгүүлсэн ажлын хөлсийг хариуцагчаас шаардах эрхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар “Батбаян дэлгэрэх” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ болон гэрээ байгуулахдаа хариуцагч талын гаргаж өгсөн ажил гүйцэтгэх төсөвт өртгийн дэлгэрэнгүйг гаргаж өгсөн. Тус ажил гүйцэтгэх гэрээнд хийж гүйцэтгэх ажлыг маш тодорхой зааж өгсөн байх бөгөөд төсөвт өртгийн задаргаанд ажлын хэмжээ тодорхой байдаг. Хариуцагч тал гэрээнд заасан ажлыг хийж дуусгаагүй хаяж явсан бөгөөд бид ажлаа хийж гүйцэтгэн дуусгахыг удаа дараа албан тоотоор шаардсан боловч хийж гүйцэтгээгүй. Манай компаний зүгээс арга буюу хийж гүйцэтгээгүй үлдэгдэл ажлыг нийт 243 000 000 төгрөгөөр өөр компаниудаар хийлгүүлсэн ба өөр компаниудаар хийж гүйцэтгүүлсэн ажил тус төсөв, гэрээнд заагдсан ажилтай таарч байгаа болно. Мөн “Батбаян дэлгэрэх” ХХК-ийн зүгээс 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 02/08 тоот албан бичгээр өөрсдийн туршлага, зохион байгуулалт муутайгаас ажлыг бүрэн хийж дуусгаагүй болохыг, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу санхүүжилт олговол үлдэгдэл ажлыг хийж дуусгах тухай мэдэгдсэн байдаг. Эдгээрээс харахад хариуцагч талын хийж дуусгаагүй ажлыг өөр компаниар хийлгэсэн болох нь хангалттай нотлогдож байгаа гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар өөр компаниудаар үлдэгдэл ажлуудыг хийлгэхэд гаргасан зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй гэж үзэж байгаа болно.

2. Шүүхээс талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна гэжээ.

Манай компаний зүгээс хариуцагч талын хүсэлтийн дагуу хариуцагч талтай 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Учир нь хариуцагч тал гэрээт ажлын санхүүжилтийн зарим хэсгийг өөр ажилд зарцуулж дуусгасан тул үлдэгдэл ажлыг хийж дуусгахад шаардлагатай санхүүжилтийг зээлээр олгож өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан. Мөн “Батбаян дэлгэрэх” ХХК зээлийн гэрээ байгуулсан болохоо 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн албан бичигтээ тодорхой дурдсан байдаг. Компаний зүгээс зээлийн гэрээний дагуу олгох мөнгийг өөр компанид олгож үлдэгдэл ажлуудыг хийж дуусгуулах тухайгаа хариуцагч “Батбаян дэлгэрэх” ХХК-д мэдэгдэж харилцан тохиролцсон.

3. Мөн анхан шатны шүүх хариуцагч 14-1412 тоот гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь уг гэрээнээс татгалзаж, гэрээг цуцалсан байх тул зээлийн гэрээний дагуу талуудад үүрэг үүссэн гэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй байна гэж үзсэн. Манай компаний зүгээс гэрээнээс татгалзаж, гэрээг цуцалсан зүйл огтоос байхгүй болно. Мөн талууд гэрээнээс татгалзаж гэрээг цуцалсан тухай баримт хэрэгт авагдаагүй, огтоос байхгүй байхад шүүх ийнхүү дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай байна.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/00966 тоот шүүхийн шийдвэрт өөрчлөн оруулж хэрэгсэхгүй болгосон 191 699 727 төгрөгийг “Батбаян дэлгэрэх” ХХК-иас нэмж гаргуулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч Т.Сайнбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/00966 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. “Нью тур” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 11.00 цагаас хянан хэлэлцэхээр шүүх хуралдааныг хойшлуулсан байсан. Гэтэл уг шүүх хуралдаан нь өмгөөлөгч миний Улсын дээд шүүхийн хяналтын шатанд гаргасан гомдлыг хянан хэлэлцэх 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн /6 дахь хурал/ шүүх хуралдаантай давхацсан.

Шүүх хуралдаан давхацсан талаарх нотлох баримт, хүсэлтээ анхан шатны шүүхэд гаргаж өгсөн боловч шүүх хуралдаан даргалагч миний хүсэлтийг хүлээж авалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийсэн байна. Энэ нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн. Хэргийн оролцогчийн эрхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т “...шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах...” гээд тодорхой заагаад өгчихсөн байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би өөрийн биеэр шүүх хуралдаанд сууж мэтгэлцэнэ, хүндэтгэн үзэх шалтгаан байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг хангаагүй.

2. Гэрээнд заасан үндсэн ажлын төлбөр, нэмэлт ажлын төлбөр хэд болохыг тогтоогоогүй зөвхөн шилжүүлсэн 1 064 932 875 төгрөгийг гэрээний үнэнд олгосон гэж тодорхойлдог. Гэтэл талууд хоорондоо хэд хичнээн удаа нэмэлт гэрээ хийсэн, тэдгээр гэрээнүүд ямар үнэтэй болох талаар тодруулахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна. Мөн нэхэмжлэгч 1 064 932 875 төгрөгийг гэрээний үнэнд олгосон гэж тайлбарлаж байгаа боловч ажлын гүйцэтгэл 90 хувь байсан талаар нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Гэрээний дагуу нэхэмжлэгч компани бүх санхүүжилтийг хийх ёстой байсан боловч санхүүжилтийг саатуулснаас гэрээний үүрэг зөрчигдсөн байхад үүргийг гүйцэтгэгч буюу хариуцагчаас шаардаж хохирол гаргуулж шийдсэн нь буруу байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 25.1.3, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн хэргийг шийдвэрлэсэн боловч зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөх шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч “Нью тур” ХХК нь хариуцагч “Батбаян дэлгэрэх” ХХК-д холбогдуулан 389 662 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан 14-1412 тоот Ажил гүйцэтгэх гэрээгээр хариуцагч “Батбаян дэлгэрэх” ХХК нь нэхэмжлэгч “Нью тур” ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Бага тэнгэр аялал жуучлалын цогцолборын Авангард загварын 5 ширхэг, Натура А загварын 2 ширхэг, Натура В загварын 1 ширхэг, ВИП-1 загварын 2 ширхэг, нийт 10 ширхэг барилгын гадна фасадны ажлыг санхүүжилт орсон өдрөөс хойш 60 хоногт багтаан хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч “Нью тур” ХХК нь ажлын хөлсөнд нийт 1 310 000 000 төгрөгийг хуваарийн дагуу хариуцагч “Батбаян дэлгэрэх” ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон ба 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 14-1412 дугаар гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулж нийт үнийн дүнг 1 160 000 000 төгрөг болгон багасгаж, гэрээний хугацааг 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сунгасан байна. /хэргийн 8-11, 12-13 дугаар тал/

Мөн талууд 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ байгуулж, Натура А загварын 2 ширхэг, Натура В загварын 1 ширхэг, нийт 3 ширхэг барилгын түшиц ханыг өргөтгөх ажлыг нэмж, ажлын хөлсийг 18 000 000 төгрөгөөр хөлстэйгээр 7 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцжээ. /хэргийн 36 дугаар тал/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч нь 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн гэрээний ажлын хөлсөнд нийт 1 160 000 000 төгрөг төлөхөөс 1 064 932 875 төгрөгийг, мөн 3 ширхэг барилгын түшиц ханыг өргөтгөх гэрээний ажлын хөлсөнд 18 000 000 төгрөг төлөхөөс 14 400 000 төгрөгийг тус тус хариуцагчид төлсөн талаар талууд маргаагүй байна. Мөн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг бөгөөд хариуцагч “Батбаян дэлгэрэх” ХХК нь ажил гүйцэтгэх 14-1412 тоот гэрээний дагуу 1 160 000 000 төгрөгийн фасадны ажлын 90 хувийг буюу 1 044 000 000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэн нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн болох нь талуудын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 14-1412 дугаар гэрээ дүгнэсэн протокол болон талуудын тайлбараар тогтоогджээ. /хэргийн 17 дугаар тал/

 

Түүнчлэн нэмэлт гэрээгээр тохиролцсон 18 000 000 төгрөгийн үнэ бүхий 3 барилгын түшиц ханын ажлыг хариуцагч хийж гүйцэтгээгүй талаар маргаагүй байна.   

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2 дахь хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүд цуцлагдсантай холбоотойгоор 14-1412 тоот Ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийгдээгүй ажлын төлбөрт илүү шилжүүлсэн 20 932 875 төгрөг, нэмэлт ажлын төлбөрт шилжүүлсэн 14 400 000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Тодруулбал хариуцагч гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн 90 хувийн хөлс болох 1 044 000 000 төгрөгийг нэхэмжлэгчийн шилжүүлсэн төлбөр 1 064 935 875 төгрөгөөс хасаж, үлдэх 20 932 875 төгрөгийг, нэмэлт хийж гүйцэтгээгүй 18 000 000 төгрөгийн ажлын төлбөрт шилжүүлсэн 14 400 000 төгрөгийн хамт, нийт 35 332 875 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй юм.

 

Гэтэл шүүх нэхэмжлэгчийн шилжүүлсэн 1 064 932 875 төгрөгний 90 хувь буюу 958 439 587 төгрөгийн ажлыг хариуцагч гүйцэтгэсэн гэж дүгнэж, 106 493 288 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндсэлэлгүй байна.

 

Мөн талууд 14-1412 тоот ажил гүйцэтгэх гэрээний 4.1.6-д “Ажил гүйцэтгэгч тал нь гэрээний 2.1-д заасан хугацаанд БУА-ыг хүлээлгэн өгөөгүй тохиолдолд захиалагч нь хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 0.5 хувиар алданги тооцож авна”, 4.1.11-т “Гүйцэтгэгч нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй, ажлаа орхиж явсан тохиолдолд энэхүү гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 30 хувиар торгууль шаардах эрхтэй” гэж алданги, торгуулийг давхар тооцохоор тохиролцсон байх боловч нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлыг дүгнэн тэмдэглэл үйлдэн хүлээн авч, гэрээг цуцлах хүртэл хугацаанд хариуцагчаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар тус гэрээний гүйцэтгээгүй үүрэг 20 932 875 төгрөгийн 50 хувь буюу 10 466 437 төгрөгийн анзыг хариуцагчаас шаардах эрхтэй байхад анхан шатны шүүх анз шаардах эрхгүй гэж дүгнэсэн атлаа гэрээний дээрх заалтыг үндэслэн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцож алданги болон торгуулийн хэмжээгээр 32 993 816 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, гэрээ цуцлагдсантай холбоотой хохирлын зохицуулсан Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт мөн хуулийн 232 дугаар зүйлийн анзын зохицуулалт хамаарахгүй болно.

 

Харин талууд 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 3 ширхэг барилгын түшиц ханыг өргөтгөх 18 000 000 төгрөгийн нэмэлт ажлыг гүйцэтгэх гэрээнд анзын талаар тохиролцоогүй, энэ талаар нэхэмжлэгч шаардлага гаргаагүй байна.

 

Хариуцагчийн 14-14142 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн 90 хувийн ажил нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар доголдолтой байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд нэхэмжлэгч нь уг гэрээний үлдэх хэсгийг бусад этгээдтэй гэрээ байгуулан хийж гүйцэтгүүлж, хөлс төлсөн нь хариуцагчаас хохирол шаардах үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн гүйцэтгэсэн ажлыг хүлээн авахад доголдолтой байсныг арилгуулахаар хугацаа тогтоосон боловч хариуцагч арга хэмжээ аваагүйгээс нэхэмжлэгч бусад этгээдээр арилгуулсантай холбоотой зардал гарсан болох нь тогтоогдоогүй бөгөөд хохирол гаргуулах үндэслэлгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. 

 

Түүнчлэн талуудын хооронд 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан боловч уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь мөнгийг хариуцагчид шилжүүлсэн гэх үйл баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байх тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Учир нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаярын Улсын дээд шүүхэд хурал давхцсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШЗ2017/04875 дугаар захирамжаар хяналтын шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцож байгаа нь тогтоогдоогүй гэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас 45 799 312 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 343 862 688 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрт, хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, зохигчдын гарагасн адвж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/00966 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 186 дугаар зүйлийн 186.1, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “Батбаян дэлгэрэх” ХХК-иас 45 799 312 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Нью тур” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 343 862 688 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “2 106 264” гэснийг “386 946” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэн-Очирын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлсөн 1 148 000 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 116 448 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ЗОЛЗАЯА

 

                                             ШҮҮГЧИД                               М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                             С.ЭНХТӨР