Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 51

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалж, 

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярмагнай,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн, 
Шүүгдэгч: Д.Намсрай, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд явуулж, 
Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их Монгол овогт Дамдинсүрэнгийн Намсрайд холбогдох 201620000100 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
    Монгол Улсын иргэн, 1970 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бүс дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Увс аймгийн Давст сумын Торхилог багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 44 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан,  РД:ОВ70102810, Их Монгол овогт Дамдинсүрэнгийн Намсрай.  
      Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч  Д.Намсрай нь 2014 оны 01 дүгээр сарын үед Улаанбаатар хотын Налайх дүүргээс тэсэрч дэлбэрэх бодис болох ПТ-П300 загварын завсрын тэсрүүлэгч 8 ширхэг, ЭД-1-8 загварын цахилгаан тэслүүр 11 ширхэг, ДШ-А загварын 52.93 метр урттай цохир дамжуулагч шижим зэргийг хууль бусаар авч яваад Улаангом суманд 5 дугаар багийн 11-09 тоотод оршин суух иргэн Л.Сүхбаатарын амбаарт хадгалсан бөгөөд уг тэсэрч дэлбэрэх бодис болон бусад эд зүйлийг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тус аймгийн Давст сумруу авч явж өөрийн амбаартаа хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд : 
1. Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 15, 16-р тал/, 
2. Хураан авах тогтоол, Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17, 18, 19-20-р тал/, 
3. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 22, 23-24-р тал/,
4. Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 25-р тал/, 
5. Гэрч Д.Энхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: "Миний хувьд болсон зүйлийн талаар мэдэх зүйл байхгүй. Миний төрсөн дүү Д.Намсрай 2-3 жилийн өмнө Улаанбаатар хотруу яваад ирэхдээ манай амбаарт жижиг хайрцагтай юм авч ирээд орхисон байсан. Би тухайн үед машин техникийн эд зүйл байх гэж бодож байсан. Хайрцагтай юмаа хэзээ авч явсаныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд аваад явсан байсан. Би өөрөө айлын хүүхэд хардаг. Гэртээ өдрийн цагаар  байдаггүй юм. Д.Намсрай ганц бие болохоор Улаангомд ирэхдээ манайхаар байдаг юм. Гэр нь Давст суманд байдаг, тодорхой эрхэлсэн ажилгүй. Урд нь Халамжийн хэлтэст жолоочоор ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Чухам яагаад ажлаасаа гарсаныг мэдэхгүй байна. Д.Намсрай хүнтэй гэрлэж байгаагүй бөгөөд түүнд өөрийн гэсэн эд хөрөнгө болоод байх юм байхгүй. Аавынхаа гэрт амьдардаг юм. Хааяа нэг архи уучихдаг. Д.Намсрай надад тэсрэх бодис байгаа талаар хэлж байгаагүй, би ч энэ талаар мэдээгүй. Д.Намсрай манайд машин техникийн эд зүйлийг их авч ирж тавьдаг юм. Д.Намсрай давс олборлож зардаг талаар мэдэхгүй. Гэхдээ хааяа давс гаргаж байна гэж хэлдэг. Өөр нэмж ярих зүйл байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/, 
2. Гэрч Г.Амаржаргалын мөрдөн байцаалтад өгсөн: "Манай "Уулын давс" нөхөрлөл 2016 оны 04 дүгээр сарын 01-нд 14 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Нөхөрлөлийн ахлагч Э.Оюунболд гэдэг залуу байдаг. 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэрээгээ байгуулж 04 дүгээр сарын 06-аас уурхайд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Нийт 14 гишүүнтэй боловч ажилладаг 10-аад хүн байдаг. Нийтдээ 13-15 хоног ажилласан. Анх би болон  Алтанням, Базарсад, Бадармаа, Мэндбаяр, Мөнхтулга, Мөнхжаргал, Болдбаатар, Аюуш, Энхтөр, Анхбаяр бид нар гарч ажиллаж байсан. Давс олборлохдоо (Мулдак) газар хагалагч болон гараар ашиглаж болох ломбо, лантуу зэрэг эд зүйл ашиглаж байсан. Тухайн үед Д.Намсрайгийн гэрт байрлаж үйл ажиллагаа явуулж байсан. Д.Намсрай бид нартай хамтарч ажиллаж байгаагүй. Надад болон манай нөхөрлөлийн аль нэгэн гишүүнд Д.Намсрай нь тэсэрч, дэлбэрэх бодис ашиглаж байгаа, тийм зүйл байгаа талаар хэлж байгаагүй. Түүнд тэсэрч, дэлбэрэх бодис байсан талаар мэдэхгүй. Бид нарт ямар нэгэн өрөм байгаагүй. Манай нөхөрлөл зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн гар аргаар ашиглаж болох эд зүйл ашиглаж олборлолт явуулж байсан. Биднийг Д.Намсрайгийн гэрт 2016 оны 04 дүгээр сарын 10-нд ирээд 3 хонож байтал аймгаас  цагдаагийн ажилчид ирсэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/, 
3. Гэрч А.Алтаннямын мөрдөн байцаалтад өгсөн: "Манай "Уулын давс" нөхөрлөл анх 2016 оны 04 дүгээр сарын 01-нд байгуулагдаж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Нөхөрлөлийн даргаар Г.Амаржаргал ажиллаж байгаа. Нөхөрлөл нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй. Манай нөхөрлөл газар /хөрс/ хагалагч ашиглаж давс олборлож байсан. 2016 оны 04 дүгээр сарын 01-нээс эхэлж 15 хоног ажилласан. Одоогоор хааяа шаардлагатай үед ажиллаж байгаа. Манай нөхөрлөлийнхөн ямар нэгэн тэсэрч, дэлбэрэх бодис ашиглаж давсны олборлолт хийж байгаагүй. Ер нь хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж байгаагүй. Би Д.Намсрайг сайн танина. Хамгийн сүүлд 2016 оны 04 дүгээр сарын эхээр түүнтэй уулзсан. Тухайн үед Д.Намсрай ямар нэгэн олборлолт хийгээгүй. Давсны уурхайд ирээд 2-3 хоноод явсан. Хөл нь өвчтэй байна гээд тэр давс олборлох үйл ажиллагаа эрхлээгүй. Манай нөхөрлөлийн гишүүд тэдний гэрт байрлаж байсан. Гэхдээ тэр манай нөхөрлөлийн гишүүдтэй хамтарч ажиллаж байгаагүй. Д.Намсрай надад тэсэрч, дэлбэрэх бодисны талаар ямар нэгэн юм ярьж байгаагүй, Д.Намсрайд давс олборлох бодис байгаа талаар би мэдээгүй. Д.Намсрай болон манай нөхөрлөлийн гишүүн ямар нэгэн өрөм ашиглаж байгаагүй. Харин бид давс олборлож байхад шороон доороос хуучин муу өрөм олсон юм. Давс олборлож байхад тийм хуучин өрөм гарч ирэх тохиолдол байдаг. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/, 
4. Гэрч Д.Чимэдцэрэвийн мөрдөн байцаалтад өгсөн: "Д.Намсрай миний дүү юм. Бид нар аав, ээжээсээ ах, дүү 5-уулаа. Манай аав Давст сумын уурхайд ажиллаж амьдарч байсан. Том эгч маань аймагт байдаг бөгөөд Д.Намсрай нь миний дараагийн дүү юм. Д.Намсрай нь ганц бие бөгөөд хүнтэй сууж байгаагүй, насаараа ганц бие явсан. Хамгийн бага хоёр дүү ихэр бөгөөд Улаанбаатар хотод амьдардаг. Миний дүү Д.Намсрай нь Давст суманд хувиараа хөдөлмөр хийж ажиллаж амьдардаг. Зан чанарын хувьд  даруухан, уг дуу цөөтэй, хүнтэй эвсэг эелдэг харьдаг, илүү, дутуу зан, муу зуршилгүй, суурь хүмүүжил сайтай, сум орон, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, архи, тамхи хэрэглэдэггүй, хувийн зохион байгуулалт сайтай, ах, дүү, нартаа халамжтай, өөрийгөө болгоод байдаг, бид нарт ямар нэгэн байдлаар төвөг учруулж байгаагүй сайн залуу юм. Ер нь хүнтэй маргаж янз бүрийн асуудал гаргаж шалгагдаж байгаагүй. Өөрийнх нь амьдардаг гэр нь давсны уурхайд байдаг. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй"  гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р тал/,   
5. Гэрч М.Мөнхтулгын мөрдөн байцаалтад өгсөн: "Би Д.Намсрай гэх хүнийг нэг сумын хүн гэдэг утгаар нь танина. Төрөл садангийн холбоо байхгүй. Би Давст сумын төвд амьдардаг бөгөөд эрхэлсэн тодорхой ажилгүй тул "Уулын давс" нөхөрлөлд энэ жилээс эхэлж ажилласан юм. Тэгээд 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр манай нөхөрлөлийн гишүүд болох Оюунболд, Бадармаа, Мөнхтулга, Мөнхжаргал,  Анхбаяр бид нар хүрз, цохилттой өрөм ашиглаж давс олборлож байсан. Бид нартай хамт Д.Намсрай ажиллаагүй юм. Тухайн үед хөл нь гэмтсэн учраас Улаангомд байсан. Би Д.Намсрайд тэсэрч дэлбэрэх бодис байгааг мэдээгүй бөгөөд Д.Намсрай ч бид нарт энэ талаар хэлээгүй. Бид нар ч мэдээгүй. Манай нөхөрлөл давсны уурхайд тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл ашигладаггүй" гэх мэдүүлэг /хх-ийн 38-р тал/,
        6. Гэрч Д.Мэндбаярын мөрдөн байцаалтад өгсөн: "Би Д.Намсрай гэх хүнийг танина. Гэр нь Давст сумын Торхилог багийн Давсны уурхайн хажууд байдаг. Манай гэр сумын төвд байдаг. Би Давст сумын төвд амьдардаг ба тодорхой эрхэлсэн ажилгүй болохоор "Уулын давс" гэх нөхөрлөлд орсон юм. "Уулын давс" нөхөрлөл 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдаж зохих зөвшөөрлөө аваад давсны уурхайгаас давс олборлож эхэлсэн. 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр манай нөхөрлөлийн гишүүд болох Оюунболд, Бадармаа, Мөнхтулга, Мөнхжаргал, Алтанням, Базарсад, Аюуш, Болдбаатар, Амаржаргал, Анхбаяр бид нар цохилттой өрөм ашиглаж давс олборлож байсан. Манай нөхөрлөлд Д.Намсрай ажиллаагүй. Бид нар 2016 оны 04 дүгээр сарын 06-нд давсны уурхайд очиход Д.Намсрай гэртээ байхгүй, Улаангомд хөлөө эмчлүүлж байсан. Бид нар Д.Намсрайгийн гэрийн түлхүүрийг авахуулж гэрт нь байсан. Д.Намсрай Улаангомоос ирээд 2 хонож байгаад цагдаад баригдсан бөгөөд Д.Намсрай бид нарт тэсэрч, дэлбэрэх бодис байгаа талаар хэлээгүй. Бид нар ч мэдээгүй. Манай нөхөрлөл давсны уурхайд олборлолт хийхдээ тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл ашигладаггүй, хэрэглэж байгаагүй. Бид нар хүрз, жоотуу, цохилттой өрөм ашиглаж давс олборлож байсан. Бид нар давс олборлож байгаад давсны уурхайн шороон доороос хуучин өрөм олж авсан. Уг өрөм манай нөхөрлөлийн гишүүдийг шороо малтаж байхад гарч ирсэн. Тэр өрөмийг бид нар олоод газарт хаячихсан байхад цагдаа нар өөрсдөө олж авсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй" гэх мэлдүүлэг /хх-ийн 39-р тал/,
    7. Гэрч Ц.Намсрайгийн мөрдөн байцаалтад өгсөн: "Би Д.Намсрайг танина. Давст сумын давсны уурхай дээр гэр нь байдаг юм. Би 2016 оны 04 дүгээр сарын дундуур Давст сумруу давс ачихаар явсан. Амаржаргал гэх залуугаас давс худалдаж авсан. Улаангомоос явахад миний машинд Д.Намсрай дайгдаж яваад давсны уурхай дээр буусан. Д.Намсрай суухдаа нэг цэнхэр цүнх, нэг шуудайтай зүйл авч суусан. Би Д.Намсрайг юу авч явааг мэдээгүй бөгөөд Д.Намсрай надад тэсэрч, дэлбэрэх бодис авч яваа гэж хэлээгүй. Ба түүнээс юу авч яваа талаар асуугаагүй. Д.Намсрай Улаангомд хөлөө эмчлүүлж байгаад буцаж явна гэж байсан. Тэгээд би тэр өдөртөө давсаа ачаад Улаангомруу буцсан" гэх мэдүүлэг /хх-ийн 40-р тал/, 
        8. Гэрч Э.Баттулгын /Давст сумын хэсгийн төлөөлөгч/ мөрдөн байцаалтад өгсөн: "Давст сумын Торхилог багийн Давсны уурхайгаас урд зүгт 300 метрийн зайд байх  Д.Намсрайгийн төмөр амбаарнаас тэсэрч, дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл болох 8 ширхэг  тэсрэх бодис, тэсэлгээний утас 52 метр 90 см, тэсэлгээний сум 11 ширхэг, цагаан өнгийн нунтаг бодис 10 кг орчим, дөрвөлжин дэвтрийн цаасанд ороосон 3 ширхэг зүйлийг хувцасан  дотор боочихсон байсныг түр хурааж авах тэмдэглэл үйлдэж авсан. Төмөр өрмийг хэнийх болох талаар тэнд ажиллаж байсан хүмүүсээс асуухад "Бид нарых биш" гэж хэлсэн. Д.Намсрай уг тэсэрч дэлбэрэх бодисуудыг "2 жилийн өмнө Налайхын уурхайгаас хоёр казак хүнээс авсан. Одоо тэр хоёр казак хүнийг танихгүй" гэж хэлж байсан. Ямар зорилгоор авч ирж хадгалж байсан талаар асуухад Д.Намсрай "Давс олборлох гэж байсан юм, 2016 оны 04 дүгээр сарын 15-нд Улаангомоос ирэхдээ авч ирсэн" гэж хэлсэн. Улаангомоос ирэхдээ Ц.Намсрай гэх хүний автомашинаар авч ирсэн байсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 41-р тал/, 
    9. Гэрч Я.Энхтөрийн мөрдөн байцаалтад өгсөн: "Би эрхэлсэн тодорхой ажилгүй тул мөнгө олох зорилгоор "Уулын давс" нөхөрлөлд 2016 оны 04 дүгээр сард ажиллаж байсан. Манай нөхөрлөл хэдэн онд байгуулагдсаныг мэдэхгүй. 2016 оны 04 дүгээр сард давс олборлох зөвшөөрөл аваад ажиллаж эхэлсэн. Д.Намсрай "Уулын давс" нөхөрлөлийн гишүүнээр бүртгүүлчихсан байсан. Гэхдээ тэр 2016 оны 04 дүгээр сард ажиллаагүй бөгөөд хөл нь бэртээд Улаангомд байсан. Д.Намсрайгийн гэр Давсны уурхайн хажууд байдаг. Би Д.Намсрайг тэсэрч дэлбэрэх бодис хадгалж байсныг мэдэхгүй. Мөн Д.Намсрай тэсэрч дэлбэрэх бодис байгаа талаараа хэлээгүй. Д.Намсрай өөрийн төмөр амбаарт тэсрэх бодис хадгалж байсныг хэсгийн төлөөлөгч Баттулга, эрүүгийн төлөөлөгч Цогтоо нар 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хурааж авсан. Уг тэсэрч дэлбэрэх бодисыг Д.Намсрай хэзээ хаанаас авч ирснийг мэдэхгүй. Бид Д.Намсрайгийн тэсрэх бодисоор уурхайд давс олборлоогүй бөгөөд бид Д.Намсрайтай хамтарч давс олборлож байгаагүй. 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Д.Намсай нь Ц.Намсрай гэх хөгшин хүний машинтай давсны уурхайд ирсэн. Тэр хүн давс ачаад буцсан. Намсрай ирэхдээ юу авч ирсэнийг би мэдэхгүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 48-р тал/, 
        10. Гэрч М.Саруулбуянгийн мөрдөн байцаалтад өгсөн: "Би Д.Намсрайг танихгүй. Би Улаангом сумын 3 багт байрладаг Хоршооллын 4 номерын дэлгүүрт бүх төрлийн ногооны үр, бордоо, хор, зүлэг, цэцэг зэрэг зүйлийг зардаг. "Ногооны үр" гэх компанийн гэрээт борлуулагч гэж явдаг. Д.Намсрай гэх хүнийг одоо сайн санахгүй байна. Харвал таних байх. Гэхдээ 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нэг эрэгтэй хүн 10 кг азотын бордоо худалдаж авсан. Урд өдөр нь орж ирээд азотын бордоог сонирхож байгаад гараад явсан. Азотын бордоог хүмүүс ихэнхдээ 100 гр болон 1-2 кг-аар авдаг юм. Азотын бордоог 10 кг авсан хүн ганц тэр хүн байсан. Тэр хүн /Д.Намсрай/ азотын бордоог юунд ашиглах талаар хэлээгүй. Азотын бордоог ургамлын ногоон масс нэмэх зорилгоор ашигладаг. Би саяхан Улаанбаатар хотод явж байгаад Өмнөговь аймагт ажилладаг нэг найзтайгаа уулзахад  "Азотын бордоог тэсэлгээнд ашигладаг" гэж хэлж байсан" гэм мэдүүлэг /хх-ийн 44-р тал/,  
    11. Гэрч С.Нэргүйгийн мөрдөн байцаалтад өгсөн: "Би "Уулын давс" нөхөрлөлийн гишүүнээр ажилладаг. 2016 оны 04 дүгээр сарын 06-ны үед давс олборлох зөвшөөрөл сумаас аваад ажиллаж эхэлсэн. Манай нөхөрлөл энэ онд байгуулагдсан байх, би сайн мэдэхгүй байна. Д.Намсрай "Уулын давс" нөхөрлөлийн гишүүнээр нэр нь орчихсон байсан. Гэхдээ 2016 оны 04 дүгээр сард Д.Намсрай ажиллаагүй. Хөл нь бэртээд Улаангом суманд байсан бөгөөд Давсны уурхайн хажууд Д.Намсрайгийн гэр нь байдаг юм. Д.Намсрай өөртөө тэсэрч дэлбэрэх бодис байгаа талаар хэлээгүй, би ч энэ талаар мэдээгүй.  Д.Намсрай өөрийн төмөр амбаарт тэсрэх бодис хадгалж байсныг хэсгийн төлөөлөгч Баттулга, эрүүгийн төлөөлөгч Цогтоо нар 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Д.Намсрайгаас хурааж авсан. Д.Намсрай хэзээ, хаанаас тэсрэх бодис авч ирж амбаартаа хийснийг мэдэхгүй байна. Бид Д.Намсрайгийн тэсрэх бодис ашиглаж уурхайд давс олборлож байгаагүй" гэх мэдүүлэг /хх-ийн 45-р тал/,
        12. Гэрч Д.Бадармаагийн мөрдөн байцаалтад өгсөн: "Би "Уулын давс" нөхөрлөлд 2016 оны 04 дүгээр сараас хойш ажиллаж байна. Энэ нөхөрлөл өмнө нь хэзээ байгуулагдсаныг мэдэхгүй. Д.Намсрай "Уулын давс" нөхөрлөлийн гишүүнээр бүртгүүлчихсан байсан. Гэхдээ 2016 оны 04 дүгээр сард Д.Намсрай ажиллаагүй. Хөл нь бэртээд Улаангом суманд байсан. Давсны уурхай дээр Д.Намсрайгийн гэр байдаг бөгөөд тэнд олон жил болж байгаа байх. Д.Намсрай тэсэрч дэлбэрэх бодис хаанаас авч ирсэн, хаана хадгалсан талаар би мэдэхгүй. Мөн Д.Намсрайд тэсэрч дэлбэрэх бодис байгааг мэдээгүй. Д.Намсрай уурхайгаас 500 метр газарт  байдаг өөрийн төмөр амбаарт тэсрэх бодис хадгалж байсныг  хэсгийн төлөөлөгч Баттулга, эрүүгийн төлөөлөгч Цогтоо нар 2016 оны 04 сарын 18-ны өдөр хурааж авсан. Д.Намсрайгийн тэсрэх бодисыг ашиглаж уурхайд давс олборлож байгаагүй" гэх мэдүүлэг /хх-ийн 46-р тал/, 
                   13. Гэрч Ю.Болдбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: "Би "Уулын давс" нөхөрлөлд 2016 оны 04 дүгээр сараас эхэлж хамтран ажилласан. Уг нөхөрлөл 2016 оны 04 дүгээр сарын 06-ны үед давс олборлох зөвшөөрөл сумаас аваад ажиллаж эхэлсэн. "Уулын давс" нөхөрлөлийн дарга нь Оюунболд гэх хүн байдаг боловч тухайн үед ажиллахгүй Улаанбаатар хотод байсан. Д.Намсрай "Уулын давс" нөхөрлөлийн гишүүнээр нэр нь орчихсан байсан. Гэхдээ 2016 оны 04 дүгээр сард Д.Намсрай ажиллаагүй. Хөл нь бэртээд Улаангом суманд байсан бөгөөд тэдний гэр нь давсны уурхайн хажууд  байдаг юм. Д.Намсрай тэсэрч дэлбэрэх бодис хаанаас авч ирсэн, хаана хадгалсан талаар би мэдэхгүй. Д.Намсрай өөрийн төмөр амбаартаа тэсрэх бодис хадгалж байсныг хэсгийн төлөөлөгч Баттулга, эрүүгийн төлөөлөгч Цогтоо нар 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Д.Намсрайгаас хурааж авсан. 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Д.Намсрай нь Ц.Намсрай гэх хүний машинтай давсны уурхайд ирсэн гэсэн. Би тухайн үед сумын төвд байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 47-р тал/, 
        14. Гэрч Д.Цогтоогийн мөрдөн байцаалтад өгсөн: "Би гүйцэтгэх ажлын шугамаар Давст сумын харьяат Д.Намсрай гэгч хууль бусаар тэсэрч дэлбэрэх бодис хадгалж байна гэж мэдээлэл авсан. Тэгээд Давст сумын хэсгийн төлөөлөгч Баттулгын хамтаар Давст сумын Торхилог багийн Давсны уурхайгаас урд зүгт 200-300 метрийн зайд байх Д.Намсрайгийн төмөр амбаараас тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл болох 8 ширхэг тэсрэх бодис буюу шашки, тэсэлгээний утас 52 метр 90 см, тэсэлгээний сум 11 ширхэг, цагаан өнгийн нунтаг бодис 10 кг орчим, дөрвөлжин дэвтрийн цаасанд ороосон 3 ширхэг зүйлийг хураан авсан бөгөөд хэсгийн төлөөлөгч Баттулга тэмдэглэл үйлдсэн.  Төмөр өрөм 1 ширхэгийг Давсны уурхайн шороо дээр байсныг хураан авсан. Төмөр өрмийг хэнийх вэ? гэж тэнд ажиллаж байсан хүмүүсээс асуухад "Бид нарынх биш" гэж  хэлсэн. Давсны уурхайд "Уулын давс" нөхөрлөлөөс гадна ямар нэгэн хүн үйл ажиллагаа явуулахгүй байсан. Д.Намсрай уг тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлийг "2 жилийн өмнө Налайх дүүргээс хоёр үл таних казак хүнээс авсан. Одоо тэр хоёр казак хүнийг танихгүй" гэж хэлж байсан. Ямар зорилгоор авч ирж хадгалж байсан талаар асуухад "Давс олборлох зорилгоор авч ирсэн" гэж хэлж байсан. 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс хоёр хоногийн өмнө Улаангомоос авч ирсэн гэж хэлсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 50-р тал/, 
    15. Гэрч П.Сүхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: "Д.Намсрай нь миний эхнэрийн дүү юм. Д.Намсрай нь 2014 онд Улаанбаатар хотоос 1 хайрцагтай скочдож нааж бэхэлсэн зүйл авч "Үүнийг танай амбаарт үлдээлээ, хадгалж байгаарай" гэж хэлчихээд Давст сумруу явсан. Тэгээд сүүлд 2016 онд 03 дугаар сард Улаангом суманд байж байгаад хайрцагтай зүйлээ аваад явсан. Тухайн зүйл юу байсныг мэдээгүй сүүлд сонсоход тэсрэх зүйл байсан гэж сонссон. Д.Намсрай надад юу ч яриагүй. Би юу ч асуугаагүй. Энэ талаар надад мэдэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р тал/, 
16. Монгол улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2963 дугаартай шинжээчийн: 1. Шинжилгээнд "Цагаан шаргал өнгийн зөөлөн хуванцар бүрээстэй, жинтэй, цилиндир хэлбэртэй, нэг талдаа 15 мм голчтой нэвт нүхтэй, нөгөө талдаа 15 мм голчтой нэвт 10 мм голчтой мухар нийт нүхтэй, гадаргуудаа ПТ-ПТ-300, 31/14/1837 болон "таван талт дүрс" бүхий ОХУ-ын Бийский үйлдвэрт үйлдвэрлэгдсэн завсарын тэсрүүлэгч-1 ширхэг
-Шар болон ногоон өнгийн зөөлөн бүрээстэй тус бүр нэг металл гол бүхий 0,8 мм голчтой 196 см урттай хос утас холбосон, гадаргууд нь 5720609LO1111 гэсэн тусгай тэмдэглэгээ хийгдсэн хар өнгийн металл гадаргуутай, эвдэрч гэмтээгүй бүрэн бүтэн ЭД-1-8-Т загварын цахилгаан тэсэлгүүр-1 ширхэг, 
- Улаан шаргал өнгийн зөөлөн хуванцар бүрээстэй, 5 мм голчтой, 93.5 см урттай, нэг үзүүр нь шатаж хайлсан байдалтай, ДШ-А загварын цочир дамжуулах шижимийн хэсэг 
-Дөрвөлжин дэвтрийн цаас, скочоор гадна талаараа ороосон гуван ширхэг нунтаг зүйл болон нийлэг уутанд хийж ирүүлсэн мөхлөг хэлбэрийн нунтаг зүйлсийг юу болохыг тодорхойлуулахаар химийн шинжилгээнд ирүүлжээ. 
2. Шинжилгээнд ирүүлсэн завсарын тэсрүүлэгч нь тэсрэх бодис мөн, цочир дамжуулах жишим, цахилгаан тэслүүр нь тэсэлгээний хэрэгсэлүүдэд хамаарна. 
3. Шинжилгээнд ирүүлсэн завсарын тэсрүүлэгч буюу тэсрэх бодис нь ОХУ-ын Бийскийн үйлдвэрт үйлдвэрлэгдсэн тэмдэглэгээтэй бөгөөд тэсэлгээний ажилд зориулан үйлдвэрлэсэн байна. 
4. Шинжилгээнд үйлдвэрлэл, уул уурхайн зориулалттай тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлүүдийг ирүүлсэн байна. 
5. Шинжилгээнд ирүүлсэн тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлүүд нь тэсэлгээний ажилд зориулан үйлдвэрлэсэн байна. 
6. Шинжилгээнд ирүүлсэн завсарын тэсрүүлэгч буюу тэсрэх бодис, цахилгаан тэсрүүлэгч, цочир дамжуулагч шижим зэргийг угсарч цахилгааны эх үүсвэрт холбосон тохиолдолд тэсэрнэ. Шинжилгээнд ирсэн байдлаараа тэсрэх аюулгүй" гэх дүгнэлт /хх-ийн 57-58, 59-60-р тал/, 
17. Монгол улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 3791 дугаартай  шинжээчийн: "Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн нунтаг бодист нитро нэгдэл илэрсэн. Нитро нэгдэл нь тэсэрч дэлбэрэх бодисын гол найрлаганд ордог болно. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн нунтаг бодисыг ямар нэртэй бодис болохыг тогтоох шинжилгээг хийх техникийн боломжгүй" гэх дүгнэлт /хх-ийн 62-р тал/, 
18. Шүүгдэгч Д.Намсрайгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 78-р тал/, 
19. Шүүгдэгч Д.Намсрайгийн хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 72, 74, 89-91, 93-94, 99-р тал/, 
20. Увс аймгийн Давст сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 03-нд гаргасан 123 дугаартай тодорхойлолт /хх-ийн 81-р тал/,
21. Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гурвалсан гэрээ /хх-ийн 82-86-р тал/
    22. Шүүгдэгч Д.Намсрайгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "Би 2014 оны 01 дүгээр сард Улаанбаатар хотын Налайх дүүрэгт байх уул уурхайн дэлгүүр орж зарж байгаа эд зүйлсийг нь сонирхохоор Улаанбаатар явсан юм. Тэгээд Налайх дүүрэгт очоод тэр дэлгүүр орж юм сонирхож яваад дэлгүүр дотор 2 Казак хүнтэй тааралдаж уул уурхайн талаар ярилцсан. Тэр 2 хүн Налайхын уурхайд ажилладаг гэхээр нь тэд нараас "Тэсрэх материал байна уу" гэж асуухад "Тэсрэх бодис байна" гэж хэлэхээр нь би тэр хоёрт "Тэгвэл хамт очоод авъя" гэж хэлэхэд "Чи эндээ хүлээж бай. Бид хоёр очоод аваад ирье" гэж хэлээд явсан. Удалгүй тэр 2 залуу тэсрэх бодис авч ирэхээр нь би тэсэлгээний материал болох 2 боодол тэсэлгээний холболтын ОША 100 метр утсыг 150.000 төгрөг, Шашки-8 ширхэгийг 160.000 төгрөг, тэсэлгээний сум 77 ширхэгийг 77.000 төгрөг, 50 ширхэг дарийг 50.000 төгрөгөөр тус тус худалдаж авсан. Тэгээд худалдаж авсан материалуудаа аваад Увс аймгийн Улаангом суманд ирсэн ба 2014 оны 02 дугаар сард Давст сумын цагдаа нарт тэсэлгээний холболтын ОША-48 метр утас, 50 ширхэг дарь зэргийг гэртээ авч очсон байж байгаад хураалгасан юм. Улмаар тэсрэх бодис хууль бусаар хадгалсан хэргээр шалгагдаж, 1 жилийн тэнсэн хянан харгалзах ялаар шийтгүүлсэн юм. Би тухайн үед үлдсэн материалыг Улаангомд байх хүргэн ах Сүхбаатарын амбаарт боогоод үлдээсэн байсан. Тэр үед тэсэлгээний холболтын ОША 52 метр утас, шашки-8 ширхэг, тэсэлгээний сум 11 ширхэг зэргийг цагдаа нарт хураалгаагүй юм. 2016 оны 04 дүгээр сарын 15-нд шашки-8 ширхэг, тэсэлгээний утас ОША-52 метр, тэсэлгээний сум 11 ширхэг зэргийг Сүхбаатарын амбаараас аваад мөн тэр өдрөө Улаангомд байх Хөдөө аж ахуйн дэлгүүр дотор байдаг үр тарианы бордоо зардаг дэлгүүрээс Азотын бордоо 10 кг-ыг аваад Давст сумруу явсан. Давст суманд очоод Торхилог багт байх өөрийн амбаартаа хадгалж байгаад цагдаа нарт хураалгасан юм. Манай гэр Давст сумын Давсны уурхайн дээр байдаг юм. Шашки, тэсэлгээний холболтын ОША утас, тэсэлгээний сум, Азотын бордоо зэрэг эд зүйлийг тэсэрч дэлбэрэх бодис болгон ашиглаж болно. Шашкины нүхрүү ОША утасны үзүүрийг хийж, нөгөө үзүүрийг тэсэлгээний сумтай холбож гал өгсөнөөр тэсэрдэг юм. Гэхдээ би тэсэлж үзээгүй. Азотын бордоог тэсэлгээнд хэрэглэх гэж авч яваагүй. Би дээрх тэсэлгээний бодисуудыг ашиглаж давсны уурхайгаас давс гарган авч амьдрал ахуйгаа дээшлүүлье гэж бодож байсан юм. Би тэсэрч, дэлбэрэх бодис хадгалж байгаа талаараа хэн нэгэнд хэлээгүй. Би хууль бусаар тэсэрч дэлбэрэх бодис хадгалсан гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү" гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл: 
Шүүгдэгч Д.Намсрай нь тэсэрч дэлбэрэх бодис болох ПТ-П300 загварын завсрын тэсрүүлэгч 8 ширхэг, ЭД-1-8 загварын цахилгаан тэслүүр 11 ширхэг, ДШ-А загварын 52.93 метр урттай цохир дамжуулагч шижим, 9.93 кг азотын бордоо /аммонит нитрат/ зэргийг хууль бусаар Улаангом суманд 5 дугаар багийн 11-09 тоотод оршин суух иргэн Л.Сүхбаатарын амбаарт хадгалсан, уг тэсэрч дэлбэрэх бодис болон бусад эд зүйлийг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тус аймгийн Давст сумруу авч явсан, өөрийн амбаартаа хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь эд зүйл түр хураан авасан тэмдэглэл,  хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол,  гэрч Д.Энхтуяа, Г.Амаржаргал, А.Алтанням, Д.Чимэдцэрэв, М.Мөнхтулга, Д.Мэндбаяр, Ц.Намсрай, Э.Баттулга, Я.Энхтөр, М.Саруулбуян, С.Нэргүй, Д.Бадармаа, Ю.Болдбаатар, Д.Цогтоо, П.Сүхбаатар нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2963 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг болон гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. 
Мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил гараагүй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Намсрайд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч 2014 оны 01 дүгээр сард шүүгдэгч Д.Намсрай Нийслэлийн  Налайх дүүргээс эдгээр тэсэрч дэлбэрэх бодис болон дагалдах хэрэгслийг авч ирж хадгалж байгаад 2014 оны 02 дугаар сард баригдаж Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 02-ны 44 дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгэгдсэн учраас дахин энэ хэрэгт ял шийтгэл оногдуулах үндэслэлгүй гэж мэтгэлцэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 02-ны 44 дугаартай шийтгэх тогтоолоор "Аммонит бодис 50 ширхэг, 4.9 кг аммони нитрат /нунтаг цагаан зүйл/, шижим утас 3 боодлыг авч явсан, хадгалсан" гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн байна. Энэ гэмт хэрэг нь илрүүлсэнээр төгссөн бөгөөд ПТ-П300 загварын завсрын тэсрүүлэгч 8 ширхэг, ЭД-1-8 загварын цахилгаан тэслүүр 11 ширхэг, ДШ-А загварын 52.93 метр урттай цохир дамжуулагч шижим, 9.93 кг азотын бордоо /аммонит нитрат/ зэргийг хамт авч ирсэн байсан ч тухайн үед гаргаж өгөхгүйгээр санаатайгаар нууж авч үлдэж хадгалснаар дахин шинэ гэмт хэргийг бүрэлдэхүүнийг бий болгосон гэж үзнэ.
Шүүгдэгч Д.Намсрай нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй, гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг  ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал  зэргийг харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэн харгалзахаар шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хадгалагдаж байгаа ПТ-ПТ-300, 31/14/1837 гэсэн тэмдэглэгээтэй завсарын тэсрүүлэгч 1 ширхэг, 5720609L01111 тэмдэглэгээтэй цахилгаан тэсрүүлэгч буюу тэсэлгээний сум 1 ширхэг, ДША загварын цочир дамжуулагч 93 см урттай шижим 1 шихрэг, дөврөлжин дэвтрийн цаасанд боосон 3 ширхэг нунтаг зүйл, "Хар тарвагатай" ХК-ий тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг хадгалах байранд хадгалагдаж байгаа ПТ-П300 загварын завсрын тэсрүүлэгч 7 ширхэг, ЭД-1-8 загварын цахилгаан тэслүүр 10 ширхэг, ДШ-А загварын 52 метр урттай цохир дамжуулагч шижим, 9.93 кг азотын бордоо /аммонит нитрат/-г тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймгийн Онцгой байдлын албанд шилжүүлэх, төмөр өрөм 1 /нэг/ ширхэгийг шүүгдэгч Д.Намсрайд буцаан олгох  нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Намсрай нь Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 44 дугаартай  Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан хугацаанд  дахин гэмт хэрэг үйлдээгүй байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялгүйд тооцогдоно. Иймээс шүүгдэгч Д.Намсрайг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийн гэмт үйлдлээс бусдад учирсан хохиролгүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй,  шүүгдэгч Д.Намсрай нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хүндүүрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 294-296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэгт, 298 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Их Монгол овогт Дамдинсүрэнгийн Намсрайг тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар хадгалсан, авч явсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  185 дугаар зүйлийн  185.1 дэхь  хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.Намсрайд  2 /хоёр/ жил хорих ял  шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Намсрайд оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Д.Намсрай нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүйг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Намсрайд оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/  жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэнд хяналт тавих тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хадгалагдаж байгаа ПТ-ПТ-300, 31/14/1837 гэсэн тэмдэглэгээтэй завсарын тэсрүүлэгч 1 ширхэг, 5720609L01111 тэмдэглэгээтэй цахилгаан тэсрүүлэгч буюу тэсэлгээний сум 1 ширхэг, ДША загварын цочир дамжуулагч 93 см урттай шижим 1 шихрэг, дөрвөлжин дэвтрийн цаасанд боосон 3 ширхэг нунтаг зүйл, "Хар тарвагатай" ХК-ий тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг хадгалах байранд хадгалагдаж байгаа ПТ-П300 загварын завсрын тэсрүүлэгч 7 ширхэг, ЭД-1-8 загварын цахилгаан тэслүүр 10 ширхэг, ДШ-А загварын 52 метр урттай цохир дамжуулагч шижим, 9.93 кг азотын бордоо /аммонит нитрат/-г тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймгийн Онцгой байдлын албанд шилжүүлэх, төмөр өрөм 1 /нэг/ ширхэгийг шүүгдэгч Д.Намсрайд буцаан олгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч Д.Намсрайд өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан,  хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах ба улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.ГАНСҮХ