Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2018/ДШМ/88

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 07 өдөр                        

 2018/ДШМ/88                                                                  Зуунмод

Х.М, Т.Э, Х.Мя, С.А нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Нэргүй,

            Нарийн бичгийн дарга Э.Уртнасан нарыг оролцуулан

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэнгийн даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 08 сарын 02-ны өдрийн 221 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Х.М, Т.Э, Х.Мя, С.А нарт холбогдох 1834000000121 дугаартай 1 хавтас 51 хуудас бүхий эрүүгийн хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, Ховд аймгийн Дарви суманд 1987 оны 04 сарын 24-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт, Улаанбаатар .. тоотод оршин суух, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 306 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Х.М РД:/П...5/.

 

Монгол улсын иргэн, Ховд аймгийн Дарви суманд 1991 оны 04 сарын 02-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх дүүгийн хамт Улаанбаатар хот ...тоотод оршин суух, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ийн 657 дугаар захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Т.Э ,  РД:/П...213/.

Монгол улсын иргэн, Ховд аймгийн Дарви суманд 1989 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх дүүгийн хамт Улаанбаатар хот ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х.М РД:/П....9/.

 

Монгол улсын иргэн, Ховд аймгийн Дарви суманд 1989 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан ....  тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С.А, РД:/П.. 2/.

 

Шүүгдэгч Х.М, Т.Э, Х.Мя, С.А нар бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 04 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө хохирогч Ч.Даваахүүгийн 3 адуу хулгайлсан, Х.М , Т.Э нар бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 04 дүгээр сарын 01-нөөс 02-нд шилжих шөнө хохирогч Д.Одсүрэнгийн 3 адуу, 2018 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө хохирогч Г.Эрдэнэдалайгийн 1 азарга, хохирогч Н.Эрдэнэбаярын 1 үрээг хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 221 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Х.Мө, Т.Э, Х.М , С.А нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.М , Т.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 6 сарын хорих ялаар шийтгэж, оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Мянганбаатар, С.Алтаннавч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Батбямба нь гаргасан дүгнэлтдээ: "Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолоор Х.М , Т.Э , Х.Мя С.Алтаннавч нар бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг "Улаан хужирын булан" гэх газраас Ч.Даваахүүгийн өмчлөлийн 3 толгой адууг Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж нядалсан, мөн 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Х.М  Т.Э нар нь бүлэглэн Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг " Замын Ховил" гэх газраас иргэн Д.Одсүрэнгийн өмчлөлийн 3 толгой адууг Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл болон улсын дугааргүй Даюун маркийн мотоцикль ашиглан хулгайлж нядалсан, Х.М , Т.Э нар бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг "Нурамт" гэх газраас иргэн Г.Эрдэнэдалайн өмчлөлийн 1 толгой хонгор зүсмийн азарга, иргэн Н.Эрдэнэбаярын өмчлөлийн сартай хээр зүсмийн хязаалан насны 1 толгой үхэр зэргийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, нядалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.М , Т.Э нарыг 6 сарын хугацаагаар хорих ял, Х.Мянганбаатар, С.Алтаннавч нарт тус бүр хорих ял оногуудалхгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байна.

Ялтан Х.М , Т.Э , Х.Мя нар нь бүлэглэн Төв аймгийн Аргалант сумын Хөшөөг багийн нутаг "Бав" гэх газраас 2018 оны 04 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө хохирогч Э.Ууганбаатарын өмчлөлийн хээр алаг, бөөн сүүлтэй хээр, хээр зүсмийн нийт 3 толгой адууг Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл болон улсын дугааргүй Даюун маркийн мотоцикль зэргийг ашиглан хулгайлж, бусдад 4,303,250 төгрөгний хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн 1834002460330 дугаартай хэрэг үүсгэн, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ба эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлж, шүүхээс ялтан Х.М , Т.Э , Х.Мя нарын үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг хэрэглэх боломжгүй нөхцөл байдал үүсэх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан "шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн" гэх үндэслэл шинээр илэрч байна.

 

Иймд ялтан Х.М , Т.Э , Х.Мя нарт холбогдох эрүүгийн 1834000000121 дугаартай хэрэгт, эрүүгийн 1834002460330 дугаартай хэргийг нэгтгэж, тэдэнд нэг удаа ял шийтгэл оногдуулах шаардлагатай, тэдний хувьд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг баримтлах зорилгоор Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр прокурорт буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлт бичив." гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Нэргүй гаргасан тайлбартаа: "Прокурорын дүгнэлтийг дэмжиж оролцож байна." гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.М, Т.Э, Х.Мя, С.А нар бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 04 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө хохирогч Ч.Даваахүүгийн 3 адуу хулгайлсан, Х.М , Т.Э нар бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 04 дүгээр сарын 01-нөөс 02-нд шилжих шөнө хохирогч Д.Одсүрэнгийн 3 адуу, 2018 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө хохирогч Г.Эрдэнэдалайгийн 1 азарга, хохирогч Н.Эрдэнэбаярын 1 үрээг хулгайлсан гэмт хэрэг үйлдэж Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 221 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.М , Т.Э нарт 6 сарын хорих ял оногдуулж, Х.Мянганбаатар, С.Алтаннавч нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байна.

Гэтэл  Х.М ,  Т.Э ,  Х.Мя  нар  нь  бүлэглэн,  тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 04 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө хохирогч Э.Ууганбаатарын 3 адууг хулгайлж, 4303250 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт шалгагдаж байгаа болох нь эрүүгийн 1834002460330 дугаартай хавтаст хэргээр нотлогдож байна.

 

Уг үйлдлийг Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоол гарах үед мэдэгдээгүй, шүүхээс мэдэх боломжгүй байжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно" гэж зохицуулсан тул шүүгдэгч нарын өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт "...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн..."нь тогтоогдвол шинээр илэрсэн нөхцөл гэж үзэх тул прокурор Ц.Батбямбын бичсэн 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн авч, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 221 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгуулахаар прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 221 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.М, Т.Э, Х.Мя, С.А нарт холбогдох 1834000000121 дугаартай эрүүгийн хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцаасугай.

 2. Энэхүү магадлалын хувийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу прокурор, оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Эрдэнэчимэгт даалгасугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

           ШҮҮГЧИД                                                     Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

                                                                                 Г.БОЛОРМАА