Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2016/0487

 

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7 дугаар багын

иргэдийн Нийтийн Хурлын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 110/ШШ2016/0014 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7 дугаар багын иргэдийн Нийтийн Хурлын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 110/ШШ2016/0014 дүгээр шийдвэрээр Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 11 дүгээр зүйлийн 11.1, 17 дугаар зүйлийн 17.1.2, 23 дугаар зүйлийн 23.4, 23.10, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Өлгий сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын Өлгий сумын Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 249 дүгээр Ажилд томилох тухай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдээс тус сумын 9 багт бүхэлд нь иргэдийн Нийтийн Хурал, Засаг дарга сонгох сонгуулийн хуваарь гарган шийдвэрлэж багийн иргэдийн Нийтийн Хурал, түүний тэргүүлэгчдийн бүрэн эрх, хурлын даргын нийтлэг бүрэн эрхийг өөртөө шилжүүлэн авч тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид эрхээ хэтрүүлэн ашиглаж хууль зөрчсөн. Энд ганцхан 7 дугаар багийг салган авч тэрбээр иргэдийн Нийтийн Хурал хурлаа хийгээгүй, тэргүүлэгчид бүрэн эрхээ, хурлын дарга нийтлэг бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй гэж буруутгах нь үндэслэлгүй юм.

Иргэдийн Нийтийн Хурал, Засаг дарга сонгох хуулийн хугацаа 2009 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 37 дугаар захирамжаар 7-р багийн Засаг дарга Х.Берикболыг томилсноор эхэлж, 2013 оны 04 дүгээр сарын 03-нд дуусах байсан ч Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдээс өмнө нь 2013 оны 01 дүгээр сард хуваарь гарган 2013 оны 11 дүгээр сар хүргэж 4 жилээс 7 сар хэтрүүлэн зөвхөн 7-р баг сонгуулийн 4 жил 7 сарын хугацааны эрхийг өөртөө шилжүүлэн авсан байдаг. Гэтэл Өлгий сумын бусад 8-н багийн сонгуулийн хурлыг 2013 оны 01 дүгээр сарын 24-27-ны өдөр хүртэл 3-хан өдөрт хийсэн байна.

Энэ нь Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 22 дугаар зүйлийн 22.1.1, 23 дугаар 23.4-д заасныг тус тус зөрчсөн.

Үүнийг багийн иргэдийн Нийтийн Хурал түүний тэргүүлэгчдийн бүрэн болон хурлын даргын нийтлэг бүрэн эрхэд тус тус халдаж, дураараа аашилсан гэж үзэж байна. Гэтэл шүүхээс хуулийн үндэслэл, эх сурвалжийг зааж чадаагүй мөртлөө сонгуулийн 4 жилийн хугацаа 2013 оны 04 сард дуусахаас 2 сарын өмнө Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдээс 2013 оны 01 сард хуваарь гарган бусдын бүрэн эрхийг булаан авсныг дэмжин зөвтгөж шийдвэрлэсэн нь илт хууль бус байна.

Эрх бүхий этгээдээс Багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдааныг товлон зарлаагүй байхад, хурал хийх бэлтгэл хангаагүй байхад өөрөөр хэлбэл Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өөр ажил, зорилгоор Хотгорын 7-р багт очингуут гэнэтийн байдлаар ээлжит иргэдийн Нийтийн Хурал, Засаг даргыг сонгох сонгуулийн ажил явуулсан нь мөн хуулийн 20.1.1, 22.1.1 хэсэгт заасныг дахин зөрчсөн.

Энэ гэнэтийн байдлаар зар өгсөн үйлдэл нь Зар сурталчилгааны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.3-д заасныг зөрчсөн.

Тус ажлын хэсэг 7-р багт иргэдийн Нийтийн Хурлын даргын тамгыг зүй бусаар, шууд хурааж, өөрөөр хэлбэл хүч хэрэглэлгүйгээр булааж аваад Засгийн Газрын 2001 оны 41 дүгээр тогтоолоор баталсан тамга, тэмдэг хэрэглэх зааврын 1, 2.е/, 33, 37, 41-д заасныг тус тус зөрчжээ.

Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг товлон зарлаагүй, хурал хийх бэлтгэл хангаагүй, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-д заасныг зөрчиж хурлын тэмдэглэл хөтлөөгүй байж, Хурлын тогтоол гарах эх сурвалж , хуулийн үндэслэлгүй билээ.

Хурлын тогтоолуудын дугаарууд нь зөрүүтэй, хурлын дарга гарын үсэг зураагүй, тус тогтоолд гарын үсэг зурах холбогдолгүй этгээдүүд нэгэнд нь гарын үсэг бүрэн зурсан, нөгөөд нь гарын үсэг дутуу зурсан, алийг нь хүчинтэйд тооцох эсэх нь эргэлзээтэй, дүгнэж хэлбэл Хурлын даргын гарын үсэггүй байх тул хүчинтэй гэх тогтсон зүйлгүй зэрэг хоёр төрлийн тогтоол үйлдэгдсэн байдал, Өлгий сумын Засаг даргын нарийн бичгийн ажилтан “Би тогтоолыг шивсэн” гэсэн мөртлөө эргэж “7-р багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга тогтоол өгөөгүй” гэх зэрэг зөрчилтэй зүйл мэдүүлсэн байдаг нь анхнаас тогтоол үйлдэгдээгүй буюу зөвхөн дүр эсгэсэн тогтоол гэхийг уншиж сонсгоод дараа нь шүүхэд асуудал хөндөгдөх үед нөхөн бичилт хийж хуурамч тогтоол бичсэн нь өмнө аймгийн Засаг дарга, Цагдаагийн газарт тухайн үед, боломжит хугацаа 1 сарын туршид тус тогтоолыг гаргаж, олж өгч чадаагүй, Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Х.Досжан, тус хурлын ажилтан Күлиза нарын "Тогтоол байгаагүй, сүүлд нь миний сейфэнд тогтоол, материалтай хавтсыг хэн, хэзээ, яагаад хийснийг би мэдэхгүй" гэсэн шууд шалтгаант холбоогоор батлагдаж байна. Багийн иргэдийн Нийтийн хурлын тамгыг урьдчилан хураан авч, цагаан цаасан дээр тус тамгыг дарж хуурамч тогтоол үйлдсэн хууль бус үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/-ны шууд үр дагаврын илрэл ба урьдчилан тохиролцож, үгсэн хуйвалдсан үйлдэл бөгөөд тэрбээр Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, Засгийн газрын 2001 оны 41 дүгээр тогтоолоор баталсан тамга, тэмдэг хэрэглэх зааврын 33-д заасныг тус тус зөрчсөн байна. Мөн Албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 1.3, 1.6, 1.9-д заасныг тус тус зөрчсөн.

7 дугаар багаас сонгогдсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тус багийн иргэдийн Нийтийн Хурал, Засаг дарга сонгох ээлжит сонгуулийн хурлын гишүүн А.*******ын “Саналын хуудсыг хайрцагт бөөнөөр нь хийж, сонгуулийг ийм арга, маягаар явуулж болдог л юм байна” гэж хэлсэн сонгогчийн санал, санал хураалтын дунг гажуудуулахад хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүй гэх тухайд гэрч *******, С.*******, нэхэмжлэгч Т.******* нарыг өмнө нь Цагдаагийн газарт болон Шүүхэд урьдчилан өгсөн мэдүүлгүүдэд мөн А.*******тай шүүх хуралдаан дээр нүүрэлдэхэд хэргийн талаар гэрчүүд өөрийн мэдэх нотолгооны зүйл, мэдүүлгийнхээ эх сурвалжыг зааж А.*******ын хэлсэн үгийг гурван удаа баталж, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаагаа үнэн зөв мэдүүлэг өгч, санаатайгаар худал мэдүүлэг өгсөн бол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээнэ гэж тангарагласан боловч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.6, 84 дүгээр зүйлийн 84.2 дахь хэсгүүдийг шүүхээс анхаарч үзээгүй зөрчиж зөвхөн нэг талыг барьж, тал бүрээс нь, бодитой шийдвэрлээгүй гэж үзэж байна.

Ж.******* хэлэхдээ: "камерийн цэнэг дуусахаар бага байсан тул зөвхөн сүүлийн хэсгийг буулгаж авсан", зураг авалт, нарийн бичгийн ажлыг хамтад нь нэгэн зэрэг амжуулж хийх боломжгүй бөгөөд сонгогчдын нэрсийн жагсаалт гаргасан гэх боловч түүнд гарын үсэг, ямар нэгэн тэмдэглэгээ хийгээгүйгээр гэрчлэгдэх ба Ж.******* нь зөвхөн дүр эсгэсэн байна.

Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Онгар багуудын сонгуулийн хуваарь гаргасан, бүх хуйвалдааныг зохион байгуулсан мөртлөө "сонгууль 11-р сард явагдсаныг би сайн мэдэхгүй, тогтоол, материалыг тус хурлын дарга Т.******* өгөх ёстой, очсон ажлын хэсгийн гишүүн, хурлын нарийн бичиг Баршагүл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албанд хурлын тэмдэглэл, тогтоол, материалыг хүлээлгэж өгсөн" гэх, гэтэл Баршагүл нарийн бичгийн даргын үндсэн үүргээ хийгээгүйгээ баталж "хурлын тэмдэглэл" би хөтлөөгүй гэжээ. Ажлын хэсгийн хүмүүс үйлдлээ, хийсэн, хийгээгүй хэмээн мэдэн будилж, чухам юуг, яаж хийснээ мэдэхгүй байгаа нь хуйвалдаанаар сонгуулийг хууль бус явуулсны нотолгоо юм.

Өлгий сумын Засаг дарга Ө.Хабай өөрийнхөө гаргасан 249 дүгээр тогтоолын бичилт, хууль зүйн үндэслэл, бүрдүүлбэр, огноо зэрэг зарчмын хэд хэдэн ноцтой зөрчлийг, би анзаараагүй байна, техникийн алдаа гаргажээ, уучлаарай мэдэхгүй гарын үсэг зурчихаж гэх, тус сумын засаг даргын орлогч, хариуцагчийн төлөөлөгч Г.Салтанат "Х.Берикбол багийн засаг даргаар өмнө нь 2 удаа сонгогдсон болохоор түүний үргэлжлэл байгаа тул 249 дүгээр захирамж хүчинтэй, урьдах шийдвэрийг хуулж бичсэн, хуульч байхгүй тул алдаа гаргаснаа зөвшөөрч байна" гэх нь нэр төдийгөөр, дүр эсгэсэн илт хууль бус, утга агуулгын илэрхий алдаатай, эдгээр дурдсан заалтуудгүйгээр захирамжийн агуулга ойлгомжгүй болоход хүргэж байгаа тул энэ захирамж илт хүчин төгөлдөр бус болохыг өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар илт хууль бус гэж тооцно.

Гэтэл энэ 249 дүгээр захирамжийн алдаа, зөрчлөө засаг дарга өөрөө засаагүй, хүчингүй болгоогүй, иргэний гүйлгээнд орж өдгөө хүртэл хуулийн хүчин төгөлдөр байдлаа хадгалж, ажил, албан тушаал эрхлэх, мөнгөн хөрөнгийн зарцуулалтад үйлчлэл үзүүлж байна.

Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д зааснаар захиргааны актыг хууль бус гэж үзэж Өлгий сумын 7-р багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Т.******* нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.7, 22.1.9, 22.1.13, 22.1.14-д тус тус заасны дагуу нэхэмжлэл гаргасан.

Нэр дэвшигч Х.Берикбол нь ялтай байх хугацаандаа анх 2012 оны 10 дугаар сард итгэлээр олгосон гэрээний бус харилцааг халхавчлан бусдын өмч хөрөнгийг залилсан хэрэгт холбогдон өдгөө хүртэл шалгагдаж байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар тухайн албан тушаалд томилогдоход албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг үүсгэж байх тул багийн засаг даргын албан тушаалд томилогдоход ашиг сонирхлын зөрчилтэй буюу тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсгийг зөрчиж томилсоныг баталж байна.

Х.Берикболын "ялтай байдал"-ын талаар өмнө 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр №01 дугаар тайлбараар дэлгэрэнгүй хүргэснийг дэмжиж байгаа ба ашиг сонирхлын зөрчилтэй, томилохыг хориглосон, томилохоос татгалзах үүрэгтэй, нэр дэвших шаардлага хангаагүй зэрэг үндэслэлтэй гэх байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.1-д зааснаар ялтайд тооцогдоно. Шүүхээс ялгүй болох хугацаа тоолох энэ заалтууд хэрэглэгдэхгүй гэх нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

            Хэрэг шийдвэрлэсэн шүүгч, Өлгий сумаас 7-р багт очсон ажлын хэсгийн гишүүн, Видео дүрс бичлэг хийсэн, Сонгуулийн тооллогын комиссын нарийн бичгийн дарга гэх, тус маргааны эрх зүйн харилцаанд оролцогч нар хамаарал бүхий этгээд буюу гэр бүлийн гишүүн бөгөөд төрсөн ах, дүүгийн хүүхдүүд байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2, 64.1.5, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, Шүүгчийн ёс зүйн дүрэм 32 дугаар зүйлийн 32.1, 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг тус тус зөрчжээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.1, 3.1.2, 3.1.3, 3.1.5, 3.1.6-д хамаарч байх тул тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, 6.5, 8 дугаар зүйлийн 8.2-т заасныг ноцтой зөрчсөн байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана гэснийг тус тус баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн 110/ШШ2016/0014 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Өлгий сумын 7 дугаар багийн Засаг даргыг томилсон Өлгий сумын Засаг даргын 2013 оны 249 дүгээр захирамжийг бүхэлд хүчингүйд тооцож шийдвэрлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүгдийг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэхгүй маргааныг хүлээн авч хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Багийн иргэдийн Нийтийн хурал болон Сумын Засаг дарга нар нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцооны дээд, доод шатны байгууллага, албан тушаалтан бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Засаг даргыг сонгох, санал болгох, томилох, чөлөөлөх, огцруулах асуудлаар тухайн шатны Хурал болон дээд шатны Засаг дарга хоорондоо хэрхэн харилцах журмыг нарийвчлан зохицуулжээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан гомдол, нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг ... захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаас үзвэл засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцооны байгууллага, албан тушаалтны хооронд үүсэн тухайн нэгжийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэгч субьект буюу багийн Засаг даргын томилгоотой холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэхгүй.

Өлгий сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор иргэдийн олонхийн санал авсан Х.Берикболыг томилуулахаар санал болгосны дагуу Өлгий сумын Засаг даргын 249 дүгээр захирамжаар тус багийн Засаг даргаар томилсон байх бөгөөд тухайн иргэдийн нийтийн Хурал нь нэгэнт томилогдсон Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28.4, 32.1, 32.2-т заасан журмын дагуу эрх бүхий этгээдэд санал болгон шийдвэрлүүлэх бүрэн эрхтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 110/ШШ2016/0014 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын “Өлгий сумын Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 249 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА         

                     ШҮҮГЧ                                      Э.ЛХАГВАСҮРЭН

                     ШҮҮГЧ                                      С.МӨНХЖАРГАЛ